Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/03333

 

 

                                                  

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

         Дугаар 102/ШШ2021/03333

Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

         Нэхэмжлэгч 0 тоотод байрлах, ЕБСийн нэхэмжлэлтэй

 

 

 

Хариуцагч 0 тоотод оршин суух Н.Э-д холбогдох сургалтын төлбөр 17.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

      

 

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          

 

       Нэхэмжлэгч ЕБСь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

        ЕБС 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр суралцагч Б.Цийг ерөнхий боловсролын сургалтад хамруулах зорилгоор түүний эцэг, эхтэй гэрээ байгуулсан.

 

         Тус гэрээний дагуу нэхэмжлэгч тус сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу бүрэн дунд боловсрол олгох, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч байгууллагад сургалтын төлбөр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулагдсан.

 

         Б.Ц 2018-2019 оны хичээлийн жилд “”Үй цай сургуульд элсэн орж 1 дүгээр ангийн төлбөрийг бүрэн төлж, 2 дугаар ангийн төлбөр буюу 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөр 5.400.000 төгрөг, 3 дугаар ангийн төлбөр буюу 2020-2021 оны хичээлийн жилийн төлбөр 6.500.000 төгрөгийг төлөөгүй.

 

         Нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлж Б.Цд бага дунд боловсролыг 1-3 дугаар ангид олгож байсан.

 

         Хариуцагч үүргээ биелүүлээгүй, сургалтын төлбөрөө төлөөгүй гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “2-12 дугаар ангийн сурагчид сургалтын төлбөрөө 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна” гэж заасныг зөрчсөн.

 

          Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт “сургалтын болон бусад төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцно” гэж заасан.

 

          Үүний дагуу нэг өдрийн алданги 27.000 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу үндсэн төлбөр 11.900.000 төгрөгийг алдангийн хамт хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Б.Ц 1-3 анги хүртлээ ЕБСд сурсан.

 

         Бидний зүгээс Б.Ций сургалтын төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд хувийн хэргийг шилжүүлж өгөх боломжтой гэх байдлаар хариуцагч Н.Эрдэнэцэцэгт тайлбарласан боловч Н.Эрдэнэцэцэг Боловсролын яам болон зохих байгууллагуудад өргөдөл, гомдол гаргасан.

 

          Үүний дагуу тус байгууллагуудаас хүүхдийн суралцах эрхтэй холбоотойгоор Б.Ций хувийн хэргийг шилжүүлэх чиглэл өгсний дагуу бид хувийн хэргийг шилжүүлж, Б.Ц 4 дүгээр ангиасаа өөр сургуульд суралцсан.

 

          Иймээс Б.Ций 2-3 дугаар ангиудын сургалтын төлбөр алдангийн хамт 17.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

          Хавтас хэрэгт авагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “хичээлийн жилийн эцсийн эцэг эхийн хурлаар дараагийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, хугацаа, анги дэвшин суралцах шийдвэрийг танилцуулна. Шинэ хичээлийн жилд хичээлдээ сууж эхэлснээр суралцагч тус гэрээг анх байгуулсан хугацаагаар дахин сунгасанд тооцно” гэж заасан байдаг.

 

           Б.Ц 2, 3 дугаар ангийн хичээлийн жилд суусан нь хариуцагчийн тайлбар, нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлээ дэмжинэ, гэжээ.

 

 

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

        Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Б.Ций 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг ЕБСд бүрэн төлсөн.

 

        Харин Б.Ций 2 дугаар ангийн төлбөр 5.400.000 төгрөгийг танилцуулсантай бид маргахгүй боловч уг төлбөрт алданги тооцож байгаа нь үндэслэлгүй. Учир нь:

 

        Талуудын хооронд байгуулсан бичгийн гэрээ байхгүй алданги, анзыг бичгийн гэрээнд заасны дагуу тооцдог.

 

         Гэвч нэхэмжлэгч хугацаа дууссан гэрээний үүргийн гүйцэтгэлийн заалтыг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

 

         2020-2021 оны хичээлийн жилүүдэд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүх нийтээр шилжсэнтэй холбоотой бүх сургуулийн үйл ажиллагааг зогсоосон.

 

         Үүнээс үүдэлтэй сургуулийн үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд 9 дүгээр сард Б.Ц сургуульдаа сурах гэж очсон боловч оруулаагүй.

 

         Ингээд ээж болох Н.Эрдэнэцэцэг “Б.Ций сургалтын төлбөрийг 2-3 хувааж төлье” гэж сургуулийн сургалтын менежертэй уулзсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, төлбөрөө төл гэж шаардсаар байсан тул өөр сургууль руу шилжүүлэх хүсэлтээ хэлж Б.Ций хувийн хэргийг авах гэтэл өгөөгүйн улмаас хүүхэд 2020-2021 оны хичээлийн жилд хичээлд суугаагүй.

 

          Мөн 2020 оны 11 дүгээр сард бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монгол улс нийт сурагч нарт цахим хичээл явуулж байсан тул Н.Эрдэнэцэцэг төлбөрийн асуудлын учир олдох байх гэж найдаж байсан ч үр дүнд мөн хүрээгүй, хүүхэд цахим хичээлд ч сууж чадаагүй.

 

         Иймээс талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул ЕБСд 2020-2021 оны сургалтын төлбөр, алданги төлөхөөс татгалзаж байна.

 

         Нэхэмжлэгч юунд үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас цахим хичээлд шилжсэнтэй холбоотой цахим журналын аргачлал, цахим хичээлийн хөтөлбөрийг баталсны дагуу нэхэмжлэгч үүнтэй холбоотой нотлох баримтыг хавтас хэрэгт өгөөгүй байдаг.

 

          Коронавирустай тэмцэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, Монгол улс даяар даган мөрдөгдсөн.

 

          Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт зааснаар өмчийн хэлбэр үл харгалзан бүх сургалтын байгууллага төлбөрийг нэмэхгүй байх үүрэг өгсөн.

 

          Үүнтэй холбогдуулан 2021 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулиудад төлбөр нэмэхгүй байх чиглэл, үүргийг өгсөөр байтал нэхэмжлэгч сургалтын төлбөрөө 6.500.000 төгрөг болгож нэмж нэхэмжилсэн байна.

 

            Хүүхэд сурч боловсрох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, Б.Цийг сургалтын төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар хичээлд суулгадаггүй, өөр сургуульд шилжүүлж сургах гэхээр хувийн хэргийг барьцаалаад өгдөггүй гэх мэт хүүхдийн сурч боловсрох эрхэд ноцтой халдсан.

 

           Иймд 2019-2020 оны 2 дугаар ангийн суусан 2 дугаар хагас жилийн сургалтын төлбөр 2.700.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020-2021 оны хичээлийн жилийн 3 дугаар ангийн сургалтын төлбөр, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

         ЕБС  соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллага.

 

          Гэтэл “Үй цай” сургуулийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг ингэж тайлбарлаж буй нь харамсалтай байна.

 

          Үүрэг хуульд зааснаар эсвэл гэрээнд тохиролцсоноор үүсдэг ба тохирсон гэрээ дууссан.

 

         Тус сургууль Б.Ций эцэг, эхтэй байгуулсан сургалтын гэрээнд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт агуулагдаж байна.

 

          Өөрөөр хэлбэл “Үй цай” сургуулийн ажлын үр дүнг суралцагч нар хүлээн авч, үүний төлөө суралцагч нарын эцэг эх төлбөр төлдөг.

 

           Иймд Б.Ций 2 дугаар ангийн хагас жилийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөр, алданги, анзыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

           Мөн Б.Ц 3 дугаар ангийн хичээлийн жилд суугаагүй учир 2020-2021 оны хичээлийн жилийн төлбөрийг зөвшөөрөхгүй.

 

           Гэрээнд суралцагч тал төлбөрөө төлөөгүй бол гэрээг сургуулийн санаачлагчаар цуцлах талаар дурдсан байхад нэхэмжлэгч үүргээ хэрэгжүүлээгүй.

 

           Харин Б.Ций ээж Н.Эрдэнэцэцэг зохих байгууллагуудад гомдол гаргаснаар ЕБС аргагүйн эрхэнд хүүхдийн хувийн хэргийг шилжүүлсэн.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүн үндэслэлгүй үйл баримтын зөрүүтэй тул манай талаас 2.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

          Нэхэмжлэгч ЕБСь, хариуцагч Н.Эрдэнэцэцэгт холбогдуулан сургалтын төлбөр 17.850.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

 

 

Хариуцагч 2 дугаар ангийн хагас хичээлийн жилийн сургалтын төлбөр 2.700.000 төгрөгийг төлнө. Бусад нэхэмжилсэн онуудад хүүхэд сургуульд суралцаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

 

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

        

 

           Хариуцагч Н.Эрдэнэцэцэг ЕБСьтай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 23 дугаартай “Сургууль эцэг эхийн хамтарсан гэрээ”-г байгуулж, Батсүлд овогтой Цэлмүүнийг тус сургуулийн 1 дүгээр ангид суралцуулан, жилийн сургалтын төлбөр 5.400.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон нь гэрээ, зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

 

 

          Дээрх нөхцөл байдлыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

          Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээгээр ЕБСь бүрэн дунд боловсролыг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл олгох эрхтэй байна.

 

        

 

           Б.Цийг ЕБСьд сурч байсан талаар зохигчдын хэн аль маргаагүй бөгөөд 2019-2021 онуудын хичээлийн жилд 2-3 ангид суралцсан, суралцаагүй талаар мэтгэлцэж байна.

 

 

 

            Талуудын тайлбар, баримтаас харахад, сургалтын төлбөр төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарлан, сургалтын төлбөрийг барьцаа болгон хүүхдийн суралцах эрхэд халдаж, адил төвшний бага боловсрол олгох сургуульд шилжин суралцах гэхэд хувийн хэргийг өгөөгүй, мэдээллийн системийн бүртгэлээс хасалт хийгээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  “бидний зүгээс Б.Ций сургалтын төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд хувийн хэргийг шилжүүлж өгөх боломжтой гэх байдлаар хариуцагч Н.Эрдэнэцэцэгт тайлбарласан боловч Н.Эрдэнэцэцэг Боловсролын яам болон зохих байгууллагуудад өргөдөл, гомдол гаргасан” гэх тайлбар,  Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Албан бичиг мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан Монгол улсын иргэний сурч боловсрох үндсэн эрхийг хясан боогдуулах үйлдлийг хийж, сурагч Б.Ций эрх ашгийг нэхэмжлэгч ЕБСь хөндөж зөрчсөн нь тогтоогдож байна.

 

 

 

           Иймээс нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан сурагч хувийн хэргээ авч, системээс хасалт хийлгэсэн 2021 оны 10 дугаар сар хүртэл буюу 2019-2021 оны хичээлийн жилд Б.Ц суралцаж чадаагүй болох нь нотлогдож байна.

 

 

 

           Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ баримтаар нотлон, цуглуулж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн тайлбарыг үндэслэл бүхий нотлох баримтаар няцааж чадаагүй, сурагчийн хувийн мэдээлэл, долоо хоног, сар, улирлаар хүүхдийн хичээллэх цагийн тоо, хичээлийн үргэлжлэх хугацаа, хичээлд суусан ирц, анги удирдсан багшийн тэмдэглэл зэрэг баримтуудыг нэхэмжлэгч гаргаж өгөх боломжтой байсан боловч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

 

         

 

          Тодруулбал, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт багш нарын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн суралцагчийг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, чөлөөлөх эрхийг Ерөнхий боловсролын сургуулийн захирал эдлэх бөгөөд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

 

 

         Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний нэг тал тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэж, нөгөө тал тохиролцсон хөлсийг төлөх үүргийг хүлээдэг бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн заалт 2019 оны хичээлийн жилийн 2 дугаар хагасаас 2021 оны хичээлийн жилд хэрэгжээгүй дуусгавар болсон нь нотлогдож байх тул хариуцагчаас 2.700.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 15.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй олгож шийдвэрлэлээ.

 

 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2.700.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 58.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Эгээс сургалтын төлбөр 2.700.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЕБСьд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

      

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

      

 

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА