Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 216/МА2018/00024

 

   Б.Б-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00180 дугаар шийдвэртэй, Б.Б-ны нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох гэм хорын хохирол 2,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С-н гаргасан гомдлын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Миний бие эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сум явж автомашин оношлоод 2018 оны 05 дугаар сарын 15-нд 03 цагийн орчим ирсэн. Машинаасаа буухдаа автомашин оношилгооны Launch xp431 gh төхөөрөмжөө бусад багаж хэрэгслийн хамт гэртээ авч орох гээд машин дээрээ түр тавиад бусад багаж хэрэгслээ машинаас авах гэтэл арын суудал дээр охин унтсан байсан. Ингээд машин дотроос багаж хэрэгслээ аваад бид хоёр 2 хүүхдээ нэг нэгээр нь өргөөд машин дээрээ тавьсан Launch xp431 gh төхөөрөмжөө орхиж гэртээ орж амарсан байсан.

2018 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн орчим  бид Launch xp431 gh төхөөрөмжөө автомашин дээр тавиад орхисноо санаад авах гээд гартал  төхөөрөмж алга болсон байсан. Би эхнэр Б.Ц-н хамт ОСО констракшн ХХК-ийн камерыг шүүж үзэхэд 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 давхарын 8 тоотод суудаг Б.Э-н охин Х гэдэг хүүхэд манай автомашины оношилгооны төхөөрөмжийг аваад явсан бичлэг байсан. Бид тухайн үедээ Э.Х-г авсан гэж мэдээгүй, камер шүүж үзэж, зарлал нааж, хайсны эцэст олсон. Э.Х-н нь манай автомашины төхөөрөмжийг аваад аав Б.Э-д үзүүлсэн гэвч аав хэрэггүй юм байна гаргаж хая гэхээр нь хог дээр хаясан гэсэн, бид хогийн цэг дээр ажил хариуцсан хүмүүсээр заалган үзсэн боловч хог дээрээс манай автомашины оношилгооны төхөөрөмж олдоогүй, мөн оношилгооны төхөөрөмж байж болох эд зүйл шатсан гэх зүйл ч мөн олдоогүй болно.

Иймд эрх зүйн чадамжгүй Э.Х нь автомашины оношилгооны Launch xp431 gh төхөөрөмжийг авч 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан тул Э.Х аав Б.Э-с төхөөрөмжийн үнийг гэм хорын хохиролд нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2,160,000 төгрөг гэж алдаатай бичсэн бөгөөд үнэлгээний дүнгээр 2,150,000 төгрөг нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс миний охин Э.Х-г 2,160,000 төгрөгийн үнэ бүхий автомашины оношилгооны төхөөрөмжийг авснаар өөрт нь гэм хор учруулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст иргэн Б.Б-н гаргасан гомдол мэдээллийг шалгаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлснийг хяналтын прокурор Э.Нямбилэгт хүлээн аваад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3/37 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол үйлдсэн. Үүнээс үзэхэд миний охин Э.Халиун нь нэхэмжлэгч Б.Б-д  ямар гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол учруулсан болох нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлыг арилгуулах гол шаардлага нь насанд хүрээгүй буюу 7-14 насны эрх зүйн чадамжгүй иргэн гэм буруутай үйлдлээр бусдад гэм хор учруулсаны улмаас тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх асран хамгаалагч нь хариуцлага хүлээх үндэслэлтэй байхаар хуульчилсан. Гэтэл охин Э.Х нь тухайн төхөөрөмжийг авснаараа хэрэглэсэн, ашигласан зүйл байхгүй болох нь цагдаагийн байгууллагын ажиллагаагаар тогтоогдсон. Харин нэхэмжлэгч Б.Б-н хувьд өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж төхөөрөмжөө мартсан нь охин Э.Х-г санаатай үйлдлээр бусдад гэм хор учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Түүнчлэн тухайн төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байсан эсэх нь тодорхойгүй байхад үнэлгээ хийлгэх, гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд насанд хүрээгүй Э.Х-г Иргэний хуулийн 503 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан болох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-23/

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст Б.Б нь гомдол гаргаж шалгуулсан, түүнийг прокурор хянан үзээд гэмт хэргийн шинжгүй учир хэрэг бүртгэлт нээхээс татгалзсан. Үүнээс үзэхэд манай охин Э.Х нь гэм хор болон буруутай үйлдэл хийсэн нь тодорхойгүй байгаа гэж үзэж байна.Э.Х нь тус төхөөрөмжийг авснаар өөртөө ашигласан зүйл байхгүй болох нь цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д заасан үндэслэлгүй тул Б.Э-д холбогдох 2,150,000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 134/ШШ2018/00180 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ:

1. “Э.Х-ы автомашины оношлогооны Launch xp 431 gh төхөөрөмжийг авч явсан үйлдэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хууль бус үйлдэлд тооцогдохгүй” гэжээ. Автомашины оношлогооны төхөөрөмж бол хүүхдийн сонирхол татах зүйл биш, гэхдээ хэрэгт авагдсан бичлэгээс үзэхэд Э.Х цагаан автомашины дээрээс тус төхөөрөмжийг аваад доош сууж байгаад цааш явдаг. Энэ үйлдлээс харахад Э.Х уг төхөөрөмжийг аваад нууж юман доогуур тавьсан эсвэл цүнхэнд хийсэн гэж үзэж болохоор. Харин дараа нь уг төхөөрөмжийг гэртээ оруулж аав Б.Э-д үзүүлсэн зэрэг үйлдлээс үзэхэд Э.Х-ы үйлдлийг хууль бус үйлдэлд тооцогдохгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

2. “Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй гэсний дагуу энэ үүргийг хүлээсэн этгээдэд иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд Э.Х болон хариуцагч Б.Э нар хамаарахгүй” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Э.Х  нэхэмжлэгч Б.Б-ны мартаж гээгдүүлсэн “автомашины оношлогооны “Launch xp 431 gh төхөөрөмж”-ийг гэртээ оруулж хариуцагч Б.Э-д үзүүлсэн нь /хэний эд зүйл болохыг олж мэдэх бүрэн боломжтой/ Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан үүргийг Б.Э хүлээх хуулийн үндэслэлтэй, мөн шүүх энэ үүргийг хүлээсэн этгээд гэж Э.Х, Б.Э гэж тодорхойлсон атлаа эцэст нь уг үүрэг хамаарахгүй мэтээр тодорхойлсон хуульд нийцэхгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхээр байна.

Хариуцагч Б.Э нь автомашины оношлогооны Launch xp 431 gh төхөөрөмжийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсэн хэдий ч нэхэмжлэгч Б.Б-д буцааж өгөөгүй нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.2 дахь заалтыг зөрчиж нэхэмжлэгч Б.Б-д 2,150,000 төгрөгний хохирол учруулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б.Э-д  холбогдуулан гаргасан “гэм хорын хохирол 2,160,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

 Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь  “хэрэгт авагдсан бичлэгээс харахад  Э.Х төхөөрөмжийг нууж юман доогуур тавьсан, эсвэл цүнхэнд хийсэн гэж үзэж болохоор, дараа нь уг төхөөрөмжийг гэртээ оруулж аав Б.Э-д үзүүлсэн зэргээс үзэхэд Э.Х үйлдлийг хууль бус үйлдэлд тооцогдохгүй гэж үзэх үндэслэлгүй,

... Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан үүргийг Б.Э хүлээх хуулийн үндэслэлтэй, мөн шүүх энэ үүргийг хүлээсэн этгээд Э.Х, Б.Э гэж тодорхойлсон атлаа уг үүрэг хамаарахгүй мэтээр тодорхойлсон нь хуульд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхээр, хариуцагч Б.Э Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.2 дахь заалтыг зөрчиж нэхэмжлэгчид 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны  шүүх дүгнэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд :  

Нэхэмжлэгч Б.Б нь Дорноговь аймгийн Айраг сум явж автомашин оношлоод 2018 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн орчим гэртээ ирсэн гэх ба машинаасаа буухдаа автомашины оношилгооны “Launch-xp431 gx” төхөөрөмжөө машин дээрээ тавьж мартаад гэрлүүгээ орж амарсан, тэрээр мөн өдрийнхөө  11 цагийн орчим   машин дээрээ тавьж  орхисон төхөөрөмжөө санаж авах гэж  очиход нь уг төхөөрөмж нь алга болсон байсан,  “ОСО “ констракшн   ХХК-н камерыг шүүж үзэхэд нэг охин уг төхөөрөмжийг аваад явж байгаа дүрс харагдсан, энэ хүүхэд нь Сүмбэр сумын 3-р баг 1-1-13 тоотод байрлах Б.Э-н охин Э.Х байсан,

- хариуцагч Б.Э  охин Э.Х нь  уг төхөөрөмжийг гэртээ авч орсон, улмаар уг төхөөрөмжийг гэртээ хонуулсан, мөн нэхэмжлэгч тал орцныхоо үүдэнд төхөөрөмж алдсан талаар “зарлал” наасан гэх ба үүнийг нь хариуцагч тал харсан болохоо үгүйсгээгүй,

-цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байх явцдаа “Ашид билгүүн” ХХК-иар хохирлын үнэлгээ тогтоолгосон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Б.Б-н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Б.Э-н шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан CD, гэрч Б.Ц мэдүүлэг, Прокурорын тогтоол /хх-4/, Ашид билгүүн ХХК-н үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдож байх ба  энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн гомдлын дагуу Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байх явцдаа хохирлын үнэлгээг тогтоох зорилгоор  хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-иар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №ТХY-518/001  тоот  дүгнэлтийг гаргуулсан байх бөгөөд тухайн дүгнэлтэд “launch x431 gx-3” маркийн автомашин оношилгооны төхөөрөмжийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 2,150,000 төгрөг  гэж үнэлгээг гаргажээ. /хх-6-8/.

Хариуцагч нь  “Ашид билгүүн”  ХХК-ний үнэлгээний талаар ямар нэгэн санал хүсэлтийг шүүхэд гаргаагүй, уг үнэлгээг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд маргаан бүхий төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх  хангаагүй  байна. Энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч  Б.Б нь өөрийн эзэмшлийн  автомашин дээрээ өөрийн өмчлөлийн эд зүйл болох автомашин оношилгооны төхөөрөмжийг тавьсан байсныг Э.Х-н  авч буй  үйлдэл нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Э.Халиун нь 2006 оны 08 сарын 29-нд төрсөн, 12 настай болох нь хэрэгт авагдсан №0240242-119 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-47/-аар тогтоогдож байх ба тэрээр Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг,эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж заасан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар  Б.Э заасан, Б.Э нь Э.Х эцэг болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул тэрээр Э.Х бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4-т “эцэг,эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно” гэж заасан.

 Энэхүү хуульд заасан хамгаалалтыг хариуцагч Б.Э нь хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй,  өөрөөр хэлбэл, охин Э.Х бусдад гэм хор учруулсан нь эцэг, эхийн буруугаас болоогүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, эцэг, эхийн хувьд хүүхэд нь бусдын өмчлөлийн эд зүйлийг гэртээ авчирч байхад эзэн холбогдогчийг олж тогтоох, зохих газарт нь мэдэгдэх, эсвэл авсан газарт нь буцаан тавиулах  зэрэг арга хэмжээ аваагүй буруутай гэж үзэх үндэслэлтэй. 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар  нэхэмжлэгч буюу өмчлөгч Б.Б нь  өмчлөлийн зүйлээ  аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ба  уул эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, өөрөөр хэлбэл түүний  хэтэрхий болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас эд зүйл нь алдагдсан  гэж үзэхээр байна.

 Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1-д “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилж буй 2,150,000 төгрөгийн  50 хувийг  хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний хувьд “Ашигт билгүүн ХХК-н үнэлгээний дүгнэлтээр нэхэмжилсэн болохоо нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 2,150,000  төгрөгөөс 1,075,000  төгрөгийг  хариуцагч Б.Э-с  гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлын заримыг  хангаж,  анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Харин Б.Б гэгч нэхэмжлэл гаргасан байтал хариуцагч Б.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбар /хх-23/-таа  Б.Б гэж бичсэн байх бөгөөд үүнээс бусад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаантай холбоотой шүүхийн баримтууд болон шүүхээс гаргасан эрхийн актуудад нэхэмжлэгч Б.Б гэж тэмдэглэгдсэн  байх тул энэ хэргийн нэхэмжлэгч нь Б.Б байна. Энэ талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Б.Э-с 1,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,075,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            Шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 30350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д  олгосугай “гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар  нэхэмжлэгч Б.Б-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49350  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                               ШҮҮГЧИД                           О.ОДНЯМАА

                                                                                              Х.БАЙГАЛМАА