Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1224

 

2020          09            22                                         2020/ДШМ/1224

Ц.Эт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Жаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/734 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2005014520884 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.........................., 19...........оны ........... дугаар сарын ................-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 94 дүгээр гудамжны 2а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

 

Ц.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 5-113 тоотод оршин суух А.Ариунчимэг, Ч.Эрдэнэ-Очир нарын монгол гэрт нэвтэрч, хохирогч А.Ариунчимэгийн “Эл Жи” загварын 46 инчийн смарт зурагт, удирдлагын хамт хулгайлж, 372.000 төгрөгийн, хохирогч Ч.Эрдэнэ-Очирын “Hisense” загварын 49 инчийн зурагт, удирдлага, бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж, 479.940 төгрөгийн буюу нийт 851.940 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .........................ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний шийтгэх тогтоолыг гаргахдаа шүүхийн цагаатгах тогтоолын дугаараар гаргасан байна. Би хэрэг үйлдээд найзыгаа хохироосондоо чин санаанаасаа гэмшиж, өөрөө цагдаад очиж өөрийгөө илчилсэн. Цагдаа болон шүүхийн туслах намайг “өмгөөлөгч оролцуулах хэрэггүй, чи өөрөө хэргээ илчилж ирсэн юм чинь чамайг цагаатгана” гэж хэлсэн. Тэгээд би өмгөөлөгчөөс зөвлөгөө авалгүйгээр хэргээ шийдүүлсэн. Шүүх надад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Миний бие гэмт хэрэг үйлдсэн боловч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал байхгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар надад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил болгон өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Д.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 734 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасныг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хулгайлж авсан хоёр зурагтыг дамжмал байдлаар хохирогч нарт өгсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөн шүүгдэгч нь вагоны техникч мэргэжил эзэмшиж байгаа, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ талаар нотлох баримт болгож Улаанбаатар төмөр зам политехник коллежийн тодорхойлолт, хохирогч А.Ариунчимэгийн гомдол, саналгүй гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Иймд шүүгдэгчийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч сандарсандаа нэмж хэлэх зүйл байхгүй гэж байх шиг байна. Очиж уулзахад гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байгаа, оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгөх боломж байна уу, хурдан ялаа эдлээд суллагдах хүсэлтэй байна гэж байсан. Мөн ар гэрийнхэн нь Ц.Эт санаа зовж, хурдан суллагдах боломж олгож өгөхийг хүссэн тул шүүх энэрэнгүй зарчмыг баримталж миний үйлчлүүлэгчид боломж олгож өгнө үү.” гэв.

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж болох тул давж заалдах гомдлыг хангах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир прокурор шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ. Прокурорын зүгээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ц.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 5-113 тоотод оршин суух А.Ариунчимэг, Ч.Эрдэнэ-Очир нарын монгол гэрт нэвтэрч, хохирогч А.Ариунчимэгийн “Эл Жи” загварын 46 инчийн смарт зурагт, удирдлагын хамт хулгайлж, 372.000 төгрөгийн, хохирогч Ч.Эрдэнэ-Очирын “Hisense” загварын 49 инчийн зурагт, удирдлага, бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж, 479.940 төгрөгийн буюу нийт 851.940 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Ариунчимэгийн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ гараад 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн гадаа үүдэнд алх байсан. Гэрийн хаалга онгорхой байхаар нь гэр рүүгээ ортол зурагт байхгүй байхаар нь хулгайч орсныг мэдээд урд талынхаа айл руу очиход мөн адил хаалга нь онгорхой зурагт нь байхгүй, шүүгээнүүд нь онгорхой байхаар нь Ч.Эрдэнэ-Очир руу залгаж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс зурагт, удирдлагын хамт алга болсон. ...” /хх 6-7/,

хохирогч Ч.Эрдэнэ-Очирын “...2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед намайг ажил дээрээ байхад манайхтай нэг хашаанд байдаг А.Ариунчимэг над руу залгаад “танайх болон манай гэрт хулгай орсон байна, хүрээд ир” гэхээр нь очсон. Би 2020 оны 4 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн орчим гараад 5 шард ахындаа очиж хоночихоод маргааш өглөө нь шууд ажил руугаа явсан. Манай гэрээс “Hisense” брендийн 49 инчийн хар өнгөтэй зурагт удирдлагын хамт болон орны алаг бүтээлэг алга болсон байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. ...” /хх 11-12/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-22/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 44/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 46-47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ц.Эыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Ц.Эын иргэн А.Ариунчимэг, Ч.Эрдэнэ-Очир нарын монгол гэрт нэвтэрч, А.Ариунчимэгийн “Эл Жи” загварын 46 инчийн смарт зурагт, удирдлага, Ч.Эрдэнэ-Очирын “Hisense” загварын 49 инчийн зурагт, удирдлага, бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 851.940 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Ц.Э “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Хохирогч А.Ариунчимэг давж заалдах шатны шүүхэд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн хүсэлт ирүүлжээ. /хх 99/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Эын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/734 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                       Д.МЯГМАРЖАВ