Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00699

 

 

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00699

 

Ж.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00567 дугаар шийдвэртэй,

Ж.Б-ы нэхэмжлэлтэй

С.Б-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 89,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 40,384,570 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нэргүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах “С” ХХК нь миний экскаваторыг түрээсээр 18 хоног авч ажиллуулж байсан.

С.Б- нь экскаватор худалдаж авах санал гаргасны дагуу би түүнтэй 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, С.Б- 100,000,000 төгрөгийн үнэ бүхий экскаваторын урьдчилгаа төлбөрт 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг төлж, үлдэх 90,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх байсан. Би экскаваторыг С.Б-тэд шилжүүлсэн.

2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр механикч н.Болдбаатар экскаваторыг ажиллуулж, С.Б- техникийн акт үйлдэж, өөрөө хүлээж авсан. Гэрээний нэмэлт нөхцөлд тохирсноор техникийг актаар хүлээлгэж өгснөөс хойш доголдлын талаар маргаан гаргах эрхгүй гэж тохиролцож заалт оруулсан байдаг. Худалдан авагч С.Б- нь экскаваторын үнийн үлдэгдэл 100,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг төлсөн, 70,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

Гэрээний 3.6 дахь хэсэгт хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор заасан. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 19,400,000 төгрөгийн алданги тооцогдож байна.

Иймд 70,000,000 төгрөгийг, алданги 19,400,000 төгрөгийн хамт нийт 89,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “С” ХХК-тай гэрээ цуцлах акт үйлдэх үед экскаватор хэвийн гэсэн тодорхойлолттой байсан. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр техникийг хүлээлгэн өгч акт үйлдсэн.

2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр экскаваторт дахин тохиргоо хийж хүлээлгэж өгсөн. С.Б-т мэргэжлийн бус хүнээр экскаватор бариулаад тохиргоог алдагдуулсан байсан. Одоо экскаватор хэвийн ажиллаж байгаа, доголдолгүй техник хүлээлгэж өгсөн.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би 2021 оны 6 дугаар сарын эхээр Ж.Нэргүй, Ж.Б- нартай ярилцан, экскаваторыг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээг хийхдээ техникийг үзэж хараагүй, Ж.Нэргүй, Ж.Б- нарт итгэж гэрээ байгуулсан ба акт үйлдэж техникийг хүлээлцсэний дараа гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр тохиролцсон. Тухайн өдрөө 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Би Ж.Нэргүй, Ж.Б- нарын хамт Дорноговь аймгийн Хатанбулаг суманд очиж экскаваторыг үзэхэд эвдрэл гэмтэл ихтэй байсан. Энэ талаар Ж.Нэргүйд хэлэхэд эвдрэл гэмтлийг нь засаад ажилд гарахад бэлэн болгож өгнө гэж хэлээд 7 хоног алга болсон. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ж.Нэргүй, Ж.Б- нар мөнгө хэрэгтэй байна гээд 20,000,000 төгрөг авсан. Үүнээс хойш утсаа авахгүй, уулзахгүй явсаар 3 сар гаран болсон. Уг экскаваторт би өөрийн зардлаар сэлбэг, хэрэгсэл, түлш авч засварчнаар 2-3 удаа Хатанбулаг суманд очиж зассан боловч засвар аваагүй, худалдсан техникээ хүлээлгэж өгөөгүй, эвдрэл гэмтлийг нь засаж өгөөгүй байж үлдэгдэл мөнгөө нэхэж байгааг зөвшөөрөхгүй.

Гэрээ байгуулсан боловч намайг байлцуулалгүй гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Экскаваторын эвдрэл гэмтлийг засаж өгөөгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн учраас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу өгсөн 30,000,000 төгрөг, сэлбэг 9,240,200 төгрөг, түлшний зардал 1,144,370 төгрөгийг нийт 40,984,750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.Б-ээс 89,400,000 төгрөгийг гаргуулан Ж.Б-д олгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцалж, Ж.Б-аас 40,384,570 төгрөг гаргуулах тухай С.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 604,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 359,873 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс 604,950 төгрөгийг гаргуулан Ж.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэж байна.

4.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Дорноговь аймгийн Авто тээврийн газрыг шинжээчээр томилсон, шинжээчийн дүгнэлт гарсан ба дүгнэлтэнд “экскаваторын явах эд анги муудсан, гидро систем, насосын шүүр бохирдсон, бөглөрсөн байх магадлалтай. Энэ нь техникийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Моторын үйл ажиллагаа хэвийн, гидро систем, насосын эд ангиуд хэвийн бус ажиллагаатай, экскаватор бүрэн чадлаараа ажиллах боломжгүй...” гэжээ. Мөн гэрч н.Болдбаатар, н.Сэрсэндэмид нар нь экскаваторын гол эд анги болох гидро систем нь ажилладаггүй болон биет байдлын доголдолтой талаар гэрчилсэн болно.

С.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш экскаваторыг анх Дорноговь аймгийн Алтанбулаг суманд байсан тэр газраас огт хөдөлгөөгүй, тэнд нь засварласан боловч засвар аваагүй, экскаваторын гол зүйл нь газар шорооны ажил хийх, газар ухах, гол систем нь гидро систем билээ.

Гэтэл харахад өнгөцхөн явц байгаа харагдаж байгаа боловч газар ухах, шороо ачих зэрэгт ямар ч ажиллагаагүй болно. Гидро системийг 2 удаа сольж үзсэн боловч ажиллаагүй. Ж.Б- болон түүний нөхөр Ж.Нэргүй нарт удаа дараа утсаар ярьж хэлж байсан болно.

4.б. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 2, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн заалтуудыг үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Экскаваторт сэлбэг хэрэгсэл авч засварласан, биет байдлын доголдолтой нь байгаа нь гэрчийн мэдүүлэг, зарлагын баримтуудаар тогтоогдож байгаа ба сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж буй үндэслэл нь тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

4.в. Улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан, С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 359,873 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 657,950 төгрөг тус тус төлсөн байгааг анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээ байгуулсны маргааш нь экскаваторыг С.Б-т хүлээлгэж өгч, акт үйлдсэн. Би түүнд гидро дутуу байгаа нэмж хийгээрэй, ганц нэг боолт дутуу байгааг чангалах, хуучин техник учраас үүнээс хойш эвдрэл гэмтэл гарвал өөрсдөө хариуцах талаар хэлсэн. Хариуцагч нь экскаваторыг ажиллуулж байсан. Гэтэл 2 долоо хоногийн дараа тааралдахад экскаваторын хамаг эд ангийг оролдсон байхаар нь янзалж өгч байсан.

Шинжээчийн дүгнэлтээр мотор хэвийн, гидро системийн ажиллагаа доголдолтой байж магадгүй хэдий ч мэргэжлийн засварчнаар засагдах боломжтой гэдэг. Экскаватор одоог хүртэл ажиллаж байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

Хариуцагч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй атлаа ямар нэгэн байдлаар гэрээг цуцалдаггүй. Мөн шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн. Энэ нь гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ гэсний дагуу хэрэгждэг зохицуулалт юм. Уг хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэх бөгөөд энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө талд хүрсэн буюу хүлээн авсан байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэгчид гэрээг цуцлах талаар мэдэгдэж байгаагүй, хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй.

Нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, доголдолтой байдлыг бий болгосон гэж хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийг хохирол шаардах эрхгүй гэх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болсон. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хохирол шаардах үндэслэлгүй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хууль зөрчиж гаргасан гэх гомдлыг хариуцагч талаас гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгч талын төлсөн тэмдэгтийн хураамжийг хариуцагч тал төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч С.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 89,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 40,384,570 төгрөг  гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Талууд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Б- нь 2004 онд үйлдвэрлэгдсэн, Doosan SL 300LS маркийн, 1052УН улсын дугаартай экскаваторыг С.Б-ийн өмчлөлд шилжүүлэх, С.Б- нь гэрээний үнэд 100,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тогтоосон хугацаанд хуваан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ. Учир нь гэрээний үнэд төлөх мөнгөн хөрөнгөд талууд хүү тохиролцоогүй тул талууд гэрээг хэрхэн нэрлэсэн нь гэрээний харилцааг тодорхойлохгүй болно.

 

4. С.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

Талууд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр техник хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурсан, экскаваторыг худалдан авагч шалган авсан нь диск /CD/-т  хийсэн бичлэгийг бэхжүүлсэн шүүхийн үзлэгээр тогтоогдсон байна. Иймд хариуцагч С.Б- нь гэрээний зүйлийг шалгаж аваагүй гэх тайлбар үндэслэлгүй талаарх анхан шатны шүүх зөв болжээ.

 

5. Техник хүлээлцсэн актад экскаваторын талаар мотор 2 лап байхгүй, гидро систем давхар хөдөлгөөн байхгүй, дуутай, шанага шайб нэмнэ, сум гагнууртай гэж тэмдэглэгдсэн, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд экскаваторын явах эд анги муудсан, гидро систем, насосын шүүр бохирдсон, бөглөрсөн байх магадлалтай, энэ нь техникийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй, мэргэжлийн засварчид засаж янзлах боломжтой, моторын үйл ажиллагаа хэвийн, гидро систем, насосны эд ангиуд хэвийн бус ажиллагаатай, насосны ажиллагаа муудсан, хувиарлагч удирдлага гэмтэлтэй, эвдрэл гэмтлийг засах боломжтой, үзлэг хийх явцад экскаватор бүрэн чадлаараа ажиллах боломжгүй, шанага болон гар нь өөрийн эд ангиуд байна, эвдрэл гэмтэл хэдийд бий болсныг тодорхойлох боломжгүй гэж дүгнэснийг гэрч О.Болдбаатар, Ц.Сэрсэндэмид нарын мэдүүлэг, талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл гэрээний зүйл болсон экскаватор нь ашиглагдаж байсан, шинэ биш тул худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө доголдолтой байсан нь тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талууд 2004 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг шалгаж, актаар хүлээлцсэн байх тул С.Б- нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасны дагуу эд хөрөнгийг хүлээж авах үед эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан, худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 70,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх”-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ. Иймд урьдчилгаа төлбөр төлөх хугацааны 20,000,000 төгрөгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх алданги 9,900,000 /20,000,000×0.5%×99 хоног/ төгрөг, хэсэгчлэн төлбөр төлөх хугацааны 15,000,000 төгрөгийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх алданги 5,175,000 /15,000,000×0.5%×69 хоног/ төгрөг, мөн хэсэгчлэн төлөх хугацааны 20,000,000 төгрөгийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх алданги 3,800,000 /20,000,000×0.5%×38 хоног/ төгрөг, хэсэгчлэн төлбөрийн төлөх хугацааны 15,000,000 төгрөгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх алданги 525,000 /15,000,000×0.5%×7 хоног/ төгрөг нийт 19,400,000 төгрөгийг төгрөгийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

8. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон экскаваторыг доголдолгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах тухай шаардлага гаргах эрхгүйг тодорхойлж анхан шатны шүүх түүний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. С.Б- нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж буй бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д мэдэгдээгүй тул мөн зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар тэрээр гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн үндэслэлтэй.

 

10. Түүнчлэн хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 359,873 төгрөг төлж, гэрээг цуцалж, гэрээний дагуу өгсөн 30,000,000 төгрөг, сэлбэг 9,240,200 төгрөг, бензин 1,144,370 төгрөг, нийт 40,384,570 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул шүүгчийн 2021 оны 10 дугаар зүйлийн 21-ний өдрийн захирамжаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авчээ.

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 12 дугаар зүйлийн 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг төлсөн баримтыг хэрэгт өгсөн байх боловч үүнд холбогдох сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд энэ талаар шийдвэр гаргаагүй тул өргөдөл гомдлын үндсэн дээр шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаа буцаан авахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД                                                   Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЗОЛЗАЯА