Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 183/шш2021/03001

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/03001

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Л.О-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н-Д холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/05062 дугаар захирамжаар Л.О-с 46.244.935 төгрөгийг гаргуулж, Ф  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н  тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г  2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах 7/8 дугаар тогтоолоор миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2206017*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 54.7 м.кв орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 92.386.800 төгрөгийн 70 хувь болох 64.670.760 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагт албадан дуудлага худалдаа зохион байгуулах болохыг 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн. Н  тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г  2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дуудлага худалдаа явуулах тухай 7/8 дугаар тогтоол нь дараахь үндэслэлээр хууль бус юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Гэтэл Н-с үнэлгээ тогтоох ажиллагааг дахин хийлгүйгээр Б ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн барьцаа хөрөнгийг 92.386.800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэж үнэлгээ тогтоосноос 10 сарын дараа дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн, хууль бус дуудлага худалдаа болсон. Ийнхүү миний өмчлөлийн хөрөнгийг үнэгүйдүүлж өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулах хууль зүйн үр дагавар үүсээд байна. Миний зүгээс уг хууль бус тогтоолыг эс зөвшөөрч ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авахгүй гэсэн хариу ирүүлсэн учраас нэхэмжлэл гаргасан. Иймд Н-ын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/8 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 05062 дугаар шүүхийн шийдвэрээр Л.О-аас 46.244.935 төгрөгийг гаргуулж, Ф  ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 54.7 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290741 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч Л.О-т шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Л.О-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 54.7 м.кв орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20290741/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20290741/04 дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч Ф  ББСБ ХХК-иас хураагдсан хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/392 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Б  ХХК нь 92.386.800 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4/179/32403 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Л.О-т мэдэгдсэн. Төлбөр төлөгч Л.О дээрх үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00337 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 7*** дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Төлбөр авагч Ф  ББСБ ХХК-иас барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан бөгөөд дээрх үнэлгээ нь хүчин төгөлдөр байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, битүүмжилж, хураагдсан хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 90.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Иймд албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ф  ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Л.О  манай компаниас үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл авсан. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/05062 дугаар захирамжаар Л.О-аас 46.244.935 төгрөгийг гаргуулж, Ф  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Гэвч нэхэмжлэгч Л.О  Б  ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн барьцаа хөрөнгийг 92.386.800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй удаа дараа гомдол гаргаж байна. Энэ байдал нь манай компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.О  нь Н  холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас харахад Ф  ХХК Л.О-тай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй зээлсэн байх ба Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206017*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Л.О гэрээний хугацаанд 1.668.600 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүйгээс Ф  ХХК Л.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан өргөдлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад Л.О-аас зээлийн гэрээний үүрэг, тэмдэгтийн хураамжийн хамт 46.244.935,48 төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүх 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 183/ШЗ2020/0**** дугаар захирамжаар шийдвэрлэжээ.

 

Н дээрх шийдвэр, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2021/0*** дугаар захирамж, мөн өдрийн 480 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20290741 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н н 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 20290741/02 дугаар тогтоолоор Л.О-ын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 67-33 тоот орон сууцыг битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20290741/04 дугаар тогтоолоор орон сууцыг хурааж, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно, хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно... гэж зааснаар хөндлөнгийн Б  ХХК-ийг шинжээчээр томилж, тус компани үл хөдлөх эд хөрөнгийг 92.386.800 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.О Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д ...Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно... гэж заасныг зөрчсөн гэж, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тодруулбал хэргийн баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсний дараа төлбөр төлөгч Л.О-ын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 67-33 тоот орон сууцыг битүүмжилж, хурааж, улмаар ажиллагааны явцад талууд үнийн санал ирүүлээгүй, үнэлгээн дээр харилцан тохиролцоогүйгээс төлбөр авагч Ф  ББСБ ХХК шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилоход Б  ХХК орон сууцыг 92.386.800 төгрөгөөр үнэлсэн байх ба Л.О  дээрх үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Л.О-ын нэхэмжлэлтэй Н  холбогдох орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг тус шүүх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, 337 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Л.О хариуцагч н Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчсөн гэж маргаж байх боловч үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дотор үнэ ханшийн өөрчлөлт гарсан эсэх, түүнээс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзвэл шийдвэр гүйцэтгэгчид тэр талаар хүсэлт гаргасан эсэх, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг ирүүлээгүй, шаардлагаа баримтаар нотлоогүй байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн гэж үзэхээр байна.

 

Иймд тус газрын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/8 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Л.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 122 дугаар зүйлийн 122.5 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох тус газрын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/8 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Л.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Л.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН