Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01705

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/02377 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Х-ын нэхэмжлэлтэй хариуцагч А.Б, Ж.А нарт холбогдуулан гаргасан худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардал 4 065 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ж.А-с Ниссан жүк загварын хххх-УБҮ улсын дугаартай автомашиныг 14 600 000 төгрөгөөр худалдаж авсан. Ж.А нь уг автомашин нь манай охины нэр дээр байгаа, ажил эхлэхээр нотариат орж гэрээ хийе, мөнгөө миний ХААН банкны ******** тоот дансанд хийгээрэй гэсний дагуу мөнгөө шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ж.А болон түүний охин А.Б нартай уулзаж гэрээ байгуулан бичиг баримтаа шилжүүлсэн. Тухайн үед автомашин бага зэрэг доголдож байсан хянах самбар руу харахад анхааруулах тэмдэглэгээ асаагүй.

2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Яргайт-ын богины ам руу өгсүүр замаар явахад автомашин зогсоод огт явахгүй болохоор нь Ж.А руу залгаж энэ талаар мэдэгдэхэд тээврийн хэрэгсэл зүгээр, свечь солих хэрэгтэй огт сольж байгаагүй гэж хэлсэн. Ингээд авто засварын газарт очиж автомашиныг оношлуулахад хурдны хайрцаг, кроп эвдэрсэн, хянах самбарын гэрлийг санаатайгаар унтраасан байна, чамд эвдэрхий автомашин өгсөн байна гэсэн. Хариуцагч Ж.Ад автомашинаа буцааж, мөнгөө авъя гэхэд тэрээр уулзах шаардлагагүй. гэсэн тул 14 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч уг автомашиныг засуулсан тул засварын зардал болох 4 065 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус автомашин нь миний охин А.Бгийн машин мөн. Гэртээ хүүхдээ харж байгаа учир автомашинаа хэрэглэхгүй гээд зарсан. Тухайн үед би уг автомашиныг унаж үзүүлэн, Н.Х болон түүний найз залуу нь унаж үзээд худалдаж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс автомашин явахгүй байна гэхээр нь би эвдрэлгүй автомашин өгсөн свечэ солиход болно гэж хэлсэн. Би нэхэмжлэгчид эвдрэлгүй автомашин өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Бгаас 4 065 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Хд олгож, хариуцагч Ж.Ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 400 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 79 990 төгрөг, улсын орлогоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 150 410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг эвдэрхий буюу доголдолтой машин шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл бид өөрсдийн гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан автомашиныг худалдсан ба худалдах-худалдан авах гэрээг байгуулах үед нэхэмжлэгч болон түүний найз залуу н.Билгүүн нар нь автомашиныг хэд хэдэн удаа унаж шалгаж, үзээд аваад явсан байдаг.

Н.Х нь 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр автомашиныг 2 дахь удаагаа унаж шалгаж үзээд аваад явахдаа автомашины бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтэлгүй буюу чанар байдлын талаар харилцан тохиролцож хүлээлгэж өгсөн, хүлээж авсан талаар акт буюу хэлцэл байгуулсан. Мөн 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 3.1-д автомашин нь эвдрэл гэмтэлгүй буюу чанар байдлын талаар тусгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс автомашиныг анх хүлээлгэж өгөх үед чанар байдал, эвдрэл гэмтэлгүй талаар тусгасан хэлцэл-ийг гаргуулж хэрэгт хавсаргах хүсэлтийг шүүхээс хангасан боловч нэхэмжлэгч нь санаатайгаар шүүхэд гаргаж өгөхөөс татгалзсан. Гэтэл шүүх хариуцагчийг эрхийн доголдолгүй эд хөрөнгө өгсөн гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Түүнчлэн шүүх хуралдаанд гэрч н.Б нь автомашиныг унаж, шалгаж үзэж авсан талаар "санахгүй байна" гэж илт худал мэдүүлэг, мөн Эрч сервис оношлогооны газрын ажлын хуудас, С ХХК-ийн зарлагын баримт зэргийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүрс бичлэгт хийгдсэн үзлэгийн тэмдэглэлд хариуцагчийг биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэдгийг шууд нотлох нөхцөл байдал тогтоогдоогүй, харин цаг хугацааны хувьд автомашин нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн, автомашины эвдрэл нь худалдан авагчийн ашиглах явцад үүссэн байсан. Шүүх тухайн автомашинд учирсан гэмтэл буюу доголдол нь хэзээ юуны улмаас үүссэн, гэрээ байгуулах үед доголдолтой байсан эсэх, доголдлын талаар гэрээ байгуулах үед мэдэх боломжтой байсан эсэх зэрэг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоолгүйгээр хариуцагчийг үүргээ биелүүлээгүй, анхнаасаа доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч А.Б, Ж.А нарт холбогдуулан худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардалд 4 065 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...эвдрэлгүй автомашин хүлээлгэн өгсөн ... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч А.Б нь Ниссан Жук /Nissan Juke/ маркийн ********* тоот арлын дугаартай,  улсын дугаарт бүртгэгдсэн, улаан хүрэн өнгөтэй тээврийн хэрэгслэлийг худалдан авагчийн өмчлөлд холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэх, худалдан авагч Н.Х тээврийн хэрэгслийн үнэд 14 600 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-11/ Гэрээний дагуу худалдагч тал автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь гэрээний үнэ төлсөн үйл баримтад талууд маргаангүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...доголдолтой автомашин шилжүүлсэн, ...засварын зардалд 4 065 000 төгрөг төлсөн учир уг мөнгийг гаргуулна гэж тайлбарлан, шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөр огноолсон зарлагын баримтыг нотлох баримтаар гарган өгчээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь автомашиныг 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдан авсан, тэрээр мөн сарын 17-ны өдөр машин асахгүй байгаа талаар хариуцагчид мэдэгдэхэд сэвчэ сольчих гэсэн хариу хэлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Гэвч уг тайлбарыг үндэслэн хариуцагчийг доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй. Учир нь талууд хуучин автомашин худалдах-худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд худалдагчийн сонгосон тухайн автомашиныг түүний өмчлөлд шилжүүлэн өгснөөр худалдан авагчийн үндсэн үүрэг дуусгавар болсон байна.

Харин иргэний эрх зүйн итгэлцлийг хамгаалах зарчмыг үндэслэн дээрх тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч нь доголдолтой автомашин шилжүүлэн өгсөн гэж үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэйн гадна уг үйл баримтаа баримтаар нотлох үүргийг хүлээнэ.

Хэргийн 29 дэх талд авагдсан Зарлагын баримт нэртэй бичгийн баримтад кроп, кропны тос, ажлын хөлс, хянах нийт 4 065 000 төгрөг гэж бичигдсэн байгаа хэдий ч энэ хэмжээний зардал нэхэмжлэгчээс гаргаж, төлсөн гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотолж, нотлох баримтаа шүүхэд цуглуулж, бүрдүүлж өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаадлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, мөн нотолгооны үүргийн хуваарилалтын талаар буруу дүгнэлт хийсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Х-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/02377 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч А.Б, Ж.А нарт холбогдуулан гаргасан доголдлыг арилгахад гаргасан зардал 4 065 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД