Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 0810

 

                                                            Д.Э-гийн нэхэмжлэлтэй

                                                          захиргааны хэргийн тухай

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 128/ШШ2017/668 дугаар шийдвэртэй, Д.Э-гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 128/ШШ2017/668 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Д.Э-г ажлаас халах тухай’’ Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Э-г Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлэхийг хариуцагч Байгаль орчны газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Байгаль орчны газрын орлогч дарга С.С давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаар тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5.3, Даргын зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан. Д.Э-г ажлаас халах болсон гол үндэслэл нь ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д энэ талаар хуульчилсан.

Нийслэлийн Байгаль орчны газрын даргын баталсан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2017/01 дүгээр удирдамжийн дагуу Д.Э нь 4 чиглэлээр Партизан хэсгийн 6 байгаль хамгаалагчийг хяналт шалгалтын хуваарийн дагуу ажиллуулах үүрэг хүлээсэн. Удирдамжид эргүүл хяналт шалгалтуудын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2017/02 дугаар удирдамжийн дагуу 3 чиглэлээр дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар Төв болон Партизан хэсгийн байгаль хамгаалагчид 2017/01 дүгээр удирдамжаар батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавихаар хариуцсан нутаг дэвсгэрээр явж үзэхэд Партизан хэсгийн байгаль хамгаалагчид удирдамжийн дагуу дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн явах замд хяналтаар гараагүй байсан.

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр газрын дарга, ойн хэлтсийн дарга, Байгаль хамгаалах тасгийн дарга нар байгаль хамгаалагчдын ажил байдалтай танилцах зорилгоор Төв болон Партизан хэсгийн нутаг дэвсгэрээр явахад Партизан хэсгийг ахлагч Д.Э хариуцсан нутаг дэвсгэртээ байхгүй, 2017/01 дүгээр удирдамжийн дагуу байгаль хамгаалагчдыг ажиллуулаагүй байсан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2017/07 дугаар удирдамжийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө 03 цаг орчим 2017/02 дугаар удирдамжийн дагуу хөндлөнгийн хяналтыг хийхэд Партизан хэсгийн байгаль хамгаалагчид тохирсон шалгалтын цэг байхгүй, хэсгийн ахлагч болон зарим байгаль хамгаалагчид руу утсаар дуудлага хийсэн боловч хариуг өгөөгүй.

 Байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтын Г хэсгийн 4.2-т “Байгаль хамгаалагч нь нийслэлийн алслагдсан ногоон бүсэд ажиллаж амьдрах, шөнө орой эргүүл шалгалтаар явах, шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллах’’ гэж ажлын байрны онцгой нөхцөл, шаардлагыг тусгасан байна. Түүнчлэн байгаль хамгаалагч Д.Э-тэй 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд байгаль орчны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах стратегийн зорилгын Ажил үйлчилгээ 1.1-д “Хэсгийн ахлагч нь хариуцсан нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдыг өдөр тутмын удирдлагаар хангаж, сар бүр хяналт шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулах” мөн Дотоод ажил үйлчилгээний 1.4-д “Байгаль хамгаалагчдын сахилга дэг журмыг сайжруулах, төрийн албаны стандарт, ёс зүйг мөрдөж ажиллах”-аар тус тус тусгагдсан.

Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан ‘’Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам’’-ын 8.2.1, 8.2.3 дахь хэсэгт албан хаагч нь Газрын дүрэм хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон бусад холбогдох тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ бүрэн, чанартай гүйцэтгэж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахин ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж гүйцэтгэлийг эргэн тайлагнах үүргийг хүлээдэг.

Байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт болон түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээнд байгууллагаас зохион байгуулж буй ажилд тогтмол оролцож, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах ёстой байтал удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүйгээр удирдамжид заагдсан ажиллагааг огт хэрэгжүүлээгүй, удаа дараа хуваарийн дагуу хяналт шалгалт хийгээгүй зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Д.Э-гийн нэхэмжлэлтэй 128/ШШ2017/668 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Д.Э нь Байгаль хамгаалах газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар тушаалаар Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагчаар томилогдож улмаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5, Даргын зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл ‘’Хөдөлмөрийн дотоод журам’’-ын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаанчулуут, Бороож орчмын нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч, Партизан хэсгийн ахлагч Д.Э-г албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж үүрэгт ажлаас нь халсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас халах, уг үндэслэл тус бүр тодорхой байх төдийгүй нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Нэхэмжлэгч Д.Э-г байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан хэрэгжүүлбэл зохих ямар үйл ажиллагааг чанаргүй, хугацаа хэтрүүлж, тогтоосон журам зөрчиж “хангалтгүй биелүүлсэн”, эсхүл ямар нэг чиг үүргийг огт хэрэгжүүлээгүйгээс “албан үүргээ биелүүлээгүй” гэж үзсэн мөн маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус давхар баримталж Д.Э-г дээрх хоёр үндэслэлийн алинаар нь төрийн албанаас халж байгаа нь ойлгомжгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: 25.1.1. Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасны “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэгт төрийн албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хугацаа, чанар, тоо хэмжээний хувьд хангалтгүй биелүүлсэн байхыг ойлгох бөгөөд байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтод “хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, зөрчлөөс сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчны хувьсгал өөрчлөлтөд ажиглалт сурталчилгаа танин мэдэхүйн судалгаа хийх, иргэд аж ахуй нэгж байгууллагад дээрх чиглэлээр зөвлөгөө өгөх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд тэдний оролцоог хангах” гэсэн үндсэн чиг үүргийг тодорхойлжээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан 2017/07 дугаар удирдамжаар Ойн тухай хууль, Амьтны тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг хуулийн дагуу таслан зогсоох, холбогдох байгууллагуудад мэдэгдэж шийдвэрлүүлэх зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Толгойт, Партизаны нутаг дэвсгэрт уг хоёр хэсгийн 12 байгаль хамгаалагчид хамтран хяналт шалгалт хийхээр шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан 2017/02 дугаар удирдамжаар Байгууллагын орлогч дарга С.Санжмятав, Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл нар байгаль хамгаалагчдын сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, үүрэг даалгаврын биелүүлэлт, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх холбогдох арга хэмжээг авахаар заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө хяналт шалгалтыг хийсэн байна.

Дээрх 2017/02 дугаар удирдамжид заагдсан бүрэлдэхүүнд ороогүй нярав Ц.Цолмонбаатар, бүрэлдэхүүн Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл нар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “...Партизаны хэсгийн хяналт шалгалтын ажлыг газар дээр нь очиж үзэхэд байгаль хамгаалагч нараа шалгалтаар гаргаагүй, хэсгийн ахлагч руу утасдахад утсаа авсангүй...” гэж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Т.Чингэл “...2017/02 дугаар удирдамжийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Газрын дарга, Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа нарын хамт Төв болон Партизан хэсгийн байгаль хамгаалагчдын нутаг дэвсгэрээр явж ажил байдалтай танилцах явцад Партизан хэсгийн ахлагч Д.Э хариуцсан нутаг дэвсгэртээ байгаагүй, газрын даргын 2017/01 дүгээр удирдамжид хяналт шалгалтын хуваарийн дагуу байгаль хамгаалагчдыг ажиллуулаагүй байсан...” гэх илтгэх хуудас бичсэн бөгөөд уг илтгэх хуудас нь хэсгийн ахлагч Д.Э байгаль хамгаалагч нарыг шалгалтаар гаргаагүй эсхүл нэхэмжлэгч болон бусад байгаль хамгаалагч нар шалгалтаар гараагүй гэх үндэслэлийн чухам алинаар нь Д.Э-г буруутгаж байгаа нь ойлгомжгүй байхын зэрэгцээ тухайн зөрчил гэж үзсэн үйл баримтаа баримтжуулаагүй, нэхэмжлэгчээс энэ талаар тайлбар аваагүй, дан ганц илтгэх хуудсаар нэхэмжлэгчийг шууд ажлаас халсан нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд Д.Э нь дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдолдоо “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүйгээр удирдамжид заагдсан ажиллагааг огт хэрэгжүүлээгүй, удаа дараа хуваарийн дагуу хяналт шалгалт хийгээгүй зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримтлах ёсгүй хуулийн заалтыг баримталсан, 2 дахь заалтад нэхэмжлэгчид ямар  хугацааны цалинг олгож байгаа талаар тодорхой тусгаагүй байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/668 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...26 дугаар зүйлийн 26.1” гэснийг хасч, 2 дахь заалтын “...ажилгүй байсан хугацааны цалинг...” гэснийг “...Д.Э-гийн ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодон...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                                 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                  Д.БАТБААТАР

                            ШҮҮГЧ                                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

                            ШҮҮГЧ                                                                                    Ц.САЙХАНТУЯА