Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/02709

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/02709

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * өөрийн байр “Г Б” ХХК /РД: *, утасны дугаар: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо * тоотод оршин суух Б овогт Б Б /РД: *, утасны дугаар: */

 

4,652,231.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М

                                нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г Б нь Б овогтой Бтай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/462868****6961 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 2,500,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дууссан боловч Б.Б нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар картын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд, үндсэн төлбөр 2,532,103 төгрөг, хүү 1,23,083.25 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 514,183.50 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 357,861.41 төгрөг, шимтгэл 35,000 төгрөг, нийт 4,652,231.16 төгрөг байна. Б.Бгаас ЗГ/462868****6961 тоот гэрээний үүрэгт 4,652,231.16 төгрөгийг гаргуулж Г Бинд олгуулж өгнө үү.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б овогтой Б миний бие Г Бнаас 2,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий кредит карт эзэмшдэг байсан ба уг зээлээ төлөлгүй явсаар Г Бнаас шүүхэд 4,652,231.16 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дүнг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндсэн зээл дээрээ хүү алдангийн үндсэн зээлийн 50 хувийг төлж нийт 3,750,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэх гэсэн боловч Г Бны зүгээс боломжгүй гэсэн тул дараагийн шатны үйл ажиллагаанд шилжүүлэх хүсэлттэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,652,231.16 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч “Г Б” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-гээр 2,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24%, бэлэн мөнгөний гүйлгээний хүү жилийн 42%, зээлийн эрх хэтрүүлсний хүү сарын 2%, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1%, зээлийн эргэн төлөлтийг 15 өдрийн дотор төлөх, эргэн төлөх доод хэмжээ 10% байхаар тохирсон байна. Тухайн гэрээг байгуулсан эсэх асуудлаар талууд маргаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагджээ. 

 

Кредит картын гэрээ нь зээлдэгчийг тодорхой дүнгээр зээлийн эрх нээлгэн, өөрөө хүүгээ хянаж, шаардлагатай үедээ зээлийг /зээлийн эрх/ ашиглах боломжоор хангах, эргэн төлсөн хэмжээгээр зээлийн эрх нь нээгддэг, богино хугацааны санхүүгийн зээлжих эрхийг хангах бөгөөд бэлэн мөнгө авсны хүү нь гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн төлбөрийг бүрэн хэмжээгээр эргэн төлөх хүртэл хугацаанд, бэлэн бус гүйлгээний хүү нь гэрээнд заасан төлбөр эргэн төлөх өдрөөс эхлэн төлбөрийг бүрэн төлөх хүртэл хугацаанд тооцогдоно. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан төлбөр төлөх өдөр хүртэл бэлэн бус гүйлгээний дүнгээс хүү тооцохгүй бөгөөд тухайн өдөр төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд үлдсэн дүнгээс хүү төлөх, бэлэн гүйлгээгээр авсан зээлийн төлбөрийг тухайн өдрөөс төлөх өдөр хүртэл хугацаанд хүү төлөх үндсэн үүрэг хүлээж, уг үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй бол хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлага хүлээхээр тохиролцсон гэрээ байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээл, хүү, хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,689,113 төгрөг төлөх үүрэгтэй байснаас мөн өдөр 460,000 төгрөг төлж, зээлийн эрхээ нээснээс хойш 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 337,990 төгрөгийн зээл ашигласан байх ба үүнээс хойш гэрээний хугацаа дуусах хүртэл зарлагын гүйлгээ хийгдээгүй, нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн төлбөр огт төлөөгүй зээлийн үлдэгдэл төлбөр нь 2,619,664.99 төгрөг байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Иймд хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс зээлийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүү, хугацаа хэтэрсэний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тодорхойлсон нь үндэслэлтэй байна. Энэ хугацаанд бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүүд 1,160,521.26 төгрөг, хугацаа хэтэрсний хүү 514,183.5 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 357,861.41 төгрөг тооцогджээ. Хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөөгүй болохоо шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байх ба үндсэн зээл 2,500,000 төгрөг дээр хүү, алдангид үндсэн зээлийн 50 хувь болох 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг төлөхийг санал болгосон байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасны дагуу алдангийг хэрэглэхгүй. Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн хариуцлага нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн төлбөр, үндсэн хүү, хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 4,652,231.16 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.  

 

Хариуцагч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасныг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Бн Бгаас 4,652,231.16 төгрөг гаргуулж “Г Б” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,386 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 89,386 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА