Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 102/шш2022/00539

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага:11 240 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ... өмгөөлөгч ... хариуцагч ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... нь ... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 240 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би ... 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр харилцан тохиролцож 10 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, сард 600 000 төгрөг төлөхөөр, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн, ... надад 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг өгсөн, түүнээс хойш цувуулж 4 700 000 төгрөг өгсөн.Бид 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлцэл хийсэн, одоо ...гаас үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 6 240 000 төгрөг нийт 11 240 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа:Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн, бие биедээ хэт их итгэж хугацаа тохирч, гэрээ байгуулаагүй, сард 600,000 төгрөгийг өгвөл хэн хэнд нь ашигтай гэж үзсэн.Тухайн үед түрээсийн байрны мөнгөө төлж чадахгүй байсан тул бичиг баримтаа аваагүй, 6 дугаар сар хүртэл гэрээ хийсэн гэж үзэж болох юм. Зээлийн эргэн төлөлтийн 5 000 000 төгрөгийг хүүтэй нь төлсөн.Одоо үндсэн зээлээс 5,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, ямар ч байсан 5,000,000 төгрөгийг төлсөн, харин зээлийн хүү 6,240,000 төгрөгийг төлж чадахгүй, би хүүгээ төлж дуусгасан, улс орон даяар Ковид-19 гараад жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зээл олгохгүй байгаа гэв.

Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 27-нд хийгдсэн хэлцэл, Хаан банк дахь депозит дансны хуулга, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтууд, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ...дугаар захирамж, мөн тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...ийн нэхэмжлэлээс 300 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 10 940 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг зээлдүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлцэл хийсэн, ...гаас үндсэн зээлийн 5 000 000 төгрөг, зээлийн хүү 4 700 000 төгрөгийг буцаан авсан, Одоо үндсэн зээлийн 5 000 000 төгрөг, зээлийн хүү 6 240 000 төгрөг нийт 11 240 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Зээлийн мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг, хүүгийн хамт буцаан төлсөн, үлдэгдэл 5 000 000 төгрөг байгаа гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлцэл, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

... нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг зээлдүүлж, нөхцөлийг тохирсон гэх боловч гэрээг бичгээр хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

... нь 10 000 000 төгрөгийг ... 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн, түүнээс хойш ... нь нийт 9 700 000 төгрөгийг ...т эргүүлж өгсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн хэлцлийг 2018 оны 1 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн мөнгөнд зориулж үйлдсэн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар ... нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй байна.

Иймд ...гаас ...т төлсөн 9 700 000 төгрөгийг үндсэн зээлийн эргэн төлөлтөд тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...гаас 9650 төгрөгийг гаргуулан ...т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан ...гаа 300 000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан ...т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 940 000 /арван сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.12 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ...гаас 9650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН