Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0898/З |
Дугаар | 128/ШШ2017/0656 |
Огноо | 2017-09-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2017/0656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүгч О.О, шүүгч С.Т нарын шүүх бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Г
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга
Хариуцагч: Хууль зүй дотоод хэргийн сайд,
Хариуцагч: Сангийн сайд,
Хариуцагч: Тахарын Ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэг
Нэхэмжлэлийн шаардлага: “...Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг эрх залгамжлагчаар томилж Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, чиг үүрэг шилжсэн ажлын албан тушаалын зэрэглэлд тэнцэх ажилд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Тахарын Ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэсэлэлээ:
“....Ж.Г миний бие Цэргийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжпээр 1989 онд төгсөөд 2014 оны 02 дугаар сарыг хүртэл Цагдаагийн байгууллагад тасралтгүй 31 жил ажилласан.
Цагдаагийн Ерөнхий Газрын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 67 тоот тушаалаар Тахарын Ерөнхий газарт шилжиж, 2014 оны 02 дугаар сарын 10- ны өдрийн Тахарын Ерөнхий Газрын 13 тоот тушаалаар ******* хүргэх хэлтсийн даргаар томилогдож, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Тахарын Ерөнхий Газрын даргын Б/138 тушаалаар Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан.
Миний бие төрийн тусгай албанд буюу өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллага, Тахарын албыг оролцуулан нийтдээ 32 жил 8 сар тасралтгүй ажилласан.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Тахарын албаны хуулийг хүчингүй болгосон тогтоол гарсантай холбогдуулан Тахарын албаны зарим чиг үүргийг Цагдаагийн байгууллага, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 04 дүгээр тогтоолын дагуу Хууль зүйн Дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан ******* дугаар бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг үндэслэн Тахарын Ерөнхий Газрын даргын 2016 оны 08 дугаар 02-ны өдрийн Б/247 тоог тушаалын нэг дэх хавсралтаар Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын албан хаагчдыг Цагдаагийн байгууллагад орон тоо, цалингийн төсвийн хамт шилжүүлсэн боловч тус газрын даргаар ажиллаж байсан Ж.Г намайг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар иргэн миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг надад мэдэгдээгүй, уг тушаалыг гардуулаагүй, гарын үсэг зуруулаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн байгууллага татан буугдсан нэгтгэсэн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилсан бөгөөд Тахарын Ерөнхий Газрын үндсэн чиг үүргийг Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 4-т зааснаар “... холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн Дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай” гэсний дагуу Тахарын Ерөнхий Газрын даргын тушаалаар орон тоо, цалингийн санг Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар луу тус тус шилжүүлсэн байхад Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Тахарын Ерөнхий Газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7 тоот тушаалын Ж.Г надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг эрх залгамжлагчаар томилж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл гаргуулах, мөн түүнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын эрэн сурвалжлах хэлтсийн даргын ажилд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:
“... Тахарын ерөнхий газар татан буугдаж, түүний зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Үнэнбатын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-3/58 дугаар албан бичгээр ирүүлсэн Тахарын албанаас шилжиж байгаа алба эд хөрөнгийг шилжүүлэн авах ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлийн дагуу Тахарын албанаас цагдаагийн байгууллагад шилжин ирсэн алба хаагчдын боловсрол, мэргэжил, ажлын туршлагыг харгалзан албан тушаал /ажлын байр/-д томилон ажиллуулсан.
Цагдаагийн байгууллагад томилуулахаар ирүүлсэн алба хаагчдын нэрсийн жагсаалтад нэхэмжлэгч Ж.Ггийн нэр байгаагүй.
Нэхэмжлэгч Ж.Г Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэр дээр цагдаагийн байгууллагад ажиллах тухай хүсэлт гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уг хүсэлтийг судалж, хариу ирүүлэх тухай албан бичгийн дагуу Хүний нөөц, сургалтын хэлтсээс Ж.Гтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, цагдаагийн байгууллагын хэмжээнд одоо байгаа ажлын байрны сул орон тооны талаар мэдээлэл өгч, цагдаагийн бага цолны албан тушаалын сул орон тоонд шууд томилон ажиллуулж, цаашид шилжилт хөдөлгөөн хийх замаар тохирох ажлын байраар хангах боломжтой талаар санал тавихад Ж.Г санал болгосон албан тушаал /ажлын байр/-д ажиллахаас татгалзсан.
Энэ тухай Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.А******* тэмдэглэл үйлдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 01/330 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан бөгөөд дээр дурдсанаар Цагдаагийн Ерөнхий газраас Ж.Ггийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Иймд 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.4-т зааснаар Ж.Г гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Тахарын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:
“...Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тахарын албан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай”, “Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиуд батлагдаж төрийн зарим байгууллагуудыг нэгтгэх, салгах, татан буулгах шийдвэр гарч Тахарын албыг татан буулгасан.
2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолыг гаргаж, уг тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдын орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Ч , Хууль зүй дотоод хэргийн сайд С.Б , холбогдох бусад сайд нарт даалгасан.
Засгийн газрын тогтоолын дагуу Сангийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/01, 277 дугаар тушаалаар “Засгийн газрын шинэчилсэн бүтэц, яамдын зохион байгуулалтын бүтэц орон тооны хязгаар батлагдсантай холбогдуулан Тахарын албыг татан буулгах ажлын хэсэг” , Хууль зүй дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар “Тахарын албыг татан буулгах үүрэг бүхий ажлын хэсэг” тус тус байгуулагдсан.
Уг ажлын хэсэг нь Тахарын албаны хуулиар хүлээсэн зарим чиг үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх арга хэмжээг авч Хууль зүйн дотоод хэргийн сайдад танилцуулж ажлын хэсгийн гишүүн Ц.А тушаал гаргах чиглэл өгсөн.
Учир нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж заасан бүрэн эрхийг агентлагийн дарга хэрэгжүүлнэ гэж заасан.
Энэхүү бүрэн эрхийнхээ дагуу 2016 оны 08 дугаар сраын 02-ны өдрийн Б/248 дугаар тушаал гаргасан. Харин засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн асуудал хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол улсын Засгийн газар томилж чөлөөлнө” гэж заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Ц.А үүрэгт ажлааас нь чөлөөлсөн.
Өөрөөр хэлбэл Тахарын алба нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Монгол Улсын хэмжэээнд шүүх, шүүгчийн аюулгүй байдал, гэрч хохирогчийг хамгаалах, сэжигтэн яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргосон сэжигтэн яллагдагчийг эрин сурвалжлах зэрэг үйл ажиллагаа тасралтгүй явуулж байсан.
Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын агентланийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлагийн даргыг томилж чөлөөлөх эрх хэмжээ нь зөвхөн Засгийн газарт, дэд даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ сайдад, албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх хэмжээ агентлагийн даргад олгосон байна. Харин хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд агентлагийн алба хаагчдыг томилж, чөлөөлөх шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй бөгөөд Тахарын алба /хуучнаар/-ны дарга Ц.А эрх зүйн чадамжтай байхдаа буюу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б/247 тоот тушаал гаргасан нь эрх зүйн үндэслэлтэй юм.
Мөн иргэн Ж.Г д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгосон байна. иймд Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/248 дугаар тушаалыг хуульд бус гэж үзэн гаргасан Ж.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сангийн сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:
“... 1. Тахарын албыг татан буулгасан асуудлыг Улсын Их Хурлаас шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрийн хүрээнд тус албыг татан буулгах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2016 оны №08 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалаар байгуулж хуулийн хэрэгжилтийг хангасан. Мөн тухайн үед буюу 2016 оны 08 дугаар сард төрийн өмчийн бодлогын асуудал нь Сангийн яаманд хамаарч байсан бөгөөд энэ асуудлын хүрээнд төрийн байгууллагын эд хөрөнгийг блансаас бланст шилжүүлэх чиглэлээр уг ажлын хэсэгт орсон. Түүнээс хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, ажилчдыг халах, цомхтгох асуудалд оролцоогүй, ийм чиг үүрэг манай яаманд хуулиар олгогдоогүй.
2. Түүнчлэн одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал тус яаманд хамаарахгүй болсон ба Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон” гэжээ.
Хариуцагч Хууль зүй дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:
“...Ж.Ггийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Тахарын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсгийн ахлагч/-ын хариу тайлбартай санал нэг байгаа болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Г нь тус шүүхэд хандаж “Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага дээрээ “чиг үүрэг шилжсэн албан тушаалд томилохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж уг шаардлагаа 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг эрх залгамжлагчаар томилж Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, чиг үүрэг шилжсэн албан тушаалын зэрэглэлд тэнцэх ажилд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” гэж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг эрх залгамжлагчаар томилж Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, чиг үүрэг шилжсэн ажлын албан тушаалын зэрэглэлд тэнцэх ажилд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” гэж 2 удаа тодруулсан болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тушаалыг эрх зүйн чадамжгүй этгээд гаргасан...Тахарын ерөнхий газар татан буугдсанаар миний гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн тул ажлаар хангагдах үндэслэлтэй...” гэж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “байгууллага нь татан буугдсан тул ажлаар хангах үндэслэлгүй, тэтгэмж олгосон...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.
Монгол Улсын Их хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгосон, түүний чиг үүргийг Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 4-д “Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, бусад сайд нарт даалгасугай” гэж шийдвэрлэжээ.
2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар бүхий “Ажлын хэсэг томилох тухай” Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Улсын Их хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Засгийн газрын 7 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Тахарын албыг татан буулгах ажлын хэсгийг 1 дүгээр хавсралтаар, ажлын хэсгийн ажлын удирдамжийг 2 дугаар хавсралтаар баталж, тус ажлын хэсгийн ахлагч Ж.Баярцэцэгийн баталсан “Тахарын албыг татан буулгах ажлын төлөвлөгөө”-ний 9-д “татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагийн орон тоо, төсвийн тооцоог эцэслэн, чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжих орон тоо, төсөв, тухайн агентлагийн үйл ажиллагааны стратеги бүтцийн өөрчлөлтийн саналыг эцэслэн боловсруулж шийдвэрлүүлэхээр ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтоосон байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Тахарын ерөнхий газрын даргын Б/138 дугаар тушаалаар тус газрын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Тахарын Ерөнхий Газрын даргын //Ц.А*******ын/ 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/247 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйл, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, дээр дурдсан ******* дугаар тушаалыг тус тус үндэслэн “Тахарын алба татан буугдаж чиг үүргийг Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан 367 алба хаагчдыг Цагдаагийн, 90 алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр, гуравдугаар хавсралтад дурдсан 85 алба хаагчдыг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсний дотор уг жагсаалтын 14-т “Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын дарга Ж.Г” гэж дурдан 4973538 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэж тодорхойлсон, Тахарын ерөнхий газрын чиг үүргийг Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад шилжүүлснээс үзвэл Тахарын ерөнхий газар нь нэгтгэх хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдсан байх ба энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах” зохицуулалтыг хэрэглэхээр байна.
Гэтэл Тахарын ерөнхий газар татан буугдах хэлбэрээр өөрчлөн байгуулагдсанаар тус газрын Мөрдөн шалгах эрэн сурвалжлах газрын чиг үүрэг нь Цагдаагийн ерөнхий газрын эрхлэх хүрээнд шилжсэн, энэ тохиолдолд “...алба хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайдуудад үүрэг болгосон” байхад Тахарын ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасныг баримтлан “албан тушаалын орон тоо нь хасагдсан” гэж үзэж нэхэмжлэгч Ж:Г*******г ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон байна.
Учир нь Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Тахарын ерөнхий газрын эрхэлж байсан чиг үүргийг Цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд руу шилжүүлэхдээ ажилтнуудыг орон тоо, цалингийн сантай нь шилжүүлэхээр шийдвэрлэсэн, Тахарын ерөнхий газрын эрхэлж байсан чиг үүрэг хэвээр үлдсэн байхад Тахарын ерөнхий газрын дарга Ц.Анэхэмжлэгч Ж.Гг ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр шууд ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэж тушаал гаргасан нь дээрхи хуулийн заалтууд, Улсын Их хурлын болон Засгийн газрын тогтоолтой нийцээгүй байна.
Түүнчлэн Ц.Ань “...ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу би тушаал гаргасан...цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын удирдлагаас дарга нарыг нь авахгүй гэсэн...” гэх тайлбар, мэдүүлгийг шүүхэд өгсөн боловч энэ нь албан ёсны шийдвэрээр баталгаажаагүй, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлүүдээр ч нотлогдоогүй болно.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор Ц.А*******ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Иймд Тахарын Ерөнхий Газрын даргын //Ц.А*******ын/ 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/247 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгов.
Чиг үүрэг шилжсэн ажлын албан тушаалын зэрэглэлд тэнцэх ажилд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгуулах шаардлагын тухайд, тухайн албаны чиг үүрэг нь Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын зэрэглэлд тэнцэх ажилд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагын тухайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Тахарын албаны хөрөнгийг шилжүүлэх, ажилтнуудтай хийх тооцоог эцэслэх чиг үүрэгтэй байгуулагдсан, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Тахарын Ерөнхий Газрын даргын //Ц.А/ 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/247 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, чиг үүрэг шилжсэн ажлын албан тушаалын зэрэглэлд тэнцэх ажилд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ж.Ггийн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Сангийн сайд болон Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан Тахарын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэгт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн сайд болон Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан Тахарын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Д
ШҮҮГЧИД О.О
С.Т