Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/шш2022/00567

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага:89 400 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 40 384 570 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... өмгөөлөгч ... хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... өмгөөлөгч... гэрч...шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч... нь ...холбогдуулан 89 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Хариуцагч ... надтай 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийн үнэ бүхий ... арлын дугаартай Doosan 300 LC экскаваторыг 6 сарын 10-нд 10 000 000 төгрөг, 6 сарын 28-нд 20 000 000 төгрөг төлсөн, 90 000 000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авсан.Манай Doosan 300 LC экскаваторыг Дорноговь аймгийн ...суманд байрлах ... ХХК нь бутлуурыг тэжээж 18 хоног ажилласан.Гэтэл ... нь маш сайн экскаватор байна худалдаж авъя манай ажлын байр энэ бутлуур юмаа хотоос экскаватор зөөж зардал гаргахгүй амар байна гэсэн санал тавиад 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б... дүүргийн нотариат дээр 100 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Экскаваторыг 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн механик ... экскаваторыг ажиллуулж техникээ акт үйлдэж ... өөрөө хүлээж авсан.Гэрээний нэмэлт нөхцөлд тохирсноор Техникийг актаар хүлээлгэж өгснөөс хойш техникийн доголдол гэмтлийн талаар маргаан гаргах эрхгүй гэж тохиролцож заалт оруулсан байдаг. Худалдан авагч ... нь Экскаваторын үнийн үлдэгдэл 100 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг төлсөн боловч 70 000 000 төгрөгийг төлөхгүй байна.Иймд 70 000 000 төгрөгийг, алданги 19 400 000 төгрөгийн хамт нийт 89 400 000 төгрөгийг ...ээс гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа:Би 2021 оны 6 дугаар сарын эхээр ... нартай ярилцан итгэж шар өнгийн Doosan 300 LC маркийн экскаваторыг 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар ярилцаж, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг нотариат дээр хийсэн, гэрээг хийхдээ техникийг үзэж хараагүй, хүлээж аваагүй, ...нарын үгэнд итгэж авсан, гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулаагүй, акт үйлдэж техникийг хүлээлцсэний дараа батлуулахаар тохирсон, тэр өдрөө би 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба ...намайг байлцуулалгүй гэрээг батлуулсан байсан.Би ...нарын хамт Дорноговь аймгийн ...суман дахь зам анги дээр очиж экскаваторыг үзэхэд эвдрэл гэмтэл ихтэй ба энэ талаар... ярихад өөрөө эвдрэл гэмтлийг нь засаад ажилд гарахад бэлэн болгож өгнө гээд 7 хоног алга болсон. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ...нартай уулзахдаа 20 000 000 төгрөг өгсөн, үүнээс хойш утсаа авахгүй, уулзахгүй явсаар 3 сар гаран болсон.Уг экскаваторт өөрийн зардлаар сэлбэг, хэрэгсэл, түлш, засварчин авч 2-3 удаа ...суманд очиж зассан боловч засвар аваагүй, худалдсан техникээ хүлээлгэж өгөөгүй, эвдрэл гэмтлийг нь засаж өгөөгүй байж үлдэгдэл мөнгөө нэхэж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 40 384 570 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

...нар худалдсан техникээ хүлээлгэж өгөөгүй ба би өөрийн зардлаар сэлбэг хэрэгсэл, түлш, засварчин авч 2-3 удаа ...суманд очиж зассан боловч засвар аваагүй, худалдсан техникээ хүлээлгэж өгөөгүй, эвдрэл гэмтлийг нь засаж өгөөгүй байж үлдэгдэл мөнгөө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, ...нарт өгсөн 30 000 000 төгрөгөө авна.Иймд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцалж,...аас 30 000 000 төгрөг, сэлбэгийн үнэ 9 240 200 төгрөг, бензиний зардал 1 144 370 төгрөг нийт 40 384 570 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч тайлбартаа:Экскаваторыг худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ...тэй хамт байлцаж хийсэн, 6 дугаар сарын 13-ны өдөр техникийг хүлээлгэн өгч акт үйлдсэн, 6 дугаар сарын 21-ний өдөр экскаваторт дахин тохиргоо хийж хүлээлгэж өгсөн.Экскаваторыг оролдож тохиргоог алдагдуулсан байсан....мэргэжлийн оператор байхгүй, экскаватор барих чадваргүй хүнээр бариулаад тохиргоог алдагдуулсан байсан.Одоо экскаватор хэвийн ажиллаж байгаа, доголдолгүй техник хүлээлгэж өгсөн, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Техник хүлээлгэж өгсөн акт, С.... ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн машин механизм хэрэглэсэн нотолгоо, нэхэмжлэгчийн Х... банкан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С... ХХК, Т.... ХХК-иудын 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн гэрээ цуцлах акт зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас ... 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн зарлагын баримт, ... ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зарлагын баримтууд, ... ХХК-ийн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн зарлагын баримт, ...ХХК, ... ХХК,...ХХК-ийн баримтууд, С.Э....ийн Х.... банкан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн CD-д үзлэг хийсэн, гэрч О....ыг асуусан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт байна./81-83, 99-100, 109-112/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч... нэхэмжлэлийг хангаж, хариуцагч ... сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Худалдах худалдан авах гэрээ байгуулж, DOOSAN 300 LC маркийн экскаваторыг 100 000 000 төгрөгөөр ...худалдсан, түүнээс 30 000 000 төгрөгийг авсан, одоо үлдэгдэл 70 000 000 төгрөг, алданги 19 400 000 төгрөг, нийт 89 400 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлав.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Надад техникээ хүлээлгэж өгөөгүй, уг экскаватор эвдрэлтэй байсан, засвар аваагүй гэж тодорхойлсон.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:Тухайн экскаватор эвдрэлтэй байсан, засвар аваагүй, ажил гүйцэтгэх боломжгүй тул 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцалж,...аас 30 000 000 төгрөг, сэлбэг 9 240 200 төгрөг, бензиний зардал 1 144 370 төгрөг нийт 40 384 570 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд:Экскаватор хэвийн ажиллаж байсан сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Техник хүлээлгэж өгсөн акт, нэхэмжлэгчийн Х.... банкан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Doosan 300 LC экскаваторыг 100 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талуудын маргааны зүйл нь худалдсан тээврийн хэрэгслийг эвдрэлтэй, биет байдлын доголдолтой байсан гэж маргаж байна.

Зохигчид гэрээндээ тээврийн хэрэгслийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон байгааг тэдний хооронд эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэхгүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 2004 онд үйлдвэрлэгдсэн, Doosan SL 300LS маркийн экскаваторыг худалдан авагч талд шилжүүлэн өгсөн болох нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн техник хүлээлгэж өгсөн актаар нотлогдож байна.

Мөн худалдан авагч ... нь экскаваторын үнээс 30 000 000 төгрөгийг худалдагчид төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр талууд тохирсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Иймд ...ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 70 000 000 төгрөг, алданги 19 400 000 төгрөг нийт 89 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

Doosan SL 300LS маркийн экскаваторыг ...хүлээлгэн өгсөн актад 2 лаф байхгүй, давхар хөдөлгөөн байхгүй дуутай, тосны даралт дунд, өнгө үзэмж муу, шайв нэмнэ, сум гагнууртай гэжээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан байна.

... нь тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авах үедээ буюу 2021 оны 6 дугаар 13-ны өдөр эвдрэл, гэмтлийг мэдэх, доголдлыг шалгах, техникийн үзлэг, оношилгоонд оруулж авах боломжтой байсан гэж үзэхээр байна.

Шинжээч нь экскаваторыг 2022 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр үзэж, хөдөлгүүрийн доголдол байхгүй, явах эд анги муудсан, гидро систем, насосны шүүр бохирдсон, бөглөрсөн байх магадлалтай, энэ нь техникийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй, мэргэжлийн засварчин засах боломжтой, моторын үйл ажиллагаа хэвийн, гидро систем, насосны эд ангиуд хэвийн бус ажиллагаатай, насосны ажиллагаа муудсан, хувиарлагч удирдлага гэмтэлтэй, үзлэг хийх явцад экскаватор бүрэн чадлаараа ажиллах боломжгүй, шанага болог сум нь өөрийн эд ангиуд байна, эвдрэл гэмтэл хэдийд бий болсныг тодорхойлох боломжгүй гэжээ.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу ... нь худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар...д мэдэгдээгүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно.Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасны дагуу хариуцагч нь гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу энэхүү үүргийн харилцаанд нэмэлт хугацаа тогтоосон гэх баримтгүй байна.

Иймд дээрх зохигч талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Doosan 300 LC экскаваторыг худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч ... нь Doosan 300 LC экскаваторыг эзэмшиж байх үедээ 9 240 200 төгрөгийн сэлбэг авсан, 1 144 370 төгрөгийн шатахуун хэрэглэсэн болох нь баримтаар нотлогдоогүй, мөн энэхүү хэрэглээний зардлыг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

... 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн зарлагын баримт, ... ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зарлагын баримтууд, ... ХХК-ийн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн зарлагын баримт, ...ХХК, ... ХХК,...ХХК-ийн баримтуудад худалдан авагчийн нэр бичигдээгүй, эдгээр зүйлийг хэн худалдаж авсан, юунд хэрэглэсэн, зарцуулсан болох нь тодорхойгүй, санхүүгийн анхан шатны шаардлага хангахгүй байна.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1-т зааснаар шаардах эрхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 604 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 359 873 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ээс 604 950 төгрөгийг гаргуулан...д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ...ээс 89 400 000 /наян есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан...д олгосугай.

2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцалж,...аас 40 384 570 /дөчин сая гурван зуун наян дөрвөн мянга таван зуун далан/ төгрөг гаргуулах тухай ... сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 604 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 359 873 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ээс 604 950 төгрөгийг гаргуулан...д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН