Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч У.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч С.Батболд, Ц.Цэрэнням

хохирогч А.Т, түүний өмгөөлөгч Г.Цагаан,

хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, нээлттэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 369 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Ж.Б, А.Т, шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Ц.Цэрэнням нарын гаргасан давж заалдах гомдлоор тус тус У.Бд холбогдох эрүүгийн 201701000008 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт У.Б, 1956 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай,

Төмөр замын шүүхийн 1978 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Нийслэлийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:...../,

У.Б нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг Баянхошуу гэх газар байх алтны уурхайд алт ухах зөвшөөрлийг холбогдох хүмүүсээс олж өгнө хэмээн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ж.Бас 60 сая, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэн А.Тгээс 20 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн нэр хүндийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: У.Быг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг Баянхошуу гэх газар байх алтны уурхайд алт ухах зөвшөөрлийг холбогдох хүмүүсээс олж өгнө хэмээн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ж.Бас 60 сая, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэн А.Тгээс 20 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн нэр хүндийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Быг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн нэр хүндийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар У.Быг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар У.Бт оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар У.Бын 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоног, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл цагдан хоригдсон 11 хоног нийт 43 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар У.Баас 46 000 000 /дөчин зургаан сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Бд 26 000 000 /хорин зургаан сая/ төгрөгийг, хохирогч А.Тд 20 000 000 /хорин сая/ төгрөгийг тус тус олгож, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, У.Бт хилийн хориг тавьсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Ж.Б гэрч Эрдэнэбатаас 50 000 000 төгрөг зээлж авсан нь гэрч Б.Э, гэрч Э, хохирогч Х.Т нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч уг 50 000 000 төгрөг дээр өөрөөсөө 10 000 000 төгрөг нийт 60 000 000 төгрөг шүүгдэгч У.Бт өгсөн гэж нэхэмжилжээ. Шүүгдэгч У.Б 50 000 000 төгрөгийг хэрэглэсэн гэж мэдүүлж байгаагаас гадна хохирогч Ж.Б 10 000 000 төгрөгийг өөрөө гаргасан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж үзжээ. Хавтас хэргийн хүрээнд миний бие хохирогчоор тогтоогдож хууль сануулан болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн мөн хохирогч Төрхүү 1 дүгээр хавтас хэргийн 18 дугаар талд “...Б өөрөөсөө 10 000 000 төгрөг гаргаад  Эрдэнэбат гэх найзаасаа 50 000 000 төгрөг зээлсэн гэсэн. Тэгээд 60 000 000 төгрөгийг Бт аваачиж өгсөн”, 1 дүгээр хавтас хэргийн 25 дугаар талд гэрч Т.Н “...Т Э 50 сая төгрөг зээлээд өөрөөсөө 10 сая төгрөг нэмж гаргаад 60 сая төгрөгийг Бт өгсөн”, 1 дүгээр хавтас хэргийн 33 дугаар талд Гэрч Б.Эрдэнэбат “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б надаас зээлсэн 50 000 000 төгрөг Бын машинд оруулж өгсөн” гэх зэрэг хууль сануулан авсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдсоор байхад тус нотлох баримтанд анхан шатны шүүх анхаарч үзээгүй 10 000 000 төгрөг хассан нь үндэслэлгүй юм.  Уг хэргийг ялтан У.Б ганцаараа үйлдээгүй түүний хамтрагч болох Э нь идэвхитэй хамтран оролцсон гол хүн байтал энэ хүнийг үндэслэлгүйгээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож ял завшуулсан. Энэ хүн мөнгө өгөхийг удаа дараа шаардаж ажил бүтэж байна гэж гол итгэл төрүүлсэн хүн юм. Нэг үгээр хэлбэл Бтай бүлэглэн биднийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн этгээд юм. Ялтан У.Б, Э нар нь Анхан шатны шүүх хуралдаан болохын өмнөх өдөр хохиролоо барагдуулая, Ланд 200 маркын машин өгье ингээд дуусгая гэж Төрхүү бид хоёрыг дуудан гэрээ байгуулан хохиролоо төлүүлсэн мэт баримт бүрдүүлэн авч нөгөө өгөх гэсэн Ланд машинаа ч өгөлгүй бичиг баримт нь гэрт байгаа мартсан байна, маргааш болъё, маргааш нь болохоор нөгөө бичиг баримт нь цагдаад хураагдсан гэх мэт худал үнэн хэлж машинаа ч өгөлгүй алга болж, залилан мэхлэх үйлдлээр олж авсан гэрээ, хохирол төлөх талаар баримт зэргийг анхан шатны шүүх дээр гаргаж өгсөн үйлдэл хийсэн. Энэ үйл явдал болон өмнөх үйлдэлд мөн л Э оролцож бүх зүйлийг нь зохион байгуулж байсан. Иймд хохирогчийн зүгээс 10 000 000 төгрөгөө буруутай этгээдээс гаргуулж мөн уг гэмт хэрэгт оролцсон Эд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байгаа тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч А.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Т, Ж.Б бид Б, Э нарт 80 000 000 төгрөг өгөөд 24 000 000 буцааж Э өгч одоо 54 000 000 төгрөгөөр хохирчихоод байгаа билээ. Энэхүү хэргийг Б ганцаараа үйлдээгүй ба Э хамтран үйлдсэн билээ. Э нь над руу нилээд олон дахин залгаж “Ажил сайхан бүтэж байна, мөнгөө яаралтай хийгээрэй” хэмээн мөнгө нэхсэн. Бын дансыг Э месежээр явуулсан. Энэ мэт Э нь эхнээсээ өдийг болтол худал хэлж оролцсон боловч одоо Э гэм буруугүй яваад гомдолтой байна.Бид мөнгөө нэхэж Э руу байнга залгадаг боловч маргааш өгнө эсвэл нөгөөдөр өгнө, 7 хоногийн дараа өгнө гэх мэт худал хэлсээр байгаад өдийг хүргэсэн залилагч юм. Иймд Эд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байгаа тул 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч У.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд У.Б нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн нэр хүндийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна.

Бодит байдал дээр Ж.Б нь олон жил алт хууль бусаар ухагч буюу нинжа хийсэн ашигт малтмалын зөвшөөрлийг хэн нэгэн иргэн нөгөө иргэндээ хөөцөлдсөн зоргоор өгдөггүй гэдгийг хамгийн сайн мэдэх хүн атлаа өнөөдөр үл мэдэгч дүр эсгэж, өөрөөсөө нэг ч төгрөг гаргаагүй хэрнээ хохирсон хэмээн худал хэлж байгаа нь түүний зөрүүтэй олон мэдүүлэг, үйлдэл, гэрээ хэлцлүүд, хүсэлтүүд зэргээс тодорхой харагдаж байна. У.Б би болон А.Т, Т.Н, Ж.Б бид нар анхнаасаа Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт байрлах Баянхошуу гэдэг газраас алт хууль бусаар олборлоход хамтран ажиллахаар тохиролцсон ба бидний хамтран ажиллах хэлцэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан амаар байгуулсан хэлцэл юм. Талууд гэрээгээ дүгнэж, төлөвлөсөн ажил бүтээгүй тул өөр газар ажиллах санаачлага гаргаж, бусдад төлөх өр төлбөрийнхөө талаар мэдээлэл солилцож, үүнийг нь У.Б би 1 жилийн дотор өөрөөсөө төлөхөө амлаж, цугларсан мөнгөний үлдэгдэл 24 сая төгрөгийг буцаан өгч, 2017 оны 5 сар болон 10 сард эвлэрлийн гэрээ сайн дурын үндсэн дээр байгуулж, үүнийгээ нотариатаар батлуулсан зэргээс иргэд хоорондын гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэдэг нь харагдаж байх тул Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21 өдрийн 51 дүгээр тогтоолын 7-д заасан “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг өөрөөр хэлбэл гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй” гэсэн заалтыг шүүх хэрэглээгүй, гэм буруутайд тооцсон нь бодит байдалд нийцээгүй байна. У.Б би бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулаагүй ба бодит байдал буюу Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Баянхошуу гэдэг газар алттай гэдгийг анх А.Т дүүгээсээ сонссон байдаг бөгөөд 2016 оны цагаан сарын үеэр Ж.Б, А.Т нар нь Баянхошуу гэх газарт өөрсдөө очиж үзэх үедээ хамгаалалтын ажилтнуудад хөөгдөж У.Б явуулсан юм гэж миний нэрийг барьсан байдаг. Бодит байдал дээр тухайн Баянхошуу гэдэг газрыг алттай, тэндээс шороо авч угаана гэдэг санаачлагыг А.Т, Ж.Б нар өөрсдөө гаргасан байх ба У.Б би алтгүй газрыг алттай мэтээр бусдад ярьж, төөрөгдүүлсэн үйлдэл огт гаргаагүй харин тэдний хамтран ажиллах саналыг дэмжиж хамтарсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн А.Т, Т.Н, Ж.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна. У.Б нь өөрийн нэр төрийг урвуулан ашиглаагүй, өөрийгөө бүхнийг чадна гэж бусдад яриагүй, бусдаас мөнгө аваагүй харин хамтран ажиллах хэлцлийн тодорхой үүргийг биелүүлж өөрөөсөө 20 сая төгрөг бодитой гаргасан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. У.Б би өөрөө “...100 сая төгрөг олж өг, би бүх ажлыг бүтээж өгнө, намайг Сэлэнгийн Б” гэдэг хэмээн яриагүй харин ч Ж.Б нь А.Т болон Т.Н нарт “Б бүтээж өгч чадна гэж байна, 100 сая төгрөг гэж байна,...” гэх мэтээр миний нэр төрийг ашиглаж ярьсан, хоорондоо тийнхүү ярилцсан байдаг. А.Тгийн: ...Би өнгөрсөн оны 3 дугаар сард Б, Н гэх хүмүүсээр дамжуулан Б гэх хүнтэй танилцсан. Танилцсанаас хойш нэг их удаагүй хоёр миний утас руу утасдаад Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт Баянхошуу гэх газар алттай гэнэ, тэнд Б оруулж өгье гэж байна, харин 100 000 000 төгрөг олоод ир тэгээд оруулж өгье гэж байна гэж хэлсэн..., ...тэгтэл Б мөнгө шилжүүлснээс хойш нэг их удаагүй Б руу утасдаад нөгөө газар чинь оруулахаар боллоо хүрээд ир гэж хэлсэн. Надтай бол яриагүй. /1 хх-ийн 18-23, 3 хх-ийн 40-41/, тэр ч бүү хэл Ж.Б нь нэмж 20 сая төгрөг нэхэж байна...та нар аятайхан ярихгүй бол Б аюултай хүн гэх мэтээр худал ярьсан байдаг. ...Хүмүүс Бын асуудал дээр цагдаад хандаад дэмий наад хүн чинь дээгүүрээ танил тал ихтэй цагдаа, прокурор, шүүх дээр танил тал ихтэй гэж хэлдэг байсан. Өөртэй нь аштайхан яриад хэдэн төгрөгөө салгаж авъя...гэж мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 18-23, 3хх-ийн 40-41/,

Хохирол гэж үзсэн төлбөр тооцооны асуудал үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ж.Б  хууль ёсны хохирогч гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан байх ба Ж.Б нь эд хөрөнгө буюу 50 сая төгрөг өөрөөсөө гаргаж, эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд биш юм. Гэрч Б.Э:...Би Бтай багын найзууд байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б намайг хүрээд ирээч чухал уулзаа байна гэхээр нь уулзсан. Тухайн үед Б Н гэх залуутай явж байсан. Ныг Ханбогд сумын залуу гэдгээр нь зүс мэдэх юм...Ингээд би өөрийнхөө машиныг 30 000 000 төгрөгийн барьцаанд ББСБ-д тавиад дээрээс нь эхнэрийн хадгаламжинд байсан 20 000 000 төгрөгийг шилжүүлж аваад нийт 50 000 000 төгрөг өгсөн. Тэр хоёр чамайг эрсдэлд оруулахгүй ээ ажил бүтэхгүй байсан ч би дээгүүрээ зараад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Хажуугаас нь Н таныг алдагдалд оруулахгүй ээ би клонкоо зараад ч болов мөнгийг чинь өгнө гэсэн.../1 хх-ийн 25-28,33/, Эрдэнэбат нь ганц Ж.Бд мөнгө зээлдүүлсэн биш Т.Н колонкоо зараад ч болсон мөнгийг чинь өгнө гэж аман баталгаа гаргасан учир Ж.Б, Т.Н нарт мөнгө зээлдүүлсэн байна. Энэ нь Иргэний хуульд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл болж байна. Зээлдэгч Ж.Б, Т.Н нар нь У.Баас буцааж өгсөн 24 сая төгрөгийг Эрдэнэбатад өгч 26 сая төгрөгийн зээл үлдсэн байгаа ба үлдэгдэл болох 26 сая төгрөгийг зээлдэгч Т.Н төлж барагдуулсан байна. Ж.Б нь бусдад төлөх өр төлбөргүй, өөрөөсөө гаргасан мөнгө байхгүй хэрнээ хохирогчоор тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Шүүхээс оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй болох нь: У.Б би шүүхээс оргон зайлж, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй явдал огт болоогүй юм. 2017 оны 10 сарын 13 өдөр шүүх хурал руугаа явж байхад Э шүүх рүү авч явсан 50 сая төгрөгийг алдчихлаа гэж ярьсны дараахан “Эрүүгийн цагдаагийн газраас ярьж байна. Э их хэмжээний мөнгө алдсан байна. Та яаралтай СБД-ийн Цагдаагийн хэлтэс дээр ир, таныг шүүх хурлтайг бид мэдэж байна, бид шүүх рүү мэдэгдсэн” гэж худал хэлж цагдаагийн хэлтэс дээр авчраад, очиход намайг дуудсан хүн нь мэдэгдэхгүй байсаар би хурлаасаа хоцорсон юм.” Өмгөөлөгчөөс таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдснийг сонссон ба биеийн эрүүл мэндийн байдал муудаж СБД-ийн 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 8а тоот өөрийн гэртээ хэд хоног эмчилгээ хийлгэсэн. Иймд миний гомдлыг хүлээн авч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж цагаатгаж өгнө үү..." гэжээ.

Шүүгдэгч У.Бын өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо: “...У.Быг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн нэр хүндийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Тус хэргийн хохирогч болох Ж.Б нь Цогзол гэгч хүнээр дамжуулан У.Бтай танилцаж, улмаар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт “хайгуулын лицензтэй газар байгаа” гэж хэлж, Өмнөговь аймгийн харъяат Эрдэнэбатаас 50 000 000 төгрөгийг өөрөө авсан. Мөн Ж.Бас 60 000 000 төгрөг авсан гэх боловч энэ эргэлзээтэй юм. Учир нь Эрдэнэбатын “...Ж.Б 50 000 000 төгрөг өгсөн. ...алттай газрыг хамгаалж байгаа хүмүүст мөнгө өгч, шороо авч гарч ирээд түүнийг угаах юм байна гэж ойлгосон...” гэжээ. Мөн гэрч Т.Н 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны цагаан сарын үеэр Б, Төрхүү хоёр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд алт гарч байна, тийшээ явж үзье, боломжтой бол орж шороо авч угаая” гэж байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа алт гарч буй газар орох боломжгүй байна. Хэдүүлээ орох гаргалгаануудыг судалъя, Б уурхайтай гэсэн. Тэр хүн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт алт гарч байгаа газарт оруулж магадгүй гэж байсан бөгөөд дараа нь Бтай уулзлаа тэрээр 100 000 000 төгрөг өгчих, ямар ч асуудалгүй оруулж өгнө, Б надад хэлсэн...” гэжээ. Дээрх мэдүүлгүүдээс харахад У.Б нь гэмт хэргийг үйлдэх талаар үйлдэх үйлдэл хийгээгүй болох нь харагдаж байгаа бөгөөд тус хэргийн хохирогч гэх Б, Төрхүү нар нь алттай газар луу орох санаачлагыг гаргаж, Сэлэнгийн Б гэх хүн “бүгдийг чадах” мэтээр өөр хоорондоо харилцан ярилцсан байгаа нь У.Бын гэм буруугүй гэдгийг харуулж байна. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогчдын гаргасан хүсэлтэд: “...уг 100 сая төгрөгийг У.Бын дансанд хийж, нэгдсэн журмаар зарцуулахаар тохирсон байсан юм... У.Б нь 20 сая төгрөг өөрөөсөө гаргасан нь мэдэгдэхгүй байсан. 2016 оны 3 сарын сүүлээр бидний төлөвлөсөн ажил бүтээгүй тул бусдаас зээлсэн мөнгөө төлөх гэтэл цугларсан мөнгө дууссан гэж У.Б хэлсэн бөгөөд Эрдэнэбатад 26 сая төгрөг, Төрхүү нь 20 сая төгрөгийн өртэй байсанд бухимдаж Б анхнаасаа мөнгө гаргаагүй гэсэн хардлага төрж үл ойлгоцол үүссэн...” гэсэн хүсэлтийг Ж.Б, А.Т нар нь хэн нэгэн хүний оролцоогүйгээр өөрийн хүсэл сонирхлыг илэрхийлэн хуурч мэхэлсэн явдал болоогүй, хамтарч ажиллаж ихээхэн зардал гаргаж, зардлаа нэгтгэж ойлголцоогүйгээс төлбөр тооцооны асуудал үүссэн гэдгээ нотолсон. Мөн 2017 оны 5 сарын 17 өдрийн шүүхийн тогтоолд дурьдсан гэмт хэргийн сэдэлт, гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл одоог хүртэл тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал бий болж байна. Хавтас хэргийн 1 дүгээр талд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч О.О 4 дүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн материалыг хүлээн авахдаа ямар нэгэн хохирогчийн гомдлыг хүлээн аваагүй тогтоол үйлдсэн байдаг. 2017 оны 1 сарын 6-нд Эрүүгийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Б.Б нь ээдрээ төвөгтэй, их хэмжээний ажиллагаа бүхий хэрэг байх тул ажлын хэсэг томилсон байдаг ба ажлын хэсэгт ороогүй мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Баасанбат нь хохирогчийг тогтоосон байна. Гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна. Хохирогч Ж.Б, А.Т, гэрч Н, Э нар нь хэнээсээ мөнгө авсан эсэх, У.Б нь тэдний мөнгийг хэрхэн залилан авч, өөрийн нэрийг хэнд хэрхэн ашиглаж төөрөгдөлд оруулсан эсэх нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч У.Бын өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-ыг үйлдсэн гэх үйлдлийн тухайд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт байрлах Баянхошуу гэдэг газар байх алтны ашиглалтын талбайгаас алт ухах зөвшөөрөл холбогдох хүмүүсээс авч өгнө гэж бусдыг залилсан гэж шүүх үзсэн нь бусдыг залилан мэхлэхэд чиглээгүй, өөрөө санаачлан бусдын итгэлийг олоход чиглэсэн ямар нэгэн үйлдэл хйигээгүй бөгөөд хохирогчидтой хамтран ажиллах, хамтран ашиг олоход чиглэсэн хэлцлийн үндсэн үүссэн бөгөөд энэ зарчмын хүрээнд дуусгавар болсон байдаг атал ямар нэгэн нотлох баримтад үндэслэлгүйгээр илтэд хууль нэг талыг барьсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчсөн, буруу зүйлчилсэн үйлдэл болсон. Шүүх хохиролын хэмжээг тооцохдоо зөрүүтэй буюу шүүгдэгчид ашиггүй байдлаар тооцон зүйлчлэлийг илтэд хүндрүүлсэн байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д У.Баас 46 000 000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн атлаа уг хэсгийн 1-д “бусдад их хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохиролын хэмжээнд хүрээгүй байхад ялыг үйлдэлд хүндрүүлэн зүйлчилсэн үйлдэл болжээ. Энэ Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд илтэд нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч У.Бын өмгөөлөгч С.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс бодит байдлыг нуун дарагдуулж, төөрөгдүүлсэн шинжийг агуулсан гэж У.Бын үйлдлийг дүгнэсэн. Үүнээс харахад анх У.Бын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлууд гэдэгт гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал тогтоох ёстой байдаг. Болсон асуудлыг харахад  анх алт олборлох буюу хууль бусаар ашигт малтмал олборлох тухай сэдэлт яригддаг. Энэ нь У.Бын зүгээс биш. Энэ асуудал нь Эрдэнэбат, Н, хохирогч нарын мэдүүлгээс маш тодорхой харагдаж байгаа. Мөн хохирлын асуудалд талууд мөнгө оруулж хамтарч ажиллахаар болоод У.Бын хувьд өөрөө “бэлэн уурхай байна. Тийм учраас тэнд намайг таньдаг хүмүүс байгаа бол би энэ асуудалд туслах бололцоотой” гэдэг ойлголт төрсөн. Тэр ойлголтыг хохирогч, гэрч нарын зүгээс эхлээд ойлголт өгсний үндсэн дээр У.Б тэр саналыг хүлээж аваад бодит газар нь очиж үзэхэд тэнд нь уурхай байгаагүй. Өөрөөр хэлбэл тэнд ямар нэгэн уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явагдаагүй. Үүнээс үүдээд асуудал маргаантай болсон. 24 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 25, 26-ны өдөр буцааж өгсөн байдаг. Тэгэхээр буцааж өгсөн мөнгөний асуудал дээр 39.000.000 төгрөгийн асуудал яригдаж, Н энэ хэрэгт гэрчээр оролцоод, өөрөө Эрдэнэбатаас зээл авахдаа өөрийн зүгээс баталгаа болж ярьж байсан тэр хэлсэн үгнийхээ дагуу эрсдлээ хариуцаад Эрдэнэбатын зээлийг Нын зүгээс төлж дууссан гэж сонссон. Тийм учраас гэмт хэргийн бүрэлдэхүүний асуудлыг авч үзнэ үү. Мөн Э, Н нарын мэдүүлэг дээр илүү ач холбогдол өгөөд цагаатгах нотлох баримтад дүгнэлт хийнэ үү. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг төсөөтэй хэрэглэх асуудлыг хуульчилж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл У.Быг анхнаасаа сэдэлт, зорилго бий болгоод залилан мэхэлсэн байдлаар шийдвэрлэсэн. Нын төлсөн 15 000 000 төгрөгийн асуудал яаж яригдаж байна вэ. Мөн талууд хоорондоо эвлэрээд гэрээ нь авагдсан. Энэ тал дээр анхан шатны шүүх ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл яллах болон цагаатгах талын бүх нотлох баримтууд дээр шүүх дүгнэлтээ хийх ёстой. Ийм учраас өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв. 

Прокурор Б.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. У.Бын өмгөөлөгчөөс 46.000.000 төгрөгийг хохирол тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэсэн. Шүүх гэм буруутайд тооцохдоо нийтдээ 70.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн байна гэдэг байдлаар гэм буруутайд тооцоод 46.000.000 хохирол төлөх хохирлын хэмжээ гэж зааснаас биш гэм буруутайд 46.000.000 төгрөг гэж тооцоогүй. Хэрэгт ач холбогдол бүхий 20.000.000 төгрөгийн дансыг үнэлээгүй гэсэн. Энэ данс нь У.Б, Э нарын хамтран эзэмшдэг данс юм. Энэ тухайн хүмүүсээс мөнгө залилж авсан гэх үйлдлийг шалгаж байхад он сар өдөртэй нь нь давхцаад дансанд 20.000.000 төгрөг орсон байдаг. Үүнийг яагаад үнэлээгүй вэ гэхээр энэ 20.000.000 төгрөг хувь хүний данснаас хувь хүн өөрөө зарцуулсан болохоос эдгээр хүмүүсийн хамтран ажиллаж байгаа үйлдэлд нь нэг ч төгрөг гаргаагүй. Тийм учраас энэ 20.000.000 төгрөгийг хамтран ажиллах явцад бий болгосон, зориулсан мөнгө биш гэж дүгнээд үнэлээгүй. Өмгөөлөгч С.Батболд бодит байдлыг нуун дарагдуулаагүй нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэсэн. Бодит байдлыг нуун дарагдуулаагүй байдлыг нуун дарагдуулаагүй эсрэг гэдэг нь У.Бын хувьд 100.000.000 төгрөг өг, яаж уурхайг ажиллуулах нь та нарт хамаагүй гэсэн байдлаар мөнгөө шаардсан. 60.000.000, 20.000.000 төгрөг орсон. Хэрэгт авагдсан баримтаар Дорноговь аймагт очоод буцаж ирэхдээ бодит байдлыг нуун дарагдуулсан уу, зорилго нь юу вэ гэдэг байдлаар Дорноговь аймагт уурхайтай холбоотой зөвшөөрөл өгөх болон засаг дарга гэх зэрэг бүх хүмүүсийг байцаахдаа У.Б гэх хүнийг сонсож байсан. Нэг удаа уулзаж байснаас биш уурхайны талаар нэг ч зүйл ярьж байгаагүй. Үүгээрээ хохирогч нарыг төөрөгдүүлж байна. Мөнгийг нь авсан уурхай руу оруулна гэж ярьж байгаа боловч энэ үйлдлийг хэрэгжүүлэх талаар нэг ч үйлдэл хийгээгүй, нэг ч төгрөг зарцуулаагүй учраас бодит байдлыг нуун дарагдуулсан гэж үзсэн. Сэдэлт, зорилгын хувьд мөнгийг нь авъя гэсэн болохоос биш уурхайд мөнгийг нь оруулаад хувь авъя гэсэн сэдэлт байгаагүй, шууд залилан мэхлэх гэмт хэргийн сэдэлт зорилго байгаа гэж үзэж байна.

Анх У.Б, Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг буцаахдаа давтан үйлдэл байна, яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхой заагаагүй байна, Эын үйлдэл оролцоо байгаа эсэх талаар нарийвчлан шалга гэсэн 3 заалттай. Яллах дүгнэлтийн цаг хугацааны асуудал засагдсан. У.Б, Э нарын хувьд шинэ хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор яллагдагчаар татаагүй. Өмнөх яллагдагчаар татсан тогтоолыг шинэ хуультай нийцүүлээд мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгоод, мөрдөгчөөс санал өгсний дагуу У.Быг татаад, Эд санал өгөөгүй. Үүнд У.Б “Эын хувьд оролцоо байхгүй, миний хий гэснийг хийсэн. Намайг утсаар ярихаар ярьдаг. Мөн шилжүүлэхээр шилжүүлдэг” гэж хэлсэн. Эын хувьд “би энэ хүмүүстэй уулзахад нь хамт байдаг. Энэ мөнгөний талаар мэдэхгүй, зарцуулалтыг нь У.Б мэднэ, ажлын талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэгт үндэслээд яллагдагчаар татаагүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Б, А.Т, шүүгдэгч түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Ц.Цэрэнням нарын гаргасан давж заалдах гомдлуудад тус тус дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд  заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачилгаар” урьдчилсан хэлэлцүүлэг хийж болохыг заасан байхад шүүх  яллагдагчийг шууд шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсаны эцэст хэргийг  эцэслэн шийдвэрлэжээ. 

Хохирогч А.Т, Ж.Б нар нь М Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон  тогтоолыг танилцуулаагүй гэж гомдол гаргаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтыг үзэхэд:

  Нийслэлийн прокурорын газрын прокурор  Б.Батжаргал нь яллагдагч  М Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгох   2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 309 дугаартай  “Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай”  тогтоол үйлдсэн байх боловч уг тогтоолоо хэргийн оролцогч  нарт  танилцуулалгүйгээр тогтоол гаргасан өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 9-ны өдөр 10 тоот  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11, 8.2 дугаар зүйлийн 1.6,1.8 дугаар зүйл буюу  хохирогч өмгөөлөгч нарын “ мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцаж, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах”, “шүүх,прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт хуульд зааснаар гомдол гаргах” эрхүүдийг эдлүүлэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14-т  “мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаар прокурорт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох эрхтэй” гэсэн байх бөгөөд прокурор “мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохдоо”  М.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийг заагаагүй байхаас гадна тогтоол ойлгомжгүй болжээ.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дах заалт буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул хохирогч Ж.Б, А.Т нарын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч У.Б болон түүний  өмгөөлөгч Ц.Цэрэнням, Т.Мөнхтуяа нарын гаргасан “У.Бын гэм буруугийн” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаа хэлэлцэхгүй орхиж, У.Бт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол У.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ