Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 134

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,                                             

Улсын яллагч М.Гантулга,

Шүүгдэгч Б.Оюунтуяа, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдын Оюунтуяад холбогдох эрүүгийн 201725020396 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 28-600 тоотод оршин суух, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, бие эрүүл, ухаан бүрэн / РД: НМ 94070200 / Боржигон овогт Болдын Оюунтуяа:

- 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өглөөний 10 цагийн орчимд Оюуны өмч улсын бүртгэлийн газрын гадаа иргэн Б.Энхтунгалагийн халааснаас нь “Самсунг ж-3” маркийн гар утсыг хулгайлж 250.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Энхтунгалаг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 10 цагийн үед ажлынхаа буюу Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын 1 дүгээр байрны үүд рүү орох гээд явж байхад үл таних 2 эмэгтэй хүн манай ажлын байрны үүдэнд миний хоёр талаас шахаад байсан. Тэгээд ажлынхаа газрын лифтэнд суух гэж байгаад өөрийнхөө өмсөж явсан куртикныхээ халаасанд гар утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд үл таних эрэгтэй хүнд намайг шахаад байсан хоёр эмэгтэй хүний нэг нь миний гар утсыг авсан байна гэж хэлэхэд тэр залуу намайг шахаад байсан үл таних эмэгтэй хүний араас гүйж очоод бариад авахад шууд миний гар утсыг өөрийнхөө куртикны халааснаас гаргаад өгсөн гэжээ. / хх 8-10 /  

Эд зүйлийн үнэлгээ / хх 11 /

Шүүгдэгч Б.Оюунтуяаг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 17-19 /, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 22-23 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 24 / зэрэг болно.

Шүүгдэгч Б.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Энхтунгалагийн гар утсыг ганцаараа хулгайлсан. Хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.Оюунтуяа нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өглөөний 10 цагийн орчимд Оюуны өмч улсын бүртгэлийн гадаа иргэн Б.Энхтунгалагийн халааснаас нь “Самсунг ж-3” маркийн гар утсыг хулгайлж, 250.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 10 цагийн үед үл таних 2 эмэгтэй хүн манай ажлын байрны үүдэнд миний хоёр талаас шахаад байсан. Тэгээд үл таних эрэгтэй хүнд намайг шахаад байсан хоёр эмэгтэй хүний нэг нь миний гар утсыг авсан байна гэж хэлэхэд тэр залуу намайг шахаад байсан үл таних эмэгтэй хүний араас гүйж очоод бариад авахад шууд миний гар утсыг өөрийнхөө куртикны халааснаас гаргаад өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн Б.Энхтунгалагийн мэдүүлэг / хх 8-10 /, эд зүйлийн үнэлгээ / 11 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Оюунтуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэвч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн  хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Б.Оюунтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Болдын Оюунтуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Оюунтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунтуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Оюунтуяа нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4. Б.Оюунтуяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ