Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00850

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00850

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00438 дугаар шийдвэртэй

Д.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, гуравдагч этгээд Н.Мандаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хас банк ХХК, Н.Мандаа нарын нэхэмжлэлтэй Д.Од холбогдох иргэний хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Д.О Хас банк ХХК, Н.Мандаа нарт төлбөр төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үүрэг хүлээсэн. Хөрөнгө-эстимэйт ХХК 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр барьцаа хөрөнгө болох орон сууцыг 195,348,600 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл уг орон сууц 2017 оны үеийнхтэй харьцуулахад ханшийн өөрчлөлтөөс хамаарч үнэлгээ нь өссөн. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д ...Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно... гэж заасны дагуу зөвхөн Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, орон сууцанд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяа огт ойлгомжгүй хариулт өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Д.Оийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэж үзсэн тул нэхэмжлэл гаргасан. Орон сууцнууд байршлаасаа шалтгаалан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Зайсан орчмын байрнууд хамгийн өндөр үнэлгээтэй байгаа. Өөрөөр хэлбэл тус орон сууцны үнэлгээ өнөөдрийн байдлаар Хас банк ХХК, Н.Мандаа нарын төлбөрийг барагдуулах бүрэн боломжтой байгаа юм. 2017 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай орон сууцны м.кв-ийн үнэ нь 2.200.000 төгрөг байсан. Харин 2021 оны 6 дугаар сарын байдлаар 3.400.000 төгрөг болсон байна. Иймд орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД, 86 дугаар байрны 1 тоотод байрлах, Ү-2206016122 дугаарт бүртгэлтэй, 115.9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар тооцож, үнэлгээ дахин хийхийг Нт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайханы шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04161 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1382 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1299 дүгээр тогтоолоор А.Жаргалсайхан, Д.О нараас 106.568.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 690.790 төгрөгийг тус тус гаргуулан Н.Мандаад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч А.Жаргалсайхан, Д.О нарт төлбөрийг төлж барагдуулах хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ХД 86 дугаар байрны 1 тоот орон сууцыг битүүмжлэн хураан авч хадгалалт, хамгаалалтад үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч ирүүлээгүй, төлбөр авагч Н.Мандаагаас шинжээч томилон үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул хөндлөнгийн шинжээч томилсон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө 195,348,600 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд талуудад үнэлгээг 2018 оны 4/31311 тоот мэдэгдлээр мэдэгдэж танилцуулсан. Өмчлөгчөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоохоор хуульчилсан тул өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн уг хугацааг олгосон байна. Төлбөр төлөгч нар нь тогтоосон хугацаанд хөрөнгөө худалдан борлуулж, төлбөрийг барагдуулаагүй бөгөөд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу хуулийн хугацаанд талуудад хөрөнгийн үнэлгээг танилцуулж, мэдэгдсэн бөгөөд 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүй өөрийн хөрөнгөө худалдан борлуулах хуулийн хугацаа авсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэх боломжгүй юм. Орон сууц барьцаалсан асуудлаар маргаан үүсч төлбөр авагч Н.Мандаа тус шүүхэд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл болон хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж гурван шатны шүүхээр Н.Мандаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүй өөрийн хөрөнгөө худалдан борлуулах хуулийн хугацаа авсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Н.Мандаагийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Д.О нь нөхөр А.Жаргалсайханы хамт 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ббббб дугаар байрны 1 тоот, улсын бүртгэлийн Ү-2206016122 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, нэг сарын хугацаатай зээл авсан. Гэвч зээлийн хугацаа өнгөрөхөд зээлээ төлөөгүй тул миний бие шүүхэд хандаж гурван шатны шүүхээс Д.О, А.Жаргалсайхан нарыг зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нт хандаж, төлбөр авах гэрээг хуулийн дагуу байгуулсан. Д.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болж, Хан-Уул дүүргийн бүртгэлийн газраас лавлагаа авснаар барьцаа хөрөнгийг миний барьцаанаас суллуулж, Хас банк ХХК-д барьцаанд тавьсан мэдээлэл гарч ирсэн. Д.О нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр надаас зээл аваад нэг сарын дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажиллаж байсан нотариатчийнхаа тамга, тэмдгийг хулгайлан авч надтай байгуулсан барьцаат зээлийн гэрээг үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл хуурамчаар үйлдэж, дахин Хас банк ХХК-ийн барьцаанд тавьж зээл авсан байсан. 2018 оны 3 дугаар сараас хойш миний бие 271 дугаартай нотариатын тамга эзэмшдэг нотариатч Б.Оюунд холбогдох үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргаж бүтэн 2 жил хагасын дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр эцэслэн гарсан болно. Н нь Д.Оийг төлбөр төлөхгүй байсантай холбогдуулан хөрөнгийн үнэлгээг цаг тухайд нь гаргуулж, дуудлага худалдаанд оруулж, хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулсан. Хөрөнгийн үнэлгээг Д.О хүлээн зөвшөөрсөн. Д.О өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн өр төлбөрөө төлөөгүй. Одоо юмны үнэ өслөө, би хохирлоо гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь цаг хугацаа хожих гэсэн арга юм. Миний хувьд ч ялгаа байхгүй, мөнгөний үнэ цэнэ унаж, хохирсоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нт холбогдох Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргалын давж заалдах гомдлын агуулга: ... Төлбөр төлөгч болох Д.Оийн ХУД-ийн Бб хороо Үйлдвэр БББ- р байрны 1 тоот, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 12 сарын 28 өдөр Хөрөнгө Эстимэйт ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Р.Мөнхтуяа, захирал Б.Бат-Энх нар нь орон сууцыг 195,348,600 төгрөгөөр тухайн үеийн ханшаар үнэлсэн байх ба дээрх 2017 онд үнэлсэн үнэлгээгээр 2022 онд дуудлага худалдаа явуулахад цаг үеийн нөхцөл байдал, орон сууцны үнэ ханшийн маш их зөрүү /анхны үнэлгээний 1/3-ээс багагүй байдлаар өссөн байгаа нийтэд илэрхий үйл баримт байна/ гарч байгаа анхны дуудлага худалдааны үнэлгээ хийснээс хойш 4-5 жилийн хугацаа өнгөрсөн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзнэ. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны Хөрөнгө Эстимэйт ХХК-ний шинжээчийн дүгнэлтийг одоогийн /2021-2022 оны/ үнэ ханшаар ХУД-ийн Бб хороо Үйлдвэр ХД 86-р байрны 1 тоот, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг дахин шинжээч томилон үнэлгээ хийлгэх талаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг баримтлаагүй үндэслэлийг тайлбарлахгүй орхигдуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар орон сууцны үнэ 2017 оны үетэй харьцуулахад маш өндөр үнэтэй болж, энэ нь нэгэнт тухайн үеийн үнэ ханшийг тогтоосон үеэс хойш хуулиар тогтоосон 6 сарын хугацаа өнгөрсөн үйл баримт тогтоогдож байна. Үүнийг нотолж буй шалтгаан нөхцөлүүд гэвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан харьцуулсан үнэ ханш ба нийтэд ил тод хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээнд гарч буй үнэ ханшийн мэдээлэл /нийтэд илэрхий үйл баримт/-аас тодорхой харагдаж нотлогдож байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах, буцаах шаардлагагүй гэж үзвэл мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дахин үнэлгээ хийлгэхээр магадлан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд Н.Мандаагийн заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... Хөрөнгийн үнэлгээ гарснаас хойш үнэлгээг хүлээн зөвшөөрч байна удахгүй төлнө гэж хэлдэг байсан. Төлбөр төлөгч нар нь өөрсдөө худалдан борлуулаад төлбөрөө төлнө гэж хугацаа авсан боловч одоог болтол төлбөрөө төлөөгүй. Хугацаа хожихын тулд үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гарснаас хойш үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдсөн гэж маргадаг. 6 жилийн өмнө шүүхийн шийдвэр гарснаас хойш миний авах ёстой мөнгөний ханш мөн адил унасан. Энэ хугацаанд огт төлбөр төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Д.О нь Нт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбар гарган маргажээ. /хх.1-4, 39-40/

4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өдрийн 102/ШШ2016/04161 дугаар шийдвэрээр хариуцагч А.Жаргалсайхан, Д.О нараас 76,783,533 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мандаад олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-86 дугаар байрны 1 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1382 дугаар магадлалаар 106,568,000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 01-ний 001/ХТ2016/01299 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх.12-14, 42-53/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17290837 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 378 дугаар гүйцэтгэх хуудастай төлбөр төлөгч Д.О, А.Жаргалсайхан нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн явуулахыг 190 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид явуулахыг зөвшөөрсөн байна. /хх.55/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/26559 тоот албан бичгээр төлбөр төлөгч Д.О, А.Жаргалсайхан нарт үнийн санал ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч Д.О, А.Жаргалсайхан нар тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Н.Мандаа шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан үйл баримт тогтоогджээ. /хх.64-65/

6. Н 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 328 тоот тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгө Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

7. Хөрөнгө Эстимейт ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа ...орон сууцны зах зээлийн хандлагаарх үнэ цэнийг 195,348,600 төгрөг гэж тогтоосон гэсэн дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцжээ.

Шинжээчээр томилогдсон Хөрөнгө Эстимейт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул анхан шатны шүүх шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд, үнэлгээг гаргахдаа хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4/31311 тоот мэдэгдлээр орон сууцны үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Од гардуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.О үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлоо 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. /хх.78/

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуулиар тусгайлан тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО