Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00071

 

 

 

 

 

 

 

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02709 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 4 652 231,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- ХХК нь Б.Б-тай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 500 000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дууссан боловч Б.Б- нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар картын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд, үндсэн төлбөр 2 532 103 төгрөг, хүү 1 213 083,25 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 514 183,5 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 357 861,41 төгрөг, шимтгэл 35 000 төгрөг, нийт 4 652 231,16 төгрөг байх тул уг төлбөрийг хариуцагч Б.Б-гаас гаргуулж Г- ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г-наас 2 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий кредит карт эзэмшдэг байсан ба уг зээлээ төлөлгүй явсаар Г-наас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дүнг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндсэн зээл дээрээ хүү алдангийн үндсэн зээлийн 50 хувийг төлж нийт 3 750 000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэх гэсэн боловч Г-ны зүгээс боломжгүй гэсэн тул дараагийн шатны үйл ажиллагаанд шилжүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 4 652 231,16 төгрөг гаргуулж Г- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 386 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 89 386 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 1).Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг 4 652 231,16 төгрөгөөс 3 652 231,16 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 1 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн гаргасан гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4 652 231,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч Г- ХХК-тай байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй гэсэн бол хариуцагч үндсэн зээл болон түүний тавин хувьтай тэнцэх хүү, алдангийг зөвшөөрнө гэж тайлбарласан байна.

 

Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г- ХХК нь 2 500 000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картыг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42 хувиар ашиглуулах, хариуцагч Б.Б- нь кредит картад үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч Б.Б- нь 2 500 000 төгрөгийн эрхтэй кредит картыг эзэмшиж, ашигласан болох нь талуудын тайлбар, Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 29-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Г- ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Б-гаас шаардах эрхтэй.

 

Талуудын байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 3.5-д Зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэж, 3.6-д Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж тус тус заажээ. /хх-ийн 29-р тал/

Гэвч дээрх заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсгийн Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно ... гэж заасанд нийцээгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтад үндэслэн хугацаа хэтрүүлсний хүү 514 183,5 төгрөг, эрх хэтрүүлсний хүү гэх 357 861,41 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Түүнчлэн, талуудын байгуулсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч Г- ХХК нь гэрээний хугацааны хүүд 784 682,86 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 428 400,39 төгрөг, нийт 1 213 083 төгрөгийн хүү нэхэмжилсэн. /хх-ийн 9-12-р тал/

 

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Гэвч талууд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг гэрээнд тусгаагүй байх тул нэхэмжлэгч Г- ХХК нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна.

 

Дээрх байдлаар нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү нийт 1 300 445,3 төгрөгийг нэхэмжлэх эрх нэхэмжлэгч Г- ХХК-д үүсээгүй байх боловч хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, 3 652 231 төгрөгийг зөвшөөрнө гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Иймд хариуцагч Б.Б-гаас 3 652 231 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02709 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 451.1 ... гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 гэж нэмж, ... 4,652,231.16 төгрөг гаргуулж Г- ХХК-д олгосугай. гэснийг 3 652 231 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 ... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 гэж, ... хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 89,386 төгрөг гаргуулж ... гэснийг хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 73 385 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ