Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03439

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03439

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Нэхэмжлэгч 0 аймаг, 0 сум, “У” багийн 0 тоотод байрлах  ХХК-ийн нэхэмжлэлтэй

              

            Хариуцагч 0 тоотод оршин суух, М.Ат холбогдох 1.870.200 төгрөг гаргуулах тухай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

        

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Манай компани, хариуцагч М.Атай зээлийн гэрээ байгуулж, 1.200.000 төгрөгийг зээлж авсан.

           Гэрээний хугацаа дуусаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.Аын “Iрhone-XS-Max” маркийн гар утсыг худалдан борлуулах гэсэн боловч уг утас хуурамч гар утас тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй болсон.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчтай удаа дараа утсаар холбогдох гэж оролдсон боловч утас нь холбогдохгүй, орох ярианы эрх нь хаагдсан байсан.

          Иймд гэрээ байгуулахад бүртгүүлсэн хаягаар Дархан-Уул аймгийн шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахад М.Аыг энэ хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

          Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийн оршин суудаг аймаг болох Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч М.Аыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргасан.

          2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр М.Аыг эрэн сурвалжилж, Баянгол дүүрэгт оршин суудаг болохыг тогтоосон.

          Хариуцагч ХХК-д хуурамч утас барьцаанд тавьж, зээлийн гэрээ байгуулсан нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

            Иймд хариуцагч М.Атай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 818 дугаартай “Зээлийн гэрээ”-г хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд, ХХК-д учруулсан 1.200.000 төгрөгийн хохирол, шуудангийн зардал 9280 төгрөг, эрэн сурвалжилсан 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Орхон аймгаас Улаанбаатар хот руу шүүх хуралдаанд оролцохоор 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирэхэд зарцуулсан зардалд 19.600 төгрөг, буцахад зарцуулсан зардалд 19.000 төгрөг, ПСР шинжилгээ өгсөн 25.000 төгрөг, түргэвчилсэн шинжилгээ 35.000 төгрөг, өмгөөлөлийн хөлсний 400.000 төгрөг нийт 1.778.080 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Мөн нэхэмжлэгч зээлийн хүү авахаасаа татгалзаж байна.

            Манай талаас утсанд наасан лацыг хөндөөгүй, цэнэглэгчийн оролт орох завсар гаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гар утасны лацыг хөндөөгүй байгаа зургийг баримтжуулж авсан байдаг.

            Утас солигдсон гэж хэлж байгаа нь үндэслэлгүй, гэжээ.

           

          Хариуцагч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу утсыг барьцаанд авахдаа үнэлж, шалгаж авах үүрэг ХХК-д байсан.

          Тухайн үед утсыг барьцаанд тавих гэж очиход нэхэмжлэгч цаг гаруй шалгаж, Улаанбаатар хотод байгаа хүн рүү залгаж утасны талаар асууж байж 1.200.000 төгрөгт хүрнэ гэж үнэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан.

          Гар утсыг хөрөнгийн үнэлгээний байгууллагад шинжилгээ хийлгэж явуулахаас өмнө гар утас лацтай байхад нэхэмжлэгч утсыг хуурамч утас байсныг яаж мэдсэн нь тодорхойгүй. Магадгүй утсыг шинжилгээнд явуулахдаа өөр утсаар сольсон байж мэднэ.

            Би “Iрhone-XS-Max” маркийн гар утсыг “Тэди” төвийн утасны лангуунаас авсан. Хуурамч утас худалдаж аваагүй. Ломбардад өгөхдөө хуурамч утас өгөөгүй.

            Миний утас холбогдохгүй байсан шалтгаан би ажлаа сольсон байсан болохоор утасны дугаараа сольсон.

            Барьцаанд утсыг авахдаа ягаан цаасан дээр миний нэрийг бичээд авч байсан. Шүүх хуралдаан болохоос өмнө утсан дээр үнийн цаасыг нааж туршиж үзэхэд солих боломжтой байсан.

            Нэхэмжлэгч жинхэнэ утас байсан бол нэхэмжлэл гаргахгүй гэж ярьж байгаа боловч шинжилгээнд утсыг өгөхдөө хуурамч утсаар сольсон гэж сэжиглэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ХХК, хариуцагч М.Ат холбогдуулан 1.870.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зөвшөөрөхгүй барьцаанд өгсөн гар утас хуурамч гар утас биш гэж маргаж байна.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэх судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч ХХК, хариуцагч М.Атай 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 000818 дугаартай “Барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ” байгуулж, 1.200.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаатай, 50.000 төгрөгийн хүү төлөхөөр, зээлийн барьцаанд хар саарал өнгөтэй, “Ipone-XS-MAХ” маркийн гар утсыг тавьсан болох нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

      

            Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэсэн 0000 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож,  2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга, ХХК оролцсон хяналт шалгалтыг үндэслэн гэрээг баталгаажуулсныг Нийслэлийн цагдаагийн газар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 30/180А дугаартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд “Тус компани барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах стандарт MNS-5274:2017 үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагын 8 дугаар зүйлийг хангасан байна” гэсэн Албан тоотыг үндэслэн нэхэмжлэгчийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хугацааг сунгасан нь тогтоогдож байна.

 

            Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, зээлийн 1.200.000 төгрөгийг өгсөн, авсан, буцааж төлөлт хийгээгүй талаар зохигчид маргаагүй харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны хар саарал өнгөтэй, “Ipone-XS-MAX” маркийн гар утсыг “хуурамч, хуурамч биш” гэж маргаж байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 491 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Шинжээч дүгнэлтэндээ “Албан ёсны “Apple” компанийн үйлдвэрт үйлдвэрлэсэн “Ipone-XS-MAX” маркийн гар утас биш байна. “Apple” компанийн үйлдвэрт үйлдвэрлэсэн “Ipone-XS-MAX” маркийн гар утсыг дуурайлгаж хийсэн хуурамч загварын гар утас байна. Хаана, хэдэн онд үйлдвэрлэгдсэн, ямар маркийн гар утас гэдгийг тодорхойлох боломжгүй” гэж дүгнэжээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үгүйсгэх үндэслэлээ баримтаар нотлон, цуглуулж өгөх үүрэгтэй ба тухайн гар утсыг Монгол улс дахь “Apple” компанийн албан ёсны борлуулалтын хаана байршилтай газраас авсан, дагалдан ирэх бичиг баримтуудыг хэрэгт өгөөгүй мөн нэхэмжлэгчийг гар утсыг сольсон гэх тайлбараа баримтаар няцааж чадахгүй байна.

 

           Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн барьцаа болгож тавьсан эд зүйлийг анхнаасаа хуурамч, хуурамч биш эсэхийг тодорхойлж, гэрээ байгуулаагүй ба 1.200.000 төгрөгийн зээлийн барьцаанд авч, мөнгийг хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар нотлогдож байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах эрхтэй.

 

            Тодруулбал, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “гэрээний үүргийг шаардахаар хариуцагчтай холбогдох гэхэд утас нь хаалттай холбогдохгүй байсан учраас эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан”, хариуцагч “миний утас холбогдохгүй байсан шалтгаан ажлаа сольсон болохоор утасны дугаараа сольсон, буцаж Эрдэнэт ороход хол байсан учраас явж чадаагүй” гэх тайлбараар нэхэмжлэгч дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, талуудын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

            Иймээс нэхэмжлэгч барьцаалан зээлдэх журмаар зээлийг олгож, хариуцагч төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан шаардлага 1.778.080 төгрөгнөөс 1.309.400 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс, PRC шинжилгээний хариу мөн баримтаар нотлогдоогүй унааны нэг талын зардал нийт 468.680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.873 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1.309.400 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 35.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон

ТОГТООХ  нь:

 

            1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ааас 1.309.400 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 468.680 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.873 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 35.900 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА