Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00410

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/03514 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч нь 2014 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн

гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг зээлж, уг зээлээ төлж чадаагүй тул М Ө Б ББСБ ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Б.Т өөс 112,748,000 төгрөгийг гаргуулж, М Ө Б ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай ... байрлах 30 метр квадрат талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болж, 126,930,000 төгрөгөөр үнэлж, худалдан борлуулах мэдэгдлийг 2021 оны 09 сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Уг орон сууц 165,000,000 төгрөгийн үнэ хүрэх тул 123,930,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2.      Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох ... орон сууцыг битүүмжлэн хурааж, талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй учраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, орон сууцны үнэлгээг 126,930,000 төгрөгөөр тогтоосон. Дээрх дүгнэлтийг талуудад 2021 оны 10 сарын 26-ны өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнээс 1 сарын дотор багагүй үнээр худалдан борлуулах хугацаа олгосон боловч нэхэмжлэгч үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ 2021 оны 11 сарын 18-ны өдөр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хугацаа хэтрүүлж гаргасан тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.      Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

4.      Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

а/.Эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий этгээд хийхээр хуульчлан журамласан. Энэ агуулгаараа сайн дурын үндсэнд хийсэн аливаа үнэлгээ хуулийн шаардлага хангахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрх бүхий этгээдээр үнэлгээ хийлгүүлсэн тул энэхүү үнэлгээг зүй ёсны эсэхийг гагцхүү шүүхээс томилсон үнэлгээ хийх эрх бүхий этгээд тогтоох ёстой. Гэтэл шүүх дахин үнэлгээ хийлгүүлэх, шинжээч томилуулах хүсэлтийг үл тоож, ...хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийх эрхгүй, нэхэмжлэгч талаас Ү-0 дугаартай орон сууцаа өөрөө үнэлж нотлох ёстой гэсэн шаардлага тавьсан нь хуулиар олгогдоогүй шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх шаардлагыг надад тавьсан гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлтийг гагцхүү шинжээч үгүйсгэх боломжтой.

б/.Хуулийн дагуу зайлшгүй шинжээч томилж, маргааныг шийдвэрлэх ёстой байсан. Шүүх нэхэмжлэгчээс хуулиар тогтоосон хэмжээнээс өндөр шаардлага буюу эрх бүхий шинжээчийн дүгнэлтийг бие даан үгүйсгээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5.      Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт техникийн болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулав.

 

3.   Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, ... хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 126,930,000 төгрөгөөр үнэлсэн Х Ү Т ХХК-ийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 485 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 19/

 

4.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02366 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Т өөс 113,469,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Ө Б ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 6-10/

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас 2021 оны 03 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 27/, нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг 2021 оны 08 сарын 30-ны өдөр битүүмжилж /хх 34, 35/, 2021 оны 09 сарын 30-ны өдөр хураан авсан /хх 36, 37/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.

Төлбөр төлөгч, өмчлөгч Б.Т т үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тухай баримт хэрэгт авагдсан. /хх 38-41/ Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Х Ү Т ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 42/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

Х Ү Т ХХК-ийн үнэлгээчин Г.Баярбаатар нь Сангийн Яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 66/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ. /хх 46-72/

 

5.   Орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч тал ...үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш хамгийн багадаа 165,000,000 төгрөг, орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн... гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6.   Хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч Б.Т т 2021 оны 10 сарын 26-ны өдөр мэдэгдсэн болох нь баталгаат шуудангийн дардас бүхий мэдэгдэл /хх 69/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 70, 71/ зэрэг баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.Т ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

7.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ...шүүх дахин үнэлгээ хийлгүүлэх шинжээч томилуулах хүсэлтийг үл тоомсорлосон... гэсэн агуулгыг дурдсан байх боловч ийнхүү шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хэргийн оролцогчоос гаргаагүй хүсэлтийг шүүх өөрийн санаачилгаар шийдвэрлэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч Б.Т ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1... гэж техникийн алдаа гаргасан, мөн хаанаас гаргасан ямар үнэлгээтэй холбоотой маргаан шийдвэрлэснийг тодорхой тусгаагүй байх тул холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/03514 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, ...  тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 126,930,000 төгрөгөөр үнэлсэн Х Ү Т ХХК-ийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 485 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7 дугаар зүйлийн 7.1.1... гэснийг ...7 дугаар зүйлийн 7.1.4... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР