Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2022/00206

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 3 дугаар баг, Дэнжийн 2-17 тоотод оршин суух бүртгэлтэй, Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Чойбалсан сумын Хулстай 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, Сайханы 54 тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, банкны зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөгийг гаргуулах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:  

Нэхэмжлэгч А.******* /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.******* /цахимаар/

Хариуцагч З.******* /цахимаар/

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, банкны зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөгийг гаргуулах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.*******, түүний өмгөөлөгч М.******* нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие З.*******тэй 2008 онд танилцан гэр бүл болж, 2010.05.27-нд охин , 2013.07.10-нд хүү нарыг төрүүлсэн. З.******* нь сүүлийн 4 жил гэр бүлээс гадуурх харилцаатай болж, 2019 оны 06 сард Улаанбаатар хот руу ажилд орохоор явлаа гэж гэрээсээ явснаар тусдаа амьдрах болсон. Би 2015 онд ХААН банкнаас цалингийн зээл 3 000 000 төгрөг, аав *******ээр тэтгэврийн зээл 1 500 000 төгрөг авахуулан, нийт 4 500 000 төгрөгөөр Тоёота приус-11 маркийн машиныг *******гийн нэр дээр авч байсан. Энэ машинаа 2017 онд зарж, би цалингийн зээлээ нэмэгдүүлэн авч урьдчилгаа төлбөр болгон Тоёота акуа загварын машиныг зээлээр авсан. Энэ машиныг ******* барьж ...байгаад адуу мөргөж машиныг ашиглах боломжгүй болгон ...манай аавын хашаанд оруулж орхисон. ...Би уг машиныг авснаас хойш *******г гэрээсээ явах хүртэл зээлээ цалингаараа төлж байсан. 2018 оны 06 дугаар сард том хүү мориноос унаж хүндээр гэмтэн эмчилгээ хийлгэж, ХААН банк дахь цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрэн зээлээ хааж, Төрийн банкинд шилжүүлэн нэмж зээл аван хүүгээ дахин эмчлүүлсэн. Нэмж авсан зээл нь 1 сая гаран төгрөг л байсан. ...зээл өнөөдрийн байдлаар 9 299 571.61 төгрөг төлөгдөөгүй байгаа. Би энэ хүний өмнөөс л энэ бүх зээлийг хүүхдүүдийнхээ өмсөх, идэж уухыг хасан байж төлсөөр байна. Иймд машин авсан зээлийн үлдэгдлийг төлж хаах зорилгоор *******гээс 9 299 571.61 төгрөгийг гаргуулж, *******гийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарсан Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж, гэрлэлтийг цуцалж, охин , хүү нарыг эх миний асрамжид үлдээж, насанд хүртэл нь эцэг *******гээр тэжээн тэтгүүлж өгнө үү. Хамт амьдрах хугацаандаа банкнаас авсан зээл дээрээ нийт 11 удаа нэмж зээл авч байсан. Энэ цалингийн зээлийн үлдэгдэл 9 сая гаран төгрөгөөс 4 500 000 төгрөгийг нь төлөөд өгөөч гэж хүсэж байна. 9 299 571.61 төгрөгийг гаргуулах шаардлагаа 4 500 000 төгрөг болгон багасгаж байна...” гэв.

Хариуцагч З.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой *******тай 2008 онд гэрлэж, бидний дундаас охин , хүү нар төрсөн. Миний бие А.*******тай зан харьцааны хувьд таарамжгүй байснаас 2 жилийн өмнөөс тусдаа амьдарч ирсэн. А.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, , нарт тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөгөөс хүүхдүүдийн эмчилгээний зардалд хэрэглэсэн мөнгө 2 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хүү ий нэр дээр шилжүүлж өгөх боломжтой. Хэдийгээр уг зээл нь хамт амьдрах хугацаандаа авсан зээл хэдий ч нэхэмжлэгч А.*******, Төрийн банк хоёрын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүрэг байгаа юм. Энэ үүргээ нэхэмжлэгч гүйцэтгэж дуусаагүй атлаа зээлийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг сайн дураараа хүлээн зөвшөөрч, үлдэгдэл мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Энэ үүргээ биелүүлээгүй атлаа биелүүлсэн мэтээр нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... гэв.

Нэхэмжлэгч талаас Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүд, 000300918 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021.02.17-ны өдрийн 138/ЭТ2021/00083 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Төрийн банкны Дорнод салбарын 2021.06.14-ний өдрийн 43/297 дугаар албан бичиг, тус банктай 2018.11.23-ны өдөр байгуулсан 261700196557 дугаар Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.09.30-ны өдрийн 261700196557 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн хуулбар, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Зарлагын баримт, хүү гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд оношлуулсан Компьютерт томографи, хэвлийн хэт авиан оношилгооны баримтуудын хуулбар, 2012.01.30-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, 000065047 дугаар газрын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банктай байгуулсан 2016.03.25-ны өдрийн ЗГ201642594021 дугаар, 2016.10.21-ний өдрийн ЗГ201642811039 дугаар, 2017.02.13-ны өдрийн ЗГ201742942474 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-үүд, 2017.06.23-ны өдрийн ЗГ201743094483 дугаар Зээлийн болон Барьцааны гэрээ, 2018.01.29-ний өдрийн ЗГ/201843380098 дугаар Зээлийн гэрээ, БГХ201843380098 дугаар Барьцааны гэрээ, 2018.05.08-ны өдрийн ЗГ/201843585992 дугаар Зээлийн гэрээ, БГХ201843585992 дугаар Барьцааны гэрээ, 2018.07.27-ны өдрийн ЗГ/201843752696 дугаар Зээлийн гэрээ, БГХ201843752696 дугаар Барьцааны гэрээнүүдийн хуулбар зэрэг баримтуудыг,

хариуцагч талаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2021.06.29-ний өдрийн 853 дугаар тодорхойлолтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно. (хх 4-21, 27, 49-82 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.******* нь тус шүүхэд хариуцагч З.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, банкны зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөгийг гаргуулах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд банкны зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөг гаргуулах шаардлагаа багасган 4 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

Нэг. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч З.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн энэхүү шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргадаг. (хх 39 тал)

Гэрлэгчид нь 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 30 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан болох нь 0124285 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдож байна. (хх 1-2, 7, 39 тал)

Нэхэмжлэгч А.******* нь 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүү г төрүүлсэн байх бөгөөд хүүг 5 настай байхад хариуцагч З.*******тэй хамт амьдарч эхлэн, тэд хүү г З.*******гээр овоглон төрсний гэрчилгээг авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Мөн гэрлэгчдийн дундаас 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр охин , 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн 128, 0411140, 0000883918 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа тухай “Мянган жаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 8-12 тал)

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүй, хариуцагч З.******* нь бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх /хариуцагч тал үүнийг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй/ гэх мэт асуудлаас хамт амьдрах хүсэл сонирхолгүй болж 2019 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 14 тал)

Нэхэмжлэгч А.******* нь насанд хүрээгүй хүүхдүүд болох 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин , 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү нарыг өөрийн асрамжид авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах санал гаргасныг хариуцагч З.******* хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн тэднийг эхийнх нь асрамжид үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ...энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Эцэг эх нь насанд хүрээгүй ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно. 

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг З.*******д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.*******д тус тус даалгах нь зүйтэй.

Хоёр. Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах шаардлагын тухайд:

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнж 6 дугаар гудамжны 03 тоот хаягт байрлах 700 м2 талбай бүхий, Г-0614003135 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч З.******* бүртгэлтэй болох нь 000300918 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. (хх 13 тал)

Хариуцагч З.******* нь гэр бүлийн хэрэгцээний газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эс зөвшөөрч тайлбараа гаргаж байсан боловч шүүх хуралдааны шатанд уг газрыг хүү ий нэр дээр шилжүүлж өгөх санал гаргаж, үүнийг нэхэмжлэгч А.******* зөвшөөрч тайлбараа гаргасан болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид ...хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваах тухайгаа бие даан ...харилцан тохиролцож болно” гэж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж тус тус заасан.

Хуульд ийнхүү зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнж 6 дугаар гудамжны 03 тоот хаягт байрлах 700 м2 талбай бүхий, Г-0614003135 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хүү ий нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Банкны зээл 4 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч З.******* нь шүүх хуралдаанд энэ шаардлагаас 2 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2 000 000 төгрөгийг эс зөвшөөрч маргасан бөгөөд хариуцагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ “...зээлээр авсан зүйлс нэхэмжлэгчид байгаа. Нэхэмжлэгч А.******* болон Төрийн банк хоёрын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүрэг байгаа. Бусдын өмнө хүлээсэн үүргээ нэхэмжлэгч гүйцэтгэж дуусаагүй атлаа биелүүлсэн мэтээр хариуцагчаас нэхэмжлэх нь үндэслэлгүй...” гэж тайлбарладаг.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа:

1. ХААН банктай нэхэмжлэгч А.*******, хариуцагч З.******* нар “Зээлийн гэрээ” байгуулан 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4 400 000 төгрөгийг анх зээлэн авч, энэхүү зээл дээрээ:

-   2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 500 202,09 төгрөг,

-   2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 915 982,42 төгрөг,

-   2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1 910 601,31 төгрөг,

-   2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 100 000 төгрөг,

-   2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг,

-    2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус нэмж авч байсан нь (хх 54-82 тал),

2. Төрийн банктай нэхэмжлэгч А.******* нь “Барьцаат зээлийн гэрээ”-г 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулан 11 500 000 төгрөгийг зээлэн авч, уг зээлийн мөнгөнөөс Хаан банкнаас авсан зээлээ төлж дуусгасан болох нь тус тус тогтоогдож байна (хх 54-82 тал).

Мөн нэхэмжлэгч А.******* нь Хаан болон Төрийн банктай дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа өөрийн “ирээдүйд орж ирэх цалин”-гаа барьцаалан зээл авдаг байсан, үндсэн зээлдэгч учраас зээлийн эргэн төлөлтийг хариуцан төлдөг үйл баримтууд тогтоогдож байна. Хариуцагч эдгээр үйл баримтуудын талаар үгүйсгэж маргаагүй бөгөөд харин шүүх хуралдаанд “...хамт амьдрах хугацаандаа зээлийн төлөлтөөс 2 удаа л төлөлт хийж байсан...” гэж тайлбарлаж байна.

Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл нь нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 9 299 571,61 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь Төрийн банкны Дорнод салбарын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 43/297 дугаар албан бичгээр тогтоогдож байна. (хх 15 тал)

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д “Гэр бүлийн гишүүдийн хамтран олсон, эсхүл гэр бүлийн гишүүний хэн нэгний хүлээх үүргийн дагуу олсон ашиг орлогыг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь нотлогдсон бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болох...” талаар хуульчилсан.

Гэрлэгчид нь дээрх зээлүүдийг хамт амьдарч байх хугацаандаа авч, улмаар зээлийн мөнгийг гэр бүлийн хэрэгцээндээ ашигласан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна гэрлэгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаанд бусдад төлөх өрийн асуудал хамааралтай, хуваагдах хөрөнгө болдог тул банкны зээлийн төлбөрийг хариуцагч З.******* нь хамтран хариуцах үүрэгтэй болно. Энэ шаардлагын талаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Төрийн банкнаас авсан зээл нь нэхэмжлэгч А.*******гийн нэр дээр тус банкинд төлөгдөж байх тул хариуцагч З.*******гээс зээлийн төлбөрт 4 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч А.******* нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШЗ2021/01584 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн /хх 22 тал/ болохыг дурдаж мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.*******гээс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан Хэрлэн сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн ******* /*******/, ******* овогт *******ийн ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин /ЖЮ10252760/, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү /ЖЮ13271056/ нарыг эх А.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин , хүү нарыг 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ нь тус тус тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг З.*******гээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх А.*******д даалгасугай.

6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.7, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч З.*******гээс 4 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнж 6 дугаар гудамжны 03 тоот хаягт байрлах 700 м2 талбай бүхий, Г-0614003135 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хүү ий нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг З.*******д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.*******д тус тус даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА