Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2022/00018

 

 *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 138/ШШ2022/00206 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, банкны зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөгийг гаргуулах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа,  хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие *******тэй 2008 онд танилцан гэр бүл болж, 2010 оны 05 сарын 27-нд охин *******, 2013 оны 07 сарын 10-нд хүү ******* нарыг төрүүлсэн. З.Пүрэвсүрэн нь сүүлийн 4 жил гэр бүлээс гадуурх харилцаатай болж, 2019 оны 06 сард Улаанбаатар хот руу ажилд орохоор явлаа гэж гэрээсээ явснаар тусдаа амьдрах болсон. Би 2015 онд ХААН банкнаас цалингийн зээл 3 000 000 төгрөг, аав Алтангэрэлээр тэтгэврийн зээл 1 500 000 төгрөг авахуулан, нийт 4 500 000 төгрөгөөр Тоёота приус-11 маркийн машиныг Пүрэвсүрэнгийн нэр дээр авч байсан. Энэ машинаа 2017 онд зарж, би цалингийн зээлээ нэмэгдүүлэн авч урьдчилгаа төлбөр болгон Тоёота акуа загварын машиныг зээлээр авсан. Энэ машиныг Пүрэвсүрэн барьж ...байгаад адуу мөргөж машиныг ашиглах боломжгүй болгон ... манай аавын хашаанд оруулж орхисон. ... Би уг машиныг авснаас хойш Пүрэвсүрэнг гэрээсээ явах хүртэл зээлээ цалингаараа төлж байсан. 2018 оны 06 дугаар сард том хүү Тэмүүлэн мориноос унаж хүндээр гэмтэн эмчилгээ хийлгэж, ХААН банк дахь цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрэн зээлээ хааж, Төрийн банкинд шилжүүлэн нэмж зээл аван хүүгээ дахин эмчлүүлсэн. Нэмж авсан зээл нь 1 сая гаран төгрөг л байсан. ...зээл өнөөдрийн байдлаар 9 299 571.61 төгрөг төлөгдөөгүй байгаа. Би энэ хүний өмнөөс л энэ бүх зээлийг хүүхдүүдийнхээ өмсөх, идэж уухыг хасан байж төлсөөр байна. Иймд машин авсан зээлийн үлдэгдлийг төлж хаах зорилгоор Пүрэвсүрэнгээс 9 299 571.61 төгрөгийг гаргуулж, Пүрэвсүрэнгийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарсан Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж, гэрлэлтийг цуцалж, охин Намуунзул, хүү Тэлмүүн нарыг эх миний асрамжид үлдээж, насанд хүртэл нь эцэг Пүрэвсүрэнгээр тэжээн тэтгүүлж өгнө үү. Хамт амьдрах хугацаандаа банкнаас авсан зээл дээрээ нийт 11 удаа нэмж зээл авч байсан. Энэ цалингийн зээлийн үлдэгдэл 9 сая гаран төгрөгөөс 4 500 000 төгрөгийг нь төлөөд өгөөч гэж хүсэж байна. 9 299 571.61 төгрөгийг гаргуулах шаардлагаа 4 500 000 төгрөг болгон багасгаж байна. ...” гэжээ.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар хариу тайлбартаа: ... Миний бие Алтангэрэл овогтой Энхтуяатай 2008 онд гэрлэж, бидний дундаас охин Намуунзул, хүү Тэлмүүн нар төрсөн. Миний бие *******тай зан харьцааны хувьд таарамжгүй байснаас 2 жилийн өмнөөс тусдаа амьдарч ирсэн. *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, *******, ******* нарт тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөгөөс хүүхдүүдийн эмчилгээний зардалд хэрэглэсэн мөнгө 2 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хүү *******ий нэр дээр шилжүүлж өгөх боломжтой. Хэдийгээр уг зээл нь хамт амьдрах хугацаандаа авсан зээл хэдий ч нэхэмжлэгч *******, Төрийн банк хоёрын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүрэг байгаа юм. Энэ үүргээ нэхэмжлэгч гүйцэтгэж дуусаагүй атлаа зээлийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг сайн дураараа хүлээн зөвшөөрч, үлдэгдэл мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Энэ үүргээ биелүүлээгүй атлаа биелүүлсэн мэтээр нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ... гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Еншөөбүү овогт Загдсүрэнгийн Пүрэвсүрэн /*******/, Боржигон овогт Алтангэрэлийн Энхтуяа /*******/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин ******* /*******/, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ******* /*******/ нарыг эх *******гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү *******ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин *******, хүү ******* нарыг 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ нь тус тус тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг *******гээр сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх *******д даалгаж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.7, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 4 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнж 6 дугаар гудамжны 03 тоот хаягт байрлах 700 м2 талбай бүхий, Г-0614003135 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хүү *******ий нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг *******д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *******д тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: *******гийн нэхэмжилж буй 4 500 000 төгрөг нь Төрийн банк ******* нарын хооронд үйлдсэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд хамаарах зээлийн гэрээ байсан. Энэ гэрээний үүргийг ******* бүрэн барагдуулж дуусаагүй. Миний хувьд батлан даагчаар оролцож гэрээ байгуулсан. Хэдийгээр энэ гэрээ нь цалин барьцаалсан боловч анх авсан зээлийн зориулалт нь автомашин худалдан авах байсан. Энэ мөнгөөр худалдан авсан тээврийн хэрэгслийг ******* өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа. Нэгэнт зээл нь өөрийнх нь нэрээр, зээлийг зарцуулсан зүйл нь *******д байгаа болохоор энэ өр төлбөрөө Энхтуяа өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Би ч гэсэн гэр бүлийн хэрэгцээнд зарцуулахаар авсан банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг өөрөө хариуцан явж байгаа ба энэ мөнгийг Энхтуяагаас гаргуулна гээгүй. Хэн аль нь өөртөө байгаа асуудлаа өөрөө шийдэх хэрэгтэй. Хэрвээ надаар зээлээ төлүүлэх гэж байгаа бол машиныхаа тал мөнгийг надад өгөх ёстой. Тэгээд ч зээлийн гэрээний дагуу хүү бодогдож тооцсон үлдэгдлийг надад хамааруулж байгаа бол хэт үндэслэлгүй болно. Харин зээлээ төлөөд дууссан цагт өөрөөсөө илүү зардал гаргасан гэвэл хуваах бол өөр хэрэг, тэгээд ч эрэгтэй хүн яахаараа хохирч бүх зүйлийг эхнэрийн мэдэлд үлдээх ёстой юм. Би юу ч үгүй хоосон гэрээсээ хөөгдөөд явж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “... Цалингийн зээл маань яагаад 9,3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгааг би тодорхой тайлбарласан, шүүх хуралд уг тайлбар болон зээлийн зарцуулалтыг Пүрэвсүрэн бүрэн зөвшөөрч байсан. 9,3 сая төгрөгийн нэхэмжлэлээс хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулсан 2,5 сая төгрөгийг төлөхөө зөвшөөрсөн.

Биднийг хоёр жил хаяж яваад, энэ хугацаанд хоёр хүүхдийн хичээл, сургалтын зардлууд, идэх, уух хоол унд, өмсөх хувцсыг, үүний хажуугаар хүүхдүүдийн аятай тохитой амьдрах, дулаан байх бүх зардлыг ганц миний бие хариуцаж байсан.

Мөн хүүхдийн эм тариа эмчилгээг ч би хийлгэж ирсэн. Энэ хүн энэ бүхэнд гарах зардал мөнгийг огт тооцохгүй байна. 9,3 сая төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлээ 50 хувь багасгасан. Би алс хол аймгийн баруун захад очдог ажилтай учир Пүрэвсүрэнгийн мал мөргүүлээд хашаанд хаясан хөдлөхгүй машиныг 3,8 сая төгрөгөөр засварлуулж авсан. Засварын мөнгийг надад төлсөн бол зээлийн мөнгөнөөс төлүүлье гэхгүй байж болох байсан. Надад эвдрэлгүй машин өгчихсөн юм шиг тайлбарласныг зөвшөөрөхгүй. Машины эвдрэлийн мөнгөнөөс 2,0 сая төгрөгийг л зөвшөөрсөн. 2,5 сая төгрөг дээр нэмж авсан гэж үзнэ. Иймд гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, банкны зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөгийг гаргуулах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах” тухай хэд хэдэн шаардлага гаргасныг хариуцагч банкны зээлийн үлдэгдлийн зарим хэсгийг төлөхөөс татгалзаж маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн ба анхан шатны шүүх хуралдаан дээр банкны зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар,

хариуцагч ******* нь банкны зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөг гаргуулах шаардлагаас 2 500 000 төгрөгийг төлөх болон бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрч тус тус тайлбар гаргажээ.

1.Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин *******, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх *******гийн асрамжид үлдээж, тэднийг 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ нь тус тус тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг *******гээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон ба энэ талаар хариуцагч маргаагүй.

2.Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 6-3 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах шаардлагын тухайд:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан ... харилцан тохиролцож болно.”, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.” гэж тус тус заажээ.

Маргааны зүйл болж байгаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнж 6 дугаар гудамжны 03 тоот хаягт байрлах 700 м2 талбай бүхий, Г-0614003135 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь хариуцагч ******* байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь уг газрыг хүү *******ий нэр дээр шилжүүлж өгөх санал гаргасныг нэхэмжлэгч ******* зөвшөөрсөн тул дээрх газрыг хүү *******ий нэр дээр шилжүүлэхээр зохигчид харилцан тохиролцсон болохыг шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.  /хх-ийн 13 дахь тал/

3.Банкны зээлийн үлдэгдэл 9 299 571,61 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч *******тэй хамт амьдарч байх хугацаандаа ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл 9 299 571.61 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 500 000 төгрөг болгож багасгасан байх бөгөөд үүнээс хариуцагч нь 2 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг төлөхөөс татгалзаж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зохигчид нь хамт амьдарч байх хугацаандаа тухайлбал 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс   2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд ХААН банкнаас нийт 6 удаа нийт 11 826 785,82 төгрөгийн зээл авахад хариуцагч ******* хамтран зээлдэгчээр оролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. /хх-ийн 54-82 дахь тал/

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д “Гэр бүлийн гишүүдийн хамтран олсон, эсхүл гэр бүлийн гишүүний хэн нэгний хүлээх үүргийн дагуу олсон ашиг орлогыг гэр бүлийн хэрэгцээнд ашигласан нь нотлогдсон бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болох ...”-оор заажээ.

Гэрлэгчид нь /*******, ******* нар нь/ хамт амьдарч байхдаа ХААН банкнаас нийт 6 удаагийн зээл авсан болох нь ХААН банктай байгуулсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байх тул уг зээлийн гэрээнүүдийг үндэслэн үлдэгдэл зээлийн төлбөрөөс 4 500 000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4 500 000 төгрөгөөс 2,0 сая төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ “би зээлээр авсан машины зээлийн төлбөрийг төлж байгаа, *******гийн Төрийн банкнаас авсан зээл надад хамаагүй, би оролцоогүй.” гэж тайлбарлаж байгаа боловч аль банкнаас хэдэн онд, хичнээн төгрөгийн зээл авч машин худалдаж авсан болох, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******г 2019 оноос хойш тусдаа амьдарч байх хугацаанд “өөрөө бие даан 2 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хооллож ундлах, хувцаслах, өдөр тутмын хэрэгцээт зүйлийг хангахад тодорхой хэмжээний зардал гарч, амьдралаа арай ядан авч явж байна.” гэсэн тайлбар гаргадаг бөгөөд энэхүү тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Иймд хариуцагч *******гийн  “нэхэмжлэлийн шаардлагын ззарим хэсэг болох 4 500 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 138/ШШ2022/00206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                           

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ДОЛГОРМАА            

                    ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ