Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00438

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00438

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч:д.о

 

Хариуцагч: Н ,

 

Нэхэмжлэлийн шаардлага:Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээг хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З , өмгөөлөгч Ш.М ,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 

 

Гуравдагч этгээд Н.М ,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О  нь Н  холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээг хийхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х  ХХК, Н.М  нарын нэхэмжлэлтэй Д.О-д холбогдох иргэний хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Д.О  Х  ХХК, Н.М нарт төлбөр төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үүрэг хүлээсэн. Х ХХК 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр барьцаа хөрөнгө болох орон сууцыг 195.348.600 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл уг орон сууц 2017 оны үеийнхтэй харьцуулахад ханшийн өөрчлөлтөөс хамаарч үнэлгээ нь өссөн. Орон сууцны ипотекийн зээл 6 хувь болж буурснаар иргэд тухайн зээлд шинээр хамрагдаж худалдан авалт эрчимтэй нэмэгдсэн. Америк долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор иргэд мөнгөө валютын хадгаламжид оруулж, үлдсэн хэсгийг үл хөдлөх хөрөнгө болгосон. Мөн дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахал гарсантай холбоотой барилгын материалын үнэ огцом өссөн. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д ...Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно... гэж заасны дагуу зөвхөн Х  ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, орон сууцанд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г  огт ойлгомжгүй хариулт өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 3-т ...Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө... гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т ...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй... гэж тус тус зааснаар Д.О-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэж үзсэн тул нэхэмжлэл гаргасан. Орон сууцнууд байршлаасаа шалтгаалан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Зайсан орчмын байрнууд хамгийн өндөр үнэлгээтэй байгаа. Өөрөөр хэлбэл тус орон сууцны үнэлгээ өнөөдрийн байдлаар Х  ХХК, Н.М  нарын төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой байгаа юм. 2017 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай орон сууцны м.кв-ийн үнэ нь 2.200.000 төгрөг байсан. Харин 2021 оны 6 дугаар сарын байдлаар 3.400.000 төгрөг болсон байна. Иймд орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД, 86 дугаар байрны ** тоотод байрлах, Ү-2206016** дугаарт бүртгэлтэй, 115.9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар тооцож, үнэлгээ дахин хийхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 13**дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1299 дүгээр тогтоолоор А.Ж , Д.О  нараас 106.568.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 690.790 төгрөгийг тус тус гаргуулан Н.М-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч А.Ж , Д.О  нарт төлбөрийг төлж барагдуулах хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ХД 86 дугаар байрны ** тоот орон сууцыг битүүмжлэн хураан авч хадгалалт, хамгаалалтад үлдээсэн. Барьцаа хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч ирүүлээгүй тул төлбөр авагч Н.М-с шинжээч томилон үнэлгээ тогтоолгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 328 тоот тогтоолоор зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө 195.348.600 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд талуудад үнэлгээг 2018 оны 4/31311 тоот мэдэгдлээр мэдэгдэж танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасан бөгөөд өмчлөгчөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан. Иймд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоохоор хуульчилсан тул өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн хугацааг олгосон байна. Төлбөр төлөгч нар нь тогтоосон хугацаанд хөрөнгөө худалдан борлуулж, төлбөрийг барагдуулаагүй бөгөөд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу хуулийн хугацаанд талуудад хөрөнгийн үнэлгээг танилцуулж, мэдэгдсэн бөгөөд 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүй өөрийн хөрөнгөө худалдан борлуулах хуулийн хугацаа авсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэх боломжгүй юм. Тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21** дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00*** дугаар тогтоолоор А.Ж , Д.О  нараас 244.063.168 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.378.266 төгрөгийг тус тус гаргуулж, Х  ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцыг мөн Х  ХХК-д барьцаалж зээл авсан. Орон сууц барьцаалсан асуудлаар маргаан үүсч төлбөр авагч Н.М  тус шүүхэд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл болон хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж гурван шатны шүүхээр Н.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүй өөрийн хөрөнгөө худалдан борлуулах хуулийн хугацаа авсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О  нь нөхөр А.Ж-ны хамт 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД 86 дугаар байрны ** тоот, улсын бүртгэлийн Ү-2206016** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, нэг сарын хугацаатай зээл авсан. Гэвч зээлийн хугацаа өнгөрөхөд зээлээ төлөөгүй тул миний бие шүүхэд хандаж гурван шатны шүүхээс Д.О , А.Ж нарыг зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, төлбөр авах гэрээг хуулийн дагуу байгуулсан. Д.О  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болж, Хан-Уул дүүргийн бүртгэлийн газраас лавлагаа авснаар барьцаа хөрөнгийг миний барьцаанаас суллуулж, Х ХХК-д барьцаанд тавьсан мэдээлэл гарч ирсэн. Д.О  нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр надаас зээл аваад нэг сарын дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажиллаж байсан нотариатчийнхаа тамга, тэмдгийг хулгайлан авч надтай байгуулсан барьцаат зээлийн гэрээг үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл хуурамчаар үйлдэж, дахин Х  ХХК-ийн барьцаанд тавьж зээл авсан байсан. 2018 оны 3 дугаар сараас хойш миний бие 271 дугаартай нотариатын тамга эзэмшдэг нотариатч Б.О-д холбогдох үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргаж бүтэн 2 жил хагасын дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр эцэслэн гарсан болно. Д.О нь нотариатч Б.О  тамгыг хулгайлж үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хуурамчаар үйлдсэний улмаас миний хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж, өнөөдрийг хүртэл мөнгө, санхүү, эдийн засаг, сэтгэл санаа, эрүүл мэндийн гээд бүхий л талаараа хохирсоор байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.О-ийг төлбөр төлөхгүй байсантай холбогдуулан хөрөнгийн үнэлгээг цаг тухайд нь гаргуулж, дуудлага худалдаанд оруулж, хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулсан. Хөрөнгийн үнэлгээг Д.О  хүлээн зөвшөөрсөн. Д.О  өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн өр төлбөрөө төлөөгүй. Одоо юмны үнэ өслөө, би хохирлоо гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь цаг хугацаа хожих гэсэн башир арга юм. Миний хувьд ч ялгаа байхгүй, мөнгөний үнэ цэнэ унаж, хохирсоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г- гаргасан хүсэлт, Н-ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 4/438 дугаар хариу мэдэгдэх хуудас, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01*** дүгээр шийдвэр, ** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/0*** дүгээр шийдвэр, тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2021/0*** дугаар захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2021/14*** дүгээр захирамж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн статистикийн мэдээ,

Хариуцагчаас ** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 00378 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1382 дугаар магадлал, тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2017/04136 дугаар захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 17290837 дугаар тогтоол, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 190/17-59 тоот шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн 190/17-58 тоот зарлан дуудах хуудас, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17290837/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17290837/02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/26559 тоот мэдэгдэл, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/26942 тоот мэдэгдэл, Н.М  2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээч томилуулах тухай хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 328 дугаар шинжээч томилох тухай тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17290837 дугаар зарлан дуудах мэдэгдэл, Х  ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4/31311 тоот мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1729 тоот мэдэгдэл, Засгийн газрын мэдээ №105 /904/ дугаар сонин, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/18 тоот тогтоол, Х ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2/2216 тоот хариу албан бичиг, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 4/9510 тоот мэдэгдэл, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 6 дугаар 08-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4/222/9409 тоот мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

Гуравдагч этгээдээс Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/01299 дүгээр тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2020/00759 дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4-222/10404 тоот мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 4/222/14278 тоот мэдэгдэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х  ХХК 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр барьцаа хөрөнгө болох орон сууцыг 195.348.600 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл уг орон сууц 2017 оныхтэй харьцуулахад ханшийн өөрчлөлтөөс хамаарч үнэлгээ нь өссөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу зөвхөн Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, орон сууцанд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц. г огт ойлгомжгүй хариулт өгсөн. Орон сууцнууд байршлаасаа шалтгаалан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Зайсан орчмын байрнууд хамгийн өндөр үнэлгээтэй байгаа. 2017 оны 7 дугаар сард тус байрлалд орон сууцны м.кв-ийн үнэ 2.200.000 төгрөг байсан бол 2021 оны 6 дугаар сарын байдлаар 3.400.000 төгрөг болсон байна. Иймд орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД, 86 дугаар байрны ** тоотод байрлах, Ү-2206016***дугаарт бүртгэлтэй, 115.9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар тооцож, үнэлгээ дахин хийхийг Н-т даалгахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлав.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гурван шатны шүүхийн шийдвэрээр А.Ж , Д.О  нараас 106.568.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 690.790 төгрөгийг тус тус гаргуулан Н.М-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч А.Ж , Д.О  нарт төлбөрийг төлж барагдуулах хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ХД 86 дугаар байрны ** тоот орон сууцыг битүүмжлэн хураан авч хадгалалт, хамгаалалтад үлдээсэн. Төлбөр авагч Н.М-с шинжээч томилон үнэлгээ тогтоолгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 328 тоот тогтоолоор зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг Х  ХХК 195.348.600 төгрөгөөр үнэлсэн. Талуудад үнэлгээг 2018 оны 4/31311 тоот мэдэгдлээр мэдэгдэж танилцуулсан, талуудаас гомдол гаргаагүй. Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүй өөрийн хөрөнгөө худалдан борлуулах хуулийн хугацаа авсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1.А.Ж , Д.О л нар 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Н.М-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 80.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлж авсан байх ба Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, ХД 86 дугаар байрны ** тоот хаягт байрлах, Ү-2205016** дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан байна.

 

2.А.Ж , Д.О нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс Н.М  нь зээлдэгч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 106.568.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэж, 102/ШШ2016/04161 дүгээр шийдвэрээр А.Жа , Д.О нараас 76.783.533 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.М-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1382 дугаар магадлалаар А.Ж , Д.О  нараас 106.568.000 төгрөг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-86 дугаар байрны 1 тоот, Ү-220016122 тоот гэрчилгээтэй орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг Монгол Улсын Дээд шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/01299 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2017/04136 дугаар захирамж, 378 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 17290837 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлжээ.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н  2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17290837/01 дүгээр тогтоолоор А.Ж , Д.О нарын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-86 дугаар байрны ** тоот орон сууцыг битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17290837/02 дугаар тогтоолоор орон сууцыг хурааж, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно, хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно... гэж зааснаар хөндлөнгийн Х  ХХК-ийг шинжээчээр томилж, тус компани үл хөдлөх эд хөрөнгийг 195.348.600 төгрөгөөр үнэлсэн байна.

 

5.Нэхэмжлэгч Д.О шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д ...Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно... гэж зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, ойлгомжгүй хариулт өгсөн гэж тайлбарлан хөндлөнгийн шинжээчийн 2017 онд хийсэн үнэлгээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.Тодруулбал хэргийн баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсний дараа төлбөр төлөгч А.Ж , Д.О  нарын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-86 дугаар байрны 1 тоот орон сууцыг битүүмжилж, хурааж, улмаар ажиллагааны явцад талууд үнийн санал ирүүлээгүй, үнэлгээн дээр харилцан тохиролцоогүйгээс төлбөр авагчийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн хөндлөнгийн шинжээчээр Х  ХХК-ийг томилоход шинжээч орон сууцыг 195.348.600 төгрөгөөр үнэлжээ.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т ...Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө... гэж зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х  ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч А.Ж , Д.О , төлбөр авагч Н.М нарт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 4/31311 тоот мэдэгдлээр тогтоогдож байна.

 

8.Шинжээчийн дүгнэлтийг танилцуулсны дараа төлбөр төлөгч А.Ж , Д.О нар барьцаа хөрөнгийг өөрсдөө худалдан борлуулах хүсэлт гаргасан нь тэдний 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

9.Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т ...Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно... гэж зааснаар өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн хугацааг олгосон, улмаар төлбөр төлөгч нар тогтоосон хугацаанд хөрөнгөө худалдан борлуулж, төлбөрийг барагдуулаагүй бөгөөд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу хуулийн хугацаанд талуудад хөрөнгийн үнэлгээг танилцуулж, мэдэгдсэн бөгөөд мөн хуулийн 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй, өөрийн хөрөнгөө худалдан борлуулах хуулийн хугацаа авсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх боломжгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд Н  газарт холбогдох Х  ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н  холбогдох Х  ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН