Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0773

 

 

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Хууль зүй, дотоод хэргийн сайд,  Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 656 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Одонбаярын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Г нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Тахарын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 656 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Тахарын ерөнхий газрын даргын /Ц.Азбаярын/ 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/247 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, чиг үүрэг шилжсэн албан тушаалын зэрэглэлд тэнцэх ажилд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ж.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Сангийн сайд болон Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан Тахарын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэгт даалгаж шийдвэрлэжээ.   

 

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан бүрэн эрхийг Агентлагийн дарга хэрэгжүүлнэ гэж заасан. Энэхүү бүрэн эрхийнхээ дагуу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Тахарын албаны нийт 556 алба хаагчийг төрийн албанаас чөлөөлжээ. Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлагийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ зөвхөн Засгийн газарт, Дэд даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ Сайдад, алба хаагчдыг томилох, чөлөөлөх эрх хэмжээ агентлагийн даргад олгосон байна. Харин хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд агентлагийн алба хаагчдыг томилж, чөлөөлөх шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй бөгөөд Тахарын алба /хуучнаар/ дарга Ц.Азбаяр эрх зүйн чадамжтай байхдаа буюу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тушаал гаргасан нь эрх зүйн үндэслэлтэй юм. Мөн иргэн Ж.Г-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгосон байна. Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасан нь хуулийн зүйл заалтыг зөв хэрэглээгүй нь харагдаж байна. Учир нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож Тахарын ерөнхий газар татан буугдсан байтал шүүх татан буугдах замаар өөрчлөн байгуулагдсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуульд “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн” гэж заасан байдаг. Гэтэл татан буугдах замаар өөрчлөн байгуулагдсан гэсэн нь ойлгомжгүй байгаа ба Тахарын албаны /хуучнаар/ чиг үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн байтал нэгтгэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Тахарын ерөнхий газрын даргын /хуучнаар/ 2016 оны А/247 дугаар тушаал нь хууль зөрчиж гаргасан гэх ямар ч нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч талаас уг тушаалыг илт хууль бус гэдгийг нотолж чадахгүй байхад шүүх ямар нотлох баримтад үндэслэн хууль бус гэдгийг тогтоож байгаа нь ойлгомжгүй, шүүн таслах ажиллагааг хуулийн хүрээнд явуулаагүй нь харагдаж байна. Иймд Ж.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 248 дугаар магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийгээгүй, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг  зөрчжээ. Тодруулбал,  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно…” гэж зааснаар шүүх эрх залгамжлагчийг солихдоо эрх залгамжлан авбал зохих этгээдийг буруу тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл Тахарын ерөнхий газрыг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдсан гэж шүүхийн шийдвэрт зөв дүгнэсэн атлаа энэхүү нэгтгэх ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийг эрх залгамжлагчаар сольсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан төрийн албан хаагчийн баталгаа зөрчигдсөн, орон тоо хасагдаагүй, чиг үүрэг нь шилжсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж маргаж байгаа энэ тохиолдолд  Цагдаагийн ерөнхий газарт батлагдсан аль ажлын байранд Тахарын ерөнхий газрын /хуучнаар/ Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын ажлын байрны чиг үүрэг шилжсэн эсэх, адил чиг үүрэг бүхий өөр албан тушаал байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар Тахарын ерөнхий газрын зарим чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрдөн байцаах газрын эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасаг байгуулж тасгийн дарга 1, ахлах төлөөлөгч 3, төлөөлөгч 6, нийт 10 албан тушаалын орон тоо, цалингийн зэрэглэлийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч аль албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж маргаж байгааг тодруулж холбогдох чиг үүрэг нь шилжсэн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулж харьцуулан үнэлэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байжээ.

Гэтэл төрийн албан хаагчийн орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх  Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан “мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” баталгаатай адилтган ойлгож “чиг үүрэг нь шилжсэн ажлын албан тушаалын зэрэглэлд тэнцэх ажилд томилохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодит байдалд хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “...ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар олговор шаардаж байгаа эсэх, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар хохирол шаардаж байгаа эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын хэмжээгээ тодорхойлж чадаагүй байхад “Ж.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Тахарын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэгт даалгаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх…” гэж заасныг зөрчжээ.

Дээрх нөхцөл байдлыг тодруулж нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тогтоосноор хохирол эсхүл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ямар хэмжээгээр, хэн хариуцах нь тодорхой болохоор байна.

Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж байгаа нь тодорхой байх учиртай.

Гэтэл шүүхийн шийдвэрээр ямар албан тушаалд томилохыг даалгасан нь тодорхойгүй, эрх олгогдоогүй, эрх зүйн байдал нь тодорхой бус татан буулгах ажлын хэсэгт ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэснээр биелэгдэх боломжгүй, бодит байдалд нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхээргүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг дахин тодруулах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                           

                             

                             ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ                        

                             ШҮҮГЧ                                              Э.ЛХАГВАСҮРЭН

                             ШҮҮГЧ                                              О.НОМУУЛИН