Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 02404

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02178 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох

Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ээлжийн амралтын олговор 2 904 500 төгрөг, илүү цагаар ажилласны хөлс 2 127 272 төгрөг, хавсран буюу хослон ажилласны хөлс 4 680 000 төгрөг, нийт 9 711 772 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Гэрээнээс учирсан хохиролд 7 962 596 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагчийн өмгөөлөгч З.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “С” ХХК-д борлуулагчаар ажилд орсон. Гэтэл 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг өөрчлөн борлуулагчийн гэрээг тулган өнөөг хүртэл уг гэрээгээр ажиллуулж байна. Иргэд, хуулийн этгээд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээг чөлөөтэй байгуулж агуулгыг өөрсдөө тогтоох эрхтэй. “С” ХХК-ийн борлуулагчийн гэрээ нь анхнаасаа Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчсөн байна. Гэрээнд “Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлийг удирдлага болгоно” гэж заасан боловч хөлсөөр ажиллах гэрээний ерөнхий зарчмыг баримтлаагүйгээс гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй. Хөлсөөр ажиллах гэрээний заавал баримтлах үндсэн нөхцөл нь ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг тодорхой байх, уул ажлыг гүйцэтгэх хугацааг огноогоор заасан байх, үүний үндсэн дээр ажлын хөлсийг төлөх хугацааг тодорхой тохирсон байх ёстой. Тодруулбал, гэрээний 1.4-т “Борлуулагч нь нийт 10 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авч борлуулах, борлуулалтын орлогоо компанид тушаах үүрэг хүлээнэ” гэсэн нь борлуулагч 10 000 000 төгрөгийн барааг гэрээний хугацаа болох 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл борлуулах, жил эсхүл тодорхой нэг хугацаанд гэдэг нь ойлгомжгүй. Гэрээний 1.3-т “компани нь борлуулагчид ажлын үндсэн хөлсөнд 200 000 төгрөг нэмж борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцож сард 2 удаа тухайн сарын 20-ны өдөр болон дараа сарын 8-ны дотор олгоно. Ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутгана” гэж зааснаас үзвэл, талууд ажлын хөлсийг харилцан тохироогүй компани дангаар ажлын хөлсийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар тогтоосон нь Хөдөлмөрийн хууль, Зөрчлийн тухай хуулийн 9.1 дэх заалтыг зөрчжээ. Гэрээний 2.2-т “Борлуулагчийн ажиллах өдөр цагийн хуваарийг тогтоож өгнө. Ажлын цагийн хуваарь нь даваа гарагаас бямба гарагийн өглөө 8.30 цагаас 18.00 цаг хүртэл байна” гэжээ. Хөлсөөр ажиллаж буй ажилчин ажил үүргийг гүйцэтгэх хугацаа болон бусад нөхцлийг өөрөө тооцоолж ажлын цагийг өөрөө тогтоох бөгөөд ажил үүргийг гүйцэтгэх хугацаа дөхвөл илүү цагаар ажиллах, эсвэл хугацаанаас өмнө ажил дуусвал амрах эрхтэй. Гэтэл өдөр бүрийн ажиллах цагийн хуваарийг гаргасан нь хөлсөөр ажиллах гэрээний зарчимд нийцэхгүй. Харин байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтанд тохирохоор байна. Гэрээний 1.5-д “Борлуулагчийн борлуулалтын орлого тушаах үүргийн биелэлтийг баталгаажуулж талууд барьцааны гэрээ байгуулна” гэж заасан нь Хөдөлмөрийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчиж байна. Гэрээний 2.9-д “Компани нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай байр, багаж, хувцас, тээврийн хэрэгслээр хангаж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө” гэж заасан нь компани хөлсний ажилтныг түр буюу бүр амьдрах байраар хангах, эсхүл бараагаа зарах ажлын байр болох лангуу, дэлгүүрээр хангах эсэх тодорхой бус. Тээврийн хэрэгслээр хангах гэсэн нь ажилд ирж буцах унааг эсвэл жолооч бүхий борлуулалтын машиныг хэлж байгаа эсэх ойлгомжгүй.

Борлуулагчийн гэрээнд хөлсөөр ажиллах ажилтны хөдөлмөрлөх эрх чөлөөг хамгаалсан нэг ч заалтыг тусгаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ. Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрх үүрэгтэй байх, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэшил, ажил албан тушаал, хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас тооцон нэмэгдэл олгоно” гэж заасан бөгөөд П.Б нь борлуулагч, борлуулалтын жолооч, ачигчийн ажлыг хавсран даваа гарагаас бямба гараг хүртэл 08.30 цагаас орой 20-21 цаг хүртэл ажиллахдаа гомдол гаргаагүй, ажил таслаагүй. С ХХК нь борлуулагчийн гэрээг зохиосноор ажилтнуудаар ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг цалингүй давхар хийлгэж, Хөдөлмөрийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ээлжийн амралтын олговрыг олгоогүй байна.

Иймд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт заасны дагуу “С” ХХК-аас ажилтанд учруулсан хохирол болох сүүлийн 3 жилийн ээлжийн амралтын мөнгө 2 904 500 төгрөг, 2015, 2016, 2017, 2018 оны бямба гарагуудад ажилласан илүү цагийн мөнгө 2 127 272 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, ажил үүргийн хуваарьт ороогүй, борлуулалтын жолоочийн ажлыг үндсэн ажлынхаа зэрэгцээ давхар гүйцэтгэсний хөлс 4 680 000 төгрөг, нийт 9 711 772 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь “С” ХХК-тай анх 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, худалдааны төлөөлөгчийн ажилд орсон. Манай компани худалдааны төлөөлөгчийн орон тоог компанийн байнгын ажлын байрны жагсаалтаас хассан тул П.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компани барааны борлуулалтаа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр иргэдтэй борлуулагчийн гэрээ байгуулан хийлгэхээр болсон. Тэгэхэд П.Б компанитай борлуулагчийн гэрээ байгуулан хамтран ажиллах санал гаргаж, талууд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр борлуулагчийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр П.Б нь 6 сарын хугацаанд cap бүр 10 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Борлуулагчийн гэрээний хугацаанд гарч болох эрсдлээс сэргийлж П.Б нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсийг сард 2 удаа олгодог байсан бөгөөд нэмэлтээр борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцдог байсан. 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна” гэж зааснаас  компаниас борлуулагчид олгосон орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж байсан. Компани П.Б-ийг хот дотор унах автомашин, бензин, бусад шаардлагатай багаж болох ТАБ, принтер, утасны дугаар /суурь хураамжийг нь компаниас төлдөг/ зэрэг шаардлагатай хэрэгслүүдээр хангасан. П.Б-тэй байгуулсан борлуулагчийн гэрээг аль нэг тал нь цуцлах мэдэгдэл гаргаагүй үед сунгагдахаар заасны дагуу хүчинтэй хэвээрээ байсан. Л.Б эхнэр төрсөн шалтгаанаар 3 хоног ажилдаа ирээгүй ба 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр борлуулагчийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг компанид ирүүлснээр түүнтэй байгуулсан борлуулагчийн гэрээ дуусгавар болсон.

П.Б байгуулсан борлуулагчийн гэрээгээ өөрөө дуусгавар болгосон атлаа тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр бус борлуулагчийн гэрээгээр ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгаа хамаарахгүй. Иймд П.Б-ийн тус шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасны дагуу cap бүр тогтмол ажлын хөлс олгодог ба борлуулалтын ашиг орлогоос хамаарч сард 2 удаа борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцдог байсан. П.Б 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал нийт 14 482 341 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдуулсан тул түүнд олгох ажлын хөлснөөс 8 131 515 төгрөгийг суутгаж, өөрөө дансаар 576 020 төгрөг төлсөн нийт 8 707 535 төгрөгийн өр барагдуулсан. П.Б харилцагч нарт 2 137 790 төгрөгийн үлдэгдэл, бараа, урамшуулалт барааны 50 000 төгрөгийн бараа, нийт 7 962 596 төгрөгийн өр төлбөртэй. П.Б нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр борлуулагчийн гэрээг цуцлах тухай мэдэгдлээ компанид ирүүлснээр түүнтэй байгуулсан борлуулагчийн гэрээ дуусгавар болсон. П.Б 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр гэрээг дуусгавар болгосноос хойш барааны дутагдлаа төлөх талаар бидэнтэй уулзаагүй.

Иймд П.Б-ээс манай компанид учирсан хохирол 7 962 596 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйл болох С.П-ийн нэр дээрх улсын бүртгэлийн Г- 2201016229 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжны 18 тоот хаягт байрлах, 532 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-2201032600 дугаартай, тус хаягт байрлах, 56 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид борлуулагчийн гэрээ байгуулаагүй, гэрээг байгуулсан он сарын тухай маргаагүй. Гол нь байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ бус хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан тул борлуулагчийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 7 962 596 төгрөгийг хувь хүнээс нэхэмжилж байгаа нь шударга бус юм. Хүний нөөцийн албаны дарга н.Э нь “Дэлгүүрт зээлээр өгсөн барааны үнийг чиний нэр дээр бичлээ, чи хүлээн зөвшөөрч, энэ баримт дээр гарын үсэг зур” гэж тулгасан байдаг бөгөөд П.Б нь “Би захиалгын дагуу барааг дэлгүүрт цагт нь хүргэж өгч байсан. Хэрэв би дэлгүүрт бараагаа хүргэж өгч чадаагүй замдаа удаж, гэмтээж, үрэгдүүлсэн бол төлөх нь шударга ёсонд нийцнэ. Миний үүрэг бол барааг цаг хугацаанд нь дэлгүүрт хүргэж өгөх. Би хугацаа дууссан бараа дэлгүүрт нийлүүлсэн “С” ХХК-ийн өмнөөс болон бараа зээлээр аваад мөнгөө өгөхгүй байгаа харилцагчдын өмнөөс хариуцлага хүлээж чадахгүй” гээд зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй. “С” ХХК-ийн нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дах хэсэгт зааснаар бүрдүүлсэн хүчин төгөлдөр анхан шатны баримтыг үндэслэж эд хариуцагчтай тооцоо нийлсэн акт үйлдээгүй байж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д “Эд хөрөнгө өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх” гэж заасныг зөрчсөн байна.

Энэ компанид 5 аудит, 10 худалдааны төлөөлөгч, 2 хүргэгч ажилладаг, худалдааны төлөөлөгч дэлгүүрүүдээр явж барааны захиалга авдаг бөгөөд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд зээлээр бараа нийлүүлэх захиалгыг авдаг. 5 аудит нь түгээгч барааг цаг хугацаанд нь бүрэн бүтэн дэлгүүрт хүргэж өгсөн үү гэдгийг шалгадаг. Харин түгээгч бүх захиалгыг дэлгүүрүүдэд аваачиж өгөх ажил үүргийн хуваарьтай. Зээлээр бараа авсан харилцагч нар заримдаа барааны үнийг төлөхгүй удах, хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон барааг буцаана, заримдаа дэлгүүр түрээсэлж байсан хүмүүс солигдож өөр хүмүүс дэлгүүрийг түрээсэлсэн байх, дэлгүүр дампуурч хаалгаа барьсан байх гэх мэтээр эрсдэл ихтэй. Сөрөг нэхэмжлэлд 2016-2018 оны хооронд П.Б-ийн цалингаас 8 131 525 төгрөгийг суутгасан гэх боловч 11 103 770 төгрөгийг суутгасан байдаг. Цаашдаа хэн ч бай харилцагч нар дээр байгаа барааны үнэ, хугацаа дууссан барааны үнэ, урамшууллын барааны үнэ, найдваргүй зээлдэгчийн авсан барааны үнийг цалингаас төлөхгүй, борлуулагчийн гэрээгээр ажиллах боломжгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хохиролд 4 999 397 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгч П.Б-д олгон, үлдэх 4 712 375 төгрөгийн шаардлага болон Борлуулагчийн гэрээнээс учирсан хохиролд 7 962 596 төгрөг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 352 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С ХХК-аас 165 140 (94 940+70 200) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдал, үйл баримтад зөв дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. С ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу П.Б-тэй харилцан тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь мөн хуулийн 40.1, 40.5 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд" тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан мөртлөө 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцааг хөндөж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа нийцэхгүй байдлаар дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хөдөлмөрийн харилцааны хүрээнд шийдвэрлүүлэх бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гурван сарын дотор шүүхэд гомдол гаргаж болох байсан ч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноор 2014 оны 03 дугаар сарыи 01-ний өдрийн борлуулагчийн гэрээг П.Б-тэй байгуулсан. Тус гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлүүдийг удирдлага болгон гэрээний нийтлэг эрх үүрэгт нийцүүлэн талуудын сайн дурын  үндсэн дээр байгуулсныг шүүх хөдөлмөрийн эрхзүйгээр зохицуулагдах харилцаа гэж дүгнэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заасны дагуу талууд үл маргах журмаар байгуулсан гэрээ юм. С ХХК нь Хөдөлмөрийи тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээ байгуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна гэжээ. Тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн "хугацаагүй" гэрээ байгуулах үүрэгтэй гэж тодорхой зааж өгсөн байх бөгөөд компаниас "хөлсөөр ажиллах гэрээ"-ний 1.2-д “энэхүү гэрээг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар байгуулна” гэж заасан нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасантай тохирч байна.

Борлуулагчийн гэрээнд ээлжийн амралт гэсэн үг байхгүй бөгөөд харин тус гэрээний 2.8-д заасны дагуу борлуулагчдад жилдээ нэг удаа урамшуулал өгдөг байсан, борлуулагчийн хөлсийг Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, 360.2 дах хэсэгт тус тус заасныг үндэслэн хөлсийг сард 2 удаа буюу тухайн сарын 25-нд, дараа сарын 05-ны өдрүүдэд олгож, сүүлийн хөлсийг олгохдоо борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцдог байсан тул тус ээлжийн амралтын 2 214 797 төгрөг, долоо хоногийн амралтын өдөр ажиллуулсан гэх 2 127 272 төгрөг, шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнээр 2 784 600 төгрөг, нийт 4 999 379 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хөдөлмөрийн харилцааны хүрээнд шийдвэрлүүлэх бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гурван сарын дотор шүүхэд гомдол гаргаж болох байсан ч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Үндсэн гэрээнээс шаардах эрх үүсэхгүй тул борлуулагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нэмэлт үүрэг бүхий барьцааны гэрээний дагуу шаардах эрх мөн үүсэхгүй гэжээ. П.Б 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр борлуулагчийн гэрээг цуцлах мэдэгдлээ компанид ирүүлж, гэрээгээ өөрөө дуусгавар болгосон атлаа уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүх гэрээний харилцаа дуусгавар болсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь компанийн эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах замаар үндсэн гэрээг дагалдуулан барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 3.1-д "Үндсэн үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй буюу орлогыг тухай бүрт нь харилцах дансанд нь тушаагаагүй, мөн санхүүгийн албатай тооцоо нийлэхэд тооцооны зөрүү гарсан зэргээр барьцаалагчид хохирол учруулбал тогтоосон хугацааны дотор нөхөн төлөхийг шаардах, уг шаардлагыг хугацаанд нь бүрэн биелүүлээгүй бол барьцааны хөрөнгийг Иргэний хуулийн дагуу шүүхийн журмаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үндсэн өр, хүү, анз, хохирол, улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг гаргуулна" гэж тусгаж өгсөн бөгөөд П.Б-ийн компанид учруулсан хохирол 7 926 596 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан, алдаатай шийдвэр гэж үзэж, гомдолтой байна.

Мөн шүүх П.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хуульд заасан урьдчилсан нөхцлүүдийг хангалгүйгээр дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаануудыг гаргасан байна. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гарын үсгээ зураагүй байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрх, үүргийг тодорхой тусгаж өгөх ёстой байдаг бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр П.Б-ээс Д.Т-д өгсөн итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрхийг дурдаж өгөөгүй байхад Д.Т-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь процессын ноцтой алдаа бөгөөд хариуцагчийн эрхийг зөрчсөн явдал юм.

Дээрх процессын алдаануудын талаар хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх иргэний хэрэг үүсгэх захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дах хэсэгт заасан үндэслэлийг баримталсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байтал нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх заалтыг барьж иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан нь мөн процессын алдаа болж байна.

Шүүх нэхэмжлэгчийн итггэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахдаа итгэмжлэгчээс итгэмжлүүлэгчид өгсөн эрх, үүргийг нь шалгаж үзэлгүйгээр хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь процессын ажиллагааг зөрчсөнөөс гадна П.Б-ийн 7 хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсөнд 2 127 272 төгрөг шаардсан шаардлагыг шүүх хуралдаан дээр нэмэгдүүлэн 2 784 600 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн, нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлж, хариуцагчид гардуулах, хариуцагчийн тайлбар гаргах эрхийг зөрчиж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Дээрх байдлаар шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байгааг залруулж, өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ээлжийн амралтын олговор 2 904 500 төгрөг, илүү цагаар ажилласны хөлс 2 127 272 төгрөг, хавсран буюу хослон ажилласны хөлс 4 680 000 төгрөг нийт 9 711 772 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  гэрээнээс учирсан хохиролд 7 962 596 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хариуцагч С ХХК 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч П.Б-тэй худалдааны төлөөлөгчийн ажил үүрэг гүйцэтгүүлэхэр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн захирлын 2014 оны 6063 дугаар “Орон тоо хасах тухай” тушаалаар худалдааны төлөөлөгчийн орон тоог хасч, хөдөлмөрийн гэрээг нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 6064 дугаар тушаалаар дуусгавар болгожээ. Улмаар  талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр борлуулагчийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээг тус тус байгуулж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар С.П-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжны 18 тоот хаягт байрлах, 532 м.кв талбайтай газар, 56 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр боруулагчийн гэрээд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон байна. хх-7-9, 61-72 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагаа “Байнгын ажлын байранд байгуулагдах гэрээг хөлсөөр ажиллах гэрээний агуулгатай болгон “борлуулагчийн” гэх нэртэй гэрээ байгуулсан нь хууль зөрчсөнөөс гадна байнгын ажлын байранд ажиллаж байсан хүнтэй байгуулсан гэрээ нь иргэний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлажээ. Уг хэлцэл анхнаасаа хууль зөрчсөний улмаас хүчин төгөлдөр бус гэж байгаа тохиолдолд шүүхээс дахин тогтоох шаардлагагүй болно. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа ажилтантай 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй “борлуулагчийн гэрээ” байгуулсаныг нэхэмжлэгч П.Б хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн ажиллаж байсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд уг гэрээг төөрөгдлийн үндсэн дээр хийсэн гэж үзэх боломжтой байна.

Иймд талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан борлуулагчийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин борлуулагчийн гэрээ байгуулагдсаны улмаас ажилтан П.Б нь ээлжийн амралтын олговорыг 2015 оны 01 дүгээр сараас тооцон 2 904 500 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг 2014 оны 01 дүгээр сараас тооцон 2 127 272 төгрөг, жолоочийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг 2015 оны 01 дүгээр сараас тооцон 4 680 000 төгрөг, нийт 9 711 772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 53, 55 дугаар зүйлд илүү цагийн ажлын хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлөх, ажилтныг тухайн жил бүр ээлжийн амралт эдлэх боломжоор хангах үүргийг ажил олгогч хүлээнэ. Ажилтныг амруулахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулсан бол амралтын нэмэгдэл хөлсийг ажил олгогчтой тохиролцсоноор шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” гэж, мөн хуулийн 50.3 дах хэсэгт “Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно” гэж тус тус зааснаар нэмэгдэл хөлсийг ажил олгогч, ажилтанууд тохиролцсоноор олгоно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх цалин хөлс, олговортой холбоотой гомдлоо 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх нөхцөл бүрдээгүйгээс гадна амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, хавсран буюу хослон ажилласны хөлс, ээлжийн амралтын олговортой холбоотой маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч П.Б нь 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал хугацаад 14 482 341 төгрөгийн  бараа бүтээгдэхүүн дутагдуулснаас 8 707 535 төгрөгийг төлж, үлдэгдэл 9 711 772 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргахдаа хариуцагч байгууллагын санхүүгийн тэмдэгтэй нэг талын үйлдсэн баримтыг үндэслэн шаарджээ.

Хариуцагч байгууллагад бараа дутагдуулсантай холбоотойгоор барааны авлага үүссэн нь нэхэмжлэгчийн буруугаас болсон гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Давж заалдах гомдол гаргасан этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримт заах эрхгүй тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх учиртай. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан хохирол, гэм хор шаардах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гарын үсгээ зураагүй боловч 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж тайлбар гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төөлөлөгчийг нэхэмжлэл гаргаагүй гэж үзэх боломжгүй. Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болох үндэслэл бүрдээгүй учраас хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14/31 тоот борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ээлжийн амралтын олговорт 2 904 500 төгрөг, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 2 127 272 төгрөг, жолоочийн ажил хавсран буюу хослон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 4 680 000 төгрөг, нийт 9 711 772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн борлуулагчийн гэрээнээс учирсан хохиролд 7 962 596 төрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад “142 352” гэснийг “212 552” гэж, “165.140 (94 940+70 200)” гэснийг “70 200” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ                       

                                                                                                           Д.БАЙГАЛМАА