Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00528

 

 

Р.Ариунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00178 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2018/00025 дугаар магадлалтай,

Р.Ариунаагийн нэхэмжлэлтэй,

Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биеийг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хэлтсийн дотоод хяналт, шалгалтаар ажлын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн, өмнөх сахилгын шийтгэлээр өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнд гомдолтой байна. Миний бие төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ёстой байтал үр дүнгийн гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй. Дотоод хяналт шалгалтаар үйлчлэгчид хяналт тавиагүй, цэвэрлэгээ үйлчилгээ хийлгээгүй гэсэн бөгөөд миний ажлын байрны тодорхойлолтод хяналт тавих үүрэг байдаг боловч үйлчлэгч ажлаа хийхгүй байгааг би удаа дараа хэлтсийн даргад хэлж мэдэгдэж байсан болно. Иймд Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Улсын бүртгэлийн хэлтсийн архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.                                                  

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Ариунаа нь 2016 онд хуулийн этгээдийн хувийн хэрэг алга болгон дутаасан нь тогтоогдож, ажлын хариуцлага алдсан тул тус хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн байгууллагын үйлчилгээний стандартыг зөрчин үйлчилгээний танхимд тасгийн даргатайгаа маргалдсаны улмаас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1 дугаартай албан шаардлага авсан. Лавлагааны дугаарыг давхардуулан олгосон зөрчил гаргахад түүнд сахилгын шийтгэл ногдуулаагүй бөгөөд харин 2017 оны 09 дүгээр сард эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн цоожтой шүүгээнд халдан хулгай хийж, ёс зүйн зөрчил гаргасан тул хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалаар дахин сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр хууль, журмын дагуу шалгалтаар архивч Р.Ариунаа нь ажлын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, өмнөх сахилгын шийтгэлээр өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар ажлаас халах шийдвэрийг хууль, журмын дагуу гаргасан болно. Архивын хадгаламжийн сангийн өрөө тасалгааны чийг дулааны горимыг хэмжиж бүртгэл хөтлөн тогтмол хэлтсийн даргад танилцуулах ажил огт хийгдээгүй. Цэвэрлэгээ үйлчилгээний хуваарь батлуулсан боловч хяналт тавьж бүртгэл хөтлөөгүй. Үр дүнгийн гэрээний илтгэх хуудас хугацаанд нь өгөөгүй. Хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй. Ажлын цаг ашиглалт өглөө 7:30-д ирж ажлаа хийсэн гэх боловч 9:15 цагт өрөөндөө орсон нь камерын бичлэгт бичигдсэн байсан зөрчил дутагдлууд илэрсэн. Манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Р.Ариунааг ажлаас халсан болно. Иймд нэхэмжлэгч Р.Ариунаагийн тус хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00178 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох тус хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Улсын бүртгэлийн хэлтсийн архивчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай Р.Ариунаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг, гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2018/00025 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ариунааг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт болгон “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч байгууллагаас ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,615,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Ариунаад олгож, нэхэмжлэгч Р.Ариунаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж нэмж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 дахь заалт болгон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 -д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 40.805 төгрөгийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж улсын орлогод оруулсугай гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчилж, энэхүү 4, 5 дахь заалтуудыг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00178 дугаар шийдвэр, 2018 оны 12-р сарын 07-ны өдрийн 216/МА2018/00025 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

“Шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах” гэдэг нь тухайн шийдвэрийн зарим зүйл заалтыг өөрчилсөн ч уг шийдвэрийн үндсэн агуулга, өөрөөр хэлбэл “нэхэмжлэлийг хангасан”, эсвэл “эс хангасан” үндсэн агуулга шийдвэрт хэвээр хадгалагдаж үлдэхийг хэлнэ. Харин “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэлийг хангасан болгох” нь шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал биш, гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож байгаа явдал гэж үзэж байна. Ийм байтал Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” шийдвэрийг хүчингүй болгож, Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэхдээ ИХШХШ тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасныг удирдлага болголгүй мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон “анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан” болгосон нь “хууль буруу хэрэглэсэн” явдал тул Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 07 ны өдрийн 216/МА2018/00025 дугаар Магадлалыг ИХШХШ тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дах хэсгийн 176.2.3-т зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль үндэслэлтэй гарсан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШШ2018/00178 дугаар Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Ариунаагийн “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс эс зөвшөөрөхдөө “...сахилгын давтан зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргаж,  маргасан.

Ажил олгогч 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б/09 дугаар тушаал гаргаж, Д.Ариунааг архивчийн ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэл болгон,  “...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн,  өмнөх сахилгын шийтгэлээр өгөгдсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, алдаа зөрчил давтагдсан” гэжээ.

Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын  2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Д.Ариунаагийн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл /хэргийн 50 дугаар тал/ ногдуулсанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Харин нэхэмжлэгч  ажлаас халах тушаалд заасан зөрчил гаргасан эсэх, энэ нь сахилгын давтан зөрчилд хамаарах нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч  ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх учиртай.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах ба зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сахилгын зөрчилд хамаарах үйлдлийг нэрлэн заагаагүйгээс гадна  хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 1.615.950 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2.-т нийцсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг  хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2018/00025 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ