Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01609

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Цхын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/02032 дугаар шийдвэртэй, С.Цхын нэхэмжлэлтэй Т.Унд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Цх нь Т.Унтай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр С.Цх нь өөрийн өмчлөлийн, Тоёота Харриер маркийн, 7659 УБЭ улсын дугаартай  автомашиныг Т.Унд шилжүүлэх, Т.Ун нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг, мөн сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, мөн сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. С.Цх нь тээврийн хэрэгслийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Т.Унгийн эзэмшилд шилжүүлж, төлбөрийг бүрэн төлж дуусгахад өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээсэн.

Гэрээнд төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг худалдан авагч төлөхөөр тохиролцсон.

Т.Ун нь нийт 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 7,500,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр төлөх гэж Т.Ун гарын үсэг зурж, баталгаа бичиг хийж өгсөн боловч төлөөгүй.

Иймд хариуцагч Т.Унгаас 7,500,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 9 сард С.Цхаас автомашиныг 15,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Урьдчилгаа төлбөрт хөл хорио тогтоохоос өмнө 4,000,000 төгрөгийг төлсөн, дараа нь 900,000 төгрөг, 1,800,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны үеэр 2,000,000 төгрөгийг буюу нийт 8,000,000 төгрөг төлсөн.

Манай нөхөр бид хоёр хувиараа авто засварын газар ажиллуулдаг ба Ковид-19 цар тахлаас шалтгаалж үйл ажиллагаа зогссон. Энэ нөхцөл байдлаа нэхэмжлэгчийг удаа дараа ярих бүрт нь хэлсэн.

Бидний зүгээс үлдэгдэл 7,500,000 төгрөгийг үйл ажиллагаа нээгдвэл бага багаар өгөх боломжтой. Автомашины өмчлөх эрх С.Цхын нэр дээр байгаа автомашиныг шилжүүлж өөр дээрээ аваад банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад үлдэгдэл мөнгийг нь гаргаад өгье гээд өөртэй нь хамт явахад машины үнэлгээ хүрээгүй.  Алдангийн 3,750,000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Унгаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөг, алдангид 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Цхад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 195,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Т.Ун миний бие нь нөхөр О.Хосбаярын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 11 дүгээр гудамжны тоот хаягт кузов засварын газар ажиллуулдаг бөгөөд ковид цар тахал болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр худалдах, худалдан авах гэрээний төлбөрөө бүрэн төлж чадаагүй. Одоо үндсэн төлбөрөөс 7,500,000 төгрөг дутуу байгаа бөгөөд төлөхөд татгалзах зүйлгүй. Харин 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх буюу хэрэгт хамаарах цаг хугацаанд улс орны хэмжээнд ковид цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрийн дагуу хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио, мөн авто засвар болон бусад салбарын үйл ажиллагааг жил гаруй хугацаанд хаалттай байсан. Уг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч С.Цх нь хариуцагч Т.Унд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 7,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

С.Цх, Т.Ун нар 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагч С.Цх нь Тоёота харриер маркийн, 76-59 УБЭ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг үнэ бүрэн төлөгдөхөөр Т.Унгийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Т.Ун нь автомашины үнэ 15,500,000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг, мөн сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, мөн сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн, анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Т.Унгийн эзэмшилд автомашиныг шилжүүлсэн, тэрээр гэрээний үнэд 8,000,000 төгрөг төлсөн, үлдэх 7,500,000 төгрөг төлөгдөөгүй талаар талууд маргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар С.Цх нь Т.Унгаас 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Гэрээний 3.6-д гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн, гэрээг бичгээр байгуулсан байх тул гэрээний үнэд төлөгдөөгүй 7,500,000 төгрөгт алданги тооцож худалдагч шаардах эрхтэй байна.

 

Худалдан авагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 7,500,000 төгрөгөөс алдангийг харилцан тохиролцсоноор хамгийн сүүлд төлбөр төлөх хугацаа болох 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу 9 сар 13 хоногоор тооцвол алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул анхан шатны шүүх хуульд заасан хэмжээгээр алдангийг хязгаарлаж 3,750,000 /7,500,000 төгрөгийн 50 хувь/ төгрөгөөр тогтоосон нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүх анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болох боловч худалдах, худалдан авах гэрээнд үнэ төлөх нөхцөл нь худалдан авагчийн эрхэлж буй үйл ажиллагаанаас хамаарахаар тохиролцоогүй байх тул Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэж дүгнэхээргүй байх ба алдангийн хэмжээг илт их гэж тодорхойлох боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/02032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА