Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00765

 

П ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00361 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ТЖВ ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 760,102,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

 Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч П ХХК нь ТЖВ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 506,735,000 төгрөг, алданги 253,367,500 төгрөг, нийт 760,102,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

П ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр  ТЖВ ХХК-тай худалдах, худалдан авах 18/20 тоот гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар байгуулсан. Гэрээгээр худалдагч П ХХК нь  ТЖВ ХХК-д дизелийн түлшийг шаардлагатай хэмжээгээр нь дизелийн түлшний нөөцөө харгалзан үзэж худалдаж төлбөрийг төлүүлэх, худалдан авагч ТЖВ ХХК нь дизелийн түлшнй  төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцсон. Гэрээгээр  П ХХК нь дараах 11 удаагийн татан авалтаар ТЖВ ХХК-д дизелийн түлшийг нийлүүлсэн.  Үүнд:

1. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 27,000 литр

2. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 45,870 литр

3. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 26,420 литр

4. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 32,000 литр

5. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 51,240 литр

6. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 6,000 литр

7. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 6,000 литр

8. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 20,000 литр

9. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20,000 литр

10. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 38,730 литр

11. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 20,000 литр

12. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 6,000 литр

13. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 200 литр

14. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 200 литр нийт ТЖВ ХХК-д 350,900 литр, 506,735,000 төгрөгийн дизелийн түлшийг худалдсан. Нэмэлт гэрээг хийж, агуулахын дизелийн түлшний нөөцийн төлөвлөгөөг баримталж нийлүүлэлтийг хийдэг. ТЖВ ХХК-д 2020 оны 04 дүгээр сард 150,000 литр дизелийн түлшийг, 2020 оны 05 дугаар сард 150,000 литр дизелийн түлшийг, 2020 оны 08 дугаар сард 40,000 литр дизелийн түлшийг нийлүүлэх боломжтой байдлаар баталгаажуулсан. Мөн П ХХК-ийн зүгээс гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 04 дугаарт батлан даалтын гэрээг худалдах, худалдан авах гэрээний салшгүй нэг хэсэг гэж үзэж иргэн Д.Дашдэмбэрэлтэй байгуулсан. Иймд түүнийг хамтран хариуцагчаар энэхүү хэрэгт татаж түүнээс төлбөр гаргуулахаар ийнхүү нэхэмжилж байна. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг ТЖВ ХХК цаг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс шууд төлбөрийг гаргуулах үүднээс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Барьцааны гэрээг байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэн Н.Хүрэллхамын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 3 гудамж, 16 тоот хаягт байршилтай 418 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2204012883/-ийг, мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн АОС гудамж, 16 тоот хаягт байршилтай 300 м.кв талбайтай, газар /Г-2204010267/-ыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. ТЖВ ХХК-аас 2020 оны 05 дугаар сараас хойш түлшний төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад ...удахгүй төлнө... гэх хариуг хэлдэг бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А/022 тоот албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А/017 тоот албан бичиг ирүүлснээс өөрөөр үйлдэл хийгээгүй. Төлбөр 506,735,000 төгрөг, түүнийг алдангийг 2020 оны 06 дугаар сараас тооцож, нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн 253,367,500 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч талаас тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч ТЖВ ХХК /5472989/-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 633,418,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК /5193583/-Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 126,683,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3,958,462.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТЖВ ХХК-аас 3,325,044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Манай компанийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний төлбөр 506,735,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд харин компанийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг хасаж тооцож өгөхийг хүссэн хүсэлтийг П ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаартай мэдэгдлийг хүлээн аваад 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/017 дугаартай албан бичгээр явуулсан. Мөн компанийн санхүүгийн нөхцөл байдлыг харуулсан санхүүгийн тайлангийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг шүүхийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Манай компани нь хэрэг хянан шийдвэрлэх шатанд болон түүний өмнө, одоо ч хүртэл нэхэмжлэгч байгууллагатай эвлэрэх, хэн хэнийгээ хохироохгүй байж болох аргаар асуудлыг шийдвэрлэх саналыг тавьсан байна.

Иймд өнөөгийн эдийн засгийн хүнд хэцүү байдал манай компанийн санхүүгийн хямралтай үйл ажиллагаа доголдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрээр манай компаниас гаргуулж нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн алданги болох 126,683,750 төгрөгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь хүчин төгөлдөр байгаа. Уг гэрээний 3.7-д зааснаар алдангийг 0,2 хувь байхаар тохиролцсон. ТЖВ ХХК нь өнөөдрийн хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу анзын гэрээг бичгээр байгуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой дурдсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан алдангийг шаардсан дүнгийн 50 хувиар бууруулсан. Энэ хэмжээнээс илүү бууруулах боломжгүй. ТЖВ ХХК нь төлбөр төлөхгүй байх, хугацаа авахын тулд давж заалдах журмаар гомдол гаргасан. Уг гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч ТЖВ ХХК-д холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дизель түлш худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан түлшний үнэд 506,735,000 төгрөг, алданги 253,367,500 төгрөг, нийт 760,102,500 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. /хх1-3/

 

А.Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

А.1. П ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ТЖВ ХХК-тай 18/20 дугаартай худалдах, худалдан авах тухай гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. /хх11-14/

 

А.2. Гэрээний 2.1 дэх хэсэгт худалдан авагч өөрийн худалдан авах шатахууны онцлогийг тодорхойлж өгсний үндсэн дээр сар бүрийн 05-ны өдрийн дотор нэмэлт гэрээг байгуулахаар заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээнүүдийг байгуулсан./хх 12-18/

 

А.3. Мөн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд иргэн Ж.Д- хувийн хөрөнгөөрөө хариуцан төлөх агуулга бүхий 04 дугаартай батлан даалтын гэрээг, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр П ХХК, Ж.Д- нарын хооронд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Ойн 3 гудамжны 16 тоот хаягт байрлалтай, 418 м.кв талбай бүхий, өмчлөх эрхийн Ү-2204012883 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай Г-2204010267, нэгж талбарын 18644310623425 дугаарт бүртгэлтэй 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан. /хх 19-22/

 

А.4. Дээрх 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр П ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн нийлүүлэлтээр 506,735,000 төгрөгийн үнэ бүхий 350,900 литр дизелийн түлшийг нийлүүлсэн баримт хэрэгт авагдсан. /хх34/

 

А.5. Хариуцагчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/017 дугаартай шатахууны үндсэн төлбөр 506,735,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны дотор барагдуулна гэх агуулга бүхий хүсэлт хэрэгт авагдсан. /хх27/

 

А.6. Анхан шатны шүүхээс алданги 126,683,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв тодорхойлсон.

 

Талуудын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/20 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч П ХХК нь 11 удаагийн татан авалтаар 506,735,000 төгрөгийн үнэ бүхий 350,900 литр дизелийн түлшийг нийлүүлсэн баримтыг хариуцагч үгүйсгээгүй. Хариуцагч шатахууны үнэ 506,735,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны дотор барагдуулахыг хүлээн зөвшөөрч байсан. Иймд үндсэн төлбөр 506,735,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар заасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Зохигч гэрээний 3.7-д “нэхэмжилсэн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцохоор” тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх13/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Анхан шатны шүүхээс “дэлхий даяар үүссэн Ковид-19 цар тахлын улмаас Улсын Онцгой комиссоос халдварын тархалтыг хумих зорилгоор улс орон даяар хөл хорио тогтоосноос компаниудын үйл ажиллагаа тодорхой хугацаанд тасалдсан” үйл баримтыг дүгнэж, алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Компанийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг хүчингүй болгуулна” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00361 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 791,369 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД