Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01547

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01547

 

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26ы өдрийн 102/ШШ2021/02058 дугаар шийдвэртэй, Д.Дгийн нэхэмжлэлтэй М.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь 2019 оны 10 дугаар сарын эхээр М.Этэй танилцсан. М.Э нь газрын замаар Казакстан улс руу явдаг туршлагатай тул өөрийн авто машинаар 2019 оны 11 дүгээр сарын эхээр хамт дагаж явахаар болсон. М.Э нь Казакстан явахаас хэдэн хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр машин авахад мөнгө дутаад байна, мөнгө зээлээч, би Монголоос худалдан авсан машинаа Казакстан улсад аваачиж зараад буцаагаад мөнгийг чинь өгье гэж гуйхаар нь 6 000 000 төгрөгийг М.Эий Хаан банк дахь 5110003704 тоот данс руу шилжүүлж өгсөн. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Казакстан явах замдаа машины мотор эвдэрчихпээ мөнгө зээлээч, Казакстанд очоод машинаа зараад өмнөх зээлтэйгээ нийлүүлээд буцааж өгье гэж гуйхаар нь 4 000 000 төгрөгийг М.Эий Худалдаа хөгжпийн банк дахь 421014426 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд Монголоос худалдан авсан машинаа Казакстан улсад худалдахаар очих үед М.Э нь тус улсын Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Казакстанд бидний байрлаж байранд тэндэхийн цагдаа нар ирж, М.Э, О.Тэгшбаяр нарыг аваад гарсан. Тэгээд М.Баянхүү, М.Э нар нь торгуулийн мөнгө төлөх хэрэгтэй байна, тэгвэл 72 цагийн дотор Казакстанаас гарах нөхцөлтэйгээр суллах юм байна, мөнгө зээлээч гэж гуйхаар нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр М.Эий Худалдаа хөгжлийн банк дахь 475013881 тоот дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн, нийт 15 000 000 төгрөг зээлсэн. Уг зээлээс 2019 оны 12 дугаар сарын 6-ны орчим 2 000 000 төгрөг бэлнээр буцааж төлсөн. М.Э нь машинаа зарчихаад зээлсэн мөнгөө төлнө гэсэн атлаа одоо хүртэл үлдэгдэл 13 000 000 төгрөгөө төлөхгүй, Монголд 2020 оны 06 дугаар сард ирснээсээ хойш утсаа авахаа больж холбоогүй болсон. Иймд хариуцагч М.Эээс 13 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э миний бие Д.Дгээс 6 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Бид Казакстан улс руу хамт явсан бөгөөд Д.Дгийн машиний мотор нь эвдэрч түүнд мөнгөний хэрэг болоход Монголоос мөнгөө дутуу авч ирсэн, олон улсын карт байна уу, эгч нь чиний дансанд мөнгө хийгээд авч болох уу гэж асуухаар нь зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөгийг шилжүүлж авсан. Би өөрөө хангалттай бэлэн мөнгөтэй явсан. Надад мөнгө зээлэх шалтгаан байгаагүй. О.Тэгшбаяр машинд Казакстаны дугаар авахад 1 000 000 тэнгэ хэрэгтэй, тэгж байж зарагдана гэсэн. Нэг өдөр О.Тэгшбаяр над руу дугаарын мөнгө явуулчих, Д.Д эгч чамаас 6 000 000 төгрөгийн авлагатай тэр мөнгийг нь надад өгчих гэж хэлсэн бөгөөд Д.Д нь 6 000 000 төгрөгийг О.Тэгшбаярт өгч болно гэсэн мессеж бичсан. Түүнээс өөр 4 000 000 төгрөг, 5 000 000 төгрөгийг би аваагүй. Д.Д миний дансыг ашиглаад өөрөө энэ мөнгөнүүдээ зарцуулсан гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Эээс 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигч 6 000 000 сая төгрөгийг зээлсэн эсэхэд маргадаггүй. Харин уг мөнгийг эргүүлж төлсөн эсэхэд маргадаг. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд ийнхүү татгалзахдаа дээрхи 6 000 000 төгрөгийг О.Тэгшбаяраар дамжуулан нэхэмжлэгчид олгосон гэж тайлбарладаг. Харин хариуцагчийн тайлбар нь гэрч Ц.Нямаа, С.Энхбилэг нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн О.Тэгшбаярт явуулсан мессеэжээр нотлогддог. Нэхэмжлэгч нь О.Тэгшбаярт илгээсэн мессэж өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин хариуцагч тал нь энэхүү мессэжийг өөртөө нотлох баримтаар авч үлдэж, үүнийг үндэслэн 6 000 000 төгрөгийг О.Тэгшбаярт 2 гэрчийг байлцуулан өгсөн байна. Хэрэв нэхэмжлэгч тал ийнхүү зээлийг О.Тэгшбаярт өгөх тухай мессэж явуулаагүй байсан бол хариуцагч ийнхүү мөнгийг өгөхгүй байх байсаэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нь зайлшгүй хэрэг юм. Нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд буюу Тэгшбаяр гэх хүнд 6 000 000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 болон 236.1.1- т заасны дагуу хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн нь эргэлзээтэй, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 5 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Э.Пүрэвбатын Хаан банкин дахь 5113034742 тоот дансны хуулга, ... тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал дээрхи 5 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн.Хариуцагч 2 000 000 төгрөгийг бэлнээр өгч байсан удаа огт байхгүй гэж маргадаг. Түүнчлэн шийдвэрт дурьдсанчлан хариуцагчийн зүгээс Э.Пүрэвбат гэх хүнд мөнгө буцаан төлсөн явдал байхгүй. Гэтэл шүүх хавтаст хэргийн аль баримтаас мөнгө буцаан төлсөн гэж үзэн зохигчдын тайлбарласнаас өөрөөр үйл баримтыг дүгнэсэн нь ойлгомжгүй. Мөн зохигчдын тайлбараас харахад дээрхи 5 000 000 төгрөгийг хариуцагч М.Эий дансанд шилжүүлсэн гэдэгтэй маргадаггүй бөгөөд зөвхөн уг мөнгөний зээлдэгч нь М.Э мөн эсэх тал дээр маргадаг. Өөрөөр хэлбэл цагдаа нар Тэгшбаяр болон түүнтэй өмнө Казахстанд ирж байсан Гантулга гэх хүнийг хайж ирсэн гэх үйл баримт гэрч болон зохигчдын мэдүүлгээр тогтоогддог боловч тэнд байсан хүмүүсээс яг хэн гэгч этгээд М.Эий дансаар мөнгө зээлж авсан болох нь тодорхойгүй байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т: хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т: Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т: эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус заасан байдаг. Үүнээс харахад харуиуцагч М.Э нэхэмжлэгчээс мөнгө зээлэх хүсэл зориг илэрхийлээгүй байх бөгөөд, хэдийгээр зээлийн гэрээ нь эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулах талаар буюу мөнгө зээлэх талаар аливаа тохиролцоо байгаагүй тул талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчтай холбоотой асуудал үүссэн, түүний дансаар мөнгө шилжүүлсэн тул түүнд мөнгө зээлсэн гэж үзэж байна гэж тайлбарладаг боловч энэ талаар зохигч болон гэрчүүдийн тайлбар, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Үүнээс харахад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хаамаралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх чадвараа алдсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Д, М.Э нар нь 2019 оны 11 дүгээр сард Казакстан улс руу О.Тэгшбаяр, М.Баянхүү, Т.Мөнгөнтулга нарын хамт 3 машинтай явсан. М.Э нь Казакстан улс руу байнга явж машин худалддаг, анх 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6 000 000 төгрөг зээлэхдээ дахиад нэг машин авахад мөнгө дутаад байна гэж хэлж мөнгө зээлсэн. 2019 оны 11 сарын 28-ны өдөр Орос Улсын нутаг дэвсгэрт явж байхад М.Баянхүүгийн барьж явсан машины мотор эвдэрч М.Э, М.Баянхүү нар хоёулаа хамт мөнгө гуйж зээлсэн. Хариуцагчийн Д.Д нь миний картыг ашиглаж мөнгө хийсэн, гэрч М.Баянхүүгийн Монгол руу явахын өмнө худалдан авалт хийсэн гэх тайлбарууд үндэслэлгүй бөгөөд хавтаст хэргийн 75 дугаар хуудасны ар тал 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Дгийн ажилтан Э.Оюунтуяагаас 4 000 000 төгрөг, 1 473.84 долларт хөрвөн орсон бөгөөд уг мөнгийг 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд зарцуулсан. Нэхэмжлэгч Д.Д нь М.Э, М.Баянхүү нарыг хамтад нь хариуцагчаар татаж зээлийн гэрээний үүргийг шаардах боломж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 18/ Нэхэмжлэгч М.Эд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлсэн 6 000 000 төгрөг, Казакстан явах замдаа 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр машины мотор эвдэрчихпээ гэж зээлсэн 4 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр М.Эий Худалдаа хөгжлийн банкин дахь 475013881 тоот дансанд 5 000 000 төгрөг шилжүүлснээс 2 000 000 төгрөг бэлнээр авсан тул нийт 13 000 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6 000 000 төгрөгийг М.Эий Хаан банк дахь 5110003704 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон. /хх82/ Уг 6 000 000 төгрөгийг хариуцагч зээлснээ үгүйсгээгүй боловч зээлдүүлэгч Д.Дгийн заасан этгээдэд буцаан төлсөн гэж маргажээ.

Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан 6 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрсөн этгээдэд хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, гэрчүүдийн мэдүүлгийг иш татсан. /хх147/ Гэрч Ц.Нямаа 6 000 000 төгрөг буюу 1 000 000 тэнгэг манай эхнэр төлсөн гэж мэдүүлсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр М.Э Д.Дд төлөх 6 000 000 төгрөгийн үүргээ гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөгийг М.Эий Худалдаа хөгжлийн банк дахь 421014426 тоот дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. /хх22-81/ Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр М.Эий Худалдаа хөгжлийн банк дахь 475013881 тоот дансанд нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг шилжүүлсэн баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй. Уг 5 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг бэлнээр буцаан авсан гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хариуцагч уг 5 000 000 төгрөгийг өөр харилцаа байсан гэж тайлбарласан боловч ямар үүргийн харилцаа үүссэн болохыг баримтаар нотолж чадаагүй. Иймд уг төлбөрөөс 3 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй байх тул гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр зөв.

Мөн 4 000 000 төгрөгийн талаар нэхэмжлэгч нь М.Баярхүү гуай мотор засуулахад 4 000 000 төгрөг зээлээч гэж гуйсан талаар тайлбарласан байх тул нэхэмжлэлийн уг хэсгийн хувьд хариуцагч нь М.Э биш гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. /хх182-184/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26ы өдрийн 102/ШШ2021/02058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөг, хариуцагчийн 158 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД