Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00426

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00426

 

                                                                               

Л.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03001 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Оын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/05062 дугаар захирамжаар Л.Оаас 46,244,935 төгрөгийг гаргуулж Файнэншил трипл групп ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяагийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/8 дугаар тогтоолоор миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2206017337 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 54.7 м.кв орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 92,386,800 төгрөгийн 70 хувь болох 64,670,760 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдаа зохион байгуулахыг 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяагийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дуудлага худалдаа явуулах тухай 7/8 дугаар тогтоол нь дараахь үндэслэлээр хууль бус юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ тогтоох ажиллагааг дахин хийлгүйгээр Баян модот ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн барьцаа хөрөнгийг 92,386,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэж үнэлгээ тогтоосноос 10 сарын дараа дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн хууль бус дуудлага худалдаа болсон. Ийнхүү миний өмчлөлийн хөрөнгийг үнэгүйдүүлж өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулах хууль зүйн үр дагавар үүсээд байна. Миний зүгээс уг хууль бус тогтоолыг эс зөвшөөрч ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авахгүй гэсэн хариу ирүүлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/8 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус шүүхийн 2020 оны 04 дүгээр

сарын 13-ны өдрийн 5062 дугаар шийдвэрээр Л.Оаас 46,244,935 төгрөгийг гаргуулж Файнэншил трипл групп ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 54.7 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 20290741 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч Л.От шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Л.Оын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 67 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 54.7 м.кв орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20290741/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20290741/04 дугаар тогтоолоор хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч Файнэншил трипл групп ББСБ ХХК-аас хураагдсан хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8/392 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Баян модот ХХК нь 92,386,800 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4/179/32403 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Л.От мэдэгдсэн. Төлбөр төлөгч Л.О дээрх үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00337 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 700 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Төлбөр авагч Файнэншил трипл групп ББСБ ХХК-аас барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан бөгөөд дээрх үнэлгээ нь хүчин төгөлдөр байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, битүүмжилж хураагдсан хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 90,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Иймд албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдох тус газрын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/8 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Л.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Баян модот” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн барьцаа хөрөнгийг 92,386,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэж үнэлгээ тогтоосноос 10 сарын дараа дуудлага худалдаанд оруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн хууль бус дуудлага худалдаа болсон. 2021 оноос үл хөдлөх эд хөрөнгийн үнэ хэт өссөн нь нийтэд илэрхий байгаа бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 онд тогтоосон үнэлгээгээр, мөн Иргэний хуульд заасны дагуу үнэлэгдсэн үнийн дүнгийн 70 хувиар дуудлага худалдаанд оруулж байгаа нь Л.О миний Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж, миний өмчлөлийн хөрөнгийг үнэгүйдүүлж хохирол учруулж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

3. Л.О нь НШШГГт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, хд-67 дугаар байрны 33 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.   

 

4. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/05062 дугаар захирамжаар Л.Оаас 46,229,935 төгрөгийг гаргуулж “Файнэншил трипл групп ББСБ” ХХК-д олгуулах, хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, хд-67 дугаар байрны 33 тоот хоёр өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдснаас олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

4а. Тус шийдвэрийг биелүүлэхээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл өгч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20200741/02 дугаар тогтоолоор барьцааны хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20200741/04 дүгээр тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийн санал авах ажиллагаа явагдсан байна.

 

4б. Талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилж, 92,386,800 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон тухай мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлж, дээрх үнийн дүнгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг 64,670,760 төгрөгөөр тогтоосныг мэдэгдсэн байна.

 

5. Дуудлага худалдаагаар 90,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ. 

 

Шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр НШШГГт гомдол гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21/07/18 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.   

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талууд шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гарган анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болох ба нэхэмжлэгч нь энэ талаар шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргаж байсан нь хэргийн баримтаар нотлогдохгүй байх тул үнэлгээ тогтоосноос 10 сарын дараа дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн дуудлага худалдаа явагдсан үйл ажиллагаа хууль зөрчөөгүй тул “2020 онд

тогтоосон үнэлгээгээр ... үнийн дүнгийн 70 хувиар дуудлага худалдаанд оруулж ... байгаад гомдолтой байна” гэх үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/03001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч Л.Оын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Л.Оаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ДАВААДОРЖ

 

     ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                                             Д.БЯМБАСҮРЭН