Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/шш2021/02688

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 10 дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, О овогт З.Ч /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 11 дүгээр хороо, ...., байр, ... тоот хаягт оршин суух, Б х овогт Т.Х /РД: ..../-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах, лангуу ашигласны төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулах, махны лангууг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч Т.Х , хариуцагчийн өмгөөлөгч Ж.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Т.Х т 11,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу 1 сар 5 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Ингээд гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 7,700,000 төгрөг бэлнээр, харин 3,300,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлж төлөөгүй төдийгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 11,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Х ийн зүгээс өөрөө сая тайлбар хэлж байна. Тухайн үед лангуун дээрээ ажиллах боломжгүй, нялх хүүхэдтэй байсан учраас З.Ч д ашиглуулсан гэж байна, үүн дээр гэрч нар ч мэдүүлдэг. Тухайн үед Т.Х өөрөө ашиглах боломжгүй, лангууны түрээсийн төлбөр сар бүр 250,000 төгрөгийг ... ХХК-д төлдөг, өөр зөндөө олон өр зээлтэй байсан учраас түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй байна. Боломжгүй байсан учрас энэ лангуугаа 1 жилийн хугацаанд З.Ч д ашиглуулсан байдаг. З.Ч түрээсийн төлбөрийг Т.Х ийн нэрийн өмнөөс ... ХХК-д төлж байсан. Ер нь анх тохиролцохдоо энэ лангууны түрээсийн гэрээг чиний нэр дээр шилжүүлж өгнө. 2 лангууг зэрэг ашиглуулья. Лангууны түрээсийн гэрээг З.Ч дээр шилжүүлж өгье. Энэ хугацаанд ашигласан, ашигласан төлбөрөө ... ХХК-д төлөөд явна гэсэн тохиролцоо хийсний үндсэн дээр З.Ч Т.Х ийн нэрийн өмнөөс 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 11 сар хүртэлх түрээсийн төлбөрийг Т.Х ийн нэрийн өмнөөс төлөөд явж байсан. Эдгээр баримтууд нь ч хавтаст хэрэгт ирсэн байгаа. Тийм учраас давхар ямар нэгэн байдлаар Т.Х тэй сарын буюу хоногоор тооцоод төлбөр төлөх тохиролцоо огт хийгээгүй, ийм баримт ч байхгүй. Юуг үндэслээд ийм мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Т.Х ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Т.Х нь нэхэмжлэгч З.Чойлбалсанд ... ХХК-ийн ...-ны төвийн махны 2 дугаар лангууг зарж мөнгө өгч авалцсан, З.Ч нь миний лангууг худалдаж аваад 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан, мөнгө өгч авалцсан талаараа баримт үйлдье гэж хэлснээс биш зээлийн гэрээ гэж хэлээгүй, дүр эсгэсэн зээлийн гэрээ надтай байгуулсан байна. Тэрийгээ 1 сарын хугацаатай зээлийн гэрээ гэж хуурамч нэхэмжлэл шүүхэд өгсөн байна. З.Ч нь миний лангууг худалдаж аваад өөрийн 3 удаагийн зөрчлөөс болж лангууг ... ХХК-ийн захиргаанд хураалгасан.

 

Хариуцагч Т.Х , хариуцагчийн өмгөөлөгч Ж.У нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байна. Т.Х , З.Ч нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Анх 2019 оны 10 дугаар сард З.Ч 3танай энэ лангуу маш ашигтай лангуу байна. Тийм болохоор түр хугацаагаар надад түрээслүүлэгчээ. Би түрээслээд сарын төлбөр 227,000 төгрөгийг нь төлөөд явъя. Дээрээс нь энэ түрээсийн лангуу өдрийн 35,000 тооцоод түрээсийн төлбөр чамд төлье гээд аман хэлэлцээр хийгээд ашиглаад лангууг шилжүүлж өгсөн. Урьдчилаад 7,700,000 төгрөгийг увуулж цувуулж өгсөн, 4,000,000 төгрөгөөс 3,300,000 төгрөг нь Хаан банкаар орж ирсэн. Тухайн үед мөнгө шилжүүлж байгаа учраас баримт үйлдье гээд нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг харахад 1 сар 5 хоногийн хугацаатай гэж заасан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч маань Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эндээс юу харагдаж байна гэхээр 1 сар 5 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан гэхээр 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэтэл бүтэн нэг жил өгсөн мөнгөө нэг удаа ч нэхээгүй, нэг ч удаа шаардаагүй байж лангуугаа хураалгасны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлийн гэрээ байгуулагдаагүй гэдгийг нотолж байна. З.Ч нь Т.Х ийн түрээсээр ашиглаж байсан лангууг бүтэн нэг жил дамжуулан түрээсэлж ашиглаад, ашиг орлого олоод өөрийнхөө хариуцлагагүй байдлаас болоод 2020 оны 11 дүгээр сард махны үнээ маш өндөр тавьснаасаа болоод Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газраас сануулга авч зөрчил гаргасан гээд хариуцлага хүлээсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор З.Ч нь би үнэхээр зөрчил гаргасан байна. Тийм болохоор ...ны төвд хүсэлт гаргаж байна. Би дахин зөрчил гаргахгүй. Одоо энэ эзэмшиж байгаа Т.Х ийн гэрээ байгуулсан энэ лангууг битгий хураагаач, энэ лангуун дээр би ажиллья гэдэг хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүйг нотлоод зээлийн гэрээ огт байгуулагдаагүй. Зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан байх ёстой. Тухайн үед 11,000,000 төгрөгийг шууд шилжүүлсэн байх ёстой. Хэрвээ зээлийн гэрээ байгуулсан юм бол бүтэн 1 жилийн хугацаанд яагаад нэг удаа ч мөнгөө шаардаагүй юм. Энэ бол түрээсийн гэрээ, хуулийн хүрээнд харахад түрээсийн гэрээг х алж хийсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Тийм болохоор нэхэмжлэгчийн шаардаад байгаа 16,500,000 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Дараахь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно. Үүнд, З.Ч бид нарын дунд ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй, харин худалдах биш түрээсийн гэрээ байгуулсан. Анх 2019 оны 10 дугаар сард З.Ч гийн дүү Ж гэдэг хүн надад ...-1 худалдааны төвийн махны лангууг ашиглуулаач гэж удаа дараа гуйсан. Тэр саналыг би хүлээж аваад үхрийн махны лангүугаа 11,000,000 төгрөгөөр зарсан, 4,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар хүлээн авсан бөгөөд үлдсэн 7,000,000 төгрөгийг бага багаар цувуулж авсан. Мөнгө өгөх үедээ Ж нь миний ах энэ лангууг авахдаа өгсөн мөнгөндөө баримт үлдээмээр байна гээд нотариатаар орж лангуу ашиглах тухайгаа ярьж хэлцэл хийсэн. 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 13-н хүртэл тус ...ны төвийн махны 2 дугаар лангууг ашиглаж З.Ч нь эхнэр Б ийн хамтаар үхрийн мах зарж ашиг олж ажилласан. Энэ хугацаандаа ...ны төвийн лангууны түрээс болох 242,000 төгрөгийг төлж бусад орлогыг нь өөртөө авсан. 2019 оны 12 дугаар сард хөл хорио тогтоосонтой холбоотой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн Хүнсний худалдаачдад үүрэг өгч, зөрчил гаргасан тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээг авна гэсэн 110 дугаартай албан шаардлага өгснийг З.Ч нь уншиж танилцан гарын үсэг зурсан. З.Ч нь лангууг хариуцаж ажиллуулж байх үедээ 4 удаагийн зөрчлийг гаргасан. Мөн махны 2 дугаар лангууг ...ны төвийн захиргаанд хураалгасан. Иймд миний ...ны төвийн махны 2 дугаар лангуу ашигласны төлбөрт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч З.Ч гаас гаргуулж, ...ны төвийн махны 2 дугаар лангууг эргүүлэн гаргуулж өгнө үү гэв.

 

 Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Ч нь хариуцагч Т.Х т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан ...ны төвийн махны 2 дугаар лангуу 1 жил 1 сарын хугацаанд түрээсэлсний төлбөрт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч З.Ч гаас гаргуулж, ...ны төвийн махны 2 дугаар лангууг эргүүлэн гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

а/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч З.Ч нь хариуцагч Т.Х тэй 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 11,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу 1 сар 5 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлдүүлсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагч Т.Х , түүний өмгөөлөгч Ж.У нар нь ... Т.Х нь З.Ч гаас 11,000,000 төгрөгийг зээлж аваагүй, харин ... ХХК-ийн ...ны төвийн махны 1 дүгээр лангууг би олон жил түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа бөгөөд энэ лангуугаа би З.Ч ашиглуулаач гэж гуйсны дагуу түүнд 11,000,000 төгрөгөөр дамжуулан түрээслүүлэхээр тохиролцсоны төлбөрт авсан. Хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нь өөр хэлцлийг буюу түрээсийн гэрээг х авчлах зорилгоор байгуулсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх татгалзал нь үндэслэлгүй. Учир нь дээр дурдсан хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ болон гэрч Б.Ж гийн ... Т.Х нь З.Ч гаас 11,000,000 төгрөгийг зээлсэн ба үүний 7,700,000 төгрөгийг надаар дамжуулж авсан, Т.Х өөрөө лангуун дээрээ зогсох боломжгүй байсан, учир нь өдөр болгон хүмүүс ирээд мөнгө нэхээд махнаас нь хүртэл авч байсан гэх мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3,300,000 төгрөгийг нийт 11 саяыг Х т зээлэв гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч З.Ч гийн Хаан банкин дахь .......... тоот данснаас ......... тоот данс руу шилжүүлсэн депозит дансны хуулга, нэхэмжлэгч Т.Х ийн ... ........ тоот данс минийх мөн, түүнээс 11,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан талаар маргахгүй гэх тайлбараар хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Зохигчид зээлийн гэрээг хүүгүйгээр байгуулсан, харин хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ. Иймд хариуцагч Т.Х ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 11,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны алдангид 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Ч д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Хариуцагч Т.Х нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... би З.Ч гаас 11,000,000 төгрөгийг зээлж аваагүй, харин ... ХХК-ийн ...ны төвийн махны 2 дугаар лангууг би олон жил түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа бөгөөд энэ лангуугаа би З.Ч д ашиглуулаач гэж гуйсны дагуу түүнд дээрх лангууг түрээслүүлсэн. З.Ч нь лангууг 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэл 1 жил 1 сарын хугацаанд түрээсэлж ашиг олсон тул энэ хугацааны түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөг, мөн махны 2 дугаар лангууг буцаан гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, харин мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон тул хариуцагчийн ...ны төвийн махны 2 дугаар лангуу түрээсэлсний төлбөрт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч З.Ч гаас гаргуулж, ...ны төвийн махны 2 дугаар лангууг эргүүлэн гаргуулах тухай сөрөг нэхэмжэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Х ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 11,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны алдангид 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Ч д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1заасныг баримтлан хариуцагч Т.Х ийн нэхэмжлэгч З.Ч д холбогдуулан гаргасан ...ны төвийн махны 2 дугаар лангууг түрээсэлсний төлбөрт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч З.Ч гаас гаргуулж, ...ны төвийн махны 2 дугаар лангууг эргүүлэн гаргуулах тухай сөрөг нэхэмжэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 240,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 240,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР