Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/03514

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 21 өдөр

          Дугаар 102/ШШ2021/03514

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч 0 дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хотхоны 0 дугаар байрны 0 тоотод оршин суух  Б.Т нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн 3 дугаар гудамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Т 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу ББСБ ХХК-иас 30.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 1 жил 6 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн төлбөрийг санхүүгийн хүндрэлтэй байдалд орсны улмаас төлж чадахгүй явсаар уг асуудал шүүхэд шилжсэн.

           Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02366 дугаартай Шийдвэрээр Б.Төөс 112.748.000 төгрөгийг гаргуулж, ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу 112.748.000 төгрөгийг ББСБ ХХК-д төлж чадаагүй учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх шүүхийн шийдвэрт ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-000000000дугаартай, 0 дүүргийн 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0тоотод байрлах 30 метр квадрат талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болж, үнэлгээ хийлгүүлсэн.

Гэтэл дээрх байрыг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур буюу 126.930.000 төгрөгөөр үнэлж, худалдан борлуулах мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн.

Үнэлгээтэй холбоотой гомдол саналаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэхэд гомдлоо шүүхэд гарга гэсэн тул арга буюу шүүхэд хандсан.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц одоогийн зах зээлийн үнэлгээгээр 165.000.000 төгрөгийн үнэ хүрэх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үнэлэгдсэн үнэлгээгээр худалдвал хохиролтой байна.

Тухайн байр хотын “А” бүсэд байрладаг ба гадаад хүмүүс байруудыг түрээсэлдэг тул орон сууцыг 123.930.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

 

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

                                   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2366 дугаартай Шийдвэрээр Б.Төөс 112.748.000 төгрөг гаргуулж, ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 

Төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороолол, 5 дугаар хороо, 16 дугаар байрны 11 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй учраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилсон.

Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК орон сууцны зах зээлийн үнэлгээг 126.930.000 төгрөгөөр тогтоосон.

Дээрх дүгнэлтийг талуудад 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнээс 1 сарын дотор багагүй үнээр худалдан борлуулах хугацаа олгосон боловч нэхэмжлэгч үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэлийг хугацаа хэтрүүлэн гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,  гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцны үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02366 дугаартай Шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 202 дугаар зүйлийн 202 дугаар зүйлийн 201.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Төөс 112.748.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгохоор, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороолол, 5 дугаар хороо, 16 дугаар байрны 11 тоотод байрлах 2 өрөө, 30 метр квадрат талбайтай Улсын бүртгэлийн Ү-2202005319 дугаартай орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.  

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн эд хөрөнгө нэхэмжлэгч Б.Тийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож, талууд маргаагүй болно.

       

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийн үнэлгээний талаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд, хариуцагч маргаан бүхий хөдлөх хөрөнгөд доорх ажиллагааг явуулжээ.    

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02366 дугаартай Шийдвэрээр мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0151 дугаартай “Гүйцэтгэх хуудас”-ын хамт хүргэгдэж, тус байгууллага 224 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Мад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 21370182 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 21370182 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гарсан байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 21370182/7 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21370182/11 дугаартай “Тогтоол”-оор эд хөрөнгийг хураасан нь тогтоогдож байна.

         

Тэрээр хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх “Мэдэгдэл”-ийг хүргүүлэх ажиллагааг явуулсан нь бичгийн баримтаар тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна гэж үзлээ.

 

Дээрх “Мэдэгдэл”-ийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10/270 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол гарч, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж,

 

Эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 485 дугаартай дүгнэлтээ ирүүлж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төлбөр төлөгчид 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-224/20643 дугаартай Албан бичгээр Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороолол, 5 дугаар хороо, 16 дугаар байрны 11 тоотод байрлах 2 өрөө, 30 метр квадрат талбайтай Улсын бүртгэлийн Ү-2202005319 дугаартай орон сууцыг 126.930.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж, нэхэмжлэгч үнийн саналыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг баталсан баримт хэрэгт авагдаагүй мөн хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг “Монгол шуудан” ХХК-иар дамжуулан хүргүүлж, нэхэмжлэгч Б.Т 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр барьцааны үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээний талаарх 22 хуудас баримттай танилцан, гарын үсгээ зурж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ тус шүүхэд гаргаж дээрх хуулийн заалтыг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА