Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00532

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00532

 

 

НК ББСБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/00245 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч НК ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27 777 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Т.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ч.Б нь Mitsubishi Delica D5 /2009-2018/ маркийн  дугаартай машиныг барьцаалан 18 500 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр, NC-107204814 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй, зээлийг төлүүлэх талаар удаа дараа сануулж шаардаж байсан. Иймд Ч.Б-аас зээл 17 578 410 төгрөг, хүү 8 464 770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 718 970 төгрөг, нотариатын зардал 15 000 нийт 27 777 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: НК ББСБ-тай гэрээ байгуулж 18 500 000 төгрөгийг зээлж, 2019.3.6-ны өдөр  машиныг худалдан авсан. Дүү Ч.Б эрхэлдэг аялал жуулчлалын компанид жуулчин тээвэрт ашиглах зориулалтаар уг машиныг авсан боловч 2019 оны 12 дугаар сарын сүүлээр дэлхий нийтээр COVID-19 цар тахал дэгдэж, БНХАУ-д Корона вирус гарсантай холбогдуулж Монгол хилээ хаасан. Улсын хил хэзээ нээгдэх нь тодорхойгүйгээр хаагдаж аялал жуулчлалын салбар бүрэн хэмжээнд зогсож ямар ч орлогогүй болсон. НК ББСБ-д дүү бид хоёр өөрсдийн учир шалтгаанаа удаа дараа хэлж зээлийн хүүг зогсоож өгөхийг олон удаа гуйсан боловч зогсоогоогүй.

Уг авто машиныг буцаагаад өгөх гэсэн боловч зах зээлийн үнэ нь анх авсан үнээсээ унасан, тал үнээр нь тооцож авна гэсэн хариу өгсөн. Дахин нэхэмжлэгчид санал тавьж зээлийн хүү дээр нь хөнгөлөлт үзүүлээч бид авто машиныг өөрийн таньдаг хүнд 15 000 000 зарахаар болсон дээр нь байгаа 5 000 000 төгрөгөө нэмээд 20 000 000 төгрөгийг төлөөд гэрээгээ дуусгавар болгоё гэхэд зөвшөөрөөгүй байна. Иймд учир шалтгааныг ойлгож боломжит байдлаар шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Баас 26 043 180 /хорин зургаан сая дөчин гурван мянга нэг зуун наян/ төгрөгийг гаргуулан НК ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 733 970 /нэг сая долоон зуун гучин гурван мянга есөн зуун далан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар НК ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 835 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баас 288 166 төгрөгийг гаргуулан НК ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дэлхий нийтээр COVID-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол улс хөл хорио тогтоож хилээ хааснаар бизнесийн болоод бусад орлогын эх үүсвэргүй болж давагдашгүй хүчин зүйл үүсээд байхад "НК" ББСБ нь Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрүүдийг үл тоомсорлож зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Ч.Б нь Ковид-19 өвчин гараагүй байсан үеэс зээлээ төлөөгүй, хөдөө байна гэдэг байсан, зээлийн хувьд хугацаа хэтрэлт ихтэй байгаа тул хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн нь Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрүүдтэй нийцэхгүй байна.

Зээлдэгч талаас удаа дараа зээл хойшлуулах хүсэлтээ өгөхөөр тус банк бус санхүүгийн байгууллага дээр очиж уулзсан боловч хүлээж авахгүй байсан мөртлөө шүүх хуралдаанд 2020 оны 4 сараас зээлийн хугацааг хойшлуулж байгаа, Ч.Б албан ёсоор хусэлт гаргаагүй гэсэн нь "НК ББСБ-г нь зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодохоос харилцагчдынхаа эрх ашгийг бодохгүй байна. Хүнд байдалд орсон харилцагч уг боломжийг ашиглахгүй байх шалтгаан байхгүй.

Зээлийн үлдсэн төлбөр 17 578 410 төгрөг, хүүд 2 421 590 нийт 20 000 000 төгрөгийг гарган өгөх л боломжтой байна. Цар тахалын хүнд үед шийдвэрийг биелүүлэх боломж үнэхээр байхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч НК ББСБ нь хариуцагч Ч.Бд холбогдуулан зээл 17 578 440 төгрөг, хүү 8 464 770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 718 970 төгрөг, нотариатын зардал 15 000 нийт 27 777 150 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 1-2, 26/

 

Зохигч 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр №10720 тоот зээлийн, мөн тоот фидуцийн гэрээнүүдийг бичгээр байгуулж, гэрээгээр зээлдэгч 18 500 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь 185 000 төгрөгийг шимтгэлд суутгуулан 18 315 000 төгрөг өмчлөлдөө шилжүүлэн авсанд маргаангүй.

 

Анхан шатны шүүхээс нотариатын зардал 15 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 733 970 нийт 1 748 970 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ. /хх 43-44/

 

Хэрэгт хариуцагч нь зээл, хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс үүргийн зөрчил гаргасан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх үндэслэлд хууль, эрх зүйн болон бодит хэлбэрээр үүрэг гүйцэтгэхэд саад болох нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаан бүхий тохиолдол хамаарна.

 

Хариуцагч давагдашгүй хүчин зүйл буюу 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Бүгд Найрамдах Хятад Ард улсад Ковид 19 вирус гарсантай холбогдуулж Монгол Улс хилээ хааснаас болоод орлогогүй болж төлбөрөө төлж чадаагүй гэх боловч энэ байдлыг нотлоогүй. Цар тахал гарсан, хил хаасан зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт боловч гагцхүү энэхүү давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн болохоо нэхэмжлэгч нотлох үүрэгтэй юм. Форс мажор буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгох юм. Хариуцагч нь давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөнийг гэрчилж, баталгаажуулсан гэрчилгээ, тодорхойлолт, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн гэрээг цуцалж, зээл, хүүг шаардсан нь үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх бөгөөд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардах эрхтэй.

 

Талууд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэх асуудлаар маргаантай байна. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний хугацаа хойшлуулах талаар бидэнд мэдэгдээгүй, 2020 оны 1 дүгээр сараас Ковид 19 цар тахал эхэлсэн, 2020 оны 4 дүгээр сараас зээлийн хугацааг хойшлуулж байгаа гэжээ. Хариуцагч нь Манайх хүсэлтийг бичгээр гаргаагүй, биечлэн очиж уулзаагүй, утсаар ярьж байсан гэсэн байна. /хх 41 дүгээр хуудасны ар тал, 42 /

Зээлийн хугацааг хойшлуулах нь хүүгээс чөлөөлөх, хүүгийн хэмжээг багасгахаас өөр ойлголт бөгөөд талууд тохиролцон тогтоогоогүй нөхцөлд шүүх өөрийн үзэмжээр хүүгийн хэмжээ, хүүгийн төлбөрийг багасгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн зээлийн үлдсэн төлбөр 17 578 410 төгрөг, хүүд 2 421 590 нийт 20 000 000 төгрөгийг гарган өгөх л боломжтой гэх гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн тухайд зөв дүгнэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг нэмж баримтлах нь зүйтэй. Талуудын гэрээний хугацаа дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлах шаардлагагүй, уг заалтыг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулж байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн Дэлхий нийтээр Ковид 19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол улс хөл хорио тогтоож хилээ хааснаар бизнесийн болоод бусад орлогын эх үүсвэргүй болж давагдашгүй хүчин зүйл үүсээд байхад "НК" ББСБ нь Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрүүдийг үл тоомсорлож зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/00245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б-аас 24 327 210 /хорин дөрвөн сая гурван зуун хорин долоон мянга хоёр зуун арван/ төгрөг гэж гаргуулан нэхэмжлэгч НК ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 449 940 /гурван сая дөрвөн зуун дөчин есөн мянга есөн зуун дөчин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дах заалтын ...288 166 төгрөг гэснийг ...279 586 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 440 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД