Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00253

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00253

 

 

 

Нийслэлийн ерөнхий боловсролын

*******сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03333 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *******сургуулийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

2019 оноос 2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 17,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *******сургуулийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: *******сургууль 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сурагч хххххххийг ерөнхий боловсролын сургалтад хамруулахаар түүний эцэг, эхтэй хамтарсан гэрээ байгуулсан. Сурагч ххххххх нь *******сургуульд 2018 онд элсэн орж, 1 дүгээр ангийн сургалтын төлбөрөө бүрэн төлсөн.

Харин 2 дугаар ангийн төлбөр 5,400,000 төгрөг, 3 дугаар ангийн төлбөр 6,500,000 төгрөг, нийт 11,900,000 төгрөгийг төлөөгүй гэрээний 2.5-д заасан үүргээ зөрчиж байна. Талуудын байгуулсан гэрээний 2.8-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох талаар, мөн 2.3-т хичээлийн жилийн эцсийн эцэг эхийн хурлаар дараагийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, хугацаа, анги дэвшин суралцах шийдвэрийг танилцуулна. Шинэ хичээлийн жилд хичээлдээ сууж эхэлснээр сурагч тус гэрээг анх байгуулсан хугацаагаар дахин сунгасанд тооцно гэж тус тус заасан.

Сурагч ххххххх нь *******сургуульд 2019 оноос 2021 оны хичээлийн жилд буюу 2, 3 дугаар ангид суралцсан болох нь хариуцагчийн тайлбар, нотлох баримтаар нотлогддог тул сургалтын төлбөрийг алдангийн хамт нийт 17,850,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү.

Мөн *******сургуулиас сурагч хххххххий сургалтын төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд хувийн хэргийг шилжүүлэхийг эх *******т тайлбарласан. Гэвч тэрээр Боловсролын яам болон зохих байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаснаар хххххххий хувийн хэргийг шилжүүлсэн гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч ******* нь *******сургуульд хүү хххххххий 2018 оноос 2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлсөн. Харин 2019 оноос 2020 оны 2 дугаар ангийн суусан тул хагас жилийн сургалтын төлбөр 2,700,000 төгрөгийг төлнө, алдангийг зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан бичгийн гэрээ байхгүй ба анзыг бичгийн гэрээнд заасны дагуу тооцдог тул алданги төлөхгүй.

         Монгол Улс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж бүх сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас мөн 09 дүгээр сарын 25-ны өдрөөс цахим хичээлд шилжсэнтэй холбоотой цахим журналын аргачлал, цахим хичээлийн хөтөлбөрийг баталсны дагуу нэхэмжлэгч үүнтэй холбоотой нотлох баримтыг хавтас хэрэгт өгөөгүй. Мөн сурагч ххххххх нь цахим хичээлд сууж чадаагүй.

Коронавирустай тэмцэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, улс орон даяар даган мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дах хэсэгт зааснаар өмчийн хэлбэр үл харгалзан бүх сургалтын байгууллага төлбөрийг нэмэхгүй байх үүрэг өгсөн. Үүнтэй холбогдуулан 2021 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулиудад төлбөр нэмэхгүй байх үүргийг өгсөн байхад *******сургууль нь сургалтын төлбөрөө 6,500,000 төгрөг болгон нэмж нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

Мөн *******сургууль сурагч хххххххийг сургалтын төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар хичээлд суулгадаггүй, өөр сургуульд шилжүүлж сургах гэхээр хувийн хэргийг барьцаалаад өгдөггүй гэх мэт хүүхдийн сурч боловсрох эрхэд ноцтой халдсан. Үүнээс болж сурагч ххххххх *******сургуульд 2020 оноос 2021 оны хичээлд суралцаагүй тул 3 дугаар ангийн сургалтын төлбөрийг төлөхгүй. Ээж *******ээс зохих байгууллагуудад гомдол гаргаснаар *******сургууль суралцагчийн хувийн хэргийг шилжүүлсэн.

Нэхэмжлэгчээс сургууль эцэг эхийн хамтарсан гэрээнд зааснаар сурагч тал төлбөрөө төлөөгүй бол гэрээг сургуулийн санаачлагчаар цуцлах үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс сургалтын төлбөр 2,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ерөнхий боловсролын *******сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *******сургуулийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

а. Анхан шатны шүүх мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүй тухайд: Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ шүүхэд урьдчилан гаргасны үндсэн дээр талууд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжтой. Гэтэл хариуцагч тал хариу тайлбараа шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө өгсөн бөгөөд сурагч хххххххийг *******сургуульд суралцсан гэдэгт маргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор сурагч хххххххий одоо суралцаж сургуулиас сурагчийн хувийн хэргийг гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Тус баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт болох тул шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн.

б. Нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд: Анхан шатны шүүх хариуцагчаас төрийн байгууллагууд буюу /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Боловсрол, шинжлэх ухааны яам/-аас өгч байсан хариуг үндэслэн шийдвэр гаргасан байх ба дээрх байгууллагын албан хариуд сурагч ххххххх 2019 оноос 2021 оны хичээлийн жилд суралцаагүй, тус хүүхдийн эрхийг нэхэмжлэгч зөрчсөн гэх агуулгатай дүгнэлт авагдаагүй байдаг.

Мөн хэргийн 12 дах талд хариуцагч *******ээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд гаргасан өргөдөлд хүү ххххххх нь 3 дугаар анги буюу 2018 оноос 2021 он хүртэл *******сургуульд сурсан болох нь нотлогддог. Уг өргөдлийг хариуцагч ******* гаргасан болохыг түүний төлөөлөгч зөвшөөрсөн. Анхан шатны дээрх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч гомдлын агуулгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дүгээр зүйлийг иш татан тайлбарлаж байна. Гэтэл мөн зүйлийн 72.3 дах хэсэгт үр дагаврыг заасан. Хариуцагч хариу тайлбараа өгсөн. Нэхэмжлэгчээс хэрвээ хариу тайлбараа ингэж гаргавал ийм хүсэлт гаргана гэдэг байр сууринаас оролцох байсан гэдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бусад нотлох баримтуудаар нотлох боломжтой байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөлөөгчөөс хувийн хэргээс юу тодруулах гэж байгааг олон удаа асуусан. Иймээс давж заалдах гомдлын хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэл тогтоогдож байна.

1.Нэхэмжлэгч Нийслэлийн Ерөнхий боловсролын *******сургууль нь хариуцагч *******т холбогдуулан 2019 оноос 2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 17,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хариуцагч 2019 оны хичээлийн хагас жилийн сургалтын төлбөрт 2,700,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, хүүхэд цахим хичээлд суугаагүй гэх үндэслэлээр үлдэх хэсгийг эс зөвшөөрч, маргасан байна.

3.Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл, *******ийн хүү ххххххх сургуульд 2020 оны хоёрдугаар хагас жилээс 2021 оны хичээлийн жилд суралцсан эсэх, уг хугацааны сургалтын төлбөр төлөх үүрэг үүссэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн аваад мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч ******* мөн сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардаж аваад шүүхээс тогтоосон хугацаа буюу 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг татгалзсан тайлбар, нотлох баримт шүүхэд гарган өгчээ. /хх-1, 18, 19/

5.Шүүгч 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захирамж гарган, зохигчид нотлох баримтын талаар шүүхэд гаргах хүсэлтгүй болохоо илэрхийлсэн, цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг тодорхойлох боломжтой гэх үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг мөн сарын 10-ны өдөр товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д нийцэхгүй байна. /хх-31,33/

6.Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан болох өдөр хариуцагчийн тайлбар, хэргийн материалтай танилцаад, хариуцагч *******ийн хүү ххххххх тус сургуулийн 1-3 дугаар ангид суралцаж байсан үйл баримтыг нотлох зорилгоор сурагчийн хувийн хэргийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй гэх үндэслэлээр анхан шатны шүүх хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримт дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь сурагч ххххххх өөр сургуульд шилжсэний улмаас түүний хувийн хэргийг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх боломжгүй болсон, нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт нь дээрх маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.

7.Анхан шатны нэхэмжлэгчид нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ биелүүлэх боломж олгоогүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

8.Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03333 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД