Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2018/00180

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Наранчимэг, шүүгч П.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Б.Э

Гэм хорын хохиролд 2,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, гэрч З.Ч, иргэдийн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ачмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сум явж автомашин оношлоод 2018 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 03 цагийн орчим ирсэн. Машинаасаа буухдаа автомашин оношилгооны Launchxp431 gh төхөөрөмжөө бусад багаж хэрэгслийн хамт гэртээ авч орох гээд машин дээрээ түр тавиад бусад багаж хэрэгслээ машинаас авах гэтэл арын суудал дээр охин унтсан байсан. Ингээд машин дотроос багаж хэрэгслээ аваад эхнэр бид хоёр 2 хүүхдээ нэг нэгээр нь өргөөд машин дээрээ тавьсан Launchxp431 gh төхөөрөмжөө орхиж гэртээ орж амарсан байсан.

2018 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн орчим эхнэр бид хоёр Launchxp431 gh төхөөрөмжөө автомашин дээр тавиад орхисноо санаад авах гээд гартал автомашин дээр байсан төхөөрөмж алга болсон байсан. Нэхэмжлэгч Б.Бадамчулуун миний бие нь эхнэр Б.Ц-н хамт ОСО констракшн ХХК-ийн камерыг шүүж үзэхэд 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 давхарын 8 тоотод суудаг Б.Э-н охин Х гэдэг хүүхэд манай автомашины оношилгооны төхөөрөмжийг аваад явсан бичлэг байсан. Бид тухайн үедээ Э.Х-г авсан гэж мэдээгүй, камер шүүж үзэж, зарлал нааж, хайсны эцэст олсон. Э.Х нь манай автомашины төхөөрөмжийг аваад аав Б.Э-д үзүүлсэн гэвч аав хэрэггүй юм байна гаргаж хая гэхээр нь хог дээр хаясан гэсэн. Бид хогийн цэг дээр ажил хариуцсан хүмүүсээр заалган үзсэн боловч хог дээрээс манай автомашины оношилгооны төхөөрөмж олдоогүй, мөн оношилгооны төхөөрөмж байж болох эд зүйл шатсан гэх зүйл ч мөн олдоогүй болно.

Иймд эрх зүйн чадамжгүй Э.Х нь автомашины оношилгооны Launch xp431 gh төхөөрөмжийг авч 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан тул Э.Х-н аав Б.Э-с төхөөрөмжийн үнийг гэм хорын хохиролд нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2,160,000 төгрөг гэж алдаатай бичсэн бөгөөд үнэлгээний дүнгээр 2,150,000 төгрөг нэхэмжилж байгаа болно гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс миний охин Э.Х-г 2,160,000 төгрөгийн үнэ бүхий автомашины оношилгооны төхөөрөмжийг авснаар өөрт нь гэм хор учруулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст Б.Б-н гаргасан гомдол мэдээллийг шалгаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлснийг хяналтын прокурор Э.Н хүлээн аваад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3/37 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол үйлдсэн. Үүнээс үзэхэд миний охин Э.Х нь нэхэмжлэгч Б.Б-д ямар гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол учруулсан болох нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлыг арилгуулах гол шаардлага нь насанд хүрээгүй буюу 7-14 насны эрх зүйн чадамжгүй иргэн гэм буруутай үйлдлээр бусдад гэм хор учруулсаны улмаас тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх асран хамгаалагч нь хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байхаар хуульчилсан. Гэтэл охин Э.Х нь тухайн төхөөрөмжийг авснаараа хэрэглэсэн, ашигласан зүйл байхгүй болох нь цагдаагийн байгууллагын ажиллагаагаар тогтоогдсон. Харин нэхэмжлэгч Б.Б-ы хувьд өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж төхөөрөмжөө мартсан нь охин Э.Х-г санаатай үйлдлээр бусдад гэм хор учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Түүнчлэн тухайн төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байсан эсэх нь тодорхойгүй байхад үнэлгээ хийлгэх, гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд насанд хүрээгүй Э.Х-г Иргэний хуулийн 503 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан болох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,160,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад техникийн алдаа гаргаж буруу бичсэн тул 2,150,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч тал охин Э.Х-г тус төхөөрөмжийг өөртөө ашигласан, хэрэглэсэн зүйл байхгүй болох нь цагдаагийн байгууллагын ажиллагаагаар тогтоогдсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д 7-14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна гэсэн бөгөөд 2006 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Э.Х нь иргэний эрх зүйн зарим чадамжтай байна.

Талууд автомашины оношилгооны Launch xp431 gh төхөөрөмж алдагдсан үйл баримтын талаар маргаагүй. Гэвч Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн б/37 дугаартай Прокурорын тогтоолд Э.Х нь автомашины оношилгооны Launch xp431 gh төхөөрөмжийг завшсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Э.Х автомашины оношилгооны Launch xp431 gh төхөөрөмжийг авч явсан үйлдэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хууль бус үйлдэлд тооцогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх эрхтэй гэсний дагуу энэ үүргийг хүлээсэн этгээдэд иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд Э.Х болон хариуцагч Б.Э нар хамаарахгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Б.Э-д холбогдох 2,150,000 төгрөг гаргуулах тухай Б.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,510 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д заасан үндэслэлгүй тул Б.Э-д холбогдох 2,150,000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ц.НАРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.НАРАНЧИМЭГ

                ШҮҮГЧ                     П.ЦОГЗОЛМАА