Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/00361

 

2022 оны 02 сарын 16 өдөр                         Дугаар 183/ШШ2022/00361                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт байрлах П ХХК /0000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт байрлах Т ХХК /0000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 760 102 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

 

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ХХК нь Т ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 506 735 000 төгрөг, алданги 253 367 500 төгрөг, нийт 760 102 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: П ХХК нь ОХУ-аас Монгол Улсад чанар, стандартын шаардлага хангасан автобензин, дизелийн түлшийг импортлон оруулан ирж хэрэглэгч, үйлчлүүлэгчид жижиглэнгээр болон бөөний үнээр худалдах үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр П ХХК нь Т ХХК-тай Худалдах, худалдан авах тухай 18/20 тоот гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээгээр Худалдагч П ХХК нь гэрээний хугацаанд Т ХХК-д дизелийн түлшийг шаардлагатай хэмжээгээр нь дизелийн түлшний нөөцөө харгалзан үзэж худалдаж төлбөрийг төлүүлэх, худалдан авагч Т ХХК нь дизелийн түлшийг худалдан агсаны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд заасан бүхий л нөхцлийг зөвшөөрч гэрээ байгуулах эрхтэй этгээд нь гэрээг байгуулж, компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулж гэрээг байгуулсан. 2020.03.20-ны өдөр гэрээ байгуулсны дагуу худалдагч П ХХК нь дараах 11 удаагийн татан авалтаар Т ХХК-д дизелийн түлшийг худалдаж нийлүүлсэн байна. Үүнд:

  1. 2020.03.30-ны өдөр 27,000 литр дизелийн түлшийг,
  2. 2020.04.01-ний өдөр 45,870 литр дизелийн түлшийг
  3. 2020.04.01-ний өдөр 26,420 литр дизелийн түлшийг
  4. 2020.04.01-ний өдөр 32,000 литр дизелийн түлшийг
  5. 2020.04.17-ны өдөр 51,240 литр дизелийн түлшийг
  6. 2020.04.30-ны өдөр 6,000 литр дизелийн түлшийг
  7. 2020.04.30-ны өдөр 6,000 литр дизелийн түлшийг
  8. 2020.04.30-ны өдөр 20,000 литр дизелийн түлшийг
  9. 2020.05.07-ны өдөр 20,000 литр дизелийн түлшийг
  10. 2020.05.14-ний өдөр 38,730 литр дизелийн түлшийг
  11. 2020.08.12-ны өдөр 20,000 литр дизелийн түлшийг
  12. 2020.09.01 -ий өдөр 6,000 литр дизелийн түлшийг
  13. 2020.09.02-ны өдөр 200 литр дизелийн түлшийг
  14. 2020.09.04-ний өдөр 200 литр дизелийн түлшийг худалдсан.

Нийт Т ХХК-д 350,900 литр, 506,735,000 төгрөгийн дизелийн түлшийг худалдсан. Манай компанийн зүгээс Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Xудалдан авагч талд тухайн сард нийлүүлэх боломжтой дизелийн түлшний дээд лимитийг тогтоож өгөх үүднээс Нэмэлт гэрээг хийж, агуулахын дизелийн түлшний нөөцийн төлөвлөгөөг баримтлаж нийлүүлэлтийг хийдэг. Т ХХК-д 2020 оны 04 дүгээр сард 150,000 литр дизелийн түлшийг, 2020 оны 05 сард 150,000 литр дизелийн түлшийг, 2020 оны 08 сард 40,000 литр дизелийн түлшийг нийлүүлэх боломжтой байдлаар баталгаажуулсан. Мөн П ХХК-ийн зүгээс гэрээ байгуулсан өдөр буюу 2020.03.23-ны өдөр 04 дугаарт Батлан даалтын гэрээг худалдах, худалдан авах гэрээний салшгүй нэг хэсэг гэж үзэж иргэн Д.Д-тэй байгуулсан. Иймд түүнийг хамтран хариуцагчаар энэхүү хэрэгт татаж түүнээс төлбөр гаргуулахаар ийнхүү нэхэмжилж байна. Түүнчлэн Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг Т ХХК цаг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс шууд төлбөрийг гаргуулах үүднээс 2020.03.23-ны өдөр Барьцааны гэрээг байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэн Н.Х-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ........... тоот хаягт байршилтай 418 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-00000000/-ийг, мөн БЗД-ын .......... тоот хаягт байршилтай 300 м.кв талбайтай, газар /Г-00000000/-ыг тус тус барьцаалж, Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч Т ХХК-иас 2020 оны 05 дугаар сараас хойш худалдан авсан дизелийн түлшний төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрээд байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад ...удахгүй төлнө... гэх хариуг хэлдэг бөгөөд 2020.07.22-ны өдөр А/022 тоот албан бичиг, 2021.08.16-ны өдөр А/017 тоот албан бичиг ирүүлснээс өөрөөр нэг ч үйлдлийг гаргасангүй. Иймд ИХ-ийн 243 дугаар зүйлийн 243.1-т ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой гтримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, далдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ... гэж заасны дагуу ийнхүү төлбөр гаргуулахаар ийнхүү нэхэмжилж байна. Мөн ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ..., мөн Худалдах, худалдан авах тухай гэрээний 3.7-д ...нэхэмжилсэн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөрийг хангах суртэл хугацаанд хоног хэтэрсэн тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцно... гэж заасны үндэслэн хариуцагчаас авах төлбөр 506,735,000 төгрөг, түүнийг алдангийг 2020 оны 06 дугаар сараас тооцож, ИХ-ийн 232.4-д ...Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж заасныг үндэслэн 253,367,500 төгрөгийн алдангийг нэхэмжлэж байна. Иймд Т ХХК-иас Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 506,735,000 төгрөг, түүний алданги 253,367,500 төгрөг, нийт 760,102,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч талаас шүүхэд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс: П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, П ХХК-ийн дүрэм, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/20 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 04 дугаартай Батлан даалтын гэрээ, мөн өдрийн 04 дугаартай Барьцааны гэрээ, Баянзүрх дүүргийн ............... тоот хаягт байршилтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүрэг, .............. тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/003 дугаартай П ХХК-д гаргасан хүсэлт, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/022 дугаартай Гэрээний төлбөр гаргуулах тухай албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/017 дугаартай П ХХК-д гаргасан хүсэлт, 2020.03.30, 2020.04.30, 2020.04.01, 2020.04.17, 2020.05.07, 2020.05.14, 2020.08.12-ны өдрүүдийн Шатахууны зарлагын баримт, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Шатахууны төлбөр төлөөгүй дүнд ногдох алдангийн хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 5-35 ху/

Хариуцагчаас: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/189 дугаартай итгэмжлэл, Т ХХК-ийн дүрэм, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаартай итгэмжлэл, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/179 дугаартай итгэмжлэл, Т ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирлын тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 46, 56-60, 74-83 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П ХХК хариуцагч Т ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 506 735 000 төгрөг, алданги 253 367 500 төгрөг, нийт 760 102 500 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас 633 418 750 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 126 683 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч П ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Т ХХК-тай 18/20 дугаартай Худалдах, худалдан авах тухай гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Уг гэрээний дагуу худалдагч П ХХК нь 2020.03.20-ны өдрөөс 2020.09.04-ний өдөр хүртэл хугацаанд 11 удаагийн татан авалтаар 506 735 000 төгрөгийн үнэ бүхий 350 900 литр дизелийн түлшийг нийлүүлсэн боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй. Иймд үндсэн төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үндсэн төлбөр, 2020 оны 06 дугаар сараас алданги тооцож, ИХ-ийн 232.4-д нийцүүлэн 253 367 500 төгрөгийн алдангийн хамт шаардах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч П ХХК, хариуцагч Т ХХК нарын хооронд огноо бичигдээгүй худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр шатахуун худалдах, худалдан авахаар тохиролцсон ба гэрээний 2.1 дэх хэсэгт худалдан авагч өөрийн худалдан авах шатахууны онцлогийг тодорхойлж өгсөний үндсэн дээр сар бүрийн 05-ны өдрйн дотор нэмэлт гэрээг байгуулахаар заасны дагуу 2020.04.01, 2020.05.01, 2020.08.20 гэсэн огноо бүхий нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулсан байна. /хх 12-18 ху/

 

Мөн, 2020.03.20-ны өдөр шатахуун худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд Ж.Д хувийн хөрөнгөөрөө хариуцан төлөх агуулга бүхий 04 дугаартай Батлан даалтын гэрээг П ХХК, Ж.Д нар, 2020.03.23-ны өдөр П ХХК, Т ХХК нар худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Ойн 3 гудамжны 16 тоот хаягт байрлалтай, 418 м.кв талбай бүхий, өмчлөх эрхийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай Г-000000000, нэгж талбарын 00000000000000 дугаарт бүртгэлтэй 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаанд бариулсан барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /хх 19-22 ху/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж,  206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Хариуцагч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, эсхүл зөвшөөрсөн ямар нэг тайлбарыг ирүүлээгүй.

 

Иймд шүүх, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2020.03.30-ны өдрийн 20200098, 2020.04.30-ны өдрийн 20200138, 2020.04.01-ний өдрийн 20200103, 2020.04.17-ны өдрийн 20200122, 2020.04.01-ний өдрийн 20200102, 2020.04.01-ний өдрийн 20200101, 2020.04.30-ны өдрийн 20200139, 2020.04.30-ны өдрийн 20200140, 2020.05.07-ны өдрийн 20200153, 2020.05.14-ний өдрийн 20200050, 2020.03.12-ны өдрийн 20200228 дугаар шатахууны зарлагын баримт, 2020.02.17-ны өдрийн Т ХХК-иас П ХХК-д хүргүүлсэн А/003 дугаартай хүсэлтэд “...200 000 литр дизель түлшийг 30 хоногийн хугацаатай зээлээр авах, цаашид 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байна” гэж дурдагдсан байдал, 2020.07.22-ны өдрийн А/022 дугаартай худалдах худалдан авах гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах агуулга бүхий гэрээний төлбөрийн тухай гэх албан бичиг, 2021.08.16-ны өдрийн А/017 дугаартай шатахууны үндсэн төлбөр 506 735 000 төгрөгийг 2021.12.25-ны дотор барагдуулна гэх агуулга бүхий хүсэлт зэргийг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч хариуцагчид гэрээний зүйл болох шатахууныг хүлээлгэн өгч, худалдах худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь нотлогдож байх тул шатахууны төлбөр 506 735 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй дүгнэлээ.

 

5. Алдангийн тухайд, зохигч гэрээний 3.7-д “нэхэмжилсэн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцох”-оор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд хамаарах ба анзын гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Гэхдээ шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг баримтлан алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэлээ. Учир нь:

 

 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан байх бөгөөд Дэлхий даяар үүссэн Ковид-19 цар тахлын улмаас Улсын онцгой комиссоос халдварын тархалтыг хумих зорилгоор улс орон даяар хөл хорио тогтоосноос компаниудын  үйл ажиллагааг тодорхой хугацаанд тасалдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримтад хамаарна.  

 

Иймд шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан уар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан, алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн болно.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл худалдах, худалдан авах гэрээний төлбөрт хариуцагч Т ХХК-иас 506 735 000 төгрөг, алданги 126 683 750 төгрөг, нийт 633 418 750 төгрөгийг гаргуулан П ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 126 683 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 760 102 500 төгрөг гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд худалдах худалдан авах гэрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.

 

7. Шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатад 2020.02.09-ний өдөр шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурьдсан хүсэлт болон нотлох баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК /0000000/-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 633 418 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК /0000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 126 683 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3 958 462,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 3 325 044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

ШҮҮГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ