Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2017/0668

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Д.Э

Хариуцагч: Байгаль орчны газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаар “Д.Эг ажлаас халах тухай" тушаалыг хүчингүй болгуулж, Д.Э г Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлүүлэхийг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“ ... Д.Э нь 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалтыг өгч тэнцээд, Байгаль хамгаалах газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №22 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагчаар анх ажилд томилогдон ажиллаж байгаад 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

Төрийн албанд ажиллаж эхэлснээс хойшхи хугацаанд өргөсөн тангарагтааа үнэнчээр, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэхдээ “хангалтгүй” болон огт гүйцэтгээгүй тохиолдол байгаагүй бөгөөд 6 жил дараалан үр дүнгийн гэрээгээ “маш сайн” болон "сайн" гэсэн үнэлгээгээр үнэлүүлэн ажиллаж байсан.

2010 онд Ойн газраас зарласан Улсын хэмжээнд хууль бусаар мод бэлтгэгчидтэй тэмцэх улсын уралдаанд III дугаар байр, Байгаль орчны яамны "Хүндэт жуух" бичиг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын менежерийн зүгээс үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж "А" буюу маш сайн үнэлгээ, дараагийн шатны даргын 92.3 хувь буюу "А" үнэлгээ авсан.

Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын даргын зөвлөлийн хурлаар ажлын үр дүнг харгалзан газрын даргын тушаалаар байгаль хамгаалагч нарын хэсгийн зохион байгуулалтыг хариуцан ажиллах үүрэг бүхий “Партизан хэсгийн ахлагч"-аар томилогдон ажиллаж эхэлсэн.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын менежерийн зүгээс үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж “В" буюу сайн үнэлгээ, дараагийн шатны даргын 86.5 хувь буюу “В" үнэлгээг өгсөн. Мөн тухайн онд Хайнанд амрах эрхийн бичгээр шагнагдсан.

2015   оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын менежерийн зүгээс үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж “В" буюу сайн үнэлгээг өгсөн ба энэхүү үнэлгээг үндэслэн үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх урамшуулал олгох арга хэмжээний саналыг дараагийн шатны дарга хүлээн зөвшөөрч, 83.6 хувь буюу “В" үнэлгээг өгсөн.

2016   оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын менежерийн зүгээс үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж “В" буюу сайн үнэлгээг үндэслэн одоогийн шатанд үргэлжлүүлэн ажиллуулах, зохих шатны сургалтанд хамруулах, урамшуулал олгох арга хэмжээний саналыг дараагийн шатны дарга хүлээн зөвшөөрч, 86.7 хувь буюу “В" үнэлгээг өгсөн.

2017   оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлын байранд дарга нар ирж байгаль хамгаалагчид дундаас Д******* болон нэхэмжлэгч Д.Э хоёрыг дуудаж уулзсан байдаг бөгөөд тухайн үед  Д  нь архи уусан байсан ба дарга нар нь Д*******ээс яагаад ажлын байран дээр архи уусан талаар асуухад тэрээр 100 гр уусан гэж хариулсан байдаг. Гэтэл маргааш нь Д  1 сарын хугацаагаар, огт архи уугаагүй байсан нэхэмжлэгчид 2 сарын хугацаагаар албан тушаалын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Байгаль хамгаалагч Д  хэсгийн ахлагчаас нууцаар, ажлын байран дээрээ архи ууж ажлын хариуцлага алдсаны төлөө тухайн этгээдэд л сахилгын шийтгэл оногдуулалгүй, нэхэмжлэгчид мөн сахилгын шийтгэл ногдуулсан ба Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №Б/19 тоот тушаалд хэд хэдэн хууль журмыг үндэслэсэн байсан. Байгаль хамгаалагч нарыг хэсгийн зохион байгуулалтаар ажиллуулах журмын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт тухайн хэсэгт харьяалагдаж байгаа байгаль хамгаалагч нарт байгаль хамгааллын чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, удирдлагаар хангаж ажиллах хэсгийн ахлагчийн эрхийн талаарх зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл, хэсгийн ахлагчийн хувьд нэхэмжлэгч Д.Э нь хууль журмын дагуу ахалж байгаа хэсгийнхээ байгаль хамгаалагчдын сахилга, дэг  журмыг сахиулах хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түүний хэсэгт ажиллагсдын ажлын хариуцлага алдагдсан бол нэхэмжлэгч хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн.

Гэтэл түүний удирдлага дор ажилладаг Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/04 тоот тушаалын дагуу түүний хариуцах хэсгийн зохион байгуулалтанд багтсан байгаль хамгаалагчийн ажлын байран дээрээ архидан соггуурсны хариуцлага бол зөрчил гаргасан хувь этгээд өөрийн биеэр хүлээх хариуцлага байсан байтал нэхэмжлэгчид давхар сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №Б/32 тоот тушаалд ... удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ...  гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Д.Эд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэсэгт нь ажилладаг байгаль хамгаалагч ажлын байран дээрээ согтуу байсны улмаас түүнд сахилгын шийтгэл оногдуулснаас хойш дахин ямар ч алдаа дугагдал зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ... гэж түүний ажил үүргийг дүгнэн ажлаас халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн №108 дугаартай тогтоолын ... Д.Э нь “сануулах” сахилгын шийтгэлийн хугацаанд 3 удаагиин шалгалтаар Партизаны хэсгиин байгаль хамгаалагчдыг нэгдсэн удирдлагаар хангаагүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг тасалдуулсан зэрэг зөрчил дутагдал гаргасан, хариуцсан хэсгээс нь ёс зүйн зөрчил гарсан нь хэсгийн ахлагчийн хувьд ажлын хариуцлага алдсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь төрийн албанд анх томилогдон ажиллаж эхэлснээс хойш сануулах сахилгын шийтгэл огт ногдуулагдаж байгаагүй бөгөөд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасалдуулсан зөрчил огт гаргаагүй ба хамгийн сүүлд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1.200.00 төгрөгийн шийтгэврийг бичсэн байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халахаар зохицуулсан ба Д.Э нь албан үүргээ 2 удаа хангалтгүй биелүүлсэн зөрчил огт гаргаагүй. Өөрөөр хэлбэл Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу нэхэмжлэгч нь “хангалтгүй” үнэлгээгээр нэг ч удаа үнэлэгдээгүй.

Иймд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №Б/32 тоот “Д.Эг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож Д.Эг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.

Мөн Д.Эгийн ажилгүй байсан хугацааны цалингаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“ ... Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагчид Нийслэлийн ногоон бүсэд дагаж мөрдвөл зохих салбарын болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлж, таслан зогсоох, иргэд олон нийтэд сурталчлах, хамтран ажиллах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэртээ 4 хэсгийн зохион байгуулалтад хуваарилагдан ажиллаж байна.

Жил бүрийн 10 дугаар сараас 12 дугаар сар, 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал хугацаанд хууль бус ан агнуур, мод бэлтгэн тээвэрлэх явдал идэвхжидэг тул манай байгууллагаас байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан удирдамжит эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажилласаар ирсэн.

Тус байгууллагад Партизан хэсгийн Байгаль хамгаалагчдын ахлагчаар ажиллаж байсан Д.Э нь Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны Б/32 дугаар тушаалаар ажлаас халагдсан.

Нийслэлийн Байгаль орчны газрын даргын баталсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2017/01 удирдамжийн дагуу 4 чиглэлээр 4 хэсгийн 33 байгаль хамгаалагчдыг хяналт шалгалтын хуваарийн дагуу ажиллуулсан.

Удирдамжит эргүүл хяналт шалгалтуудын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2017/02 дугаар удирдамжийн дагуу 3 /Нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга, Захиргааны хэлтсийн дарга, Байгаль хамгаалах тасгийн дарга, нярав нар оролцсон ажлын байран дахь зөрчил дутагдлыг арилгах гэх мэт/ чиглэлээр дотоод хяналтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Шалгалтаар Төв болон Партизан хэсэгт байгаль хамгаалагчид 2017/01 дугаар удирдамжит батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхийг хариуцсан нутаг дэвсгэрээр явж үзэхэд Партизан хэсгийн байгаль хамгаалагчид удирдамжийн дагуу дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн явах замд хяналтаар гараагүй байсан.

2017/02 дугаар удирдамжаар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Сааль дүүрэн”-ний байгаль хамгаалагч Ц.Б р бусдад зодуулсан асуудлыг шалгах явцад хэсгийн ахлагч Д.Эг дуудаж уулзахад түүний хамт тухайн хэсгийн байгаль хамгаалагч Ж.Д  нь ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул хэсгийн ахлагч Д.Эг байгаль хамгаалагчидаа нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллаагүй гэж үзэн Газрын даргын 2017 оны Б/18, 5/19 дугаар тушаалаар Д.Э, Ж.Д  нарт сахилгын шийтгэл ногдуулсан.

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Газрын дарга, Ойн хэлтсийн дарга, тасгийн дарга нар байгаль хамгаалагчдын ажил байдалтай танилцах зорилгоор Төвийн болон Партизан       хэсгийн нутаг дэвсгэрээр     явахад Партизан хэсгийн ахлагч Д.Э хариуцсан нутаг дэвсгэртээ байхгүй, 2017/01 дугаар удирдамжийн хяналт шалгалтын хуваарийн дагуу байгаль хамгаалагчдыг ажиллуулаагүй байсан.

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2017/07 дугаар удирдамжаар Толгойт, Партизан хэсгийн 12 байгаль хамгаалагчдын орлого бүрдүүлэлтэд дэмжпэг үзүүлэх зорилгоор шатахууны зардлыг нэмэлтээр гаргуулан авч 22 хоногийн хугацаатай хяналт шалгалтын ажпыг гүйцэтгүүлэн ажилласан ба шалгалтын явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 15, 17, 19, 22-ны өдрүүдэд Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ажилладаг мэргэжлийн хяналтын улсын байцаагч, цагдаа (хөдөлгөөнт эргүүл)-тай хяналт шалгалтын ажил давхацсан тул, шалгалтыг шөнийн 03 цагаас хийхээр Толгойт, Партизан хэсгийн хуваарьт байгаль хамгаалагчид тохиролцсон байна. Үүний дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагийн орчим 2017/02 дугаар удирдамжийн дагуу хөндлөнгийн хяналтыг хийхэд Партизан хэсгийн байгаль хамгаалагчид тохирсон шалгалтын цэгт байхгүй, хэсгийн ахлагч (Д.Э) болон зарим байгаль хамгаалагчид руу утсаар дуудлага хийсэн боловч хариу өгөөгүй.

Байгаль хамгаалагч, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Д.Э нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг, хариуцсан нутаг дэвсгэртээ ажилладаггүй, хэсгийг удирдан зохион байгуулах чадвар муу, удаа дараа хяналт шалгалтын ажпыг санаачлагагүй, хуваарийг тасалдуулан дутуу гүйцэтгэж байсан зэрэг зөрчлүүд Партизан хэсгийн байгаль хамгаалагчдын хагас жилийн ажлын үр дүнгийн гэрээний үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Э тус шүүхэд хандаж “...Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаар “Д.Эг ажлаас халах тухай" тушаалыг хүчингүй болгуулж, Д.Эг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад тус нэхэмжлэлийн шаардлагаа “ ... Д.Эгийн ажилгүй байсан хугацааны цалингаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлэхийг даалгах” гэж нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай сайн биелүүлсэн...албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил гаргаагүй...” гэж, харин хариуцагч “ ... байгаль хамгаалагчдын ажил байдалтай танилцахад ажлын байран дээрээ байгаагүй....удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг...хэсгийг удирдан зохион байгуулах чадвар муу...хяналт шалгалтын ажлыг дутуу гүйцэтгэсэн” гэж тус тус тайлбарлаж мэтгэлцэж байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, тус Газрын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5.3, Нийслэлийн Байгаль Орчны газрын Даргын зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарны 11-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Байгаль орчны газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагч, Партизан хэсгийн ахлагч Д.Эг “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх  үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Д.Э нь Байгаль хамгаалах газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаан чулуутын амыг хариуцсан Байгаль хамгаалагчаар, 2012 оны 09 дүгээр сараас тус хэсгийг хариуцсан ахлагчаар томилогдсон, хэсгийн ахлагчийн хувьд гүйцэтгэх ажил үүргийг ажлын байрны тодохойлолтод тусгайлан заагаагүй боловч 5 байгаль хамгаалагчийг ахалж ажилладаг, үүнийхээ төлөө үндсэн цалин дээр 100,000 төгрөгийн урамшуулал авдаг талаар талууд шүүх хуралдаан дээр тайлбарласан, энэ талаар маргаагүй болно.

 Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Байгаль хамгаалагч”-ийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл байгаль хамгаалагч нь “хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, зөрчлөөс сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчны хувьсгал өөрчлөлтөд ажиглалт сурталчилгаа танин мэдэхүйн судалгаа хийх, иргэд аж ахуй нэгж байгууллагад дээрх чиглэлээр зөвлөгөө өгөх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд тэдний оролцоог хангах” гэсэн үндсэн чиг үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтууд, тухайлбал тус газрын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Ч  бичсэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн илтгэх хуудасны дүгнэлтэд “Партизан хэсгийн байгаль хамгаалагчдын эргүүл хяналт шалгалтыг идэвхижүүлэх арга хэмжээг зохион байгуулахад анхаарч ажиллах шаардлагатай”,   2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн илтгэх хуудаст “Партизан хэсгийн хяналт шалгалтын ажлыг газар дээр нь очиж үзэхэд байгаль хамгаалагчид шалгалтаар гараагүй, хэсгийн ахлагч руу утасдахад утсаа аваагүй”  гэж дурдсан, мөн Д.Э г байгаль хамгаалагч нарыг нэгдсэн удирдлага, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б/19 дүгээр тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байх ба уг тушаалын талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй, тушаал хүчин төгөлдөр болжээ.

 Харин 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2017/07 дугаар удирдамжаар хийсэн шалгалтын дагуу 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Ч  үйлдсэн илтгэх хуудаст “...байгаль хамгаалагчид санаачлагатай ажиллаагүй...хуваарь тасалдуулан дутуу шалгалт хийсэн... зохион байгуулалт хангалтгүй...хэсгийн ахлагчид анхааруулга өгч ажиллах”, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 201/02 дугаар удирдамжаар  хийсэн шалгалтын дагуу 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Ч  үйлдсэн илтгэх хуудаст “...Партизан хэсгийн ахлагч Д.Э хариуцсан нутаг дэвсгэртээ байгаагүй...хяналт шалгалтын хуваарийн дагуу байгаль хамгаалагчдыг ажиллуулаагүй...2017 оны 02 дугаар сарын 15–наас 16-нд шилжих шөнийн хяналтаар тус хэсгийн байгаль хамгаалагчид хуваарьт цэгт байгаагүй, Д.Эрүү залгахад утсаа аваагүй...” талаар тус тус дурджээ.

Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар бүхий Нийслэлийн Байгаль орчны газрын даргын зөвлөлийн хурлаар Д.Э гийн асуудлыг хэлэлцэхэд Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Ч  Д.Эг хэсгийн ахлагчаас чөлөөлөх санал гаргасан боловч  зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ. Өөрөөр хэлбэл Д.Эгийн үйлдсэн гэх илтгэх хуудаст дурдсан зөрчлүүд нь байгаль хамгаалагч болон хэсгийн ахлагчийн чиг үүргийн алинд хамааралтай нь тодорхой бус, байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн эсхүл албан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй байхад маргаан бүхий акт болох Б/32 дугаар тушаалаар Д.Эг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар бүхий “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно, Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “…албан үүргээ биелүүлээгүй…” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ” гэж заажээ.

Үүнээс үзвэл “хангалтгүй биелүүлсэн”, “албан үүргээ биелүүлээгүй” нь хоёр өөр ойлголт байх бөгөөд байгаль хамгаалагч Д.Э г байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан хэрэгжүүлбэл зохих ямар үйл ажиллагааг чанаргүй, хугацаа хэтрүүлж, тогтоосон журам зөрчиж “хангалтгүй биелүүлсэн” гэж үзсэн, эсхүл ямар чиг үүргийг огт хэрэгжүүлээгүйгээс “албан үүргээ биелүүлээгүй” гэж үзсэн нь тодорхойгүй байна.  

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 25.1.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж тус тус заасан байх бөгөөд Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаар тушаалд дээрх хуулийн заалтыг давхар баримталсан нь Д.Эг дээрх хоёр үйлдлийн аль үндэслэлээр төрийн албанаас халж байгаа нь ойлгомжгүй, захиргааны акт агуулгын зөрчилтэй болсныг тэмдэглэх нь зүйтэй.  

Иймд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 тоот “Д.Эг ажлаас халах тухай" тушаал хууль бус болох нь тогтоогдоущж байх тул хүчингүй болгож, Д.Эг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлэхийг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 тоот “Д.Эг ажлаас халах тухай" тушаалыг хүчингүй болгож , Д.Эг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлэхийг хариуцагч Байгаль орчны газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчны газрын даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Н.Д