Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2018/02178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох

Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгон, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн хохиролд 9,711,772 төгрөг гаргуулах үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 7,962,596 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, түүний өмгөөлөгч З.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр С ХХК-ийн ажлын байранд борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэхээр ажилд орсон. Гэтэл 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр компанийн захиргаанаас ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг өөрчлөн Та нар өнөөдрөөс эхлэн хөлсний ажилтан боллоо гээд өөрсдийн зохиосон Борлуулагчийн гэрээг тулган өнөөг хүртэл уг гэрээгээр ажиллуулж байна. Иргэн, хуулийн этгээд нь Иргэний хуулийн 189.1-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулж агуулгыг өөрсдөө тогтоох эрхтэй боловч уг гэрээ нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль зэрэг бүх төрлийн хууль тогтоомжийг зөрчөөгүй байх, гэрээний стандарт нөхцөлийг хангасан байх, харилцан итгэлцэл, шударга зарчимд нийцсэн байх, өөрийн хууль ёсны давуу эрхээ хууль бусаар ашиглаагүй байх нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролгүй байх шаардлагыг хангасан байх ёстой билээ. С ХХК-ийн зохиосон Борлуулагчийн гэрээ нь анхнаасаа Хөдөлмөрийн хуулийн 24.1 дэх заалтыг шууд зөрчсөн байна. Гэрээнд Иргэний хуулийн 359-368-р зүйлийг удирдлага болгоно гэсэн авч Хөлсөөр ажиллах гэрээний ерөнхий зарчмыг баримтлаагүйгээс гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй байна. Хөлсөөр ажиллах гэрээний заавал баримтлах үндсэн нөхцөл нь ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг тодорхой байх, уул ажлыг гүйцэтгэх хугацааг огноогоор заасан байх, үүний үндсэн дээр ажлын хөлсийг төлөх хугацааг тодорхой тохирсон байх ёстой. Тодруулбал, гэрээний 1.4-т Борлуулагч нь нийт 10,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авч борлуулах, борлуулалтын орлогоо компанид тушаах үүрэг хүлээнэ гэсэн нь борлуулагч 10,000,000 төгрөгийн барааг гэрээний хугацаа болох 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл борлуулах уу, жилийн хугацаанд уу, эсхүл тодорхой нэг хугацаанд уу гэдэг нь ойлгомжгүй байна. Гэрээний 1.3 -т Компани нь борлуулагчид ажлын үндсэн хөлсөнд 200,000 төгрөг нэмж борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцож сард 2 удаа тухайн сарын 20-ны өдөр болон дараа сарын 8-ны дотор олгоно. Ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутгана гэсэн байна. Үүнээс үзвэл талууд ажлын хөлсийг харилцан тохироогүй компани дангаар ажлын хөлсийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар тогтоосон нь Хөдөлмөрийн хууль, Зөрчлийн тухай хуулийн 9.1 дэх заалтыг зөрчжээ. Гэрээний 2.2-т Борлуулагчийн ажиллах өдөр цагийн хуваарийг тогтоож өгнө. Ажлын цагийн хуваарь нь даваа гарагаас бямба гарагийн өглөө 8.30 цагаас 18.00 цаг хүртэл байна гэжээ. Хөлсөөр ажиллаж буй ажилчин ажил үүргийг гүйцэтгэх хугацаа болон бусад нөхцөлийг өөрөө тооцоолж ажлын цагийг өөрөө тогтоох бөгөөд ажил үүргийг гүйцэтгэх хугацаа дөхвөл илүү цагаар ажиллах, эсвэл хугацаанаас өмнө ажил дуусвал амрах эрхтэй билээ. Гэтэл энд өдөр бүрийн ажиллах цагийн хуваарийг гаргасан нь хөлсөөр ажиллах гэрээний зарчимд нийцэхгүй харин ч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтанд тохирохоор байна. Гэрээний 1.5-д Борлуулагчийн борлуулалтын орлого тушаах үүргийн биелэлтийг баталгаажуулж талууд барьцааны гэрээ байгуулна гэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 11.1 дэх заалтыг зөрчиж байна. Гэрээний 2.9-д Компани нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай байр, багаж, хувцас, тээврийн хэрэгслээр хангаж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө гэжээ. Энд компани нь хөлсний ажилтныг түр буюу бүр амьдрах байраар хангах, эсхүл бараагаа зарах ажлын байр болох лангуу, дэлгүүрээр хангах тухай юу гэдэг нь тодорхой бус байна. Тээврийн хэрэгслээр хангах гэсэн нь ажилд ирж буцах унааг эсвэл жолооч бүхий борлуулалтын машиныг хэлж байна уу гэсэн ойлгомжгүй утга бүхий байна. Борлуулагчийн гэрээнд хөлсөөр ажиллах ажилтны хөдөлмөрлөх эрх чөлөөг хамгаалсан нэг ч заалтыг тусгаагүй байх тул Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ. Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрх үүрэгтэй байх, хуулийг дээдлэх зарчмыг зөрчсөн 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №14/31 тоот Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 50.2-т Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэшил, ажил албан тушаал, хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас тооцон нэмэгдэл олгоно гэж заасан байхад П.Б нь борлуулагч, борлуулалтын жолооч, грушкийн ажлыг хавсран даваа гарагаас бямба гараг хүртэл өглөөний 8.30 цагаас орой 20-21 цаг хүртэл ажиллахдаа ер гомдол гаргаж байгаагүй, нэг ч өдөр ажил таслаагүй. Свийтрөүд ХХК нь Борлуулагчийн гэрээг зохиосноор ажилтнуудаар ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг цалингүйгээр давхар хийлгэж, Хөдөлмөрийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ээлжийн амралтын олговрыг олгоогүй байна. Иймд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө заасны дагуу С ХХК-иас ажилтанд учруулсан хохирол болох сүүлийн 3 жилийн ээлжийн амралтын мөнгө 2,904,500 төгрөг, Хөдөлмөрийн хуулийн дагуу олгох ёстой байсан 2015, 2016, 2017, 2018 оны бямба гарагуудад ажилласан илүү цагийн мөнгө 2,127,272 төгрөг, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, ажил үүргийн хуваарьт ороогүй Борлуулалтын жолоочийн ажлыг үндсэн ажлынхаа зэрэгцээ давхар гүйцэтгэсний хөлс 4,680,000 төгрөг, нийт 9,711,772 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь С ХХК-тай анх 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №14/11 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан худалдааны төлөөлөгчийн ажилд орсон. Түүний дараа манай компани худалдааны төлөөлөгчийн орон тоог компанийн байнгын ажлын байрны жагсаалтаас хассан тул П.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компани барааны борлуулалтаа компанийн ажилтнуудаар биш, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр иргэдтэй Борлуулагчийн гэрээ байгуулан хийлгэхээр болсон. Тэгэхэд П.Б компанитай Борлуулагчийн гэрээ байгуулан хамтран ажиллах санал гаргаж, талууд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Борлуулагчийн гэрээ-г байгуулсан. П.Б-тэй байгуулсан Борлуулагчийн гэрээгээр П.Б нь 6 сарын cap бүр 10,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Борлуулагчийн гэрээний хугацаанд гарч болох эрсдлээс сэргийлж П.Б нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасны дагуу ажлын хөлсийг сард 2 удаа олгодог байсан бөгөөд нэмэлтээр борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцдог байсан. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна гэж заасан учраас компанийн зүгээс борлуулагчид олгосон орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж байсан. Компани П.Б-ийг хот дотор унах автомашин, бензин, бусад шаардлагатай багаж болох ТАБ, принтер, утасны дугаар (суурь хураамжийг нь компаниас төлдөг) зэрэг шаардлагатай бүхий л хэрэгслүүдээр хангасан. П.Б-тэй байгуулсан Борлуулагчийн гэрээ-г аль нэг тал нь цуцлах мэдэгдэл гаргаагүй үед сунгагдахаар заасны дагуу хүчинтэй хэвээрээ байсан. Л.Б эхнэр нь төрсөн гэдэг шалтгаанаар 3 хоног ажилдаа ирэлгүй алга болсон ба 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Борлуулагчийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг компанид ирүүлснээр түүнтэй байгуулсан 14/31 дугаартай Борлуулагчийн гэрээ дуусгавар болсон. П.Б байгуулсан Борлуулагчийн гэрээгээ өөрөө дуусгавар болгосон атлаа тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр бус Борлуулагчийн гэрээгээр ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгаа хамаарахгүй тул П.Б-ийн тус шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө заасны дагуу cap бүр тогтмол ажлын хөлс олгодог ба борлуулалтын ашиг орлогоос хамаарч сард 2 удаа борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцдог байсан. П.Б 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарыг дуустал нийт 14,482,341 төгрөгиин бараа бүтээгдэхүүн дутагдуулсан тул түүнд олгох ажлын хөлснөөс 8,131,515 төгрөгийг суутгаж, өөрөө дансаар 576,020 төгрөг төлсөн ба нийт 8,707,535 төгрөгийн өрийг барагдуулсан. П.Б харилцагч нар дээр 2,137,790 төгрөгийн үлдэгдэл, бараа, урамшуулалт барааны 50,000 төгрөгийн бараа, нийт 7,962,596 төгрөгийн өр төлбөртэй байна. П.Б нь эхнэр төрсөн гэдэг шалтгаанаар 3 хоног ажил хийлгүй алга болж 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Борлуулагчийн гэрээг цуцлах тухай мэдэгдлээ компанид ирүүлснээр түүнтэй байгуулсан 14/31 дугаартай Борлуулагчийн гэрээ дуусгавар болсон. П.Б нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр гэрээг дуусгавар болгосноос хойш барааны дутагдлаа төлж барагдуулах талаар бидэнтэй ирж уулзаагүй. Иймд П.Б-ээс манай компанид учирсан хохирол болох 7,962,596 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох С.П-ийн нэр дээрх улсын бүртгэлийн Г- 2201016229 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжны 18 тоот хаягт байрлах, 532 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-2201032600 дугаартай, тус хаягт байрлах, 56 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид Борлуулагчийн гэрээг огт байгуулаагүй гэж маргаагүй. Мөн гэрээг байгуулсан он сарын тухай ч маргаагүй билээ. Гол нь байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ бус хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан тул Борлуулагчийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 7,962,596 төгрөгийг хувь хүнээс нэхэж байгаа нь үнэхээр шударга бус юм. Хүний нөөцийн албаны дарга Э нь Дэлгүүрт зээлээр өгсөн барааны үнийг чиний нэр дээр бичлээ, чи хүлээн зөвшөөрч энэ баримт дээр гарын үсэг зур гэж тулгасан байдаг бөгөөд П.Б нь Би захиалгын дагуу барааг дэлгүүрт цагт нь хүргэж өгч байсан. Хэрэв би дэлгүүрт бараагаа хүргэж өгч чадаагүй замдаа удаж, гэмтээж, үрэгдүүлсэн бол төлөх нь шударга ёсонд нийцнэ. Миний үүрэг бол барааг цаг хугацаанд нь дэлгүүрт хүргэж өгөх. Би хугацаа дууссан бараа дэлгүүрт нийлүүлсэн С ХХК-ийн өмнөөс болон бараа зээлээр аваад мөнгөө өгөхгүй байгаа харилцагчдын өмнөөс хариуцлага хүлээж чадахгүй гээд зөвшөөрөөгүй тул тэр бичиг дээр гарын үсэг зураагүй байна. С ХХК-ийн нягтлан бодогч нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.5-д зааснаар бүрдүүлсэн хүчин төгөлдөр анхан шатны баримтыг үндэслэж эд хариуцагчтай тооцоо нийлсэн акт үйлдээгүй байж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1.5-д Эд хөрөнгө өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх гэж заасныг зөрчин хүнийг өр төлбөртэй гэж тогтоож байгаа нь хууль зөрчсөн шударга бус явдал юм. Энэ компанид 5 аудит, 10 худалдааны төлөөлөгч, 2 хүргэгч ажилладаг. 10 худалдааны төлөөлөгч дэлгүүрүүдээр явж барааны захиалга авдаг бөгөөд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд зээлээр бараа нийлүүлэх захиалгыг авдаг. 5 аудит нь түгээгч барааг цаг хугацаанд нь бүрэн бүтэн дэлгүүрт хүргэж өгсөн байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг. Харин түгээгч бүх захиалгыг дэлгүүрүүдэд аваачиж өгөх ажил үүргийн хуваарьтай. Зээлээр бараа авсан харилцагч нар заримдаа барааны үнийг төлөхгүй удах, хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон барааг буцаана, заримдаа дэлгүүр түрээсэлж байсан хүмүүс солигдож өөр хүмүүс дэлгүүрийг түрээсэлсэн байх, дэлгүүр дампуурч хаалгаа барьсан байх гэх мэтээр эрсдэл ихтэй. Сөрөг нэхэмжлэлд 2016 оноос 2018 оны хооронд П.Б-ий цалингаас 8,131,525 төгрөгийг суутгасан гэж бичсэн ч үнэндээ 11,103,770 төгрөгийг суутгасан байдаг. Цаашдаа хэн ч бай харилцагч нар дээр байгаа барааны үнэ, хугацаа дууссан барааны үнэ, урамшууллын барааны үнэ, найдваргүй зээлдэгчийн авсан барааны үнийг цалингаас төлөхгүй, борлуулагчийн гэрээгээр ажиллах боломжгүй юм гэв.

 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь С ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан бол 2018 оны 8 дугаар 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн хохиролд 9,711,772 төгрөг гаргуулна хэмээжээ.

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөхийн зэрэгцээ Борлуулагчийн гэрээнээс учирсан хохиролд 7,962,596 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нь хариуцагч компанийн байнгын ажлын байранд ажиллаж байсан, байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосныг зөрчиж байгуулсан Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн, ийнхүү хэлцэл хийсэн буруутай этгээдээс хохиролд тооцон хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан бол авбал зохих ээлжийн амралтын олговор 2,904,500 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 2,127,272 төгрөг, үндсэн ажлын зэрэгцээ өөр ажил хослон хийсний нэмэгдэл хөлс 4,680,000 төгрөг, нийт 9,711,772 төгрөг гаргуулна хэмээжээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгч П.Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, борлуулагчийн ажлын байр нь байнгын ажлын байр биш тул хууль зөрчөөгүй гэх ба түүнийг Борлуулагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас компанид учирсан хохиролд 7,962,596 төгрөг гаргуулахыг шаардан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

Нэхэмжлэгч П.Б нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч С ХХК-д худалдааны төлөөлөгчийн ажил үүрэг гүйцэтгэхээр Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо бүхий хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

С ХХК-ийн захирлын 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2014 оны албан тушаал, зэрэглэл, гэрээний жагсаалт батлах тухай 6062 дугаар тушаалаар баталсан албан тушаалын жагсаалтад худалдааны төлөөлөгчийн ажлын байр багтаагүй байна. Мөн өдрийн Орон тоо хасах тухай 6063 дугаар тушаалаар худалдааны төлөөлөгчийн орон тоог хасаж, энэ тухай уг орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудад мэдэгдэх тухай заажээ. /хх-86, 90-91/ С ХХК-ийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 6059 дүгээр тушаалаар П.Б-ийг түүнтэй харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-9/

Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Орон тоо хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүрдэх ба ийнхүү цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан байдаг. Гэтэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэл буюу ажилтантай харилцан тохиролцсон хэмээн П.Б-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь дээр дурдсан хуулийн холбогдох заалтад нийцээгүй байна.

П.Б нь С ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 14/31 тоот Борлуулагчийн гэрээг байгуулж, талууд гарын үсэг зуржээ. /хх-7-9/ Улмаар талууд 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 14/31 тоот Барьцааны гэрээг байгуулж, гэрээгээр Борлуулагчийн гэрээний үүргийн биелэлтийг хангахаар С.П-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2201016229 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжны 18 тоот хаягт байрлах, 532 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-2201032600 дугаартай, тус хаягт байрлах, 56 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалахаар тохирчээ. /хх-15-17/

Борлуулагчийн гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх, эсхүл тус гэрээгээр хүлээсэн ажил үүрэг нь байнгын ажлын байранд хамаарах эсэхийг тодорхойлохын тулд нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээ болон Борлуулагчийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийг харьцуулан, мөн хуульд тодорхойлсон байнгын ажлын байрны шинж чанарыг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Нэхэмжлэгч П.Б-ийн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод худалдааны төлөөлөгчийн үндсэн ажил үүргийг бараа борлуулж, худалдах, түгээх, шинээр харилцагч нээх, барааг харилцагчдад сурталчлан таниулах, бараа материалын бүрэн бүтэн байдлыг хариуцах, борлуулалтын сар бүрийн идэвхжүүлэлтийг хэрэгжүүлэх, борлуулалтын тайлан тооцоог өдөр бүр санхүүд үнэн зөв гаргаж өгөх хэмээн тодорхойлжээ. Харин Борлуулагчийн гэрээний 1.1-д . . . компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх, 3.6-д Борлуулагч нь бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой худалдан авагчийн талаарх мэдээллийг компанид өгч байна, 3.4-т Бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын явцад тухайн бараа бүтээгдэхүүнийг аливаа эрсдэлээс хамгаалах үүргийг борлуулагч хүлээнэ, 1.4-т . . . борлуулалтын орлогоо өдөр бүр тушаах үүрэг хүлээнэ гэж заасан нь Хөдөлмөрийн гэрээний үндсэн үүрэг болох бараа худалдах, түгээх, шинэ харилцагч олох, бүрэн бүтэн байдлыг хариуцах, тооцоо хийх гэсэнтэй адил үүргийг тодорхойлсон байна. /хх-61-68/

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгоно гэж заасан байдаг.

Борлуулалтын гэрээний 1.3-т Компани нь борлуулагчид ажлын үндсэн хөлсийг 200,000 төгрөгөөр, нэмж борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцож сард 2 удаа ... олгоно, 1.4-т Борлуулагч нийт 12,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авч борлуулах, борлуулалтын орлогоо компанид өдөр бүр тушаах үүрэг хүлээнэ, 2.1-т Борлуулагчийн ажиллах чиглэлийн хаяг, эмблем, ажлын хувцас, нэрийн хуудас зэргийг нэгдсэн журмаар захиалж жигд хангана, 2.2-т Борлуулагчийн ажиллах өдөр, цагийн хуваарийг тогтоож өгнө. . ., 2.5-д Компани барааны борлуулалтын байдалтай танилцах, борлуулагчийн ажлыг байнга хянах, шалгах, тооллого хийх эрхтэй, 2.9-д Компани нь ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай байр, багаж, хувцас, тээврийн хэрэгслээр хангаж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө, 3.1-д Борлуулагч нь С ХХК-аас баталсан дүрэм, журам, зааврыг дагаж мөрдөж хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинж чанар бус харин хөдөлмөрийн эрх зүйгээр зохицуулагдвал зохих харилцаа гэж үзэхээр байна.

Тодруулбал, Борлуулагчийн гэрээг Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд заасныг удирдлага болгон байгуулсан гэх боловч анх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцлаагүй, Борлуулагчийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэг Хөдөлмөрийн гэрээний үндсэн ажил үүрэгтэй нэгэн адил болохын зэрэгцээ хөдөлмөрийн хуваарийн дагуу, хариуцагч байгууллагаас олгосон багаж хэрэгслээр, түүний удирдлага дор ажил үүргийг гүйцэтгэж, баталсан үнэлгээгээр хөлс авч байсан байх тул уг ажил үүргийг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс хариуцагч С ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчин, нэхэмжлэгч П.Б-тэй Хөдөлмөрийн гэрээ бус Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзнэ. Нэгэнт Борлуулагчийн гэрээг хууль зөрчин байгуулсан гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажил олгогч буруутай юм. Байнгын ажлын байрны ажил үүргийг хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээгээр гүйцэтгүүлсэн тул ажилтан буюу нэхэмжлэгч П.Б-ийн эрх зүйн байдал Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч учирсан хохиролд ажилтны нэгэн адил ээлжийн амралтын олговор, илүү цагаар болон хослон ажилласны нэмэгдэл хөлс шаардах эрхтэй.

Шаардах эрх нь түүнийг үндэслэн шаардаж буй зүйл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон нөхцөлд хангагдах учиртай тул нэхэмжлэгчийн хохиролд мөнгөн дүнгийн нотолгоог нэгбүрчлэн авч үзнэ.

Ээлжийн амралтын олговорт 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлснөөс тооцон нэг сарын дундаж цалин хөлсийг гарган, гарсан тоог ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийг дундаж хөлсийг тодорхойлж, үүнийгээ ээлжийн амралт эдэлбэл зохих 20 өдрөөр үржүүлэн нийт 2,904,500 төгрөг шаарджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох бөгөөд нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор тооцсон аргачлал нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралтын олговор тооцох журам-д нийцсэн, тооцсон цалин хөлс нь П.Б-ийн нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-10, 141-142/-оор тогтоогдож байна. Гагцхүү нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.2-т зааснаар ээлжийн үндсэн амралтын хугацаа болох 15 өдөр дээр нэмж 5 өдрийн амралт буюу нийт 20 өдөр амрах эрхтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэг өдрийн дундаж цалин хөлсийг 15 хоногоор тооцон, нийт 2,214,797 төгрөгийн ээлжийн амралтын олговрыг хохиролд гаргуулах нь зүйтэй байна.

Долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсөнд 2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл 4 жил 3 сарын хугацаанд Борлуулагчийн гэрээгээр тохирсон 200,000 төгрөгөөс тооцон, нийт 2,784,600 төгрөг шаардсан байна.

Борлуулагчийн гэрээний 2.2-т Бямба гаригт 8.30-18.00 цаг хүртэл ажиллахаар заасан, хариуцагч нь нэхэмжлэгчийг Бямба гаригт ажилладаг байсан эсэхэд маргаагүй тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар 1.5 дахин нэмэгдүүлсэн цалин хөлс шаардах эрхтэй. Долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар нэг цагийн дундаж цалин хөлснөөс нэмэгдүүлэн тооцох ба ийнхүү журмын дагуу тооцоход нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнгээс их гарах тул шаардсан үнийн дүн болох 2,784,600 төгрөгийн хэмжээнд хангах нь зүйтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсөнд 2,127,272 төгрөг шаардсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2,784,600 төгрөг гаргуулна гэснийг дурдах нь зүйтэй.

Сүүлийн шаардлага болох хослон ажилласны нэмэгдэл хөлсөнд 4,680,000 төгрөгийг борлуулагчийн ажлын зэрэгцээ жолоочийн ажлыг хослон хийсэн хэмээн Борлуулагчийн гэрээгээр тохирсон 200,000 төгрөгийн 60 хувь болох 120,000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т зааснаар ажилтан үндсэн ажлын зэрэгцээ өөр ажил хослон ажиллаж болох бөгөөд нэмэгдэл хөлсийг тохиролцон тогтоохоор зохицуулжээ. Борлуулагчийн ажил үүргийг гүйцэтгэхэд жолоочийн хамт гүйцэтгэх тухай баримт хэрэгт авагдаагүй, мөн хуульд нэмэгдэл хөлсийг харилцан тохиролцсон нөхцөлд олгохоор заасан тул уг шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Эдгээр үндэслэлээр хохиролд нийт 9,711,772 төгрөг гаргуулахаар шаардсанаас 4,999,379 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 4,712,375 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Борлуулагчийн гэрээнээс учирсан хохиролд 7,962,596 төгрөг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн дүгнэсэн тул уг гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй. Үндсэн гэрээнээс шаардах эрх үүсэхгүй тул Борлуулагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нэмэлт үүрэг бүхий Барьцааны гэрээний дагуу шаардах эрх мөн үүсэхгүй. Нэхэмжлэгч эдгээр гэрээний үүргийг шаардах эрхгүй хэдий ч өөр үндэслэлээр шаардлага гаргах эрхийг уг шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

Дээр дурдсан үндэслэлээр Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хохиролд 4,999,397 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгч П.Б-д олгон, үлдэх 4,712,375 төгрөгийн шаардлага болон Борлуулагчийн гэрээнээс учирсан хохиролд 7,962,596 төгрөг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.