Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2021/02032

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин байх, Б... овогт С.Ц /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 16 дугаар хороо, ... гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Н... овогт Т.У /РД: .../-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С..., хариуцагч Т.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ц ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С...ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Т.У тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Тоёота Харриер маркийн, ... улсын дугаар бүхий сувдан цагаан өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 07 дугаар сарын 16-нд Монголд орж ирж ...дугаар гэрчилгээтэй авто машиныг 15,500,000 төгрөг худалдсан. Урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 14-нд нэхэмжлэгчийн Хаан банк дахь ...тоот дансанд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан. Үлдэгдэл 11,500,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 20-нд, 5,500,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 25-нд багтаан төлөхөөр харилцан тохиролцсон. Харин миний зүгээс тээврийн хэрэгслийг 2020 оны 09 дүгээр сарын 14-нд хүлээлгэн өгөх, төлбөрийг бүрэн төлж дуусгавар болоход өмчлөх эрх шилжүүлэн бүртгүүлэх үүргийг хүлээсэн. Төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон болно. Улмаар хариуцагч Т.У нийт 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 7,500,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр төлж барагдуулна гэж түүний нөхөр О.Х..., Т.У нар хамт гарын үсэг зурж баталгааны бичиг хийж өгсөн. Гэтэл хариуцагч Т.У болон түүний нөхөр О.Х...аас төлбөрийг төлж дуусгахыг удаа дараа шаардсан боловч төлөхөөс зайлсхийсэн үйлдэл удаа дараа гаргаж гэрээнд заасан мөнгийг биелүүлэхээс татгалзаж байгаа учраас тус шүүхэд хандсан болно. Иймд хариуцагч Т.У аас төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөг, алданги болох 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.У ы шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Би анх 2020 оны 9 сард энэ хүнээс машиныг 15,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд анх гэрээ хийгээд нотариатаар батлуулж байхдаа урьдчилгаа төлбөрт анх хөл хорио тогтоохоос өмнө 4,000,000 төгрөгийг төлсөн, дараа нь улсаас иргэн бүрт 300,000 төгрөг өгөхөд 3 ам бүлийнхээ мөнгийг шавхаж байгаад 900,000 төгрөг, тэгээд дараа нь 1,800,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны үеэр 2,000,000 төгрөг өгөөд нийт 8,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Манай нөхөр бид хоёр хувиараа авто засварын газар ажиллуулдаг. Гэтэл короно гараад хаагдсан. Одоо өнөөдрийг хүртэл нээгдээгүй, сая 4 дүгээр сараас нээгдэнэ гэсэн чинь төв замын засварын ажил явагдаж байгаа гээд засварын газрын маань орох гарах бүх гарцыг хаачихсан. Энэ нөхцөл байдлаа нэхэмжлэгчийг удаа дараа ярих бүрт нь хэлсэн. Утсаар ярих болгонд байгаа боломжоороо өгч явсаар байгаад хамгийн сүүлд хадам ээжээрээ тэтгэврийн зээл авахуулаад 2,000,000 төгрөг өгсөн. Бидний зүгээс үлдэгдэл 7,500,000 төгрөгийг ажил нээгдвэл бага багаар өгье гэсэн. Манай машины гэрчилгээний нэр одоо С.Ц ахын нэр дээр явж байгаа. Нэрээ бүрэн шилжүүлж өөр дээрээ аваад банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад үлдэгдэл мөнгийг нь гаргаад өгье гээд өөртэй нь хамт явахад машины үнэлгээ ер хүрээгүй, тэгээд өөртэй нь ярьж тохирсон. Харин алдангийн 3,750,000 төгрөгийг төлөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.У д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөг, алдангид 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ... машин худалдаж авсан, нэр шилжээгүй байгаа, манай нөхөр бид 2 хувиараа авто засварын газар ажиллуулдаг, короно, зам засварын ажил хийгдэж байгаа гээд манай засварын газрын орох гарах гарцыг хаасны улмаас авто засвар маань ажиллахгүй орлогогүй байгаа. Машины төлбөрт 8,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7,500,000 төгрөгийг орлого орж ирэхээр бага багаар төлнө. Алдангийг төлж чадахгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Т.У тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Тоёота харриер загварын ... улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 15,500,000 төгрөгөөр худалдсан ба зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Зохигчид гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 09 оны 14-ны өдөр хариуцагч Т.У нь урьдчилгаа 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Ц ын Хаан банкин дахь ...тоот дансанд шилжүүлсэн, мөн 4,000,000 төгрөгийг төлж, нийт 8,000,000 төгрөгийг төлсөн, одоо 7,500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй, Тоёота харриер загварын ... улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нь Т.У ы эзэмшилд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлж өгсөн, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Ц бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С..., болон хариуцагч Т.У нарын шүүх хуралдаанд гаргасан ... гэрээ байгуулсан өдрөө Т.У нь урьдчилгаа 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Ц ын Хаан банкин дахь ...тоот дансанд шилжүүлсэн, дараа нь 4,000,000 төгрөгийг төлж, нийт 8,000,000 төгрөгийг төлсөн, одоо 7,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Машиныг гэрээ байгуулсан өдрөө Т.У д хүлээлгэж өгсөн. Харин тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Ц бүртгэлтэй гэх тайлбараар тогтоогдож байгаагаас дүгнэхэд хариуцагч Т.У нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээний үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Т.У нь алдангийг төлөхгүй гэж маргасан ба үндэслэлээ короно өвчнөөс шалтгаалаад хөл хорио тогтоосон, мөн зам засварын ажлын улмаас манай авто засварын газрын орц гарцыг хааснаар орлогогүй болсон гэж тайлбарлаж байх боловч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.6-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тус тус зааснаар хариуцагч Т.У нь алданги төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн алданги нэхэмжлэгч эрхтэй ба шүүхэд нэхэмжлэл гаргах 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 193 алдангид 3,750,000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

 

Иймд хариуцагч Т.У гаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөг, алдангид 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ц ад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.У гаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөг, алдангид 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ц ад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 195,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР