Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01799

 

 

 

 

 

 

 

 

З.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/02688 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Ч-гийн хариуцагч Т.Х-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, лангуу ашигласны төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах, махны лангууг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал, хариуцагч Т.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Т.Х-тэй 2019 оны 11 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 11,000,000 төгрөгийг хүүгүй, 1 сар 5 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлдүүлсэн. Зээлдэгч З.Ч- нь гэрээний дагуу 7,700,000 төгрөгийг бэлнээр,                    3,300,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь эргэн төлөлт огт хийгээгүй. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 11,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

          2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга: Т.Х- нь “Эрдэнэбулган” ХХК-ийн Бөмбөгөр худалдааны төвд өөрийн түрээсэлж байсан махны 2 дугаар лангууг З.Чойлбалсанд худалдахаар тохиролцож мөнгө өгч, авсан. З.Ч- нь тус лангууг худалдаж аваад 2019 оны 11 сараас 2020 оны 12 сар хүртэл үйл ажиллагаа явуулан ашиг орлого олоод 2020 оны 11 сард махны үнийг маш өндөр тавьснаас болоод Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газраас сануулга авч хариуцлага хүлээсэн байдаг. Лангуу худалдаж авсан мөнгөө өгч, авсан талаар тэмдэглэнэ гэж нотариатч орсноос биш зээлийн гэрээ гэж хэлээгүй, дүр эсгэсэн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй. Тухайн үед 11,000,000 төгрөгийг шууд шилжүүлсэн байх ёстой. Түрээсийн гэрээг халхалж хийсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

          3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: 2019 оны 10 сард З.Ч-гийн дүү З.Жамбалсүрэн Бөмбөгөр-1 худалдааны төвийн махны лангууг ашиглуулаач гэж удаа дараа гуйснаар 11,000,000 төгрөгөөр худалдсан. 4,000,000 төгрөгийг өөрийн “Хаан банк” ХХК-ийн дансаар хүлээн авсан бөгөөд үлдсэн 7,000,000 төгрөгийг хэсэгчлэн авсан. З.Жамбалсүрэн нь мөнгө өгөх үедээ “миний ах баримт үлдээмээр байна” гээд нотариатаар орж лангуу ашиглах тухайгаа ярьж хэлцэл хийсэн. 2019 оны 11 сараас 2020 оны 12 сарын 13-ны өдөр хүртэл тус Бөмбөгөр худалдааны төвийн махны 2 дугаар лангууг ашиглаж З.Ч- нь эхнэр н.Батчимэгийн хамтаар үхрийн мах зарж ашиг олж ажилласан. Энэ хугацаандаа Бөмбөгөр худалдааны төвийн лангууны түрээс болох 242 000 төгрөгийг төлж бусад орлогыг нь өөртөө авсан. З.Ч- нь махны 2 дугаар лангууг ажиллуулж байх үедээ 4 удаагийн зөрчил гаргаж, Бөмбөгөр худалдааны төвийн захиргаанд хураалгасан. Лангууyны сарын түрээсийн төлбөр 227,000 төгрөгийг Бөмбөгөр худалдааны төвд төлөх мөн өдрийн 35,000 төгрөгийг Т.Х-т төлөх талаар аман хэлэлцээр хийснээр лангууг өгсөн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 19-ний өдөр дууссан. Гэтэл лангуугаа хураалгасны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлийн гэрээ байгуулагдаагүй гэдгийг нотолж байна. Иймд З.Ч-гаас Бөмбөгөр худалдааны төвийн махны 2 дугаар лангуу ашигласан 13 сарын төлбөр 12,000,000 төгрөг болон махны 2 дугаар лангууг буцаан гаргуулж өгнө үү.

 

          4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Тухайн үед Т.Х- өөрөө ашиглах боломжгүй лангууны түрээсийн төлбөр сар бүр 250,000 төгрөгийг “Эрдэнэ-Булган” ХХК-д төлдөг байснаас гадна олон өр зээлтэй байсан учраас түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй гээд 1 жилийн хугацаанд З.Ч-д ашиглуулсан байдаг. З.Ч- түрээсийн төлбөрийг Т.Х-ийн нэрийн өмнөөс “Эрдэнэ-Булган” ХХК-д төлж байсан. Анх 2 лангууг зэрэг ашиглуулах, лангууны түрээсийн гэрээг З.Ч-гийн нэр дээр шилжүүлж өгөх, энэ хугацаанд ашигласан төлбөрөө “Эрдэнэ-Булган” ХХК-д төлөөд явна гэсэн тохиролцоо хийсний үндсэн дээр 2019 оны 11 сараас 2020 оны 11 сар хүртэлх түрээсийн төлбөрийг Т.Х-ийн нэрийн өмнөөс төлсөн талаар баримтууд хэрэгт авагдсан. Харин давхар Т.Х-тэй сарын буюу хоногоор тооцоод төлбөр төлөх тохиролцоо огт хийгээгүй, энэ талаар баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

          5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Х-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 11,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны алдангид 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Ч-д олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Х-ийн нэхэмжлэгч З.Ч-д холбогдуулан гаргасан Бөмбөгөр худалдааны төвийн махны 2 дугаар лангууг түрээсэлсний төлбөрт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч З.Ч-гаас гаргуулж, Бөмбөгөр худалдааны төвийн махны 2 дугаар лангууг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 240,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид                    240,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

          6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

          Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иргэний эрх зүйн суурь зарчмыг баримтлаагүй, гэрээг буруу дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

          а/. Талуудын хооронд зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ бодит байх шаардлагыг хангаагүй. Зээлийн гэрээний эрх зүйн онолын суурь зарчим бол зээлийн гэрээг бодитоор байгуулж, гэрээний хугацаа дуусахад буцаан төлөх нөхцөлийг оруулсан байх ёстой. Бодит байдалд З.Ч- нь Т.Х-ийн лангууг ашиглаж, үйл ажиллагаа явуулан ашиг олж, лангууны төлбөрийг төлж байсан. Хэрэв зээлийн гэрээ байгуулсан бол 2019 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Зээл олгосноос хойш 1 жил, 6 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь лангуу ашиглаж байсныг илтгэж байна. Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Мөнгө өгөхдөө баримт үлдээмээр байна гээд нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд буюу 2019 оны 11 сараас 2020 оны 12 сарын 13-ны өдөр хүртэл махны лангууг ашиглаж мах зардаг байсан нь лангууны түрээсийн төлбөр төлж байсан баримт болон З.Ч-гийн гарын үсэг зурсан санхүүгийн анхан шатны баримтууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 110 тоот шаардлага, 2020 оны 11 сарын 18-ны өдрийн гарын үсэг зурсан баримт, 2020 оны 12 сарын 18-ны өдрийн З.Ч-гийн уучлал хүссэн албан бичиг зэрэг баримтууд нотлогдож байгаа. Хэт нэг талын баримт буюу зөвхөн зээлийн гэрээг үнэлсэн.

          б/. Иргэний хуульд түрээсийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болно гэж заасан тул лангуу түрээслэх гэрээг амаар байгуулж болдог. Түрээсийн гэрээний хувьд хөрөнгийг ашиглахаас гадна үр шимийг хүртдэг. Нэхэмжлэгч З.Ч- нь махны 1 дүгээр лангууг ашиглаж төлбөр төлөх нөхцөлийн Т.Х-тэй тохиролцсон буюу лангууг ашигласан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Лангууны төлбөрөө төлсний дараа баримт үлдээх зорилгоор “зээлийн гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Лангуу ашиглах гэрээний дагуу төлбөр төлснийг баримтжуулсан нь хүсэл зоригийн илэрхийлэл нь бодит бус байгаа юм. Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа бус зээлийн гэрээний харилцаа үүссэн тул хүү төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Бодит байдал дээр лангуу ашигласны төлбөрийг буцаан төлөх хүсэл зорилго байгаагүй, зээлийн гэрээний үүрэгт чиглэгдээгүй. Лангууг З.Ч-гийн эзэмшилд шилжүүлэх, зээлийн гэрээний үүрэгт тооцох талаар тохиролцоогүй. Лангуу ашиглаж дуусаад хураалгасны дараа мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдаж байна. Иймд зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус, агуулгаараа хууль зөрчсөн, талуудын эрх ашгийг хохироосны улмаас эрх зүйн үр дагаварт хүрч чадаагүй, иргэний эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгох үндэслэл болоогүй тул хүчин төгөлдөр бус юм. Шүүх түрээсийн гэрээний дагуу дамжуулан түрээслэх ёсгүй гэж үзэж байгаа бол түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргуулж дүгнэх ёстой. Гэтэл нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй атлаа дамжуулан түрээслэх эрхгүй мэт дүгнэн шийдвэр гаргасныг хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гэж үзэхгүй байна. Хэрэгт цугларсан хангалттай баримтуудыг үнэлэлгүй хэт нэг талыг барьж тэгш эрхийн суурь зарчмыг баримтлаагүй шийдвэр гаргасан.

 

          7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр 11,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд уг мөнгийг хүлээж авснаа хариуцагч зөвшөөрдөг. З.Ч- лангууг ашиглаагүй гэж бол маргаагүй. Ашиглахдаа тухайн үед Т.Х-ийн зүгээс “...Бөмбөгөр-1 худалдааны төвд 2 махны лангуу ажиллуулдаг тул 2 зэрэг түрээсийн төлбөр төлөх боломжгүй байна. Өөрийн өмнөөс түрээсийн төлбөрийг нь төлөөд ажиллуул, одоо их хэмжээний мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч... гэж З.Ч-д хандсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  1. Нэхэмжлэгч З.Ч- нь хариуцагч Т.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрсөн ба нэхэмжлэгчид холбогдуулан лангуу ашигласны төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах, махны лангууг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч талууд маргажээ. /хх 1, 31, 54,128, 152/

 

  1. Хэргийн 4 дэх талд авагдсан “Зээлийн гэрээ”-г нэг талаас зээлдүүлэгч З.Ч-, нөгөө талаас зээлдэгч Т.Х- нар оролцон 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулж, зээлдүүлэгч нь 11,000,000 төгрөгийг хүүгүй, 1 сар 5 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох, зээлдэгч нь 7,000,000 төгрөгийг бэлнээр, 4,000,000 төгрөгийг “Хаан банк” ХХК дахь 5720541478 тоот дансаар хүлээн авах нөхцлийг харилцан тохиролцож, талууд гарын үсгээ зурснаар нотариатч баталгаажуулсан байна.

 

  1. Хариуцагч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж, “...зээлийн гэрээ байгуулагдаагүй харин “Эрдэнэбулган” ХХК-ийн өмчлөлийн “Бөмбөгөр-1” худалдааны төвд байрлах махны 2 дугаар лангууг эзэмшдэг байсныгаа нэхэмжлэгчид 11,000,000 төгрөгөөр худалдсан, энэ талаар баримт үйлдэнэ гэснээс зээл авах хүсэл зоригоор зээлийн гэрээ байгуулаагүй...” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарладаг бол нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...худалдах биш түрээсийн гэрээ байгуулсан... З.Ч-гийн дүү З.Жамбалсүрэнгийн хүсэлтээр лангуугаа 11,000,000 төгрөгөөр худалдаж, ашиглуулсан тул лангуу ашигласны төлбөр болон лангуугаа буцаан гаргуулна...” гэжээ. /хх 31, 54, 128/

 

  1. Зохигчдын тайлбараас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 11,000,000 төгрөгийг бэлнээр, дансаар хүлээн авсан талаар маргадаггүй боловч тухайн мөнгөн хөрөнгийг 2019 оны 11 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хүлээн авсан эсэх, уг гэрээ нь сөрөг нэхэмжлэлд дурдсанаар хариуцагчийн нэр дээр түрээсийн гэрээтэй махны лангууг нэхэмжлэгчид худалдсантай эсхүл түрээслүүлэх талаарх тохиролцсон гэх хэлцлийг халхавчилж хийсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

  1. Хэрэгт цугларсан зээлийн гэрээ, З.Ч-гийн “Хаан банк” ХХК дахь 5006563948 тоот дансны хуулга /хх 5/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд асуугдсан гэрч З.Жамбалсүрэнгийн “Т.Х- мөнгөний хэрэг байна, ахаасаа яаралтай мөнгө зээлээд өг, ....Ш.Мягмархүү, Т.Х- бид 3 тоолж байгаад 2 удаа тасалж, 7,700,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх 135-136/ зэргийг харьцуулан үнэлбэл, З.Ч-гийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

          а/. Учир нь талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан 2019 оны 11 сарын 14-ний өдрийн гэрээний зүйл болох 11,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар зээлдэгчид шилжүүлэх талаар тохиролцсон, зээлдэгч Т.Х- нь мөнгө хүлээн авах дансыг “5720451478” гэж тодорхойлсон, тухайн данс руу зээлдүүлэгч 2019 оны 11 сарын 19-ний өдөр 3,300,000 төгрөгийг шилжүүлэхдээ “нийт 11 саяыг Хосцэцэгт зээлэв” гэсэн утгаар шилжүүлжээ. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч уг гэрээний төлбөрийн үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, дээрх зээлийн гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3 дахь хэсэгт тус тус зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, уг гэрээнд тохирсон нөхцлөөр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

          б/. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Хариуцагч шаардлагаа нотлохоор гаргасан баримтууд, гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд “Эрдэнэбулган” ХХК-ийн өмчлөлийн “Бөмбөгөр-1” худалдааны төвд байрлах махны 2 дугаар лангууг нэхэмжлэгчид худалдсан эсхүл түрээсэлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, 11,000,000 төгрөг хүлээн авсан зээлдэгчийн хүсэл зориг нь дээрх лангууг ирээдүйд ашиглах түрээсийн төлбөртэй холбоотой буюу халхавчлагдсан гэж үзэх боломжгүй юм. Иймд “...лангууны төлбөрөө төлсний дараа баримт үлдээх зорилгоор “зээлийн гэрээ” байгуулсан...” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

          Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/02688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Х-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ                                                        

                           ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР