Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00319

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03406 дугаар шийдвэртэй,

“А” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Г.М-, Д.Н- нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 58,630,320 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Г.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “А” ХЗХ нь Г.М-, Д.Н- нартай 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 31,500,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Д.Н-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205021193 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Төмөр зам гудамж, 71 байр, ... тоотхаягт орших 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар тал гэрээнд заасны дагуу биелүүлээгүй болно.

Иймд Г.М-, Д.Н- нараас үндсэн зээлийн төлбөр 31,500,000 төгрөг, зээлийн хүүд 22,608,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,521,720 төгрөг, нийт 58,630,320 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.М-ын татгалзал, тайлбарын агуулга: Г.М- миний бие 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “А” ХЗХ-оос 31,500,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан.

Танил ах н.Цэрэнмядаг мөнгөний хэрэг гарлаа, удахгүй эргээд төлнө гэж гуйсан учраас тус ХЗХ-оос орон сууцаа барьцаалан зээл авч, зээлийн үнийн дүнгээс 20,000,000 төгрөгийг түүнд өгсөн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулж байгаа.

Миний бие уг ... тооторон сууцад эхнэр Д.Н-, 17 настай М.Б, 15 настай М.М, 13 настай М.Э нарын хамт оршин суудаг.   

Одоо би гурвалжингийн гүүрний тэнд байрлах Хан худалдааны төвд лангуу түрээслэн барилгын материал борлуулж байгаа боловч Ковид-19 цар тахлын улмаас борлуулалт зогсонги байдал руу шилжсэн.

Дээрх хувийн байдлыг маань харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 40,000,000 төгрөг байхаар эвлэрүүлж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.Н-ийн татгалзал, тайлбарын агуулга: Зээл авсан нь үнэн, эргэн төлөлт хийгээгүй нь үнэн. Зээлийн хүүг багасгаж өгнө үү, авсан зээлээ ямар ч байсан буцааж төлнө гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-, Д.Н- нараас 41,270,224 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 17,360,096 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Н-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр зам гудамж 71 дүгээр байр 86 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205021193 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,302 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.М-, Д.Н- нараас улсын тэмдэгтийн хураамжид 434,501 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчаас 41,270,224 төгрөгийг гаргуулж, 17,360,096 төгрөгийн шаардлагыг гэрээ дуусгавар болсоноос хойш бодогдсон хүү гэж дүгнэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү үндсэн үүрэгт хамаарахгүй гэж буруу тайлбарласан.

Зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх бөгөөд энэ нь заавал гэрээ хэрэгжих хугацаанд төлбөл зохих хүүг хэлээгүй. Зээлийн гэрээний хугацаан дотор эргэн төлөлтийн хуваарь зөрчвөл нэмэгдүүлсэн хүү бодогдож болохыг хуулиар зохицуулсан.

Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү гэдгийг аль өнцгөөс харж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй, хугацаа хэтэрнэ гэдэг нь зээлийн гэрээ дуусгавар болоход зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдэхийг хэлнэ.

Мөн анхан шатны шүүх шийдвэртээ хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгадламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан, үүндсэн хүүгийн хэмжээг талууд тохиролцож тогтоодогтой адил, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тохиролцоогүй байна гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон үүргийг хариуцлага гэж өөрөөр сийрүүлэн тайлбарлаж хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т заасан тайлбараар бол зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дуусах хүртэл хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд анхан шатны шүүх хүчингүй болсон хуулийн хэм хэмжээг үндэслэж хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан болох нь харагдаж байна.

“А” ХЗХ-г мөнгө хүүлэгч аж ахуйн нэгж гэж харж боломооргүй байна. Учир нь тус хуулийн этгээд нь ашгийн төлөө бус зөвхөн гишүүдийнхээ төлөө үйлчилдэг байгууллага юм.

Энэ хуулийн этгээд нь банк болон банк бус санхүүгийн байгууллага шиг олон төрлийн үйл ажиллагаа явуулж ашиг мөнгө олдог аж ахуйн нэгж биш бөгөөд зөвхөн гишүүдийн мөнгөн хөрөнгийг хадгалах, гишүүддээ зээл гаргадаг хоёрхон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага.

Цар тахалын нөлөө иргэд, аж ахуй нэгж байгууллага бүгдийг ялгалгүй эдийн засгийн хувьд доройтуулж байгаа ба хадгаламж зээлийн хоршоо гишүүдийн мөнгөн хөрөнгийг хадгалах, хүү төлөх, анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гарган өгөх үүргээс чөлөөлөгдөөгүй гэдгийг аль аль талдаа анхаарах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 17,360,096 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: “А” ХЗХ-оос 31,500,000 төгрөгийг зээлсэн ба үүнээс 1,500,000 төгрөгийн шимтгэл авсан тул 30,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг өөрийн танил ах н.Цэрэнмядагт зээлдүүлсэн. Түүнээс хойш “А” ХЗХ-оос авсан зээлийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон боловч хүү төлөгдөөгүй байгаа нь үнэн.

Мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 удаа “А” ХЗХ-д очсон ба 2 удаад нь “А” ХЗХ-ийн ковид-19 тахалтай холбоотойгоор авах авлагын баримтуудыг хавсаргаж өгсөн. 3 дахь удаа уулзахдаа миний бие ажил эрхлээгүй 3 жил орчим хугацаа өнгөрч, манай эхнэр өндөр насны тэтгэвэрт гарсан тул энэ нөхцөл байдлаа хэлээд төлөлтийг н.Цэрэнямдагаас хүлээж байгаагаа хэлж, тайлбар бичиж өгсөн ба зээл одоог хүртэл төлөгдөөгүй байдалд хүрсэн.

Миний бие н.Цэрэнмядагтай уулзахад анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрийг төлнө, харин нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “А” ХЗХ нь хариуцагч Г.М-, Д.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58,630,320 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “А” ХЗХ нь Г.М-, Д.Н- нартай 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 31,500,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна. /хх8-15/,

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Зээлдүүлэгч “А” ХЗХ нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний 31,500,000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч Г.М-, Д.Н- нар нь уг зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй талаар талууд маргаагүй.

Иймд “А” ХЗХ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар Г.М-, Д.Н- нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийг 31,500,000 төгрөгөөр тогтоож, зээлийн хүү 5,248,504 /31,500,000 * 2,8% * 6 сар/ төгрөг, нийт 36,748,504 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан ба энэ хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйл 2 дахь хэсэгт зааснаар “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн талаар талууд тохиролцохдоо үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгах юм. Талуудын хооронд байгуулсан 2019 оны гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг нарийвчлан тохиролцоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Харин 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг 2019 оны зээлийн гэрээнд талууд тохиролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар буцаан хэрэглэхгүй болно.

 

Харин гэрээний 3.9-т зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувь гэж тохиролцсон уг тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 1,049,700 /5,248,504 × 20%/ төгрөгийг шаардах эрхтэй байх боловч анхан шатны шүүх 4,521,720 төгрөг тооцож тогтоосон шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх учиртай. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. “А” ХЗХ, Д.Н- нар 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Д.Н-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 3 хороо, Төмөр зам гудамж, 71 байр, ... тоотхаягт орших 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг “А” ХЗХ барьцаалсан, гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд “А” ХЗХ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА