Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/02377

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 23 өдөр

    Дугаар 102/ШШ2021/02377

Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дугаар хороо, 0 хотхоны 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух Н.Х нэхэмжлэлтэй

 

Хариуцагч 0 дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 гудамжны 0 дугаар байрны 0 тоотод оршин суух А.Б

 

Хариуцагч 0 дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 гудамжны 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Ж.А нарт холбогдох 14.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад                      

  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч болон хариуцагч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, гэрч Б.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

         Нэхэмжлэгч Н.Х нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие найз залуу болох А.Б-тэй “Үнэгүй.мн” сайтаас зар харж байгаад “ “Ниссан жүк” загварын Япон улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн, улаан хүрэн өнгийн улсын дугаартай арлын дугаартай автомашиныг 15.000.000 төгрөгөөр зарна” гэсэн зарын дагуу Ж.А гэх хүнтэй 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр уулзсан бөгөөд хоорондоо ярилцаж тохиролцон 14.600.000 төгрөгөөр автомашиныг худалдан авахаар болсон.

        Ж.Агаас автомашин найдвартай, асуудалгүй биз дээ гэж удаа дараа асуухад “асуудалгүй, ажил эхлэхээр нотариат орж гэрээгээ хийе манай охины нэр дээр байдаг.Одоо автомашинаа аваад яв, мөнгийг миний “Хаан” банкны дугаартай дансанд хийгээрэй” гэж хэлсэн.

        Ингээд найз залуутайгаа ярьж байгаад Ж.Ад итгээд мөнгөө шилжүүлээд автомашинаа аваад явсан.

          Тухайн үед хөл хорио тогтоосон байсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хорио дуусах хүртэл автомашиныг унах боломжгүй байсан учир 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өглөө Ж.А, охин А.Б нартай Баянгол дүүргийн “Варетте”-гийн байранд байрладаг нотариат дээр уулзаад гэрээ байгуулсан.

Бид 2 автомашинаа унаад, бичиг баримтаа шилжүүлээд гадуур явсан.

Тухайн үед машин бага зэрэг доголдоод байсан. Яг юу нь болохгүй байгааг гайхаад хянах самбар руу харахад “анхааруулсан зогсох шаардлагатай” гэсэн улаан шар тэмдэглэгээ аль аль нь асаагүй.

Бид гайхаад “яах вэ” гэж ярилцаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Яргайт”-ын богины ам руу өгсүүр замаар явахад автомашин бүр зогсоод явахгүй байсан.

Ингээд Ж.А руу “энэ автомашин явахгүй, шатахуун их идээд байна. Юу нь болохгүй байгаа юм бол оо” гэж хэлэхэд “автомашин чинь зүгээр дээ. свечь солих хэрэгтэй байх, огт сольж байгаагүй юм” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би “автомашин засварын газарт автомашинаа үзүүлье тэгээд тан руу хариу хэлье” гэж хэлсэн. Автомашинаа үзүүлэхээр 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хэд хэдэн газраар орсон боловч мэдэх хүн олдохгүй байсан.

Ингээд “Эрч” авто засварын газарт очиж компьютер оношилгоонд ороход хурдны хайрцаг, кроп эвдэрсэн, хянах самбарын гэрлийг санаатайгаар унтраасан байна. Үүнийг заавал засварчин дээр очиж засуулаа. Машин худалдсан хүн чамд эвдэрхий автомашин өгсөн байна” гэж хэлсэн.

Энэ талаар Ж.Ад хэлээд машинаа буцаагаад мөнгөө авъя, уулзъя гэсэн боловч “уулзах шаардлагагүй, шүүх цагдаагаараа яв” гэж хэлсэн.

        Иймд шүүхэд 14.600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ хугацаанд машины эвдрэлийг засуулсан тул засварын зардал 4.065.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

        Машин эвдэрсэн үед мөнгөгүй байсан учраас өөрийнхөө нэр дээр зээл авч, засварын мөнгийг төлсөн баримтаа хэрэгт өгсөн.

        Бид автомашиныг унаж үзээд авахдаа хариуцагчийн гэрийн ойролцоо засмал замаар хэсэгхэн газар унаж үзээд авсан. Түүнээс өгсүүр газар яваагүй боломж ч байгаагүй, гэжээ.

       

        Хариуцагч болон хариуцагч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би эвдрэлгүй машин өгсөн. Эд нарт би унаж үзүүлээд, найз залуу нь бас унаж үзээд авсан. 14.000.000 төгрөгөөр зарсан. Миний охин А.Бгийн машин мөн. Гэртээ нялх хүүхдүүдээ харж байгаа тул одооохондоо машины хэрэггүй гэж хэлээд зарсан.

         Надад машин чинь явахгүй болохгүй байна гэж хэлсэн. Би зүгээр машин өгсөн гэдгээ хэлсэн. Свечэ солиход болно. Өөр эвдрэл гэмтэлгүй машин тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

        Нэхэмжлэгч Н.Х, хариуцагч А.Б, Ж.А нарт холбогдуулан 14.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

        Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

       

        Талуудын тайлбараас үзэхэд, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн, нэхэмжлэгч Н.Х, хариуцагч А.Бгийн өмчлөлийн 00000 улсын дугаартай, арлын дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад орж ирсэн, улаан хүрэн өнгийн “Juke“ суудлын автомашиныг 14.600.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

          Дээрх нөхцөл байдлыг үндэслэн талуудын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн  254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй.

 

           Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид суудлын автомашиныг худалдан авсан, өгсөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч “Суудлын автомашиныг 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр худалдан аваад, улс орон даяар коронавирусын халдварын тохиолдол илэрч хөл хорио тогтоогоод цуцлагдсаны дараа зуслан руу явахад замд хүч нь сулраад өгсүүр газар явахгүй, хянах самбарт улаан гэрэл асахгүй болохоор нь буцаж  ирээд, нилээд олон засварын газраар орж, “Эрч” сервист машиныг оношлуулахад кроп эвдэрсэн, хянах самбарыг задалж, нэг гэрлийг нь асдаггүй болгосон байна гэж хэлсэн. Машины гэмтлийг ингэж оношлуулж мэдсэн. Ж.Ад энэ талаар утсаар ярьж мэдэгдсэн”,

 

         Хариуцагч Ж.А “Машин худалдсан. Унаж үзээд, шалгаад авсан. 2018 онд орж ирээд, монголд явж байсан машиныг охин А.Бдаа худалдаж авч өгөөд, гэртээ бага насны хүүхдээ харж байгаа учраас зарсан. Эвдрэл гэмтэлгүй машин өгсөн” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасанчлан нэхэмжлэгч Н.Х автомашины үнэ 14.600.000 төгрөгийг хариуцагчийн “Хаан” банкны 000000000 дугаарын дансанд 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж,

 

         Харин хариуцагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, “Эрч” сервис оношлогооны газрын “Ажлын хуудас”, дүрс бичлэгт хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Сод” ХХК-ийн “Juke”-0000 суудлын автомашины засвар 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл баталгаат хугацаа 1 сар, засварын төлбөр 4.065.000 төгрөг гэсэн Зарлагын баримт, нэхэмжлэгчийн “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга,

       

         Гэрч А.Бн “Машиныг худалдан авахад би байсан, унаж үзсэн. Эвдрэл гэмтлийг тухайн үед мэдээгүй. Оношлуулж мэдсэн. Өгсүүр газар гарахгүй, ухарч тэгшхэн газраар явсан. Оношлуулахад хянах самбарыг задалж нэг гэрлийг асахгүй болгосон учраас гэмтэл гарахад улаан гэрэл асахгүй, кроп эвдэрсэн гэснийг засуулсан” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарт нотлох баримтаа өөрөө цуглуулах, бүрдүүлэх, нотлох эрхийг шүүх олгосон боловч хэрэгжүүлээгүй, эрхийн доголдолгүй эд хөрөнгө өгсөн гэдгээ баримтаар нотлож чадаагүй, гэрээг хариуцагч Ж.А байгуулсан боловч энэ талаар автомашины өмчлөгч, хариуцагч А.Б маргахгүй байх тул хариуцагч Ж.Ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Бгаас засварын зардал 4.065.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

          Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 14.600.000 төгрөг гаргуулах, өгсөн авснаа буцаах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 4.065.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг дурдах нь зүйтэй байна.

 

          Түүнчлэн мөн хуулийн 245 дугаар зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч доголдолтой холбоотой шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.400 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 4.065.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 79.990 төгрөг, улсын орлогоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 150.410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн         

           115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Бгаас 4.065.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Хд олгож, хариуцагч Ж.Ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.400 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 79.990 төгрөг, улсын орлогоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 150.410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА