Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/03422

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр                   Дугаар 102/ШШ2021/03422                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, 51,658,898.53 /тавин нэгэн сая зургаан зуун тавин найман мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг буцаан гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2012.05.29-ний өдөр тус банктай ЗГ/1505014816 дугаар зээлийн гэрээ байгуулж 61,200,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ1505014816 дугаар ипотекийн гэрээгээр Баянгол дүүрэг, 2 хороо, 2 хороолол, ЭТӨЧ гудамж, 71А байр, 57 тоот 46,3 м.кв, улсын бүртгэлийн Ү-2205043580 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч 600 хоног хугацаа хэтрүүлсэн. Иргэний хуулийн 153.1-д “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй" гэж, 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар баръцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэжээ. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 43,042,915.67 төгрөг, зээлийн хүү 8,542,449.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,533.35 төгрөг, нийт 51,658,898.53 төгрөгийг буцаан гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 2020.08.04-нд сүүлийн төлбөрийг хийсэн гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Оюу толгой” ХХК-д төсөл хэрэгжүүлж байх хугацаандаа 2012.05.29-ны өдөр Голомт банктай гэрээ байгуулж, 61,200,000 төгрөгийн зээлийг 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Ипотекийн гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 2 хороо, 2 хороолол, ЭТӨЧ гудамж, 71А байр, 57 тоот хаягт байрлах 46.3 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг гэрээг байгуулснаас хойш би гэрээний үүргийг 1 ч удаа зөрчиж байгаагүй бөгөөд 2012 оны 5 сараас 2019 оны эхэн үе хүртэлх хугацаанд сар бүрийн төлөлтийг графикийн дагуу төлж байсан. Гэвч төслийн ажмл дууссан, ар гэрийн нөхцөл байдлын улмаас сарын төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Дүү Б.Мөнхгал төрөлхийн цус багадалттай байсан учир байнгын хяналтад орж, эмнэлэгт хэвтдэг байсан ба 2015 оноос бие нь эрс муудан, 2016 оны 5 сард нас барсан. Үүнээс улбаалан ээж минь сэтгэлийн хямралд орж, бие нь сульдах болсон бөгөөд эмчийн хяналтад орж, эмчилгээ хийлгэсээр эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020.02.19-ний өдөр нас барсан. Би настай ээжийгээ сахиж байснаас тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл байдал үүсээгүй юм. Мөн Ковид-19 цар тахал болон ар гэрийн хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас тогтвортой ажлын байранд ажиллах боломжгүйгээ банкинд удаа дараа хандаж, зээлийн хүүг царцаах, хойшлуулах, эсхүл зээлийн 12 хувийн хүүг 8 хувь руу оруулах боломж байгаа эсэх талаар эдийн засагч Пүрэвсүрэнд удаа дараа хүсэлт гаргаж, утсаар ярьж боловч дорвитой арга хэмжээ авч байгаагүй, бид шалгах болно гэдгээс өөр хариу өгдөггүй байсан. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямарлд орсон энэ үед би өөрийн дотны 2 хүнийг алдаж, ажилгүй болсон ч 2020 он хүртэлх хугацаанд гэрээний төлбөрийг хуваагаад төлдөг байсан. Гэвч банк эдгээр шалтгааныг огт хүлээж аваагүйд гомдолтой байна. Би “Оюу толгой” ХХК-ийн төслийн дараа “Чамин өнгө” орчуулгын товчоонд ажиллаж байсан ч өндөр настай ээжийгээ бүтэн өдөр орхих боломжгүй байсан учир байнга хагас цагаар ажиллаж байсан. Мөн цар тахлаас орчуулгын товчоо 2020.03.19-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон. би авсан цалингаа ээж болон ахын эмчилгээ, эм тариа авахад зарцуулсан учир гэрээний дагуу төлбөр төлж чадаагүй. Түүнчлэн төлбөр төлж чадахгүй бүтэн жил болсон ч үргэлж холбогдож, яаралтай ажилд орж төлбөрийг төлөхөө илэрхийлж өргөдөл бичиж байсан. Одоо би 14 настай дунд сургуулийн хүүтэйгээ хамт барьцааны байранд амьдардаг, өрх толгойлсон эх бөгөөд маш олон шалтгааны улмаас эдийн засгийн уналтад ороод байна. Өнөөдрийг хүртэл би гэрээний дагуу ойролцоогоор 90,0 сая төгрөг төлсөн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээлийн төлбөрт 43,042,915.67 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Б.Э 9 жилийн хугацаанд дансны хуулгаас харахад 67,675,000 төгрөг төлсөн. Зээлийн хүүгийн 50 хувийг Иргэний хуулийн 282.2-т заасны дагуу багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Голомт банк” ХХК нь Б.Эд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 51,658,898.53 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй тул гэрээний 2.2.6-д зааснаар гэрээг цуцалж, зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулна гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ цуцалж, зээлийн үндсэн төлбөр гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, ар гэрчийн гачигдал болон ажилгүй болсноос үүргээ зөрчсөн, зээлийн хүүг царцаах, хойшлуулах, 12 хувийн хүүг 8 хувь руу оруулах талаар хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй, үндсэн зээлийн төлбөрийг зөвшөөрнө, хүүний төлбөрийг тал хувиар багасгах үндэслэлтэй гэж маргав.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2012.05.29-ний өдөр 61,200,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлэхээр гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болохоор заасан ба талууд дээрх гэрээгээр жилийн 12 хувийн хүү тооцохоор тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсанд талуудын гэрээний заалт нийцжээ.

 

Хариуцагч нь гэрээний дагуу үүргээ биелүүлж байгаад 2020.03.29-ний өдрөөс гэрээний үүргийн зөрчил үүссэн, сар бүр 734,486 төгрөг төлөхөөс 2020.08.29-ний өдөр 2,193,000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2021.09.20-ны өдрөөр цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч 2020.08.29-ний өдрөөс гэрээг цуцлах эрх үүсэн байхад шаардлага гаргаагүй, 12 сарын хүүний төлбөр нэмэгдэх нөхцлийг бүрдүүлсэн, гэрээний хугацаанд  61,200,000 төгрөгийн зээлийн төлбөрт 67,675,000 төгрөг төлсннөс үндсэн зээлийн төлбөрт 9,541,102 төгрөг, хүүний төлбөрт 58,133,898 төгрөгийг төлсөн зэрэг байдлыг харгалзах нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагчаас үндсэн зээл 43,042,915.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,533.35 төгрөг, нийт 43,116,449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 8,542,449 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 416,244 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 373,532 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э 43,116,449 /дөчин гурван сая нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг буцаан гаргуулж, Г ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 8,542,449.51 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205043580 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 71А байр, 57 тоот 46,3 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 416,244 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 373,532 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ