Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00236

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03270 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А Г ХХК, М Д ХХК нарт холбогдох, 0000 УНҮ улсын дугаартай, 0000 арлын дугаартай, Лексус-570 маркийн автомашины өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч М Д ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 10 сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр Х ХХК нь дулааны узель, усны нөөцийн сав хийх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал шаардлага хангасан үр дүнг хүлээн авах ба нийт 108,115,500 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл 70,000,000 төгрөгт гэрээний 3.1-д заасны дагуу Лексус-570 маркийн 0000 УНҮ улсын дугаартай автомашиныг төгрөгт тооцож шилжүүлэхээр тохиролцсон.

Гэтэл А Г ХХК нь дээрх автомашины гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул эвлэрүүлэн зуучлах төвд хандаж, тус автомашин М Д ХХК-ийн нэр дээр байгааг тогтоосон бөгөөд 2016 оны 09 сарын 13-ны өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зээлийн барьцаанд тавьсан болохыг мэдсэн.

Иймд дээрх автомашины өмчлөгчөөр Х ХХК-ийг тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг даалгаж өгнө үү.

 

2.   Хариуцагч А Г ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар 0000 УНҮ улсын дугаартай, арлын дугаар 0000, Лексус-570 /Lexus-570/ маркийн автомашиныг нэхэмжлэгч Х ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхийг хариуцагч А Г ХХК, М Д ХХК нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын төсвөөс 486,800 төгрөг, хариуцагч А Г ХХК, М Д ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч М Д ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: М Д ХХК болон Х ХХК нарын хооронд Лексус-570 маркийн автомашиныг өгч, авах гэрээ хэлцэл хийгдээгүй. Дээрх автомашин 2016 оны 05 сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа. А Г ХХК-аас үл хамаарах шалтгааны улмаас уг автомашиныг Х ХХК-д шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул М Д ХХК-ийн зүгээс тухайн автомашиныг бус түүний үнийг төлөх боломжтой. Харин өнгөрсөн 5 жилийн хугацаанд гэрээний дагуу уг автомашин Х ХХК өөрийн эзэмшил, ашиглалтад байсан тул засвар үйлчилгээний төлбөр 9,655,134 төгрөгийг төлөх боломжгүй. Тухайн автомашинд учирсан эвдрэл гэмтлийг нэхэмжлэгч тал өөрийн зардлаар хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд М Д ХХК-ийн өмчлөлийн Лексус-570 маркийн 0000 УНҮ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Х ХХК-ийн өмчлөлд бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч М Д ХХК давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М Д ХХК-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3.   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А Г ХХК болон М Д ХХК-д холбогдуулан, 0000 УНҮ улсын дугаартай, 0000арлын дугаартай, Лексус-570 /Lexus-570/ маркийн автомашины өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1, 116/

 

4.   Хариуцагч А Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан боловч тодорхой үндэслэл зааж маргаагүй, хариуцагч М Д ХХК нь /хх 56/ шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Иймд хариуцагч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

 

5.   Хэрэгт авагдсан 2016 оны 10 сарын 05-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-нээс үзвэл нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагчийн хэрэгжүүлж буй Зайсан-22 төслийн хүрээнд өөрийн ажиллах хүч, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалаар дулааны узель болон нөөцийн сав-ны ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч А Г ХХК нь ажлын хөлс 108,115,500 төгрөгийг төлөх, уг дүнгийн 70,000,000 төгрөгт тооцож Лексус-570 /Lexus-570/ маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь тогтоогдож байна. /хх 10-11/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6.   Дээрх тохиролцооны дагуу хариуцагч А Г ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Х ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 0000 УНҮ улсын дугаартай, Лексус-570 /Lexus-570/ маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн үйл баримтын тухай уг автомашины өмчлөгч М Д ХХК мэдэж байсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж журамласан байх ба ...автомашиныг 70,000,000 төгрөгт тооцон түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн... үйл баримтын талаарх нэхэмжлэгч Х ХХК-ийн тайлбарыг хариуцагч нар үгүйсгээгүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагч Атмор ХХК болон М Д ХХК нарыг нэхэмжлэгч Х ХХК-ийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

Иймд уг маргааны хувьд М Д ХХК нь хамтран хариуцагч болох бөгөөд нэхэмжлэгч Х ХХК-ийн өмнө хариуцагч А Г ХХК-ийн хүлээх хариуцлагыг хамтран хариуцна.

 

7.   Хариуцагч А Г ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.3-т заасны дагуу 0000 УНҮ улсын дугаартай, Лексус-570 /Lexus-570/ маркийн автомашиныг нэхэмжлэгч Х ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн боловч холбогдох бичиг баримтыг түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг хариуцагч А Г ХХК болон М Д ХХК нараас шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

8.   0000 УНҮ улсын дугаартай, Лексус-570 /Lexus-570/ маркийн автомашин нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зээлийн барьцаанд байгаа учир хариуцагч нар тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлж чадаагүй гэсэн агуулгаар гаргасан хариуцагч М Д ХХК-ийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул уг гомдлыг хангах боломжгүй.

Учир нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоо зохицуулсан байхаас гадна хэргийн 89-р талд авагдсан Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-аас Автотээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтэс-т хаягласан 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 01/01-987 тоот албан бичигт ...гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан тул барьцаа хөрөнгө болох 0000 УНҮ улсын дугаартай, Лексус-570 /Lexus-570/ маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж, холбогдох бүртгэлийг хийлгэх... агуулга тусгагдсан байна. /хх 89/

 

9.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М Д ХХК-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хариуцагч М Д ХХК-ийн оноосон нэрийг Монгол дайван ХХК гэж алдаатай бичиж, техникийн алдаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М Д ХХК-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Д ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР