Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/00245

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчщ ... ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 17,578,410 төгрөг, үндсэн хүү 8,464,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,718,970 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 27 777 150 төгрөгийг ... гаргуулж өгнө үү. Зээлдэгч ...нь MITSUBISHI DELICA D5 /2009 2018/ маркийн ... улсын дугаартай авто машиныг барьцаалан 18 500 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр, ... тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно.Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй, тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардаж байсан.Иймд ... нийт 27 777 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... үндсэн зээл 17 578 410 төгрөг, үндсэн хүү 8 464 770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 718 970 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 27 777 150 төгрөгийг гаргуулж өгнө үү.Зээлийн гэрээний хугацаа хойшлуулах талаар бидэнд мэдэгдээгүй, 2020 оны 1 дүгээр сараас ковид эхэлсэн, 2020 оны 4 сараас зээлийн хугацааг хойшлуулж байгаа, ...албан ёсоор хүсэлт гаргаагүй гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...нь ковид-19 өвчин гараагүй байсан үеэс зээлээ төлөөгүй, хөдөө байна гэдэг байсан.Энэ зээлийн хувьд хугацаа хэтрэлт ихтэй байгаа тул хугацааг хойшлуулах боломжгүй гэв.

Хариуцагч ...шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Да Хүрээ Авто машин зардаг газраас Mitsubishi delica-D5 авто машиныг нэхэмжлэгч ...-тай гэрээ байгуулж 18 500 000 төгрөгийг зээлж лизингээр худалдан авсан.Миний төрсөн дүү Ч.Батчимэгийн эрхэлдэг аялал жуулчлалын компанид жуулчин тээвэрт ашиглах зориулалтаар уг машиныг авсан боловч 2019 оны 12 дугаар сарын сүүлээр БНХАУ-д Корона вирус гарсантай холбогдуулж Монгол Улс хилээ хаасан, үүнээс хойш Дэлхий нийтээр тархсан COVID-19 цар тахал дэгдэж одоог хүртэл Улсын хил хэзээ нээгдэх нь тодорхойгүйгээр хаагдаж аялал жуулчлалын салбар бүрэн хэмжээнд зогсож ямар ч орлогогүй болсон....-д дүү бид хоёр өөрсдийн учир шалтгаанаа удаа дараа хэлж зээлийн хүүг зогсоож өгөхийг олон удаа гуйсан боловч зогсоогоогүй.Бид уг авто машиныг ББСБ-д буцаагаад өгөх гэсэн боловч зах зээлийн үнэ нь анх авсан үнээсээ уначихсан, тал үнээр нь тооцож авна гэсэн хариу өгсөн, бидний зүгээс дахин ББСБ-д санал тавьж зээлийн хүү дээр нь хөнгөлөлт үзүүлээч бид авто машиныг өөрийн таньдаг хүнд 15 саяд зарахаар болсон дээр нь байгаа 5 сая төгрөгөө нэмээд 20 000 000 төгрөгийг төлөөд гэрээгээ дуусгавар болгоё гэхэд зөвшөөрөөгүй байна.Иймд бидний дээр дурдсан асуудлыг хүндэтгэн үзэж учир шалтгааныг ойлгож боломжит байдлаар шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...нь зээл аваад жуулчин зөөх зориулалтаар авто машин худалдаж авсан, машин нь 6 сард эвдрээд 9 сард ашиглалтад орсон, энэ хугацаанд зээлийн төлбөрөө төлж чадаагүй байтал 2020 оны 12 дугаар сараас хил хаасан тул орлогогүй болсон, Засгийн газрын шийдвэрийн дагуу зээлийн хугацааг хойшлуулахыг хүссэн боловч хүлээж аваагүй, машинаа өгье гэхэд үнийн 50 хувиар авна гэсэн, зээлийн хугацааг хойшлуулах хүсэлтээ утсаар ярьж хэлэхэд хугацаа хэтэрсэн тул хойшлуулахгүй гэсэн.Энэ зээлийн төлбөрөөс 20 000 000 төгрөгийг л төлнө, бусдыг төлөхгүй боломжгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 17 578 410 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн 8 464 770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 1 715 970 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 27 777 150 төгрөг хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ...нь ...-аас 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 18 500 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь талуудын хооронд хийгдсэн ... дугаартай зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зээлийн үндсэн хүү сарын 2,90 хувь, 2.4-т зөвхөн нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувь, 2.14-т зээл, хүү буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч үл маргах журмаар гэрээний 2-т заасан хэмжээгээр төлнө гэж заасан байна.

...нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 2 623 998 төгрөгийг эргүүлж төлсөн бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс хойш зөрчиж, эргэн төлөлт хийхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгын баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан байна.

Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна.

Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй бол гэрээг цуцлахаар заасан байна.

Нэхэмжлэгч байгууллагаас шаардаж байгаа зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийн тооцоолол дээр хариуцагч тал маргахгүй байх боловч нэхэмжлэгч байгууллагад 20 000 000 төгрөгийг л төлнө, бусдыг төлөхгүй гэж байгаа үндэслэлээ энэхүү зээлийн мөнгөөр авсан авто машин эвдэрсэн, мөн улс оронд үүссэн цар тахлын улмаас хил хаасан тул үйл ажиллагаа явуулаагүй, орлогогүй болсон гэж тайлбарлаж байна.

Үүнээс үзэхэд авто машин эвдэрсэн гэх нөхцөл байдал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд харин улс оронд үүссэн цар тахлын улмаас хил хаасан болох нь бүх нийтэд тодорхой үйл баримт байх тул энэ үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүгийн 1 715 970 төгрөгийг хасаж тооцох нь үндэстэй байна.

Мөн нотариатын зардал гэж шаардсан 15 000 төгрөг нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, ... үндсэн зээл, үндсэн хүүгийн төлбөрт 26 043 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 733 970 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч ... 26 043 180 /хорин зургаан сая дөчин гурван мянга нэг зуун наян/ төгрөгийг гаргуулан ...-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 733 970 /нэг сая долоон зуун гучин гурван мянга есөн зуун далан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ...-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 835 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... 288 166 төгрөгийг гаргуулан ...-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН