Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00770

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00770

 

 

 

 

Б.М ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00435 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Г д холбогдох, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 24,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц , хариуцагчийн өмгөөлөгч У.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.М миний бие хариуцагч Ч.Г тай 2016 онд танилцаж, 2019 оноос хойш хамтран амьдарсан. Өөрийн хурааж цуглуулсан мөнгө болон Голомт банкнаас зээл авч, 000 тоот орон сууцыг худалдаж авсан. 2019 оны 04 сарын 18-ны өдөр 0-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Ч.Г нь сүүлийн нэг жилийн хугацаанд зан ааш нь өөрчлөгдөж, салах тухай ярьж, шалтаг хайж, хэрүүл хийж, шалтгаангүйгээр цагдаагийн байгууллагад дуудлага өгч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх худал дуудлага өгдөг болсон. Миний өмчлөлийн орон сууцнаас намайг хөөсөн. Цаашид хамтран амьдрах боломжгүй, гэр бүлийн баталгаа байхгүй, батлуулахгүй болохыг дурдаж байна. Намайг хөөж явуулсны дараа 2021 оны 11 сарын 09-ний өдөр байрыг чөлөөлөх талаар хэлэхэд бүх зүйлээ хоёр хувааж авна гэж хэрүүл маргаан хийсэн. Хариуцагч Ч.Г нь миний өмчлөлийн орон сууцыг ямар нэгэн гэрээ хэлэлцээр болон хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшилдээ байлгаагүй. Мөн тухайн орон сууцыг дундаа өмчлөгч этгээд биш гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. Иймд орон сууцыг Ч.Г гийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 11 сарын 08-ны өдрөөс эхлэн 000 тоот 2 өрөө орон сууцыг нэг сарын 1,100,000 төгрөгөөр түрээслэн амьдарч байгаа. Хариуцагч нь бусдын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар ашигласнаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууц ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний төлбөрт 2,200,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Миний бие орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 2,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Бүх эд хөрөнгийг хоёр хуваана гэж би хэлээгүй. Ээж, эмээгийнхээ хамт уг байранд оруулсан 24,600,000 төгрөгөө буцааж авах юм бол байрыг нь суллаад өгье гэж хэлсэн.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Б.М тэй анх 2016 онд танилцаж, 2017 онд нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Өөрсдийн гэсэн орон сууцтай болох зорилготой байсан учир 2019 онд ипотекийн зээлд хамрагдаж, уг орон сууцыг авсан. Бид хуримаа хийхдээ гэрлэлтээ батлуулна гэж ярьдаг байсан. Орон сууц авахад миний ээж С.О 21,000,000 төгрөг, эмээ Р.П 3,600,000 төгрөг, нийт 24,600,000 төгрөгийг надад өгч, Б.М ийн данс руу 2019 оны 04 сарын 08-ны өдөр, 2019 оны 04 сарын 09-ны өдөр шилжүүлсэн. Хамтын амьдралтай байх хугацаанд дундын эзэмшлийн эд хөрөнгө бий болгоход оруулсан 24,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн этгээд болох С.О, Р.П нараас өөр этгээд буюу Ч.Г нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Б.М үндэслэлгүйгээр 24,600,000 төгрөгийг олж авсан гэж үзсэн тохиолдолд тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн этгээд нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй. Б.М ээс 2019 оны 04 сараас хойш нийт 45,410,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Түүний эх С.О руу 3,490,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Шаардаж буй мөнгөн хөрөнгийг буцаагаад шилжүүлсэн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар000 тоот хаягт байрлах 49.95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ч.Г гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хариуцагч Ч.Г хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ч.Г гаас 2,200,000 төгрөг гаргуулах тухай Б.М ий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М ээс гаргуулан хариуцагч Ч.Г д олгож, үлдэх 3,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,665 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д, нэхэмжлэгч Б.М ээс 262,950 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Г д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 824,750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж Б.М д олгосон.

 

6.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

а. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд нь хариуцагч Ч.Г мөн эсэхэд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, улмаар нэхэмжлэгч Б.М ээс 21,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Хэрэгт авагдсан дансны хуулга болон Г.Г болон Б.М нар хамтын амьдралтай болсон гээд цалингийн зээл авч, улмаар Б.М рүү орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх агуулга бүхий гэрч С.О ын мэдүүлэг зэргийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хариу төлбөргүй шилжүүлэх талаар Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заажээ. Бэлэглэгч нь С.О , харин бэлэг хүлээн авагч нь Б.М , Ч.Г нар ба шүүх эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй гэж үзэж байна. С.О ын бэлэглэсэн 21,000,000 төгрөгийг дан ганц нэхэмжлэгч Б.М хариуцах үндэслэлгүй, Ч.Г нь бэлэглэлийн зүйлийг шаардах эрхгүй юм. Зүй нь С.О ын гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр бэлэглэлийн зүйлийн тал хувийг хариуцах учиртай.

б. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг дүгнээд сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Хэний мөнгөн хөрөнгө Б.М ий орон сууц худалдан авахад зориулсан мөнгөн хөрөнгөтэй холилдсон болохыг тодруулах шаардлагатай. Дансны хуулгаар С.О ын мөнгөн хөрөнгөтэй холилдсон гэж үзэх үндэслэл тогтоогдсон, харин Ч.Г гийн мөнгөн хөрөнгөтэй холилдсон гэж үзэх тохиолдолд бэлэглэлийн гэрээний харилцаа ямар этгээдүүдийн хооронд үүссэн болохыг тодруулах шаардлагатай болно. Талуудын хооронд өмчлөх эрхийн маргаан гараагүй бөгөөд Б.М нь дээр дурдсан орон сууцны өмчлөгч мөн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон гээд хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийг Ч.Г д холбогдуулан гаргасан бол хариуцагч тухайн орон сууцны өмчлөлийн асуудалд маргаагүй, харин хамтын эзэмшлийн хөрөнгө бий болоход оруулсан 24,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй. Нийлэх, холилдох замаар бий болох өмчлөх эрхийн харилцааны өөрчлөлтүүд нь ийнхүү нийлж, холилдож байхад гарах эрх зүйн үр дагаварын талаар оролцогч талууд бодож байсан эсэх нь ач холбогдолтой байсан боловч 21,000,000 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Г гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

в. Шүүх хэрэгт авагдсан дансны хуулга буюу Б.М ээс хариуцагч Ч.Г д шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан 21,000,000 төгрөгт тооцох үндэслэлгүй талаар дүгнэсэн. Шүүхээс заавал 21,000,000 төгрөгийг буцаан төлөв гэсэн утгаар шилжүүлсэн байхыг шаардаж, улмаар татгалзлын үндэслэл нотлогдохгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Зүй нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талаас тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж маргаж буй тохиолдолд тухайн шилжүүлсэн авсан мөнгөн хөрөнгийг юунд зарцуулсан болохоо нотлох учиртай. Тодруулбал, зарлага гэсэн утгатай шилжүүлсэн мөнгийг хамтран амьдрах хугацаандаа хамтын хэрэгцээнд зарцуулсан бол үүнийг баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагчаас уг татгалзалтай холбогдуулан гэр ахуйн хэрэгцээнд зориулж бараа худалдаж авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч хариуцагчийн зүгээс тухайн мөнгийг хасч тооцож, тооцоог шүүхэд гаргаж өгсөн болохыг дурдаж байна. Гэтэл шүүхээс талуудын нотолгооны үүргийн хуваарилалтыг харгалзаж үзэлгүйгээр шууд гүйлгээний утга-аас үзвэл тухайн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

г.000 тоот хаягт байрлах 49.95 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Б.М болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ч.Г нь бусдын өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашигласны төлбөрт 2,200,000 төгрөгийг Б.М д төлөх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд хариуцагч Ч.Г гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн ээж С.О нь Хаан банкнаас цалингийн зээл авч, Тарвалин хийдэд орон сууц авахаар мөнгөө шилжүүлсэн ба энэ мөнгийг Ч.Г буцаан авсан. Улмаар Ч.Г мөнгийг Б.М ий данс руу шилжүүлээд нэхэмжлэгч С.О ын данс руу шилжүүлснийг буцаагаад Б.М ий данс руу шилжүүлсэн. Ингээд энэ мөнгө нь тухайн орон сууцыг худалдан авахад зарцуулагдсан. Энэ мөнгийг ийнхүү шилжүүлсний шалтгааныг гэрч С.О банкнаас зээл авахад дансны түүх сайн байх хэрэгтэй гэсэн учраас шилжүүлсэн гэж тайлбарладаг. Мөн тэрээр би охиндоо энэ мөнгийг бэлэглэсэн, орон сууц авахад нь өөрийн хувь нэмрийг оруулаарай гээд өгсөн гэдэг. Ч.Г , С.О нар харилцан ашиг сонирхлын зөрчилгүй учраас энэ мөнгөний өмчлөгч нь Ч.Г юм. Б.М ий данснаас Ч.Г гийн данс руу мөнгө шилжүүлж төлсөн гэдэг. Энэ нь талууд хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан мөнгө бөгөөд шинэ орон сууцандаа тавилга, эд хогшил авсан, хоол хүнс, хувцас хэрэглээнд зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан зарлагын падаануудаар тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ч.Г д холбогдуулан 000 тоот хаягт байршилтай 49.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх 1-3, 2хх 52-53/

 

Хариуцагч Ч.Г нь дээрх шаардлагаас орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, орон сууц худалдан авахад зориулж шилжүүлсэн 24,600,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. /1хх 26-27/

 

3.   Хэрэгт авагдсан 000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэлд дурдагдсан орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.М бүртгэгдсэн болох нь тогтоогдсон.000 хороо болон өөрчлөгдсөн/

 

Хариуцагч Ч.Г нь түүнд холбогдуулан гаргасан орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.М ий шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн. Иймд уг шаардлагатай холбоотой эрх зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийх шаардлагагүй.

 

Харин шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэхдээ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдаагүй байна. Энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир шийдвэрт өөрчлөлт оруулах хэмжээний алдаа биш гэж үзлээ.

 

4.   Үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв. Хариуцагч Ч.Г гийн зүгээс орон сууцыг бий болгоход зориулж мөнгөн хөрөнгө оруулсан учир түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно гэж заасны дагуу хариуцагч Ч.Г нь орон сууцыг чөлөөлж өгөх үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй.

 

5.   Нэхэмжлэгч Б.М нь түүнд холбогдуулан гаргасан 24,600,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ч.Г гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ...мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн С.О, Р.П нар шаардах эрхтэй, харин Ч.Г шаардах эрхгүй..., ...Б.М ий зүгээс уг мөнгөн хөрөнгийг буцаан төлж дуусгасан... гэсэн үндэслэл зааж маргасан.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.М ий татгалзлын үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэж, улмаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Учир нь:

 

5.а. Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 04 сарын 09-ний өдөр хариуцагч Ч.Г гийн эх С.О аас Байрны урьдчилгааны бэлэг О аас гэсэн гүйлгээний утгатайгаар Б.М ий эзэмшлийн данс руу 21,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /1хх 32/

 

Гэрч С.О ын шүүхэд өгсөн ...Охиндоо зориулж байрны урьдчилгаа хийж өгөх гэж авсан..., ...Албан ёсоор бол буцааж өгөөгүй..., ...Мөнгөө өгөхөөр охиноо миний гэрээс аваарай гэсэн чат бичсэн..., ...Охиноо хүнтэй сууж, хамтран амьдарч байгаа гэх зорилгоор охин руугаа мөнгө шилжүүлсэн... гэсэн мэдүүлгээс үзэхэд дээрх мөнгөн хөрөнгийг орон сууц худалдан авахад нь зориулж охин Ч.Г гийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж дүгнэхээр байна. Иймд хариуцагч Ч.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.б. Хэрэгт авагдсан дансны хуулгаар Б.М ээс 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ч.Г гийн данс руу нийт 45,140,000 төгрөг, С.О ын данс руу нийт 3,490,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтын талаар хариуцагч Ч.Г маргаагүй. /1хх 42-118, 121-141, 142-189/

 

Дээрх цаг хугацаа нь Б.М , Ч.Г нарын хамтын амьдралтай байсан үед буюу 2021 оны 11 сарын 08-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул маргаан бүхий мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн үйл баримт нотлогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Мөн Хайр нь, М с Г д, Хүүгийн төлбөр, Хүү нь, М ээс О д, Хайр нь, Г , Хань нь, Г , Хүргэн хүү нь, О , Хайраа, Г г.м. гүйлгээний утгатайгаар шилжүүлэгдсэн мөнгөн хөрөнгийг орон сууц худалдан авахад нь зориулж өгсөн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Учир нь, нэхэмжлэгч Б.М , хариуцагч Ч.Г нарын тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө буюу мөнгөн хөрөнгө нийлсний үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө болох орон сууц бий болсон, уг орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Б.М , харин уг орон сууцыг бий болоход оруулсан мөнгөн хөрөнгөө хариуцагч Ч.Г шаардаж байгаа тохиолдолд тэдгээрийг өмчлөх эрхийн талаар маргаантай гэж үзнэ. Иймд эд хөрөнгө нийлэхээс өмнө ихэнх мөнгөн хөрөнгийг гаргасан этгээд болох Б.М нь шинээр бий болсон орон сууцны өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд Ч.Г нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй байна.

 

7. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх нь талуудын зарчимд нийцэхгүй гэж үзэв.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

Д.НЯМБАЗАР