Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/03406

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/03406

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг   А Ү ХЗХ /РД:*, утасны дугаар:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо   тоотод оршин суух С овогт Г М /РД:  , утасны дугаар:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо   тоотод оршин суух Х овогт Д Н /РД: , утасны дугаар:  /

 

58,630,320 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.М

нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А Ү ХЗХ нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1909/07 тоот Зээлийн гэрээгээр Г.М, Д.Нт 31,500,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүгэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1909/07 тоот Барьцааны гэрээ-ээр Д.Нийн өмчлөлийн Ү-*дугаартай, Баянгол дүүрэг, 3 хороо,  тоот хаягт орших 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан байдаг. Дээрх Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар 25-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч тал зээлийн гэрээний 2 дугаар зүлйийн 2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэхгүй, зээл төлөлтийн гал дээр ямар нэг үр дүн гаргахгүй Хадгаламж зээлийн хоршоог хохироосоор байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрг 31,500,000 төгрөг, зээлийн хүүнд 22,608,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,521,720 төгрөг, нийт 58,630,320 төгрөгийн өр төлбөртэй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу 1909/07 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.М, Д.Н нараас нийт 48,630,320 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд 1909/07 тоот Барьцааны гэрээ-нд заасан Д.Нийн өмчлөлийн Ү-*дугаартай Баянгол дүүрэг * тоот хаягт орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: Гантулга овогтой М миний бие 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А Ү хадгаламж зээлийн хоршооноос 31,500,000 төгрөгийг сарын 2,8 хувьтай 6 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээл авах болсон шалтгаан бол миний танил ах Ц мөнгөний хэрэг гарлаа удахгүй эргээд төлнө гэж гуйгаад байхаар нь би байраа барьцаанд тавьж зээл авч, зээлийн үнийн дүнгээс 20,000,000 төгрөгийг өгсөн. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол өгч шалгуулж байгаа. Миний бие эхнэр Д.Н, 17 настай М.Б, 15 настай М.М, 13 настай М.Э нарын хамт Баянгол дүүрэг 3 дугаар хороо * тоотод оршин суудаг. Одоо би Гурвалжингийн гүүрний тэнд байрлах Хан худалдааны төвд лангуу түрээслэн барилгын материал борлуулж байгаа боловч Ковид-19 цар тахлын улмаас борлуулалт зогсонги байдал руу шилжсэн. Дээрх хувийн байдлыг маань харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 40,000,000 төгрөг байхаар эвлэрүүлж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хэлэх зүйл алга, зээл авсан нь үнэн, эргэн төлөлт хийгээгүй нь үнэн. Одоо хүүгээ багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Авсан зээлээ ямар ч байсан буцааж төлнө.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч А Ү ХЗХ нь хариуцагч Г.М, Д.Н нарт холбогдуулан 58,630,320 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1909/07 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч А Ү ХЗХ нь зээлдэгч Г.М, Д.Н нарт 31,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлэх, уг мөнгийг зээлдэгч нар сарын 2,8 хувийн хүүтэй хугацаанд нь буцааж төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулсан байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Нийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо *байршилтай 30м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна

 

Дээрх зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны /-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж заасантай нийцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Энэхүү зээлийн гэрээг байгуулагдсан талаар зохигч маргаагүй бөгөөд хариуцагч нь хүний гуйлтаар байраа барьцаалж зээл авч өгсөн боловч төлөөгүй, Ковид-19 цар тахлын улмаас эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагааны борлуулалт зогсож хүнд байдалд орсон хувийн байдлыг харгалзан үзэж зээлийн төлбөрийг багасгаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээгээр тогтоосон хугацаа, хуваарийн дагуу зээлдэгч нар төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ. Ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нар нь гэрээний 4.8-д зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 4.9-д Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хугацаа хэтэрсэн нийт төлбөр буюу зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүүгийн төлбөрийн нийлбэр дүнгээс Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу тооцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан хариуцлагыг хүлээхээр тохирчээ. Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Үүнийг зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл энэ зүйл, хэсэг нь зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн үүрэгт хамаарахгүй байна. Иймд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заажээ. Иймд үндсэн хүүгийн хэмжээг талууд тохиролцож тогтоодогтой адил хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож гэрээндээ заах нь хуульд нийцнэ. Талуудын байгуулсан гэрээнд хэтэрсэн хугацааны хүү-гийн хэмжээг тохиролцоогүй байх тул үндсэн хүүгийн хэмжээгээр тооцож хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 31,500,000 төгрөг, зээлийн гэрээний 6 сарын хугацаанд төлөгдвөл зохих хүү 5,248,504 төгрөг /2.8х 12 сар : 365 хоног х 181 хоног х 31,500,000 төгрөг : 100%/, нэмэгдүүлсэн хүү 4,521,720 төгрөг нийт 41,270,224 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 739 хоногийн хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүд 4,999,891 төгрөг /0.56х 12 сар : 365 хоног х 739 хоног х 36,748,504 төгрөг /үндсэн зээл + хүү/ : 100%/ төгрөг төлөх үүрэгтэй байгаа боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүд 4,521,720 төгрөг гаргуулах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлээс 17,360,096 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Талууд гэрээндээ жилийн хүүг 360 хоногоор тооцох талаар тохиролцоогүй байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батласан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 2.2-т заасны дагуу жилийн хүүг 365 хоногоор тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Зохигчид барьцааны гэрээний 2.3-д барьцаа хөрөнгөөс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар тохирсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С овогт Г М, Х овогт Д Н нараас 41,270,224 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А Ү ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 17,360,096 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Нийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо *байршилтай 30м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,302 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.М, Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 434,501 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А Ү ХЗХ-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА