Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/шш2021/02058

 

 

 

 

 

     

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 19 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, О овогт Д.Д /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 11 дүгээр хороо, ....гийн... тоот хаягт оршин суух, Б овогт М.Э /РД: ...ы/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э , хариуцагч М.Э , хариуцагчийн өмгөөлөгч С.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Д.Д гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч А.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Нэхэмжпэгч Д.Д би 2019 оны 10 дугаар сарын эхээр өөрийн найз А гаар дамжуулан М.Э тэй танилцсан. Тухайн үед М.Э нь Казакстан улс руу машин гаргаж, худалддаг талаараа хэлсэн юм. Миний бие Орос, Казакстанаар дамжаад Киргиз улсын нийслэл Бишкек хот руу явах ажилтай байсан. М.Э ийг газрын замаар Казакстан улс руу явдаг туршлагатай тул өөрийн авто машинаар 2019 оны 11 дүгээр сарын эхээр хамт дагаж явахаар болсон юм. М.Э нь Казакстан явахаас хэдэн хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр машин авахад мөнгө дутаад байна, мөнгө зээлээч, би Монголоос худалдан авсан машинаа Казакстан улсад аваачиж зараад буцаагаад мөнгийг чинь өгье гэж гуйхаар нь 6,000,000 төгрөгийг М.Э ий Хаан банк дахь ..... тоот данс руу шилжүүлж өгсөн. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Казакстан явах замдаа машины мотор эвдэрчихпээ мөнгө зээлээч, Казакстанд очоод машинаа зараад өмнөх зээлтэйгээ нийлүүлээд буцааж өгье гэж гуйхаар нь 4,000,000 төгрөгийг М.Э ий Худалдаа хөгжпийн банк дахь .... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд Монголоос худалдан авсан машинаас Казакстан улсад худалдахаар очих үед М.Э нь тус улсын цагдаагийн байгууллагад бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Казакстанд бидний байрлаж байранд тэндэхийн цагдаа нар орж ирсэн. М.Э ий хадам аав М.Б тэнд байсан хүмүүс дундаа хамгийн сайн орос хэлтэй нь байсан тул цагдаа нартай гарч уулзсан. Цагдаа нар тухайн үед зураг үзүүлэхэд М.Э болон О.Т нарын зураг байсан ба тэднийг цагдаа нар аваад гарсан, тэд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан. Тэгээд М.Б , М.Э нар нь надад хандан торгуулын мөнгө төлөх хэрэгтэй байна, тэгвэл 72 цагийн дотор Казакстанаас гарах нөхцөлтэйгээр суллах юм байна, мөнгө зээлээч гэж гуйхаар нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр М.Э ий Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн, нийт 15,000,000 төгрөг зээлсэн. 2019 оны 12 дугаар сарын 06-ны орчим 2,000,000 төгрөг бэлнээр буцааж төлсөн. Д.Д би тухайн үед цаашаа Киргиз явж чадаагүй, Монгол руу буцсан бөгөөд М.Э ээс мөнгөө авья, машин чинь зарагдсан уу гэж утсаар холбогдохоос цаашгүй болсон. М.Э нь машинаа зарчихаад зээлсэн мөнгөө төлнө гэсэн атлаа одоог хүртэл үлдэгдэл 13,000,000 төгрөгөө төлөхгүй, Монголд 2020 оны 06 дугаар сард ирсэн бөгөөд ирснээсээ хойш утсаа авахаа больсон холбоо сураггүй болоод байна.

 

Шүүх хуралдаанд М.Э ий гаргаж байгаа тайлбар дээр нэмж хэлэхэд 6,000,000 төгрөгийг өөрийнхөө дансаар авчихаад буцаагаад өгөхдөө О.Т т өгсөн юм бол яагаад надад хэлэлгүй, өөрөө над руу ярихгүйгээр, ингээд мессеж бич гэж огт хэлээгүй, мөнгө шилжүүлсэн гэсэн нотолгоо надад явуулаагүй. Өөрөө тэр мөнгийг төлж байгаа бол надаас утасдаж яагаад асуугаагүй юм. О.Т болохоор бид хоёр тусдаа өр авлагатай. Та тэрийгээ судлаад өөрөө ярь, би М.Э гэдэг хүнтэй тусдаа тооцоотой. Надад энэ огт хамаагүй, та өөрөө шүүх, цагдаагаараа яваад М.Э тэй учраа олоорой гэж хэлээд хариу өгөлгүй алга болчихсон. 4,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг өөртөө захиран зарцуулаагүй. Би өөрөө Хаан банкны олон улсын виза карттай, хүний карт ашиглах болон хүний мөнгийг захиран зарцуулах ямар ч шаардлага байхгүй. Яагаад намайг ингэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Би өөрөө доллар, бэлэн мөнгөтэй явж байсан. Би Оросын Холбооны улсад өөрийнхөө долларыг солилуулаад яваад байсныг гэрчүүд бүгд мэднэ. Чамд 4,000,000 төгрөгийг зээлдүүлээгүй, чиний картыг ашиглаж үнэхээр өөрөө энэ мөнгийг зарцуулаад аваад байсан юм бол тэр нотолгоо чинь хаана байна. Би Казакстанд очоод яах аргагүй 7,000,000 төгрөгийн торгууль төлчихөөд, яах аргагүй 2,000,000 төгрөгийг өгсөн гэдгээ та хоёр мэдэж байгаа. Би М.Э гэдэг хүнийг гүтгээгүй, илүү мөнгө авах гээгүй байна. Би өгсөн мөнгөө хэл амгүй буцаагаад өгөөчихөө гэсэн шаардлага тавьсан боловч намайг хэл амаар доромжилсон. Торгуулийн 5,000,000 төгрөгийг чиний хадам аав М.Б , О.Т та 3 яаж гуйж надаас авч байж цагдаагийн байгууллагаас суларсан гэдгээ надаас илүү мэдэж байгаа. Би одоо М.Б гэдэг хүнийг гайхаад байна, өөрөө гуйж 5,000,000 төгрөг авчихаад 5,000,000 төгрөг дээрээ 2,000,000 төгрөг нэмж та нарыг гаргаж батлан даалтад авчихаад би тэр 7,000,000 төгрөгийг мэдэхгүй гэж хэлээд байгааг үнэхээр гайхаад байна. Тэр цагдаа нарын үзүүлсэн бичлэг дээр М.Э , О.Т бас танихгүй хүний зураг байсныг харж авсан. Эдгээр мөнгөнүүдийг хүүгүйгээр зээлдүүлсэн. Хэрвээ шүүхээс хариуцагч М.Э , нэхэмжлэгч Д.Д нарын хооронд 4,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзвэл хариуцагч М.Э нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч М.Э ээс 13,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Э , түүний өмгөөлөгч С.С нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх Д.Д гэдэг хүн О.Т тай Машин зарахад туслаач гэж холбоо барьсан, хамт уулзъя гэж О.Т надад хэлсэн. Тэгээд О.Т өөрөө түрүүлж очсон байсан. Тэгээд уулзахад Д.Д Машин зарах гэж яваад машинаа хил гаргаж чадаагүй, тэрийгээ яаж гаргах уу, энэ машинаа яаралтай явж зарах хэрэгтэй байна. Нөхөртөө хэлээгүй болохоор хурдан яаралтай зарах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би Бид хоёр өмнөх явж ирсэн машинаа зарж чадаагүй байгаа, дараагийн машинаа зарж амжаагүй, би мөнгө түгжээтэй байна. Машин зарагдахгүй, өмнөх машинаа зарах хэрэгтэй гэж хэлэхэд Д.Д Чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм, би тусалъя, чи очоод машинаа зараад мөнгийг буцаагаад өгчих гэхээр нь би тэгвэл болж байна гээд 6,000,000 төгрөгийг зээлсэн. Тэгээд хил гараад явахдаа 3 машинтай явсан. Нэг нь миний машин, нөгөө нь манай хадам аавын мотор цохисон гээд байгаа машин, нөгөө нь Д.Д гийн машин байсан. Д.Д Эгч нь Монголоос мөнгө дутуу аваад гараад ирсэн, та нарт олон улсын карт байхгүй юм уу, эгч нь чиний данс руу мөнгө хийгээд авч болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн, тэнд явж байсан хүмүүсээс олон улсын эрхтэй карттай хүн нь ганцхан би байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Би өөрөө хангалттай бэлэн мөнгөтэй явсан. Тэр мөнгөө Казакстанд очоод дэлгүүр ороод дуусгасан байгаа. Манай хадмын машин мотор цохисон нь үнэн. Бид тухайн үедээ машины мотор засуулахад хугацаа орох юм байна, Д.Д ч нилээн яаруулж байсан, бид ч олуулаа явж байсан болохоор мотор цохисон машинаа Орост үлдээгээд цаашаа үргэлжлүүлээд явсан. Тэрний өмнөх явалтаар О.Т нэг хүн санал болгоод жолоочоор аваад явчихъя гээд авч явсан. Би тэр хүнийг танихгүй, тэр хүн О.Т 2 хамт дэлгүүр ороод хулгай хийж байгаа бичлэг цагдаа нар ирээд үзүүлээд Энэ хүнийг олж өг, эсвэл хохирлыг барагдуул гэсэн. Би тэр хэрэгт оролцоогүй. Д.Д гэдэг хүнд гарч ирээд байдлыг хэлэхэд тэрээр За хэдэн төгрөг нэхээд байгаа юм тэрийг нь өгье гэж хэлсэн. Би О.Т т Энэ хүн чиний авч явсан хүн болохоор наад асуудлаа өөрөө зохицуулаарай. Би энэ хэрэгт чинь огт хамаагүй шүү гэдгээ хэлсэн. Тэгээд Д.Д Монголд очоод өгөөрэй гээд мөнгө зээлсэн. Намайг хулгайч мэтээр яриад байгаа юм. Нийт мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй. 6,000,000 төгрөг болохоор зээлж авсан нь үнэн. Д.Д гийн машин Казакстанд очоод шууд зарагдаагүй, хугацаа шаардлагатай байсан. Би машинаа зараад буцсан. О.Т Д.Д гийн машиныг зарах гээд үлдээсэн. Зарагдахгүй байгаа шалтгаан нь Казахстаны номергүй байсан, номер гаргавал зарагдана гэсэн. О.Т машинд Казакстаны дугаар авахад 1,000,000 тэнгэ хэрэгтэй, тэгж байж зарагдана гэсэн. Нэг өдөр О.Т над руу дугаарын мөнгө явуулчих, Д.Д эгч М.Э надад 6,000,000 төгрөгийн өртэй түүнээс ав гээд ярьсан. Тэгэхээр нь би Д.Д гээр 6,000,000 төгрөгийг О.Т т өгч болно гэсэн мессеж бичүүлчих гэхэд удаачгүй О.Т 6,000,000 төгрөгийг О.Т т өгч болно гэсэн утгатай мессежийг над руу явуулсан. Манай ах, эгч хоёр хамт байсан. Тэр 6,000,000 төгрөгийн өрийг тэгж дарсан. Тэрнээс өөр 4,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг би аваагүй. Д.Д миний дансыг ашиглаад өөрөө энэ мөнгөнүүдээ зарцуулсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч ... 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулж авсан нь үнэн, Казакстанд байхдаа Д.Д зөвшөөрсний үндсэн дээр 1,000,000 Казакстан тэнгэг О.Т т өгсөн. Тэр мөнгөөр О.Т нь Д.Д гийн машиныг хурдан зарахын тулд дугаар авсан. Харин мотор засахаар 4,000,000 төгрөг, Казакстаны цагдаа нарт өгөхөөр 5,000,000 төгрөгийг би зээлж аваагүй. Д.Д Казакстанд байхад олон улсын картгүй гэсэн тул би өөрийн картаа түүнд Монголоос мөнгө авахад нь ашиглуулсан, миний картанд орж ирсэн мөнгийг Д.Д өөрөө үрээд дуусгасан гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

а/ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлсэн 6,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М.Э д 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч М.Э нь Машин авахад мөнгө дутаад байна, авсан машинаа Казакстанд очоод зараад эргүүлээд мөнгийг чинь төлье гэсний дагуу нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М.Э ий Хаан банкин дахь ..... тоот дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Д.Д гийн Хаан банкин дахь 5554039815 тоот дансны хуулга, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч М.Э нь ... 6,000,000 төгрөгийг Д.Д гийн зөвшөөрсний дагуу О.Т т Казакстан 1,000,000 тэнгэ бэлнээр өгсөн, энэ нь Монгол мөнгөөр бол тухай үеийн ханшаар 6,400,000 төгрөг болж байсан. Тэр мөнгөөр О.Т нь Д.Д гийн зарагдахгүй байсан машинд Казакстаны дугаар авч тавьсан. Би нотлох баримттай үлдэхийн тулд тухайн үед О.Т ыг 6,000,000 төгрөгийг Тэгшээ рүү шилжүүлж болно гэсэн мессеж Д.Д гээр бичүүлчих гэсний дагуу тэрээр Д.Д гээр бичүүлсэн байсан, үүнийг хавтаст хэргийн 133 дугаар талд нотлох баримтаар өгсөн байгаа. Мөн намайг мөнгө өгөхийг харсан гэрч Ц.Н , С.Э нар гэрчилж мэдүүлсэн гэж тайлбарласан боловч хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Zeis гэх фэйсбүүк хаягнаас Тэгшээ Тэгшээ. гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч нарын харилцан ярианд үзлэг хийхэд Дука эгч, 2019.10.31-нд дансаар авсан 6 000 000 Т бэлнээр Т т өгч болно. гэх /хавтаст хэргийн 133 дугаар тал/ фото зураг байсан ба үүнийг нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд ... энэ миний бичсэн мессеж мөн гэж зөвшөөрсөн хэдий ч хариуцагч М.Э нь О.Т т 6,000,000 төгрөгийг /1,000,000 Казакстан тэнгэ/ төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлож чадаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Ц.Н г асуухад ... 2020 оны 03 дугаар сард би эхнэр С.Э ийн хамт Казакстан улсад байсан, бид 2-т Казакстаны тэнгэ гэдэг бэлэн мөнгө байсан, М.Э машины дугаар авна 1,000,000 тэнгэ өгөөч гэхээр нь О.Т т өгсөн гэж, гэрч С.Э ... 2020 оны 03 дугаар сард манай нөхөр Ц.Н , М.Э , О.Т бид нар Казакстанд байхад Д.Д яриад М.Э 6,000,000 төгрөг өгөх ёстой үүнийг авчих гэсний дагуу 1,000,000 тэнгэг би О.Т т өгсөн гэх мэдүүлгээс үзэхэд 2020 оны 03 дугаар сард Казакстан улсад гэрч С.Э нь 1,000,000 Казкстан тэнгэг О.Т т машины дугаар авахад зориулж өгсөн байх бөгөөд үүнийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Д.Д гээс хариуцагч М.Э ий зээлсэн 6,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн гэж үндэлслэлгүй ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно., мөн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн; гэж заасантай нийцэхгүй байх тул хариуцагч М.Э ээс зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

б/ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр машины мотор засуулахад зориулж зээлдүүлсэн гэх 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ ... Казакстан явах замд Оросын холбооны улсын Красноярск хотод явж байхад .... улсын дугаартай Ниссан маркийн дунд гарын жийпний мотор цохисон. М.Э ий хадам аав М.Б гуай мотор засуулахад 4,000,000 төгрөг зээлээч гэхээр нь М.Э ий Худалдаа, хөгжлийн банкин дахь .... тоот данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн гэх, хариуцагч М.Э ий ... Д.Д эгч нь Монголоос мөнгө дутуу аваад гараад ирсэн, та нарт олон улсын карт байхгүй юм уу, эгч нь чиний данс руу мөнгө хийгээд авч болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн, тэнд явж байсан хүмүүсээс олон улсын эрхтэй карттай хүн нь ганцхан би байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Би өөрөө хангалттай бэлэн мөнгөтэй явсан. гэх тайлбар, гэрч М.Б гийн ... Д.Д бид 2 Монгол руу буцах болсон, дэлгүүр орох гээд хүүгээсээ мөнгө авсан. М.Э надад мөнгө өгөхдөө Д.Д миний картанд мөнгө байршуулаад бага багаар хэрэглэж байгаа гэж хэлсэн. ... улсын дугаартай мотор цохьсон жийп минийх, моторыг нь засуулж чадалгүй Орос үлдээгээд явсан гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Д.Д гийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч М.Э ий Худалдаа, хөгжлийн банкин дахь .... тоот дансаар Монголоос шилжүүлүүлсэн гэх 4,000,000 төгрөгийг хариуцагч М.Э зээлж аваагүй байх бөгөөд тухайн зээлийг хариуцвал зохих этгээд нь хариуцагч М.Э биш тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

в/ 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдүүлсэн гэх 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М.Э д 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй. Тодруулбал: 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлснээс хариуцагч 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Э.П...ын Хаан банкин дахь .... тоот дансны хуулга, нэхэмжлэгчийн ... Казакстаны цагдаа нар О.Т , М.Э нарын зургийг үзүүлээд хохирлыг барагдуул, эсхүл энэ залуучуудыг баривчлана гэсэн тул М.Э , М.Б нар намайг 5,000,000 төгрөг зээлэхийг хүссэн. Би өөрийн найз Э.П...тай утсаар ярьж мөнгө зээлэхээр болж М.Э ий Худалдаа, хөгжлийн банкин дахь ... тоот данс руу шилжүүлүүлсэн гэх тайлбар, хариуцагчийн ... тэр хүн О.Т 2 хамт дэлгүүр ороод хулгай хийж байгаа бичлгийг цагдаа нар ирээд үзүүлээд Энэ хүнийг олж өг, эсвэл хохирлыг барагдуул гэсэн. Би тэр хэрэгт оролцоогүй. Д.Д гэдэг хүнд гарч ирэхэд байдлыг хэлэхэд тэрээр За хэдэн төгрөг нэхээд байгаа юм тэрийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд Д.Д Монголд очоод өгөөрэй гээд мөнгө зээлсэн гэх тайлбар, гэрч Э.П...ын ... 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Д утсаар залгаад Казакстанд хамт явж байгаа залуучууд нь хэрэг төвөгт холбогдчихлоо, 5,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу М.Э ий данс руу шилжүүлсэн. Буцаагаад энэ мөнгөө 6,000,000 болгож 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Д.Д гээс авсан гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.Э ээс 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан хариуцагч М.Э ээс 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР