Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00406

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00406

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03422 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, 51,658,898.53 төгрөгийг буцаан гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Э нь 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус банктай ЗГ/1505014816 дугаар зээлийн гэрээ байгуулж 61,200,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ1505014816 дугаар ипотекийн гэрээгээр Баянгол дүүрэг, 2 хороо, 2 хороолол, ЭТӨЧ гудамж, 71А байр, 57 тоот 46,3 м.кв, улсын бүртгэлийн Ү-2205043580 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч 600 хоног хугацаа хэтрүүлсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 43,042,915.67 төгрөг, зээлийн хүү 8,542,449.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,533.35 төгрөг, нийт 51,658,898.53 төгрөгийг буцаан гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн сүүлийн төлбөрийг хийсэн гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие О ХХК-д төсөл хэрэгжүүлж байх хугацаандаа 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Голомт банктай гэрээ байгуулж, 61,200,000 төгрөгийн зээлийг 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр ипотекийн гэрээг байгуулж,  2 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг гэрээг байгуулснаас хойш би гэрээний үүргийг 1 ч удаа зөрчиж байгаагүй бөгөөд 2012 оны 5 сараас 2019 оны эхэн үе хүртэлх хугацаанд сар бүрийн төлөлтийг графикийн дагуу төлж байтал төслийн ажил дууссан, ар гэрийн нөхцөл байдлын улмаас сарын төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Дүү Б.М төрөлхийн цус багадалттай байсан учир байнгын хяналтад орж, эмнэлэгт хэвтдэг байсан ба 2015 оноос бие нь эрс муудан, 2016 оны 5 сард нас барсан тул ээж минь сэтгэлийн хямралд орж, бие нь сульдах болсон бөгөөд эмчийн хяналтад орж, эмчилгээ хийлгэсээр эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Ээжийгээ сахиж байснаас тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл байдал үүсээгүй. Мөн ковид-19 цар тахал болон ар гэрийн хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас тогтвортой ажлын байранд ажиллах боломжгүйгээ банкинд удаа дараа хандаж, зээлийн хүүг царцаах, хойшлуулах, эсхүл зээлийн 12 хувийн хүүг 8 хувь руу оруулах боломж бий эсэх талаар эдийн засагч н.Пүрэвсүрэнд удаа дараа хүсэлт гаргаж, утсаар ярьж боловч дорвитой арга хэмжээ авч байгаагүй, бид шалгах болно гэдгээс өөр хариу өгдөггүй байсан. 2020 он хүртэлх хугацаанд гэрээний төлбөрийг хуваагаад төлдөг байсан. Банк эдгээр шалтгаан хүлээж аваагүйд гомдолтой байна. Чамин өнгө орчуулгын товчоонд ажиллаж байсан ч өндөр настай ээжийгээ бүтэн өдөр орхих боломжгүй байсан учир байнга хагас цагаар ажиллаж байсан. Мөн цар тахлаас орчуулгын товчоо 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон. Би авсан цалингаа ээж болон ахын эмчилгээ, эм тариа авахад зарцуулсан учир гэрээний дагуу төлбөр төлж чадаагүй. Түүнчлэн төлбөр төлж чадахгүй бүтэн жил болсон ч үргэлж холбогдож, яаралтай ажилд орж төлбөрийг төлөхөө илэрхийлж өргөдөл бичиж байсан. Одоо би 14 настай дунд сургуулийн хүүтэйгээ хамт барьцааны орон сууцанд амьдардаг, өрх толгойлсон эх бөгөөд маш олон шалтгааны улмаас эдийн засгийн уналтад ороод байна. Өнөөдрийг хүртэл би гэрээний дагуу ойролцоогоор 90,0 сая төгрөг төлсөн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан   Б.Э-с 43,116,449 төгрөгийг буцаан гаргуулж, Г-ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 8,542,449.51 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205043580 дугаарт бүртгэлтэй,  орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 416,244 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 373,532 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ЗГ1505014816 дугаарт зээлийн гэрээний зээлийн гэрээний 4.4.1-д зээлдэгч гэрээгээр төлөх зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлүүлэхээр буцаан дуудна гэж заасныг зээлдэгч бүрэн зөвшөөрч гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс гэрээг цуцлах эрх үүссэн байхад шаардлага гаргаагүй гэж зээлдэгчид ашигтайгаар шийдвэрлэж зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт гэрээний аль ч тал гэрээнээс татгалзах эрхтэй байсан. Хэрэв хариуцагч нь гэрээнээс татгалзах үндэслэлтэй байсан гэж үзэж байвал түүнд гэрээнээс татгалзах эрх нь нээлттэй байсан. Банк Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.2 дахь хэсэг болон зээлийн гэрээний дагуу зээлдэгчид үүргээ биелүүлэх боломж буюу нэмэлт хугацаа тогтоож өгснөөр хохирсон нь шударга бус байна. Энэхүү нэмэлт хугацаанд зээлдэгч үүргээ биелүүлэхийг хүссэн болох нь хэргийн материалд хавсаргасан хариуцагчийн хүсэлтээр тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Шүүхийн шийдвэр нь зээлдүүлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Зээлдэгч болон зээлдүүлэгч нарын аль нь ч зээлийн гэрээг цуцлах эрхтэй. Зээлдэгч зээлийн гэрээг цуцлах саналаа банкинд ирүүлж байгаагүйн дээр шүүхэд ч мөн гэрээг цуцлах нэхэмжлэл гаргах эрх нь дээрх хугацаанд нээлттэй байсан. Банк удаа дараа зээлдэгчтэй уулзаж байсан уулзалтын тэмдэглэл, зээлдэгчийн зээлийн төлөлтийг төлж барагдуулах тухай гаргаж байсан хүсэлт зэргийг нэхэмжлэгч шүүх хуралдаанд нотариатаар баталгаажуулан нотлох баримтаар өгсөн боловч шүүх харгалзан үзээгүй. Зээл нь 2021 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 600 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 43,042,915.67 төгрөг, зээлийн хүү 8,542,449.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,533.35 төгрөг нийт 51,658,898.53 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 51,658,898.53 төгрөгийг хангаж, 8,542,449.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 8,542,449.51 төгрөгөөр бууруулсныг нэмэгдүүлэн 51,658,898.53 төгрөг болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан материал болон талуудын тайлбараар хариуцагч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр түүний ээж нас барснаас хойш 1 сарын дараа гэрээний зөрчлийг анх гаргаж эхэлсэн байдаг. 2020 оны 3 дугаар сард ннэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч бүхэл бүтэн жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн хүүгээ одоо нэмэгдүүлсэнд гомдолтой байна. 9 жилийн хугацаанд зээлийн төлбөрийг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш 2020 он хүртэл ямар ч гэрээний зөрчлийг гаргаж байгаагүй. Ойрхон хоёр дотны хүнээ алдсан, мөн өрх толгойлсон ахлах сургуулийн хүүхэдтэй эхийн хувьд сард 730,000 төгрөгийг өгөх боломжгүй болсон. Мөн цар тахалаас шалтгаалаад маш олон аж ахуйн нэгж байгууллагууд дампуурч зарим нь ажлын цомхотгол хийснээс болоод хариуцагчийн хувьд ажилд орох боломжгүй байсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болоод талуудын тайлбар, тухайн нөхцөл байдлыг үндэслээд шийдвэрээ гаргасан нь өөрийн дотоод итгэл үнэмшил, нөхцөл байдлыг харгалзаад шийдвэрээ гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Аргагүй байдалтай байсныг харгалзан үзэж өгнө үү. Мөн хариуцагчийн хувьд гэрээг байгуулснаас хойш буюу 61,200,000 төгрөгийн зээлийн төлбөрт яг өнөөдрийн байдлаар 76,855,000 төгрөгийг 9 жилийн хугацаанд төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 51,658,898.53 төгрөгийг буцаан гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1505014816 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Г ХХК нь 61,200,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай Б.Э-д зээлдүүлсэн болох нь хэргийн 8-12 дахь талд авагдсан ЗГ1505014816 тоот зээлийн гэрээгээр тогтоогдсон байна.

 

4. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Г ХХК нь Б.Э тай БГ1505014816 тоот ипотекийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Б.Э ын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан болох нь хэргийн 13-16 дахь талд авагдсан БГ1505014816 тоот ипотекийн гэрээгээр тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх орон сууцны зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийлэн гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна. Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

5. Хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаа нь зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр 734,486 төгрөг төлөх үүрэгтэй байв. Үүнээс хойш уг төлбөрийн хуваарийг зөрчиж, 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,193,000 төгрөг төлснөөс хойш төлбөр төлөөгүй үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

6. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 61,200,000 төгрөгийн зээл авч, үндсэн зээлийн төлбөрт 9,541,102 төгрөг, хүүний төлбөрт 58,133,898 төгрөг, нийт 67,675,000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч Б.Э аас 43,116,449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,542,449.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

6а. Гэвч анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Талууд зээлийн гэрээнд сарын 1 хувийн хүүтэй орон сууц барьцаалсан зээл олгох талаар тохиролцсон бөгөөд эрх бүхий байгууллагаас зээл олгох нөхцөл, тогтоосон журмын дагуу зээлийн хүүгийн хэмжээг гэрээнд заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байхад анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хугацааны хүү төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөхдөө ердийн зээлийн гэрээний хүүг шүүхээс багасгах агуулга бүхий Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу байна.

 

6б. Анхан шатны шүүх хариуцагч Б.Э аас 43,116,449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,542,449.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг үндэслэн хэргийн оролцогчийн гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

7. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч банкнаас орон сууц худалдаж авах зорилгоор жилийн 12 хувийн хүүтэй зээл авсныг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж буй 8 хувийн хүүтэй зээлд шижлүүлэх хүсэлт гаргасныг, мөн ковид-19 цар тахалтай холбоотой хариуцагчийн ажиллаж байсан Чамин өнгө орчуулгын товчоо үйл ажиллагаагаа зогсоосны улмаас ашиг орлого олох боломжгүй болж тэрээр энэ байдлаа банкинд мэдэгдэж цар тахалтай холбоотой зээл хойшлуулах хүсэлтээ банкинд амаар мэдэгдсэн боловч банк шийдвэрлээгүй гэх тайлбар гаргасан байна. Нэхэмжлэгч банкны хувьд тодорхой арга хэмжээ авах үүргээ биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүүг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4/

 

8. Түүнчлэн, хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э аас 43,116,449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,542,449.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ