Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 216/МА2018/00025

 

   Р.А нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00178 дугаар шийдвэртэй, Р.А-н нэхэмжлэлтэй Г аймгийн У хэлтэст холбогдох Г аймгийн У хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус хэлтсийн  архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай  иргэний хэргийг нэхэмжлэгч Р.А-н давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.А, түүний өмгөөлөгч С.Т, хариуцагч Э.У, түүний өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Миний биеийг Г аймгийн У хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хэлтсийн дотоод хяналт, шалгалтаар ажлын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн, өмнөх сахилгын шийтгэлээр өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэж ажлаас чөлөөлсөнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хууль тогтоомжийн дагуу биелүүлж ажилласан, ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байх бөгөөд энэ нь үр дүнгийн гэрээгээр тогтоогддог. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна. Миний бие төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ёстой байтал үр дүнгийн гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй. Намайг ажлаас халах болсон үндэслэл нь тус хэлтсийн даргын хувийн өс хонзонгийн сэдэлтэй холбоотой болно. Дотоод хяналт шалгалтаар үйлчлэгчид хяналт тавиагүй, цэвэрлэгээ үйлчилгээ хийлгээгүй гэсэн бөгөөд миний ажлын байрны тодорхойлолтод хяналт тавих үүрэг байдаг боловч үйлчлэгч ажлаа хийхгүй байгааг би удаа дараа хэлтсийн даргад хэлж мэдэгдэж байсан болно.

Иймд Г аймгийн У хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Улсын бүртгэлийн хэлтсийн  архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Г аймгийн У хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.А нь 2016 онд хуулийн этгээдийн хувийн хэрэг алга болгон дутаасан нь тогтоогдож, ажлын хариуцлага алдсан тул тус хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдриийн Б/07 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн байгууллагын үйлчилгээний стандартыг зөрчин үйлчилгээний танхимд тасгийн даргатайгаа маргалдсаны улмаас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1 дугаартай албан шаардлага авсан. Лавлагааны дугаарыг давхардуулан олгосон зөрчил гаргахад түүнд сахилгын шийтгэл ногдуулаагүй бөгөөд харин 2017 оны 09 дүгээр сард эд хөрөнгиийн эрхийн улсын бүртгэгчийн цоожтой шүүгээнд халдан хулгай хийж, ёс зүйн зөрчил гаргасан тул хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалаар дахин сахилгын шийтгэл хүлээсэн байдаг.

Г аймгийн У даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн баталсан “Улсын бүртгэлийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөх, санхүүгийн үйл ажиллагаанд хийх дотоод хяналт, шалгалтын удирдамж”-ийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр архивчийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг явуулсан бөгөөд шалгалтын илтгэх хуудсыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэний үндсэн дээр хууль, журмын дагуу шалгалтаар архивч Р.А нь ажлын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, өмнөх сахилгын шийтгэлээр өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар ажлаас халах шийдвэрийг хууль, журмын дагуу гаргасан болно. Түүний гаргасан зөрчлийг тодруулбал, иргэний баримтын хувийн хэргийн сангаас 16 хувийн хэргийг түүвэрлэж, 1-6 сарын бүртгэлтэй тулгаж шалгахад архивын хувийн хэрэгт огт баяжилт хийгдээгүй, тасгийн дарга, улсын бүртгэгч нарын нэг бүрчлэн шалган тогтоож, ангилсан 566 маягтыг журмын дагуу архивт байрлуулаагүй, өөр аймаг, нийслэлд явуулах маягтуудыг явуулаагүй, өрөөнд нь шалан дээр эмх замбараагүй байдалтай байсан, хадгаламжийн сангийн өрөө, лацны бүртгэл байхгүй, 1-6 сард огт бүртгэгдээгүй, хадгаламжийн нэгжийн баримтыг түр олгох үйл ажиллагаанд бүртгэл хөтлөгдөөгүй. Архивын хадгаламжийн сангийн өрөө тасалгааны чийг дулааны горимыг хэмжиж бүртгэл хөтлөн тогтмол хэлтсийн даргад танилцуулах ажил огт хийгдээгүй. Цэвэрлэгээ үйлчилгээний хуваарь батлуулсан боловч хяналт тавьж бүртгэл хөтлөөгүй. Үр дүнгийн гэрээний илтгэх хуудас хугацаанд нь өгөөгүй. Хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй. Ажлын цаг ашиглалт өглөө 7:30-д ирж ажлаа хийсэн гэх боловч 9:15 цагт өрөөндөө орсон нь камерын бичлэгт бичигдсэн байсан зөрчил дутагдлууд илэрсэн.

Манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Р.А-г ажлаас халсан болно.

Иймд нэхэмжлэгч Р.А-н тус хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г аймгийн У хэлтэст холбогдох тус хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, У хэлтсийн  архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай Р.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д  зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг, гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Р.А давж заалдах гомдолдоо:

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.01-ний өдрийн 134/ШШ2018/00178 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Р.А миний нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хайхрамжгүй хандсан, шүүх нэг талыг биш 2 талын аль алинд нь тэгш хандаж мэтгэлцэх боломжоор хангах төдийгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судлах ёстой гэж үздэг.

Р.А миний ажил албан тушаалын томилгоонууд, авагдаж байсан сахилгын арга хэмжээ үндэслэлтэй эсэхэд огт дүгнэлт хийгээгүй, Жишээ нь У хэлтсийн архивчийн албан тушаал нь Төрийн үйлчилгээний /ТҮ/ ангилалын албан тушаал, энэ албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгэнэ.

Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгүүлэх гэдэг асуудал яригдаж ажил олгогч ажилтан 2-ын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагддаг. Ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэсэн ойлголт яригддаг. Гэтэл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь илт хууль бус шийдлүүдийг дур мэдэн гаргасан байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хэлтсийн даргын шийтгэл ногдуулсан 2 тушаалд шүүгч ач холбогдол өгсөн болохоос нэхэмжлэгч миний эрх ашиг яаж зөрчигдөөд байгааг анхаарч үзсэнгүй.  Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь төрийн албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг 2016, 2017 онуудад “В” буюу сайн дүгнэсэн байхад шүүгч ноцтой зөрчил гаргасан нь нотлогдлоо гэж үзэж болохгүй гэж үзэж байна. Хэн нэг албан тушаалтан дур зоргоороо авирлаж, сэтгэл санааныхаа өөрчлөлтөөр ажилтныг хохироож, ажилтан, ажил  олгогч нарын хооронд үүсээд байгаа энэ асуудалд хууль журмыг өөрийнхөө дураар яаж л бол яаж хэрэгжүүлж болдог гэдгийг харуулж байгаа байдлыг шүүгч анхаарахгүй өнгөрч болохгүй биз дээ. Хэлтсийн дарга өөрийнхөө гаргасан ёс зүйгүй үйлдлийн золиос болгож байхад шүүх нь үнэн байдлыг тогтоож өгөхгүй байгаад гомдолтой байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Улсын бүртгэлийн даргын 2018.06.29-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар А намайг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хууль, дүрэм, гэрээний заалтуудыг баримтлахдаа 2016.10.03-ны өдрийн 03 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.3-г баримталсан байгаа нь шүүгчийн анхаарлыг татахгүй байна гэхэд харамсаж байна. Энэ гэрээнээс хойш би өөр ажил албан тушаал солигдож ажилласан байхад 2016 оны хөдөлмөрийн гэрээг үндэслэх нь зөв үү, хэдэн жилийн өмнөх гэрээг баримталсан бол 2017.07.19-ний өдөр ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г юу гэж ойлгох вэ. Ингэж дур зоргоороо аашилж учир замбараагүй байдал гаргадаг ажил олгогчийг шүүх өөгшүүлж болохгүй гэж үзэж байна.

Мөн архивчийн ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй ажлыг шаарддаг. Жишээ нь: үйчлэгчид хяналт тавих бүртгэл хөтлөөгүй, цэвэрлэгээний хуваарь гаргаагүй гэх мэт байдлаар дарамж үүсгэдэг. Архивын өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг хянах гээд байгаа юм бол байгууллагын дарга тэр хуваарь, хяналтын бүртгэлээ хөндлөнгийн хүнээр хянуулах нь зөв биз дээ. Гэтэл архивчаар цэвэрлэгчийн ажлыг хянуулах гээд байгаа юм уу, архивч өөрийгөө хянах гээд байгаа юм уу ийм байдлаар ажилтанд дарамт үүсгэж байсан. Мөн аймгаас хяналт шинжилгээ үнэлгээг манай байгууллагын архивт хийж алдаа гаргаагүй гэсэн байхад намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа дотоод хяналт шалгалтаар ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж буруутгасан зэргээс үзэхэд байгууллагын дарга архи ууж эмэгтэй ажилтнаа зодож ёс зүйгүй авир гаргаж, тэр бусармаг үйлдлийг нь зодуулсан ажилтан миний гар утсаар холбогдох цагдаагийн байгууллагад мэдээлсэнийг чи мэдэгдсэн биз дээ гэж намайг элдвээр гүтгэж, дарамталж эцэстээ ажилгүй болгож байгаа нь хэвийн үзэгдэл байж болохгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрх ашгийг үнэн шударгаар шийдүүлэх боломжийг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.А Г аймгийн У хэлтэст холбогдуулан тус хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн Б/09 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь ажил олгогч шийдвэрээ хууль, журмын дагуу гаргасан  тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.А нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Р.А нь  “ шүүх хэт нэг талыг барьж, хайхрамжгүй хандсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судлаж дүгнэлт хийгээгүй, ажил олгогч илт хууль бус шийдлүүдийг дур мэдэн гаргасан байхад анхаараагүй, нэхэмжлэгчийн эрх ашиг яаж зөрчигдөөд байгааг анхаарч үзээгүй, ажлаас чөлөөлсөн тушаалд  баримталсан 2016 оны хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэх нь зөв эсэх  зэргийг анхаараагүй”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны  шүүх дүгнэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч Р.А нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2010 оноос 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл иргэний бүртгэлийн тасгийн ажилтан, архивын гэрээт ажилтан, архивч, бичиг хэргийн эрхлэгч,  улсын бүртгэгч, архивчаар тус тус  томилогдон  ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар  гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх-5-8/

Үүнээс  үзэхэд:  нэхэмжлэгч Р.А нь 2011 оны 08 сарын 15-ны өдрөөс 2012 оны 10 сарын 23-н хүртэл, 2014 оны 08 сарын 01-ний өдрөөс  2016 оны 11 сарын 17-н хүртэл  архивчаар томилогдон ажиллаж байсан байх ба энэ хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “хөдөлмөрийн гэрээ байгуулсан”, энэ нь хэрэгт авагдсан байна. /хх-66/

Харин тэрээр  2016 оны 11 сарын 17-ны өдрөөс  2017 оны 07 сарын 19-н хүртэл улсын бүртгэгчээр (түр үүрэг гүйцэтгэгчээр) томилогдон ажиллаж байгаад 2017 оны 07 сарын 19-ны өдрөөс  “архивч”-н ажил, албан тушаалдаа  эргэж томилогдсон байх тул  өмнөх буюу 2016 оны  хөдөлмөрийн гэрээ хэвээр үргэлжилсэн гэж үзэхээр байна. 

 Хариуцагч буюу ажил олгогч нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Захиргааны Ерөнхий хуулийн 24, 25 26, 27, 29, 43 дугаар зүйл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2014 оны 1415 дугаартай тушаалаар батлагдсан ”Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь бүртгэлийн дүрэм”-н 4.2.3, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар хөдөлмөрийн гэрээний 5.3, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “даргын зөвлөлийн хурал”-ын тэмдэглэл  зэргийг тус тус үндэслэжээ.  /хх- 4/

Хариуцагч буюу ажил олгогч нь Б/09 тоот “ажлаас чөлөөлөх тухай” шийдвэр /тушаал/-тээ Р.А ... сахилгын шийтгэлтэй хугацаа дуусаагүй байх хугацаанд 2018 оны 06 сарын 28-ны өдрийн хэлтсийн дотоод хяналт, шалгалтаар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, өмнөх сахилгын шийтгэлээр өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэжээ.

Хариуцагч  тайлбартаа  нэхэмжлэгч Р.А нь хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/22 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах” тушаалаар тус тус сахилгын шийтгэл хүлээсэн, дээрх сахилгын шийтгэлтэй хугацаа дуусаагүй байх хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан гэж, 

мөн хариуцагчийн өмгөөлөгч нь энэхүү сахилгын зөрчлийг давтан гаргасанд тооцож буй үеийг  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сахилгын зөрчлийн арга хэмжээ авагдсан ба  уг шийтгэлтэй хугацаа дуусаагүй байхад дахин 2018 оны 06 сарын 28-нд зөрчил гаргасан тул давтан зөрчил гэж үзэж байгаа гэж тус тус тайлбарладаг.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр  ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор хуульчлан зохицуулсан.

Дээрх  хуулиар давтан зөрчил гаргах, ноцтой зөрчил гаргах гэж сахилгын өөр өөр зөрчлийг ялган заасан байна.

 Хариуцагч буюу ажил олгогчийн тайлбараас үзэхэд ажилтанг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн байна.

Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь Хөдөлмөрийн хууль болон тухайн  байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн шинжтэй байдаг.

Ийнхүү зөрчсөн явдал нь ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдлийн аль ч хэлбэрээр дамжин илэрч болох ба гагцхүү эдгээр зөрчлүүдийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн зааж, тухайн зөрчлүүд нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай.   

 Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд мөн хуульд заасан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гарган ногдуулна” гэж заасан ба үүнээс үзэхэд  сахилгын зөрчлийн тохиолдол бүрийг  хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасан байх шаардлагыг дээр дурдсан хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудад хуульчлан зохицуулсан  байна.  

 Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-66/-нээс үзэхэд ажил олгогч нь ажилтны гаргасан ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцох, ямар тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар талууд харилцан тохиролцож тусгасан болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос архивчийн ажлыг шалгасан тухай 2018 оны 06 сарын 28-ны өдрийн илтгэх хуудсанд /хх-34/ дурдагдсан зөрчлүүдийг ажилтан гаргасан байлаа ч энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заагдсан, уг зөрчлийг гаргасан тохиолдолд  ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах  эсэх  талаар талууд  харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тодорхойлсон байхыг хууль шаардаж  байна.

Түүнчлэн  хариуцагчийн төлөөлөгч тус хэлтэс нь дотооддоо хөдөлмөрийн дотоод журам батлаж мөрддөггүй, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас батласан “хөдөлмөрийн дотоод журам”-ыг  улсын бүртгэлийн газар, хэлтэс, орон нутгийн салбар, нэгжүүд бүгд дагаж мөрддөг хэмээн  тайлбарласан.

   Гэвч хэрэгт ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журам  огт авагдаагүй тул  хөдөлмөрийн дотоод журамд Р.А гаргасан гэх зөрчлийн талаар хэрхэн тусгагдсан, ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцох талаар талууд хэрхэн  тодорхойлсон зэрэгт   дүгнэлт өгөх боломжгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч Р.А 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасан зөрчлийг гаргасан, өөрөөр хэлбэл Р.Ариунаа нь 2017 оны 09 сарын 15-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш сахилгын шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй байх хугацаанд сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй. 

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дан ганц ажлын байрны тодорхойлолт /хх-68/-ыг үндэслэл болгон ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнээгүй.

Мөн хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт нь “танилцсан Д.Отгонбаяр” гэсэн нэр, гарын үсэгтэй байх тул нэхэмжлэгч Р.А байгуулсан ажлын байрны тодорхойлолт  мөн эсэхийг  анхаараагүй байна.

           Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Р.А байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацаа болон дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын мөнгөн дүнгийн хэмжээ зэргийг тодорхой заагаагүй байх боловч анхан шатны шүүх хуралдааны явцад тодруулахад тэрээр  2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс тооцно гэсэн  тайлбарыг гаргасан байна.

 

Тиймээс түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг  2018 оны 06 сарын 29-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 10 дугаар  сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тооцох нь хуульд нийцнэ.

 

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын мөнгөн дүнгийн хэмжээг тодорхой заагаагүй байх тул  нэхэмжлэгчийн  сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 000014575 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар / хх-5/-г үндэслэн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2018 оны 10 дугаар  сарын 01-ний өдрийг хүртэлх ажлын  63 өдрөөр тооцож олговорт  1 615 950   /нэг сая зургаан зуун арван таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг хариуцагч байгууллагаас  гаргуулах үндэслэлтэй.  /сүүлийн 3 сарын нийт  цалин 1,654,431төг : 3 сар= 551,477 төг : 21.5 х = 25650 төг ба энэ нь 1 өдрийн цалин, энэхүү  25650 төг х 63 хоног (ажилгүй байсан хугацаа ) = 1,615,950 төг болно/

 

 Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”,

Хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх  үүрэгтэй” гэсэн байдаг тул нэхэмжлэгч Р.А нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж  шийдвэрлэх хуульд нийцнэ гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.А-г  Г аймгийн У хэлтсийн архивчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж,

 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт болгон “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч байгууллагаас ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,615,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.А-д олгож, нэхэмжлэгч Р.А-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Г аймгийн У хэлтэст даалгасугай” гэж нэмж ,

 

           Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 дахь заалт болгон “ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 -д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 40805 төгрөгийг хариуцагч Г аймгийн У хэлтсээс гаргуулж улсын орлогод оруулсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг  тус тус оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг  5 гэж  тус тус өөрчилж,  энэхүү 4, 5 дахь заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ТЭГШСУУРЬ

                                          ШҮҮГЧИД                          О.ОДНЯМАА

                                                                                           Х.БАЙГАЛМАА