Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00435

 

2022 оны 02 сарын 23 өдөр                      Дугаар 183/ШШ2022/00435                                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

              УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт оршин суух Б овогт Б.М /00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт оршин суух Ц овогт Ч.Г /00000000/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн 2 200 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 24 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц,

Хариуцагч Ч.Г

Хариуцагчийн өмгөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М нь Ч.Г-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт байрлах 49.95 м.кв, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.М миний бие хариуцагч Ч.Г-тай 2016 онд танилцаж, 2019 оноос хойш хамтран амьдарсан. Өөрийн хурааж цуглуулсан мөнгө болон Голомт банкнаас зээл авч, Хан-Уул дүүргийн .............. тоот орон сууцыг худалдаж авсан. 2019.04.18-ны өдөр Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Ч.Г нь сүүлийн нэг жилийн хугацаанд зан ааш нь өөрчлөгдөж, салах тухай ярьж, шалтаг хайж, хэрүүл хийж, шалтгаангүйгээр цагдаагийн байгууллагад дуудлага өгч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх худал дуудлага өгдөг болсон. 2021.11.06-ны шөнө миний бие Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан. 2021.11.08-ны өлөө миний дүү С-тай хэрүүл хийж, цагдаад дуудлага өгсөн. Миний өмчлөлийн орон сууцнаас намайг хөөсөн. Цаашид хамтран амьдрах боломжгүй, гэр бүлийн баталгаа байхгүй, батлуулахгүй болохыг дурдаж байна. Намайг хөөж явуулсны дараа 2021.11.09-ний өдөр байрыг чөлөөлөх талаар хэлэхэд Бүх зүйлээ 2 хувааж авна гэж хэрүүл маргаан хийсэн. Миний бие тухайн орон сууцыг худалдан авахаар 2019.04.17-ны өдөр 147 400 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Голомт банк ХХК-тай 2019.04.18-ны өдөр орон сууцны гэрээ байгуулж, 132 600 000 төгрөгийг зээлж, үлдэх 14 470 000 төгрөг надад байсан. Голомт банк ХХК-тай 2019.04.18-ны өдөр Ипотекийн гэрээ байгуулсан. Хариуцагч Ч.Г нь миний өмчлөлийн орон сууцыг ямар нэгэн гэрээ хэлэлцээр болон хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшилдээ байлгаагүй. Мөн тухайн орон сууцыг дундаа өмчлөгч этгээд биш гэдгийг улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. Иймд орон сууцыг Ч.Г-гийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь 2021.11.08-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байр, 187 тоот 2 өрөө орон сууцыг 1 сарын 1 100 000 төгрөгөөр түрээслэн амьдарч байгаа. Хариуцагч нь бусдын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар ашигласнаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууц ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний төлбөрт 2 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг чөлөөлөхөд татгалзахгүй. 2 200 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч Ч.Г-гаас нэхэмжлэгч Б.М-д холбогдуулан дундын эзэмшлийн эд хөрөнгө бий болгоход оруулсан 24 600 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Анх 2016 онд танилцаж, 2017 онд нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Өөрсдийн гэсэн орон сууцтай болох зорилготой байсан учир 2019 онд ипотекийн зээлд хамрагдаж, уг орон сууцыг авсан. Бид хуримаа хийхдээ гэрлэлтээ батлуулна гэж ярьдаг байсан. Орон сууц авахад миний ээж С.О 21 000 000 төгрөг, эмээ Р.П 3 600 000 төгрөг, нийт 24 600 000 төгрөгийг надад өгч, Б.М-ийн данс руу 2019.04.08, 2019.04.09-нд шилжүүлсэн. Хамтын амьдралтай байх хугацаанд дундын эзэмшлийн эд хөрөнгө бий болгоход оруулсан 24 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: 2021.11.11-ний өдрийн итгэмжлэл, Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Б.М-ийн Голомт банк ХХК-ийн дансны хуулга, Б.М-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Б.М-ийн Голомт банк ХХК-ийн дансны хуулга, 2021.11.08-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 6-10, 41-118, 2 дугаар хх 56-58 ху/

Хариуцагчаас: 2021.12.08-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 00000000000 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 0000000000000 дугаартай Төрөл садангийн лавлагаа, Р.П-гийн Хаан банк ХХК-ийн дансны хуулга, С.О-ын Хаан банк ХХК-ийн дансны хуулга, 2021.12.07-ны өдрийн Хаан банк ХХК-ийн тодорхойлолт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ч.Г-гийн Хаан банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, С.О-ын Хаан банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.12.02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1356 дугаартай шийтгэвэр, 2 хуудас чатаар харилцсан зурвас, Ч.Г-гийн Хаан банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.12.30-ны өдрийн 1/517 дугаартай Ойн судалгаа, хөгжлийн төвийн албан бичиг, 2022.01.07-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа, 2022.01.07-ны өдрийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Ч.Г-гийн Голомт банк ХХК-ийн дансны хуулга, зарлагын баримтууд, 2021.11.23-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, Ч.Г-гийн Хаан банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 22-24, 29-32, 119-250, 2 дугаар хх 10, 12-13, 16-30, 44-51 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх, хариуцагч Ч.Г-гийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.М-ий шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох үндэслэлгүй хөрөнгөжсөн 2 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Г-гийн 24 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21 000 000 төгрөг нэхэмжлэгч Б.М-ээс гаргуулан Ч.Г-д олгож, үлдэх 3 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт байрлах 49.95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Г-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж 2 200 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч тухай орон сууцыг хууль бусаар эзэмшсэн учир тухайн бүс нутаг дахь ижил төрлийн орон сууцны 2 сарын түрээсийн төлбөртэй дүйцүүлэн үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 2 200 000 төгрөг гаргуулахаар тус тус шаардах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх талаар маргахгүй, чөлөөлөхөд татгалзахгүй, 2 200 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч маргаан бүхий орон сууцыг худалдан авахад 24 600 000 төгрөгийн хөрөнгө оруулсан тул тухайн мөнгөн хөрөнгийг Б.М-ээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд уг төлбөрийг Ч.Г-гаас хүлээн аваагүй тул тэрээр нэхэмжлэх эрхгүй этгээд, нөгөө талаас Ч.Г-тай хамт амьдарч байх хугацаанд уг мөнгөн хөрөнгийг Ч.Г-гийн ээж болон өөрийнх нь дансаар 2019.05 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын хугацаанд төлж дуусгасан тул дахин төлөх үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

6. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар, зохигч 2019 оноос 2021.11.08-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан, хамтын амьдралдаа зориулж маргаан бүхий орон сууцыг худалдан авсан, уг орон сууцыг худалдан авахад Ч.Г-гийн ээж С.О 21 000 000 төгрөгийг байрны урьдчилгааны бэлэг гэсэн утгатайгаар Б.Мий данс руу шилжүүлсэн, үлдэх 132 660 000 төгрөгийн төлбөрийг Б.М төлснөөр Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт байрлах 49.95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн, Б.М 2019.04.30-ны өдрөөс 2021.10.15-ны өдөр хүртэл хугацаанд Ч.Г-гийн данс руу 45 140 000 төгрөг, С.О-ын данс руу 3 490 000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч.Г маргаан бүхий орон сууцыг чөлөөлөхөд татгалзахгүй, түүнчлэн талууд маргаан бүхий орон сууцыг худалдан авахад хариуцагч Ч.Г-гийн ээж 21 000 000 төгрөг бэлэглэсэн үйл баримтад маргаангүй, харин уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Б.М буцаан төлсөн эсэх, хариуцагч нэхэмжлэгчээс 24 600 000 төгрөг шаардах эрхтэй эсэх талаар маргаантай.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлахаар шийдвэрлэв.

 

Харин 2 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, талуудын маргааны үндэслэл Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж заасанд хамаарахаар байна.

 

Нэхэмжлэгч 2 200 000 төгрөг гаргуулах шаардлагаа түүний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнд хамаарна гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна.

 

Гэтэл зохигч хамтран амьдрах хугацаандаа хөдлөх эд хөрөнгөө нийлүүлэн шинээр хөрөнгө бий болгосноор хариуцагч Ч.Г-г уг хөрөнгийн хамтран өмчлөгч гэж үзэх тул дээрх хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнд хамаарахгүй учир 2 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчээс 24 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын тухайд: Хариуцагч маргаан бүхий орон сууцыг худалдан авахад түүний ээж С.О 21 000 000 төгрөг, эмээ Р.П 3 600 000 төгрөг бэлэглэсэн гэсэн үндэслэлээр уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар, 2019.04.09-ний өдөр С.О-ын Хаан банкин дахь 0000000000 дугаарын данснаас Б.М-ий Хаан банкин дахь 000000000 дугаарын данс руу 21 000 000 төгрөгийг байрны урьдчилгааны бэлэг гэх утгатай шилжүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.О гэрчийн мэдүүлэг өгөхдөө уг мөнгийг өөрийн охин Ч.Г-д орон сууц худалдан авах зорилгоор бэлэглэсэн гэж мэдүүлсэн байна.

 

Дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Б.М хүлээн авсан тухайд маргахгүй боловч хариуцагч Ч.Г ээж С.О-ынхаа өмнөөс уг төлбөрийг шаардах эрхгүй, нөгөө талаас уг мөнгийг хамтын амьдралын хугацаанд С.О болон Ч.Г-д буцаан төлсөн нь удаа дараа мөнгө шилүүлж байсан дансны хуулгаар нотлогдоно гэж маргасан.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. гэж заасан байх ба гэрч С.О-ын мэдүүлгээр уг мөнгөн хөрөнгийн өмчлөгч нь Ч.Г болох нь нотлогдож байх тул С.О-ын өмнөөс шаардах эрхгүй гэх нэхэмжлэгчийн татгалзал үгүйсгэгдэнэ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх мөнгийг 2019.04.30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд төлсөн нь дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарлах боловч тухайн шилжүүлгийн утга хэсэг өөр агуулгатай, эсвэл зарлага гэж бүртгэгдсэн байх тул маргаан бүхий мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн үйл баримт нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Иймд Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т Энэ хуулийн 119.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй. гэж зааснаар Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт байрлах 49.95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахад төлсөн 21 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар хариуцагч Ч.Г нэхэмжлэгч Б.М-ээс шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Харин Р.П буюу Ч.Г-гийн эмээ 3 600 000 төгрөг бэлэглэсэн гэх боловч хэрэгт авагдсан Хаан банкин дахь 000000000 дугаарын дансны хуулган дахь 2019.04.08-ны өдрийн 3 600 000 төгрөгийн шилжүүлгийн баримтад мөнгөн шилжүүлгийн зориулалт бичигдээгүй байх тул орон сууцны урьдчилгаа төлбөр болон бэлэг мөн эсэх нь тогтоогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт байрлах 49.95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ч.Г-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хариуцагч Ч.Г хүлээн зөвшөөрснийг баталж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 2 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21 000 000 төгрөг нэхэмжлэгч Б.М-ээс гаргуулан хариуцагч Ч.Г-д олгохоор, үлдэх 3 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул зохигчдод хуваан хариуцуулахаар, нэхэмжлэгч хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргахдаа эд хөрөнгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 824 750 төгрөгийг буцаан олгохоор тус тус шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байрлах 49.95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ч.Г-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хариуцагч Ч.Г хүлээн зөвшөөрснийг баталсугай.

 

2. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ч.Г-гаас 2 200 000 гаргуулах тухай Б.М-ий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-ээс гаргуулан хариуцагч Ч.Г-д олгож, үлдэх 3 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 665 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д, нэхэмжлэгч Б.М-ээс 262 950 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Г-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 824 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.М-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ