Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/03270

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/03270

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо   тоот “Х” ХХК /РД:  , утасны дугаар:    /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо   “А Г” ХХК /РД:  , утасны дугаар:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо   тоот “М Д” ХХК /РД:  , утасны дугаар:  /

 

 Автомашины өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О

                                   нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Х” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “А Г” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь өөрийн ажиллах хүч, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалаар захиалагч талын хэрэгжүүлж буй “Зайсан-22” төсөлийн хүрээнд гүйцэтгэх ажилын тодорхойлолтод тусгагдсан “дулааны үзель болон усны нөөцийн сав ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр хийж гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын шаардлага хангасан үр дүнг хүлээн авахаар харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан. Гэрээт ажлын нийт үнийн дүн 108,115,500 төгрөг байхаар тохиролцсон. Урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн бөгөөд үлдэгдэл 70,000,000 төгрөгийн төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нийт үнийн дүнгийн 70,000,000 төгрөгөөр тооцон хасаж Lexus 570 маркын 68-89 УНҮ улсын дугаартай,   арлын дугаартай авто машиныг захиалагч талын эзэмшилд шилжүүлэхээр тохирсны дагуу өнөөг хүртэл уг машиныг эзэмшиж байна. А Г ХХК нь Lexus 570 маркийн 68-89 УНҮ улсын дугаартай,   арлын дугаартай автомашины гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байсан учир удаа дараа шаардсаны эцэст эвлэрүүлэн зуучлах төвд хандахад уг авто машин нь “А Г” ХХК-ийн толгой компани болох Монгол Дайган ХХК-ийн нэр дээр байдаг бөгөөд Монгол дайган ХХК нь 2016 оны 09 сарын 13-ны өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зээлийн барьцаанд тавьсан болохыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад мэдсэн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирсэн атлаа шүүхэд нэхэмжлэл гаргах үед шүүхэд хүрэлцэн ирээгүй учир арга буюу эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж хаягийг нь олуулсан болно. Эрэн сурвалжлах шийдвэр гарсанаас хойш 10 сарын дараа цагдаагийн газраас хаягийг нь олж тогтоосон болно. Уг тогтоосон хаягаар нэхэмжлэлээ дахин гаргасан боловч мөн хаяг байхгүй үндэслэлээр буцаагдаж өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг хохироож байна. А Г ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй өөрийн өмчлөлийн бус авто машиныг бидний эзэмшил ашиглалтад шилжүүлж, гэрчилгээг яаралтай гаргаж өгнө хэмээн 3 жил гарангийн хугацаанд хуурч мэхлэсний улмаас манай компани уг машиныг зарж борлуулж мөнгөө гаргаж авах гээд чадаагүй, харин эсрэгээр энэ хугацаанд машинд хийсэн засварын зардал буюу хохиролд 9,655,134 төгрөгийг төлсөн болно. Иймд гэрээнд заасан үлдэгдэл төлбөр болох 70,000,000 төгрөг, хохиролд 9,655,134 төгрөг нийт 79,655,134 А Г ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Х” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “А Г” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь өөрийн ажиллах хүч, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалаар захиалагч талын хэрэгжүүлж буй Зайсан-22 төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын тодорхойлолтод тусгагдсан “дулааны узель болон усны нөөцийн сав ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр хийж гүйцэтгэсэн. Захиалагч нь уг ажлын шаардлага хангасан үр дүнг хүлээн авахаар харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан. Гэрээт ажлын нийт үнийн дүн 108,115,500 төгрөг байхаар тохиролцсон. Урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн бөгөөд үлдэгдэл 70,000,000 төгрөгийн төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нийт үнийн дүнгийн 70,000,000 төгрөгөөр тооцон хасч, Lexus 570 маркийн 68-89 УНҮ улсын дугаартай,   арлын дугаартай автомашиныг гүйцэтгэгч тал болох манай “Х” ХХК-д шилжүүлэхээр тохирсны дагуу автомашиныг манай эзэмшилд шилжүүлж манай компани өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж, ашиглаад 5 жил болж байна. Иймд Lexus 570 маркийн 68-89 УНҮ улсын дугаартай,   арлын дугаартай автомашины хууль ёсны эзэмшигчээр тогтоож, гэрчилгээний нэр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү.  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “А Г” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн болох 108,115,500 төгрөгийг “А Г” ХХК-иас манайд төлөх ёстой байсан. Урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн. Харин үлдэгдэл 70,000,000 төгрөгийн төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нийт үнийн дүнгийн 70,000,000 төгрөгөөр тооцон хасаж Lexus 570 маркийн 68-89 УНҮ улсын дугаартай автомашиныг захиалагч талын эзэмшилд шилжүүлэхээр тохирсны дагуу 2016 оноос өнөөг хүртэл тухайн автомашиныг амнай компани эзэмшиж байна. “А Г” ХХК нь тухайн автомашины гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байсан учраас шүүхээс өмнө эвлэрүүлэн зуучлах төвд хандаж байсан. Тэр үед мөн л гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн тайлбарыг хэлж байсан боловч шилжүүлээгүй байна. Бид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед уг автомашин нь “А Г” ХХК-ийн толгой компани болох “М Д” ХХК-ийн нэр дээр байдаг бөгөөд “М Д” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зээлийн барьцаанд тавьсан болохыг мэдсэн. Энэ бүх нөхцөл байдлуудыг мэдсэний дараа хариуцагч байгууллага нь мөн л зээлийн барьцаанаас гарахаар нь шилжүүлээд өгнө гэж хэлдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд автомашин нь барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Шүүхэд төлөөлөгчөөр дамжуулж ордог, шүүх хуралдаа ирдэггүй. Өмнө нь мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед ч ирдэггүй байсан. Гэрчилгээг гаргаж өгнө гэж мессеж, чат бичиж илэрхийлдэг хирнээ биелүүлэхгүй, ийм нөхцөл байдал үүсгээд байна. Тиймээс манай байгууллагын зүгээс машины өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг шаардаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М Д” ХХК, “А Г” ХХК-д холбогдох хэргийг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “А Г” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөг, хохирол 9,655,134 төгрөг нийт 79,655,134 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “68-89 УНҮ улсын дугаартай, аралын дугаар *, лексус-570 маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгож, гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах” гэж өөрчилж, хамтран хариуцагчаар “М Дн” ХХК-ийг татан оролцуулжээ. 

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “автомашиныг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож эзэмшилдээ аваад 5 жил болж байна“ гэж тайлбарласан ба нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хариуцагч нар хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Х” ХХК болон “А Г” ХХК-ийн хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Х” ХХК нь дулааны узель болон усын нөөцийн савны угсралт, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэх, “А Г” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг ажлын гүйцэтгэлийн хувиар хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын хүлээсэн үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Уг гэрээний ажлын хөлсийг нийт 108,115,500 төгрөгөөр тохирч, үүнээс 70,000,000 төгрөгт тооцож лексус-570 маркийн автомашиныг “А Г” ХХК нь  “Х” ХХК-д шилжүүлэхээр тохирсон байх ба гэрээний дагуу 68-89 УНҮ улсын дугаартай, аралын дугаар *, лексус-570 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Мөн төлбөрт шилжүүлсэн автомашины өмчлөгчөөр хариуцагч “Монгол дайван” ХХК улсын бүртгэлд бүртгэлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед тухайн автомашинд барьцааны эрх бүртгэлтэй байсан болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Тухайн автомашиныг “Х” ХХК, “А Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтыг “Монгол дайван” ХХК мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасантай нийцжээ. Энэхүү зөвшөөрөл нь заавал хэлбэрийн шаардлага тавигдахгүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч “А Г” ХХК, “* *” ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар өгөөгүй, ямар нэг нотлох баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшилд автомашин шилжсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар хариуцагч нар нь автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу автомашины өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсэж, хариуцагч “М Д” ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болжээ. Иймд маргаан бүхий автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч бөгөөд түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхтэй.  

 

Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1, 171.2 дахь хэсэгт зааснаар аливаа этгээд тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ, бүртгүүлэх журмыг Засгийн газрын гишүүн батална гэж заасан ба Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар баталсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 4.2, 4.3-т заасан бичиг баримтуудыг үндэслэн шилжүүлж буй өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ гэжээ. Иймд хариуцагч нарыг автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох “автомашины эзэмшигчээр тогтоолгох, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах” гэсэн шаардлагыг “автомашины өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж ойлгохоор байна.   

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч “Х” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэй болохыг, хуульд заасан журмын дагуу шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэх болохыг мэдэгдсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан 68-89 УНҮ улсын дугаартай, аралын дугаар *, лексус-570 /Lexus-570/ маркийн автомашиныг нэхэмжлэгч “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхийг хариуцагч “А Г” ХХК, “М Д” ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 486,800 төгрөг, хариуцагч “А Г” ХХК, “Монгол дайван” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА