Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00628

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00539 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Н -ийн нэхэмжлэлтэй

ХариуцагчД.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний биеД.Б-тай 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 6 хувийн хүүтэйгээр, сард 600,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус Д.Б-гийн Хаан банк дах 5*******3 тоот дансанд шилжүүлсэн.Д.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн сар бүрийн 21-ний өдөр төлбөр төлөхөөр тохиролцсоны дагуу мөн 2018 оны 7 дугаар сар хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Улмаар 2018 оны 8, 9 дүгээр сард төлөх үүргээ мөн оны 11, 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сар хүртэл цувуулж төлсөн ба үүнээс хойшхи хугацаанд үүргээ гүйцэтгээгүй. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, мөн 4,700,000 төгрөгийг цувуулж төлсөн. Бидний зүгээс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11,240,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд төлөх нөхцөлтэйгээр нөхөж хэлцэл байгуулсан. ИймдД.Б-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 6,240,000 төгрөг, нийт 11,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бидний хооронд хугацаа тогтоож гэрээ байгуулаагүй. Тухайн үед би түрээсийн байрны төлбөрөө төлж чадахгүй байсан тул бичиг баримтаа аваагүй, 6 сар хүртэл гэрээ хийсэн гэж үзэж болно. Миний зүгээс үндсэн зээлд 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 4,170,000 төгрөг, нийт 9,700,000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх боломжтой гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-гаас 300,000 төгрөгийг гаргуулан Б.Н -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,940,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,790 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж,Д.Б-гаас 9,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Би хариуцагч Д.Б-тай тухайн үед гэрээ байгуулаагүй асуудал нь миний хүсэл зоригоос хамааралгүй, хариуцагч өөрөө алга болсон.

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээгД.Б-тай бичгээр байгуулсан. Хариуцагч үндсэн төлбөр, хүүгийн хамт төлөх эсэх, дээрх гэрээний талаар маргаагүй байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй байдлаар дүгнэлт гаргасан.

Хариуцагч нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөгийн хамт төлөх боломжтой гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүү шаардах эрхгүй гэж дүгнэж, зээлийн төлбөрт төлсөн 9,700,000 төгрөгийг үндсэн зээлд тооцож, үлдэгдэл 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчД.Б-гаас 11,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

2.Нэхэмжлэгч Б.Н - нь хариуцагчД.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,240,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийг зөвшөөрч, хүү төлж дуусгасан гэх үндэслэлээр 6,240,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

3.Хэргийн нотлох баримтаар Б.Н -,Д.Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй учир хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

4.ХариуцагчД.Б- нь нэхэмжлэгч Б.Н -ээс 10,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргадаггүй бөгөөд үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 4,700,000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг байгаа гэж тайлбарласан. /хх-40/

Ийнхүү хариуцагч нь зээлийн үүргээ бүрэн биелүүлээгүй талаар тайлбарласан байхад шүүх хариуцагчД.Б-гаас 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Түүнчлэн, хариуцагч тал хүлээн зөвшөөрч зээлийн хүүнд төлсөн 4,700,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт нийцээгүй. Учир нь зээлдэгч зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлага тавигдахгүй юм. /хх-43/

5.Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтыг харьцуулан үзээд хариуцагчД.Б-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н -т олгох нь хуулиар тогтоосон нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журам болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заасанд нийцнэ гэж үзлээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6.Харин нэхэмжлэлээс зээлийн хүүд 6,240,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон тохиолдолд зээлийн гэрээг бичгээр хийх, уг шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсгээр зохицуулжээ.

Талууд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан тооцож, тооцоо нийлсэн баримт үйлдсэн байна. /хх-5/ Уг баримтыг үндэслэн тэдгээрийг зээлийн гэрээгээр хэлэлцэн тохиролцон хүү тогтоосон гэж үзэхгүй.

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00539 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын 281.1 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт гэж, 300,000 /гурван зуун мянган/ гэснийг 5,000,000 гэж, 10,940,000 /арван сая есөн зуун дөчин мянган/ гэснийг 6,240,000 гэж, 2 дахь заалтын 9,650 гэснийг 94,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД